• Categories

  • Traffic

Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Батболд: Би өөрийгөө байгаль орчны маш том “фанат” гэж хэлнэ дээ

c89b9d46fc851adcoriginal

Өчигдөр 9 цаг 18 минут

Илгээх

Хэвлэх

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Батболдыг урьж, ярилцлаа.

-Таны багын дурсамжаас ярилц­лагаа эхлэх үү. Хүний амьд­ралын хамгийн сайхан дур­самж бага насанд үлдсэн бай­даг. Энэ сайхан гэгээлэг дур­сам­жаасаа манай уншигчидтай ху­ваалцаач?

-Би Төв аймгийн Баяндэлгэр су­манд төрж өссөн. Их зохиолч Д.Нацагдоржийн нутгийнх гэд­гээ­рээ маш их бахархдаг. Энд л миний бага нас өнгөрсөн. Аав, ээж маань мал­чин болохоор хоёрдугаар ан­­гиа­саа сургуулийн до­туур байранд амьдарч эхэлсэн. Үнд­­­сэн­дээ дотуур байраар явж, хүн болсон доо.

Зуныхаа ам­рал­таар аав, ээж дээрээ очиж мал маллана. Манайх үхэр, хонь, адуу­тай байсан. Олуулаа байсан бо­ло­хоор нэг хэсэг нь үхрээ хариу­лаад явна. Харин нөгөө хэсэг нь хонио хариулдаг байсан. Үлд­сэн нь морь уях, гүү саах аж­лаа ам­жуул­даг байв. Ийм л маягаар хүү­хэд нас маань өнгөрсөн дөө.

Би хө­дөө нутагт төрж, өссөндөө маш их баяртай явдаг. Учир нь хө­дөө­ний амьдрал хүнийг амьдрах арга ухаанд сургадаг юм байна. Хаа­на ч амьдарсан орчинтойгоо дасан зо­хи­цох чадвартай болдог. Хотод гэр бариад амьдарсан ч ядаж галаа асааж, түлшээ бэлдэж чад­даг. Цаа­шилбал, юмханаар юм хийж чаддаг болдог. Дор хаяж л алх ба­риад эвдэрсэн зүйлээ засч чадна. Хө­дөөний амьдрал, Мон­голын ахуй, энэ эрс тэс уур амьсгал хү­нийг чадвартай болгоход маш их нөлөөлдөг, ач тустай юм байна гэж би ойлгодог.

-Та аав, ээжээсээ хэдүүлээ вэ. Таны ярьснаар бол их л олуулаа юм шиг байна?

-Бид аав, ээжээсээ наймуулаа. Таван хүү, гурван охинтой айл. Хоёр ах, нэг эгч, тэгээд гурван хүү, хоёр охин төрсөн юм. Миний хувьд тэр гурван хүүгийн том нь. Хэрэг таривал том нь л бу­руутна. Ажил энэ тэр зохион бай­гуулах бол том нь л хариуцдаг байлаа.

-Сургуулийн дотуур байр­аар хүмүүжсэн хүүхдүүд багаасаа бие дааж амьдрах чадвартай болдогоос гадна их хэрсүү болдог. Хэн нэгэн хүнээс барагтай бол хамаар­аад байдаггүй шүү дээ?

-Тийм ээ. Би 20 настай буюу оюутан байхдаа гэр бүл зохиогоод өрх толгойлоод явсан. Хуучин нийгмийн үед бүгд жигдхэн даржин амьдралтай байлаа. Тэр айлуудын нэгнийнх нь хүүхэд учраас амьдралынхаа бүхий л зүйлийг би өөрөө бий болгосон. Өнөөдрийг хүртэл явсан миний зам мөрийг аав, ээж минь эхлүүлсэн.

Эцэг, эх маань эрүүл саруул бие, ухаан боловсролтой болгож өгсөн нь хангалттай. Биднийг өөрсдийгөө авч явах ухаанд сургасан юм байна гэж аав, ээж хоёртоо их баярладаг. Одооны хүүхдийг ч гэсэн хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэг шиг өсгөж, хүмүүжүүлэх нь зөв гэж боддог. Монгол гэр бүлийн хүмүүжил, ухаан гэдэг бол маш аугаа зүйл юм билээ.

-Өнөөгийн хүний амьд­рал­аа авч явах чадвар, нийгэмд эзэлсэн байр суурь хүмүүжлээс их шалтгаалдаг гэдэг. Таны хувьд аав, ээжээсээ өвлөж авсан хам­гийн сайхан зарчим юу вэ?

-Аав маань 1947-1948 оны үед Баруун хязгаарт байлдаж яваад нэг хөлгүй болсон юм. Гэсэн ч найман хүүхдээ өсгөж, өндийлгөөд, боловсролтой, амьдралтай болоход маш их анхаарсан. Тэр амьдралын ухаан, гэр бүлийн хүмүүжил нь бидэнд их нөлөөлсөн. Биднийг шударга, аливаа зүйлд зарчимтай хандахад аав минь л сургасан.

Тухайн үед бүх хүмүүс хүүхдүүдээ дээд боловсролтой болгоход анхаарч байсан шүү дээ. Түүнээс манай аав, ээж хоёр дутаагүй. Шинжлэх ухааны ажлыг олон жил хийсэн. Эрдмийн цол хамгаалаад явж байна. Тэр ч утгаараа би хүнд гай бололгүй чадах зүйл байвал туслаад явахыг л хичээдэг.

Өвдөж, зовсон үедээ ч хүний өмнөөс болсон юм шиг байдлаар хандах дургүй. Өөрөөр хэлбэл, хүний төлөө амьдарч байгаа юм шиг хандах их дургүй гэсэн үг. Болж өгвөл хүнд их төвөггүй амьдрахыг боддог. Манайхан бүгдээрээ л ийм үзэл бодолтой, хүмүүжилтэй хүмүүс байдаг.

Тэгэхээр бидний хүмүүжлийн суурь нь зөв байсан учраас амьдралд хөлөө олоод явахад асар их хувь нэмэр болж байгаа хэрэг. Тиймээс нийгмийн сайн сайхан гэр бүлээс эхэлнэ гэж хэлмээр байна. Монгол ухаан гэдэг зүйл тасрахгүй уламжлалт, соёл иргэншил гэр бүл дотор байжээ.

Сүүлийн үед хүмүүс энэ ямар сонин залуу вэ. Ийм сайхан мундаг боловсролтой байж ийм айхтар зүйл хийх гэж гээд л гайхаад байдаг. Би монголчуудын гэр бүлийн хүмүүжлийн ухааныг сургууль руу шилжүүлсэн. Харин түүнийг сургууль нь өвлөж аваагүй юм байна.

Сургуулийн систем зөвхөн мэдлэг заагаад явчихсан байна. Түүнээс тэр хүн ирээдүйд аав, ээж болох юм шүү. Ажил хөдөлмөр эрхэлж, хүмүүсийн дунд амьдрах юм гэдгийг нь орхигдуулчихсан. Мэдлэгийг хэт их шүтдэг системтэй болсон учраас гэр бүлийн хүмүүжил гэдгийг алдагдуулсан.

Сүүлийн үед сургууль, гэр бүл хоёрыг хооронд нь холбоно гэж ярьж байгаа. Сургалтын системийг өөрчилнө гэнэ. Тэгэхээр зөв монгол хүнийг бий болгож байж ирээдүйн үрс минь сайхан нийгэмд амьдарна, энэ хэрээрээ зөв хүмүүжилтэй болно.

Иргэн бүр экологийн зөв хүмүүжилтэй байх ёстой

-Хүнийг хүн байх ухаанд нь суралцуулж чадахгүй байна гэж шүүмжилдэг шүү дээ?

-Тийм ээ. Ерөөсөө амьдрал гэдэг чинь сонин процесс юм байна л даа. Хүн өөрөө тийм хоёрдмол амьтан байхгүй юу. Нэг талаас хүн өөрөө биологийн амьтан. Хэрвээ биологийн амьтан бол тэр хуулиар явдаг. Хэн хүч чадалтай нь бусдыгаа барьж, өөрийнхөө үр удмыг үлдээгээд явдаг байх жишээтэй.

Нөгөө талаас хүн нийгмийн амьтан юм. Тэр утгаараа нийгмийн харилцаанд орж, хүний дунд амьдардаг. Тиймээс энэ нийгмийг цогцлоож байгаа. Орчин нь сайхан бүрдээд зөв байх юм бол хүнлэг энэрэнгүй нийгэм бий болдог. Монголчууд бид айх аюулгүй, хэрүүлгүй, бухимдалгүй тийм сайхан нийгэмд амьдармаар байна.

Түүнийг бүтээсэн маш олон орон байна. Монголчууд ч гэсэн үүнийг бүтээж болно шүү дээ. Бид ч гэсэн үүний төлөө ажиллаж, зорьж байна. Тэгэхээр хүний дунд амьдрах хүүхэд чинь эхлээд гэр бүл дотроо ирээдүйд ямар хүн болох вэ гэдэг суурь нь тавигддаг юм.

Тэгэхээр гэр бүл рүү хандсан зүйлийг их хийх ёстой юм байна гэдгийг нас ахихаар ойлгодог юм байна. Түүнээс залуу байхад үүнийг мундаг сайн ойлгоод байсангүй. Тиймээс манай Монголын цөлх ухаантай хөгшид энэ бүхнийг мэдэж, ирээдүйн үеэ маш сайхан бэлдэж иржээ.

Харин бид жаахан будилчихлаа. Ерөөсөө хүн болох процессийг сургууль хийдэг гээд ойлгочихсон. Гэтэл сургууль биш байжээ. Сургууль зөвхөн мэдлэг олгодог газар юм байна. Хүнээр хүн хийнэ гэдэг нь асар их удаан хугацааны уйгагүй олон талын оролцоо шаардсан зүйл юм байна гэж боддог.

Ирээдүйн зөв хүн бол гоо сайхны, урлаг соёлын, эрүүл мэндийн өндөр боловсролтой, улс төрийн зөв үзэл бодолтой байх ёстой. Улмаар экологийн зөв хүмүүжилтэй байх шаардлагатай. Тэгж байж энэ бүхэн ирээдүйн зөв хүнийг бий болгоно.

-Улс төртэй холбогдох болсон түүхийг тань сонирхвол юу өгүүлэх бол. Улс төрд ороход ихэвчлэн хэн нэгэн хүний нөлөөлөл, хамаарал их байж таардаг. Харин таны хувьд ийм зүйл байв уу?

-Би ямар нэгэн хүний нөлөөлөл, дэмжлэгээр улс төрд ороогүй. 1989 онд цагаан морин жил гарах гээд залуус жагсч, Зүүн Европод өрнөсөн ардчиллын салхи Монголд сэвэлзээд, хүмүүст үзэл бодлын өөрчлөлт гарч байсан. Тэр үед бидний үеийн залуус амьдарч байгаа нийгмээ шүүмжилдэг, Баабарын ном, нийтлэлийг уншдаг, бие биедээ их дамжуулдаг байсан.

Бас болоогүй, талбай дээр жагсаал цуглаан болоход би байнга оролцож байсан. Тухайн үед би Гоц халдвартын төвд мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тухайн үед албан байгууллагууд дээр эхэлж Ардчилсан холбооны салбар зөвлөлүүд байгуулагддаг байлаа.

Тэр жишгээр Гоц халдвартын АХ-ны салбар зөвлөлийг байгуулж байлаа. Тэгэхэд би С.Зориг агсныг байгууллага дээрээ яриа хийлгэх гэж урьж чармайсан боловч урилга ихтэй ажил нь болоогүй юмдаг. Харин одоогийн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав ирж манай байгууллага дээр ардчиллын талаар ярьж, хүмүүстэй уулзаж байсан.

Гэтэл 1990 оны эхээр манай аав цус харваад, сар гаруй хугацаанд асрах шаардлагатай болсон. Тэгээд би Ардчилсан холбооны анхны их хуралд орж чадаагүй. Харин Ардчилсан намын анхны бага хурал Залуучуудын төвд болоход төлөөлөгчөөр орж байлаа. Тэр л үзэл баримтлалаар өнөөдрийг хүртэл явж байна даа. Сүүлд намын сонголт хийхдээ 1992 онд МСДН-ыг сонгож гишүүнээр элссэн.

Түүнээс хойш улс төрд идэвхтэй явсан даа. Хамгийн сүүлд хийсэн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа маань Ардчилсан намын ҮЗХ-ын шийдвэр гарч, “Монгол хүн 2020 хөтөлбөр”-ийг боловсруулах, улс орон даяар хэлэлцүүлэг хийх ажлын хэсгийг нь ахлаад явсан. Мэдээж АН-ын журмын олон нөхдийнхөө туслалцаа дэмжлэгээр улс төрийн байр суурьтай болж, 2012 онд жагсаалтаар УИХ-д нэр дэвшч, одоо бол төрийн жинхэнэ албан хаагч болоод явж байна.

-БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашихад таны мэргэжил илүүтэй нөлөөлсөн байх. Энд ирснээр ямар зүйлийг хийж бүтээхээр зорьж байна вэ?

-Би өөрийгөө товчоор илэрхийлбэл байгаль орчны маш том “фанат” (дэмжигч) гэж хэлнэ дээ. Магадгүй хэтэрсэн фанат ч байж мэднэ. Учир нь би МУИС-ийн Биологийн ангийг төгсөөд Эрүүл мэндийн чиглэлд буюу Гоц халдвартын төвд ажилласан.

Тэнд судалгаа шинжилгээ хийгээд монгол тарваганы генетикийг анх удаа судалсан. Тэгээд 1996 онд эрдмийн зэргээ хамгаалсан юм. Түүний дараа их сургуульдаа очиж, таван жил орчим багшилсан. Дараа нь эргээд Гоц халдвартын төвийн захирлаар нь очсон.

Гурван жил орчим ажиллаж байхад улс төрийн шахалтаар ажлаа хүлээлгэж өгсөн. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан мөртлөө л Тарвага хамгаалах нийгэмлэг, Монголын байгаль орчны төрийн бус байгууллагуудын холбоог байгуулсан. Дараа нь байгаль орчны иргэний зөвлөлийг байгуулахад ихээхэн зүтгэсэн.

Тэгэхээр өөр салбарт ажиллаж байсан ч байгаль орчны салбарыг хөгжүүлэхийн тулд ажиллаж байсан гэсэн үг. Эдгээр туршлага маань энэ албанд ирэхэд нөлөөлсөн байх. Манай салбар их асуудалтай. Учир нь Монгол Улс цөөхөн хүн амтай. Асар уудам газар нутагтай.

Маш их байгалийн баялагтай. Хүн нь цөөхөн, хөгжил нь орчин үеийнх байгаагүй учраас бүх зэрлэг амьтад, төрөл зүйл нь өнөө хэр нь байж байна. Хэрвээ Монголоос өөр газар байсан бол аль хэдийнэ устаад алга болчихсон байгаа. Тэгэхээр БОНХЯ гэдэг бол энэ их баялгийг зүй зохистой ашиглуулах, хууль журмын дагуу ашиглуулах гэдэг ч юм уу, асар өндөр үүрэг хүлээсэн газар юм. Гэтэл бизнесийн зарчим нь ашиг олох шүү дээ.

Яаж хандах нь ойлгомжтой биз дээ. Түүнээс анх байсан шиг нь байлгана гэж эзэн нь хэлэхгүй бол түүнд зориулж мөнгө зарцуулахгүй шүү дээ. Монгол Улсын хэмжээнд хяналт зохион байгуулалтаа хэрэгжүүлээд явъя гэхээр хүн хүчний хувьд асар их дутагдалтай байна.

Тэгэхээр зөв тогтолцоо, зохион байгуулалт, системийг нь үрэн таран хийчихсэн байна. Энэ албыг хаших хугацаанд арван том асуудлыг дэвшүүлж, хэрэгжүүлнэ гэсэн зорилт тавиад байгаа. Мэдээж бүгдийг нь хийж амжихгүй байх л даа. Нэн тэргүүнд байгаль орчны талаарх төрийн үүрэг, функцийг зөв тогтолцоонд оруулах асуудал чухал байна.

Тиймээс энэ тал руу чиглээд нэлээд их ажиллаж байгаа. Бодлогын яам гээд байдаг, бодлого бол тооцоо судалгаан дээр үндэслэж гардаг. Тиймээс дэргэдээ тооцоо судалгаа хийх төвтэй байх хэрэгтэй байдаг. Ийм зүйл манайд байхгүй. Манай яаманд урьд нь маш олон хүрээлэн, судалгааны газар, төвүүд байсан. Бүгдийг нь Шинжлэх ухааны академитай нийлүүлсэн.

Түүнчлэн байгаль орчны хамгийн том үүрэг нь бол хяналт байдаг. Үй түмэн бизнес санаанууд ажил хэрэг болох гээд хүлээж байна. Энэ бүхнийг төр эзний сэтгэлээр хянах хэрэгтэй байна. Гэтэл энэ хяналтын функц нь өнөөдөр алга. Түүнийг нь 2003 онд МХЕГ руу нэгтгэж өгөөд, байхгүй болгосон. Дэлхийн аль ч улс оронд Байгаль орчны яам гэхээр төрийн хяналтын байгууллага гэж ойлгодог.

Түүнийг нь засч залруулах гээд чармайн ажиллаж байна. Мөн төрийн яам аж ахуйн үйл ажиллагаа хийгээд байна. Зөвшөөрөл, лиценз олгодог, дүгнэлт гаргаад явж байна. Өнөөдөр над дээр орж ирж байгаа ажлын олонхи нь дээр нэрлэсэн зүйлд чиглэж байна.

Гэтэл төрийн яамны бодлого нь хаана байна вэ. Агаарын бохирдол, цөлжилтийг багасгах, ойжуулалт, ан амьтныг хамгаалах, үржүүлэх гэх мэт гол гол бодлого нь хангалтгүй байна. Түүнээс гадна хэрэгжилт, хяналтын асуудал сул байна. Тиймээс төр хийх ёстой зүйлээ хийе. Харин олонхийг нь хувийн хэвшил хийх ёстой юм байна гэж үзэж байгаа.

Тэгэхээр төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргая гэж зорьж байна. Байгаль орчны салбар бол төрийн санаачилга давамгайлсан хувийн хэвшлийг оруулж ирдэггүй тийм хаалттай салбар байсаар байна. Өмнө нь барилгын салбарыг төр хариуцдаг байсан. Гэтэл барилгын салбараас төр гараа татахад хувийн хэвшил сүндэрлүүлээд хийгээд явж байгаа жишээ олон байна.

-Тэгэхээр байгаль орчны салбар хувийн хэвшилд үүдээ нээх боломж хэр байна вэ?

-Бид санаачилга гаргаж, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллаж эхэлсэн. Улаанбаатарчуудын толгойны өвчин болсон хог, бохир ус, агаарын бохирдол гээд маш олон асуудал байна. Хэрвээ энэ бүхнийг хувийн хэвшлийнхэнд хариуцуулаад өгчих юм бол энэ асуудал цэгцэрнэ.

Ганцхан бид үүдээ нээж, хөрөнгө оруулалтыг нь баталгаатай болгож өгөх шаардлагатай. Ингэж чадвал маш олон зүйлийг хийж болмоор байна. Манай яамнаас 20 орчим тусгай зөвшөөрлийг олгож байна. Түүнийг цөөлөх, шат дамжлагыг нь багасгах чиглэлд ажиллаж байгаа бөгөөд 2-3-ыг нь хүчингүй болгоно.

Харин 11 орчмыг нь мэргэжлийн холбоонд шилжүүлж өгнө. Төрд үлдэх нь 7-8 байна. Эдгээрийг удахгүй эцэслэн шийдвэрлэнэ. Түүнчлэн хууль бус ан агнуурын асуудал их хөндөгдөж байна. Машин тэргээр хүртэл ан ав хийж байна. Гэтэл үүнийг гадаадад маш сайхнаар шийдэж өгсөн байдаг.

Агнуурын эдэлбэр нутаг гээд хүнд хариуцуулаад өгчихдөг. Харин улс түүнээсээ түрээс аваад, хариуцаж авсан хүн нь өөрөө амьтнаа үржүүлээд явчихдаг. Мөн агнуур хийлгээд ашиг олоод, улсад татвар болон түрээсээ төлөөд явж болно. Үүнийг ч мөн нэвтрүүлье гэж бодож байгаа.

-Монголчуудын байгаль орчиндоо хандах хандлага өнөө цагт алдагдаад байгаа. Яг ямар төвшинд хүрээд байна вэ?

-Яг юуг цэвэр, унаган байгаль гээд байгаа юм бэ гэдэг нь эцэг өвгөдөөс цусанд шингэсэн байдаг. Тэгэхээр монгол хүн энд тэнд явахдаа ухсан нүх, онгичсон газартай таарахаараа нэг л биш ээ гэж боддог. Магадгүй энэ байдал гадаадын иргэнд асуудал биш байдаг.

Монгол хүний цэвэр, унаган байгальд зоргоороо амьдардаг байдал, байгаль эхээ онгон дагшинаар нь авч үлдэх зэрэг нь бидэнд байгаа маш том давуу тал юм. Тэгэхээр монголчууд дэлхий дахинаас хөгжлөөрөө хоцрогдмол орон байж таарахгүй шүү дээ.

Монгол Улсын хөгжлийг хангах гараан дээр очихын тулд мөнгө хэрэгтэй. Тиймээс байгалийн баялгийг ашиглахаас аргагүйд хүрээд байна. Тэгэхээр энд хүрдэг арга замыг төр нээх ёстой. Бид энэ хэсгийг ашиглахгүй. Энэ хэсгийг бид ирээдүй хойч үедээ үлдээж байна.

Харин энэ хэсгийг ашиглана. Тэгэхдээ технологи, стандарт, хэмжээ нь ийм байна гэдгийг нарийн тодорхойлж, тооцоолох ёстой. Өнөөдрийг хүртэл төрийн ийм нэгдсэн бодлого байхгүй явсан нь асуудал болоод байна. Тиймээс манай улсад хөгжлийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.

Газрын нэгдсэн бодлого алга. Ийм бодлогууд байхгүй болохоор ард түмэн бухимдаад байгаа юм. Тэгэхээр үүнийг бид л шийдэхээс өөр арга байхгүй. Манай яамнаас экологийн үнэ цэнэтэй бүсийг тогтоох судалгааг хийлгэж байгаа. Одоогоор зүүн болон өмнөд хэсгийг хийчихсэн.

Удахгүй үлдсэнийг нь дуусгана. Тиймээс Монгол орны хаана нь уул уурхай хөгжиж болохгүй, үнэ цэнэтэй бүс нутаг байх вэ гэдгийг тогтооно. Тэгэхээр ард түмний маань шаардаж шахаж байгаа нь буруу биш. Харин ч тэднийг зөв чиглүүлж өгөөд, иргэний нийгмийг зөв төлөвшүүлэх юм бол Монгол Улсад, манай яаманд ч ашигтай.

Бидний нэг талд байгалийн баялгийг ашиглах гэсэн бизнес санаатай гадна дотны хөрөнгө оруулагчид их байна. Хэрвээ төрийн хяналт сул байх юм бол тэд байгаль орчны асуудалд мөнгө бага зараад, их ашиг олохыг хичээнэ. Нөгөө талд Монголын төр байна.

Төрийг төлөөлж БОНХЯ байна. Гэтэл бидэн дээр иргэний нийгмийн байгууллага болон иргэд нэмэгдэх ёстой. Тэгээд бид зөв хамтарч ажиллаж чадах юм бол тэр олон бизнес санааг байгальд хоргүй ашиглах боломж байна гэж харж байгаа. Түүнийг бий болгохын тулд л ажиллана.

Зүгээр л зугаа цэнгэлийн төлөө амьтны амь хохироож байна

-Саяхан “Гал үндэстэн” хөдөлгөөний хэсэг хүмүүс байгаль орчноо хамгаалахын тулд буу шийдэмдээ хүрсэн. Энэ нь иргэдэд хэт их хаалттай, ямар нэгэн шаардлагыг хүлээж авдаггүйгээс болж тэдний уур бухимдал буун дуугаар илэрсэн байх гэж боддог. Гэхдээ үүгээрээ тэднийг зөвтгөж байгаа асуудал биш л дээ. Ингэж илэрхийлнэ гэдэг нь монгол хүний хувьд эцсийн арга хэмжээ байх гэж харсан?

-Үүнээс өмнө ч байгаль, эх дэлхийгээсээ болж буун дуу гаргасан цөөнгүй тохиолдол манайд бий. Монгол төрийн мэдрэмж сул байгаагийн тод жишээ гэж бодож байна. Тиймээс Монголын төр ой санамжтай, иргэдээ сайн сонсдог байх ёстой. Аливаа шийдвэр иргэдийн оролцоотой гардаг байх хэрэгтэй.

Өнгөрөгч оны есдүгээр сард гарсан буун дуу бол Урт нэртэй хуулиас л болсон шүү дээ. Гэхдээ энэ үйлдэл нь хүч хэрэглэх гэсэн, түрэмгийллийн шинжтэй үйлдэл болчих шиг боллоо. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, экологийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байгаа.

Өөрөөр хэлбэл, Урт нэртэй хууль бол Үндсэн хуулийн утга санааг хангах зорилготой хийсэн хууль байгаа юм. Тэгэхээр гол усгүй бол энэ бол байгаль чинь юу ч биш. Ус бол амьдралын эх булаг гэдэг. Дэлхийд гайхагдах эрдэс баялгийн том орд байлаа ч усгүй бол авч ашиглах боломжгүй болох юм.

Тэгэхээр гол усаа хамгаалах гэсэн иргэний хөдөлгөөний санаа нь зөв юмаа. Харин эцсийн үйлдэл нь энэ байсан гэхэд хэцүү л дээ. Гэхдээ тэдний үйлдлийг Монголын төр эцэг хүний уужуу ухаанаар тунгаан, хувийн явцуу ашиг сонирхлынхоо төлөө биш, нийтийн сайн сайхны асуудлаас үүдэлтэй хэмээн шийдээсэй гэж бодож байна.

-Байгаль орчин гээд сэдэвчилээд ярихаар бүхий л асуудлыг хамруулах хэрэг­тэй болчих гээд байх юм. Ус, агаар, ан амьтан, мод, ургамал гэх зэрэг асар их зүйлийг өөртөө хамруулж байна. Тухайлаад асуухад ан амтьны асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Ан амьтан ч гэсэн амьдрах эрхтэй шүү дээ. Дэлхийн амьд байгаль чинь экологийн тэнцвэр дээр тогтож байдаг. Нэг л зүйлийг сугалаад авчихаар болохгүй болчихдог юм. Энэ нь хэдэн арван сая жилээр яваад ирсэн тогтолцоо. Ийм олон зуун мянган жилийг туулаад ирсэн экосистем л дээ. Түүнд ан амьтан асар их үүрэгтэй. Манай улс унаган амьтдаар их баян. Ирвэс, хавтгай, тахь, мазаалай, хулан гээд олон төрөл зүйлийн амьтан бий.

Тухайлбал, мазаалай говийн эко системийн түлхүүр зүйл нь. Үүнийг хамгааллаа гэхэд мазаалайтай холбогдох бүх зүйл нь хамгаалагдаад явчихна. Манай яамнаас энэ талаар нэлээд анхаарч байгаа. Шинэ баг бий болсноосоо хойш мазаалайг хамгаалах асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авчирсан. Монголын говьд мазаалай гэдэг нэртэй баавгай байна гэдэг өөрөө гайхамшиг байхгүй юу.

Мазаалайн талаар нэлээд чухал судалгаа, шинжилгээний ажлыг хийж байгаа. Шонхор шувууг худалдааны зориулалтаар ашигладаг байдлыг зогсоолоо. Аргал, угалзыг агнадаг зөвшөөрлийг яаманд олгоод бөөн хээл хахууль, хэл ам болдог асуудлыг зогсоогоод орон нутагт эрхийг нь шилжүүлсэн. Буу сумны асуудал дээр яамнаас нэлээд анхаарч байна. Улсын хэмжээнд нийт 47 мянган буу иргэн, аж ахуйн нэр дээр байна.

Үүний 94 хувь нь ангийн зориулалтын буу байна. Ихэвчлэн байлдааны зориулалттай, ОХУ-д үйлдвэрлэгдсэн байгаа юм. Ийм зэвсгээр ан амьтныг хайр найргүй алж хядаж байна. Ямар ч хяналтгүйгээр байгаль дэлхийгээ сүйрүүлж байна. Зүгээр зугаа цэнгэл хийхээр амьтны амь их хороож байна.

Түүнийг цэгцлэх асуудал дээр нэлээд анхаарч байгаа. Байлдааны сумаар ан амьтан агнахыг хориглуулах, ийм буу сумны худалдаа хийхийг хориглоход нэлээд анхаараад ажиллаж байна. Түүнчлэн ойн цэвэрлэгээний асуудал чухалд тавигдаж байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн найман хувь нь ой. Тэгэхээр Монгол Улс нэлээд болц гүйцсэн ойтой. Энэ ойд цэвэрлэх шаардлагатай зүйл маш их байна.

Нийт ойтой нутгийн 11 хувьд нь ойн цэвэрлэгээний ажил хийх боломж байгаа. Хэрвээ бид ойгоо гайгүй цэвэрлэчих юм бол маш олон талын ач холбогдолтой. Ойн түймрийн эрсдэл гэхэд л 2-3 дахин буурна. Ойн хортон шавжийн нөлөөлөл 2-3 хувиар буурах юм. Тиймээс Монгол Улсад анх удаа ой цэвэрлэх хөтөлбөрийг батлуулсан. Үүнийгээ ойн салбарт хийж байгаа чухал ажлын маань нэг гэж бодож байгаа.

Б.Пүрэвжав

Эх сурвалж: http://www.mminfo.mn

http://www.mminfo.mn/content/55838.shtml?alias=interview

Х.Базарсад: Зорилгынхоо эхлэлээс ч атгаагүй явна

2014-02-10 09:26:43

Ч.ГАНТУЛГА

14210-5t

 

Х.Базарсад гуай “Танай сонинд Ц.Галбадрах, Б.Төмөрхуяг нарын цаасан урлалын бүтээл цувралаар гардаг болсноос хойш ах нь энэ урлагийг судалж, бүтээл хийх болсон юм. Намайг тэдгээр уран хайчилбарчидтай холбож өгөх боломжтой юу” гэсээр манай сонины редакцид ирсэн юм. Тэрээр бүтээлүүдээ үзүүлж, энэ урлагт дуртай болсноо хэлсэн. Түүнийг “Урлан” булангийхаа дугаарын зочноор урилаа. Х.Базарсад гуай насаараа мал маллаж, эрдэнэт сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлж яваа нэгэн. Хэдий 50 нас өнгөрсөн ч өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу цаасан урлалыг судалж, бүтээл хийх болжээ.

Тэрээр өөрийнхөө энэ сонирхлыг Монголын тал нутаг Дундговь аймгаас эхтэй гэж онцолсон юм. Учир нь адууныхаа зэлэн дээр унага тамгалж, эмнэг сургаж, хонио хариулаад явахад эх орноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг гэв. Энэ сэтгэл нь бүтээл хийх онгод, хөг нь болдог ажээ. Түүний бүтээлд хүний хөрөг, адуучин эрс болон 12 жилийн амьтад голлоно. Мөн тал нутаг байгалийн зураглал ч байв. Харин уран бүтээлч маань цаасан урлалыг эртхэн сурсан бол үүнээс ихийг хойч үедээ өвлүүлж, зааж сургах байлаа гэсэн юм. Тэрээр цаасаар бүтээл хийгээд хоёр жил болж байгаа. Дундговь аймгийн малчин, уран хайчилбарч Х.Базарсадтай бүтээлийнх нь тухай ярилцлаа.

 

Та манай сонинд цаасан урлалын бүтээл цувралаар нийтлэгдсэнээс хойш хайчилбар хийдэг болсон гэлээ. Таны сэтгэлийг юу нь тэгтлээ татсан юм бол?

-Би танай сонины байнгын уншигч. Цаасан урлалын бүтээл гарах өдрийг л хүлээдэг байлаа. Тэдгээр уран бүтээлчдийн хайчилбарыг хараад өөрийн эрхгүй бахархаж, хүндлэх сэтгэл төрдөг байсан. Харин энэ үеэс өөрөө хийгээд үзье гэсэн бодол төрөх болсон. Хүмүүс адилхан тархитай, гартай, хөлтэй. Хүний хийж чадаж буй зүйлийг би ч гэсэн чадна гээд өөртөө зорилго тавьсан.

Анх сурахад ямар байв. Зорилгодоо хүрсэн гэж бодож байна уу?        

-Хэдэн өдөр ганц бүтээлтэйгээ зууралддаг байсан. Хайчилсан бүтээл маань болохгүй, хэд дахин хайчлаад суух нь бий. Цаасан урлал бол нарийн мэдрэмж, тэвчээр шаардсан урлаг. Тийм ч амархан сурчихгүй. Би одоо ч сурсаар байгаа. Магадгүй насан үүрд сурах байх. Ах нь зорилгынхоо эхлэлээс ч атгаагүй явна.

Таны туйлын зорилго юу юм бэ?

-Үзэсгэлэн гаргах. Жирийн малчин цаасан урлалынхаа үзэсгэлэнг гаргаад, залуу үедээ зааж сурган, өөрөө ч тэднээс сурахыг хүсч байна. Одоо бүх зүйл боломжтой болсон үе. Уран бүтээлчдийг харьцангуй дэмждэг болж. Яагаад цаасаар урлагчдын холбоог байгуулж болохгүй гэж. Хэсэг уран бүтээлч нэгдээд цаасан урлалыг үнэхээр Монголын брэнд болтол нь дэмжээд, сурталчлаад ажиллабал ямар сайхан бэ. Манайд цаасаар бүтээл хийдэг авъяастай залуу олон бий шүү. Тэд нэгдвэл Монголын цаасан урлал дэлхийд гайхагдах мөч ойрхон байна даа.

Та их сайхан санаа гаргалаа. Энэ тухайгаа уран бүтээлч нөхөддөө хэлж үзсэн үү?

-Танай сониноор дамжуулаад албан ёсоор өөрийнхөө бодол санааг хүргэе гэж бодсон юм. Үнэхээр цаасаар урладаг, энэ урлагт хайртай хүмүүс дэмжих байх гэж найдаж сууна. Миний настай ээж хэлсэн юм “Хүн өөрийгөө голж болохгүй. Чаддаг зүйл байвал эцсийг нь хүртэл түүнийхээ төлөө тууштай явж сур” гэж. Тэгэхээр би зүгээр л мал малладаг малчин, үүнээс өөр зүйл хийх ёсгүй гээд хойшоо сууж болохгүй юм байна. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж, хөдөлмөрлөвөл амжилтад хүрнэ гэж бодож байгаа.

Нэг уран хайчилбарч хэлэхдээ хайчны үзүүрээ нэг л буруу хөдөлгөвөл хэд хоногийн хөдөлмөр маань үгүй болдог гэж ярьж байсан?

-Цаасан урлал хайчилж байгаа хүнээс мэдрэмж, ур чадвар шаарддаг. Хүний хөрөг хайчилж байгаа бол бүр ч нарийн үзэх хэрэгтэй. Тухайн хүнийхээ нүүрний бүтэц, онцлогийг нь судлах ёстой. Магадгүй нүднийх нь ч юм уу нэг зураасыг буруу хайчлахад тэр бүтээл хөрөг болж чадахгүй. Ах нь нэг хөрөг бүтээх гэж хэдэн сар болсон тохиолдол бий. Гэхдээ шантарч үзээгүй. Болохгүй бол хайчлаад л байдаг. Тэгж байж л бүтээл төрнө шүү дээ.

 

Хайчлаад байхаар гар, хуруу өвдөх, шантрах үе гардаг байх даа?

-Тийм үе бишгүй тохиолдсон. Удаан хугацаагаар хайчлахаар гар татаж, сульдах нь бий. Гэхдээ би эрчүүдийг бүгдээрээ уран хайчилбарч гэж боддог шүү.

Яагаад?

-Эрэгтэй хүн бүхэн аав болохдоо хүүхдийнхээ дээр үнэг хайчилдаг шүү дээ. Үнэг хайчилж чаддаггүй эр хүн гэж үгүй. Тэгэхээр хайчлах арга ухаан монгол эр хүний цусанд байдаг байх.

Таны бүтээлд монгол эрчүүд, ан амьтны хайчилбар олон байх юм?

-Хөдөө нутагт төрж, өссөн болоод ч тэр үү надад хамгийн ойрхон сэдэв юм шиг санагддаг. Манай монгол эрчүүд моринд эрэмгий. Тэр сайхан чадварыг нь уран бүтээлдээ мөнхлөхийг хүсдэг юм. Морио магтдаггүй монгол хүн гэж байдаггүй гэдэг шиг би хээр талд морин дэл дээр өсчихөөд аргамаг хүлгээ хайчлахгүй бол уран бүтээлч гээд яахав.

Зарим уран бүтээлчид шууд харж байгаад хайчилдаг бол нөгөө хэсэг нь эхлээд зурдаг гэсэн. Таны хувьд?

-Би эхлээд зурж байж хайчилдаг. Өмнө нь зурж, сийлдэг байсан юм. Энэ маань хайчилбар хийхэд дөхөм болдог. Зарим жижигхэн бүтээлээ шууд харж байгаад хайчлах үе байдаг. Гэхдээ шууд хараад хайчлах чинь эрсдэлтэй шүү дээ.

Шавьтай болж байна уу?

-Надаар уран хайчилбар заалгадаг хэдэн хүүхэд бий. Би чадахаараа л зааж, туслахыг хүсдэг. Тэд маань миний хайчилбарыг авч яваад дуурайж, зураад хайчилдаг юм. Зарим нь шантраад, больж байна. Зарим нь сайн сураад, улам хичээж байна.

Та анх хайчилбар хийж байгаа хүүхдүүдэд юу зөвлөх вэ?

-Зорилгодоо үнэнч, тэвчээртэй бай гэж зөвлөх байна. Хоромхон зуурын бэрхшээлээс болоод хүсэл сонирхолдоо цэг тавьж болохгүй. Цаасан урлал гэдэг ойлгоод, сураад бүтээл хийвэл хамгийн сайхан урлаг юм шүү.

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1704&code=3411

Ален Арман: Бага хаадын үеийн сургамж одоо ч бий

Өчигдөр 8 цаг 5 минут
Ай хөгийн амьдрал чи хэдий агуу ч чамаас би огт үл айна. Хүчит шуурганд хөөсрөн эргэлдэх хар бараан хөлгүй далай руу живэхээ мэдэж байсан ч шижим ч хийлгүй зүтгэнэм. Тэнгэрт гуагачих тэр хэдэн хэрээ шиг тэсгэл алдан намайг хүлээж суугаа үхэл чамаас би, үхэж байсан ч айхгүй ээ. Намайг ертөнцөд хүн шиг амьдарч чадсан уу гэж харин нар мандахад хэн нэгэн асуух юм бол дөлгөөхөн хаялах далай усан элсээ долоож, дөнгөж өчигдөрхөн энд гишгэсэн мөрийг минь мөлийлгөх биз ээ. Хэн ч юунд ч буруугүй, хэн ч хэнд ч өргүй ээ…
Ален Арман. 2009 оны есдүгээр сарын 25.
“Бага хаадын үе” хэмээх Монголын анхны түүхэн цуврал киноны зохиолч, продюсер Ален Армантай уулзаж, ярилцлаа.

-Түүхэн, тэр дундаа яагаад “Бага хаадын үе”-ийг хөндөж кино хийх болов оо?
-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байхад ажлын хэсэгт нь би багтсан юм. Бид 800 жилийн түүхтэй агуу их улс, тэр түүхэн ойг тэмдэглэж байгаа ч чухам яагаад тэр агуу улс байхгүй болчихсон гэдгийг мэддэггүй. Тэгээд л ном зохиол судалж эхэлсэн дээ. Ингээд зургаа, долоон жилийн дараа амилсан даа.

-Тэр хугацаанд судалсан хэрэг үү?
-Анх надад материал гээд байх юм байхгүй байсан. Эхлээд цаасан дээр бичээд л, цуглуулж янзалдаг байлаа. “Бага хаадын үе” кино эхлээд нэг ангитай уран сайхны кино байсан. Энэ агуу төр ямар шалтгаанаар нурсан бэ гэдгийг хөөж явсаар байгаад түүхэнд гавьяатай энэ олон хаад, энэ арвин түүх намтрыг нэг ангитай уран сайхны кинонд багтаах боломжгүй гэдгийг мэдсэн. Тиймээс задалж бичиж эхэлсэн. Яг манай өөрийн үндэсний материал их ховор. Ер нь гадна, дотны олон юм ухах хэрэг гарсан. Азаар хуучин бичигтээ сайн, жаахан орос хэл гадарладаг учраас үүндээ тулгуурлан судалгааны материалаа цуглуулсан. Манай өөрсдийн баримт бичгүүд ч тус болсон.
Хүмүүс судалгаа гэж яриад л байдаг. Судалгаанаас гадна зохиолчийн уран фантази их хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд түүх болохоор нь тэр киног хүн үзээд байгаа юм биш. Зохиолчийн бас нэг технологи яваад байгаа учраас үзэгчдийн сонирхлыг татна шүү дээ.
-Мэдээж аливаа уран бүтээл туурвихад их бага хэмжээгээр хүндрэл гардаг. Таны хувьд “Бага хаадын үе” бүтээлд хэр хүндрэлтэй бүтсэн бэ? -Хүнд гээд байх юм бараг байгаагүй. Хийх л ёстой юм чинь. Хүнд хэрэгтэй юм болсон гэдгийг харахад гоё шүү дээ. Нэг сайтад миний ярилцлага гарсан байсан, 100 гаруй сэтгэгдэлтэй. Түүний 10 нь л намайг муулсан,  шүүмжилсэн байна лээ. Мэдээж анхны бүтээл учраас алдаатай, учир дутагдалтай тал олон байсан, гэхдээ дэмжсэн хүмүүс их байсан. Би сайтын сэтгэгдэлд дургүй хэрнээ анх удаа тэдгээр сэтгэгдлийг уншаад баярласан.
-Нууц биш бол “Бага хаадын үе” хэдий хэмжээний өртгөөр бүтсэн бэ?
-Би яг нарийн тоо хэлж чадахгүй. Гэхдээ ганцхан зүйл хэлж чадна. Одоогийн ганц ангит кино бүтдэг зардлаас бага зардлаар бүтсэн. Хамгийн бага гэсэн үг л дээ. Ямар сайндаа намайг кино бүтэх зардлыг унагаагаад хаячихлаа гэж байхав.
-Яаж ингэж бага зардалтай бүтээл гаргаж чадав аа?
-Ийм түүхэн гоё кино бүтээж байна гэхэд олон сайхан уран бүтээлчид үнэрхээгүй. Орон нутгаас найман аймгийн жүжигчдийг тоглуулсан. Энэ нь төсвийнхөө хямдыг харсандаа биш. Бид бүгд л адилхан уран бүтээлчид шүү дээ. Түүхэн сэдэвтэй, олон зуун хүний оролцоотой бүтсэн байдаг, гэтэл ганц ангитай кино хийж хүрэхгүй мөнгөөр бүтсэн гэхээр зарим нэгэнд нь сонин санагддаг шиг байгаа юм. Нарийн зохион байгуулалт хийж чадвал болдог л юм байна. Чингис хаан хэлсэн байдаг биз дээ. “Дайсныхаа тооноос нь бус эв нэгдлээс нь айж бай” гэж. Эв нэгдэл гэдэг маань зохион байгуулалт гэсэн үг. Тэр л зохион байгуулалтаар явсан. -Мандухай цэцэн хатны дүрээр мөнхөрсөн Ардын жүжигчин Н.Сувд гуай, Чингис хааны дүрээр алдартай, Ардын жүжигчин А.Энхтайван нарыг тэр дүрд нь сонгож тоглуулсан байсан. Өөр жүжигчин байж болоогүй юм уу. Яагаад заавал тэднийг сонгосон бэ?
-Хамгийн гол зорилго гэвэл зохиолч, продюсер хүний хувьд Чингис хаан, Мандухай цэцэн хатан хоёрыг заавал оруулах ёстой гэж бодсон. Эсэн тайшийн зүүдэнд ирж байгаагаар Чингис хааныг дүрсэлсэн. Есөн өрлөгөө дагуулаад Эсэн тайшийн зүүдэнд орж байгаа хэсэг уран сайхны хувьд гоё болсон. Алтан ургийн баахан хүүхдүүдийг хядчихаад унтаж байхад нь “Чи яахаараа миний алтан ургийн хөвгүүдийг хяддаг юм. Чи миний алтан төрийн хасбуу тамгыг атгах эрхгүй” гээд л өөрийг нь алж байна гэж Эсэн зүүдэлж байгаа юм. Энэ бол гайхамшигтай хэсэг. Монголын түүхэн дэх хар толбот үед Чингис хаан гарч ирнэ гэж ихэнх хүмүүс төсөөлөөгүй. Монголын хамгийн анхны түүхэн цуврал кино шүү дээ. Тэр утгаараа энэ бүтээл бас л түүх болж байгаа юм. Тиймээс Н.Сувд, А.Энхтайван нарын хүндтэй хүмүүсийг түүхэнд мөнхөлсөн  дүрээ дахин нэг удаа энэ кинонд сэргээхийг хүссэн. Монголын ард түмэн энэ хоёр хүнийг бүгд мэддэг. Цаашид ч олон гоё түүхэн цувралууд төрөх байх.
-Ажиглаад байхад сүүлийн үед олны мэддэг цөөн хэдэн жүжигчин л кинонд тоглоод байх юм. Өөр жүжигчин олоод тоглуулчихаж болдоггүй юм уу гэмээр. Эсвэл Монголын урлагт чадалтай, чансаатай жүжигчин ховордоод байгаа юм уу. Эсвэл тэр хэрээр киноны орлого өсдөг юм уу?           -Ямар юмных нь орлого байх вэ дээ. Бүхий л үйлдвэрлэлийн нэг адил урлаг мафийн шинжтэй байдаг. Үүнээс шалтгаалаад цөөн хүмүүсийг тоглуулдаг байх. Гэтэл манай цуврал кинонд тоглосон залуучууд ямар мундаг байлаа даа. Тэдний нэг нь Хүүхэлдэйн театрт байхад нөгөө нь бүжиглээд л байж байх жишээтэй. Маш олон залуусыг нээж чадсандаа баяртай байгаа. Залуу хүмүүсийг дэмжье гэж боддог. Тэр санаандаа ч хүрсэн.
-Уран бүтээлч бүр бүтээлдээ ямар нэгэн зүйл шингээхийг эрмэлздэг. Таны хувьд?
-Бага хаадын үед алаан хядаан, бие биенээ хорлосон, хор хутгасан зүйл их байсныг харуулахыг хүссэн. Түүхийн тэр үед тохиосон “өвчин” одоо ч байна. Бүгд л дарга болох гэсэн, нэг нь нөгөөгөөсөө дээш гарах гэсэн явуургүй бодолтнууд олширсоор байна. Хажуудаа байгааг хүртэл нудардаг, бие биенээ гутаан доромжилдог. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үеэр энэ киног хийх бодол толгойд орж ирсэн. Чингис хааны босгосон гайхамшигтай гүрэн яагаад үгүй болсон юм бэ. Үүнийг л залуучууд ойлгоосой, бага хаадын баларсан түүх өнөөдөр давтагдаж байгааг мэдрээсэй гэж хүссэн. Харин ч түүхийн гашуун үнэнийг зохиол дээрээ зөөлрүүлсэн. Дайныг тэр чигт нь харуулаад, цус нөжтэй нь хутгаад байвал болохгүй зүйлгүй. Гэтэл энэ киног хүүхдүүд  ч бас үзэх юм чинь ёс зүйтэй байх ёстой. Новширсон заваан юм байвал хүүхдүүд юун түүхээ сонирхох вэ гэдэг л болно шүү дээ.
-Сүүлийн үед гарч байгаа кино бүрийн сэдэв, санаа нь адилхан болчихсон юм шиг… Кино зохиолч гэдэг мэргэжил байх хэрэгтэй юм уу. Хүн бүр л зохиол бичдэг болчихсон байна?
-Ерөөсөө л гадна, дотны киноноос санаа аваад л хусчихдаг болсон юм биш үү. Нэг өгүүллэг ч бичиж үзээгүй, нэг шүлэг бичиж үзээгүй хүн кино зохиол биччихсэн байдаг. Бичдэг байлаа ч тэр нь олонд танигдаагүй хүн кино зохиол биччихсэн л байдаг. Киноны хувьд зохиол чухал. Зохиол бас дахин зохиол байдаг гэх үү дээ. Уг нь киног АНУ жинхэнэ утгаар нь хийдэг байсан, одоо бас л чадахаа больж байна шүү дээ. Техник технологиор их зоддог болж. Цаг хугацаа, үзэгчид  хоёр л  шүүгчид шүү дээ. Орлого оллоо гээд гадны хүүхэлдэйн киног гүйцэхгүй юм чинь ямар юмных нь орлого байх вэ дээ.
-Таны хувьд кино урлагийн хөгжлийг юу гэж боддог вэ. Хөгжиж байгаа болов уу, ихэнх хүмүүсийн хэлж байгаагаар уналтад орчихоод байна уу?
-Ер нь дампуурчихсан. Залуучууд англи хэлтэй болох тусам л кино урлагийн хөгжил бүр байхгүй болно. Камер нь сайжраад байдаг, график нь сайжраад байдаг зохиолч, найруулагч байхгүй “паг”. Тэгээд л өөрийнхөө мундгийг гайхаад байдаг, гадагшаа бүтээлээ гаргалаа гэхэд  “Нохойн орон” гээд нохой алдаг юмаараа кино хийнэ, эсвэл ингэ уйлуулна. Тэгээд л нэг баримтат кино хийж байна гэхээрээ нүүдэлчин, үнээгээ саагаад явж байгаагаар, эсвэл хэт зэрлэгшсэн байдлаар харуулдаг. Бид нарт уг нь киног сайн хийх бололцоо байна. Гэхдээ цаашдаа өөр болох байх.
-Таныг нэг хэрэгт холбогдоод сурч байсан сургуулиа орхиж байсан гэж сонссон, юу болсон юм бэ?
-17 настай оюутан байх үед ах маань наймаа хийж байна гээд өрөнд орчихоод, өрөө дарахын тулд ноолуурын наймаачдыг дээрэмдье гэхээр нь хуулийн ангийн онц сурлагатан мөртлөө ахдаа туслах нь миний үүрэг гээд л, тэнэг юм шиг ирээдүйд учирч болох бүхий л зовлон бэрхшээл, юуг ч бодолгүй хэрэг хийчихсэн юм. Тэр буруу алхам том алдаа хэдий ч хүн болгонд байдаггүй хайртай, дотно хүмүүсийнхээ төлөө үхэж чадах мундаг эр хүний зангарагтай болох гэсэн бодлогогүй алхам.
Тэр алдаанаас болж их зовсон ч төдий чинээ хүн хүнээ хайрлах, алдаж онох амьдралын дэнс, эр хүний ноён нуруу, энэ орчлонгийн хүмүүсийн үнэн дүр төрх, бодит нүүр царайг ялган таньж, амьдралын шуургатай тэмцэж сурсан. Тэгээд ч миний өдий зэрэгтэй зохиол бүтээл туурвих хийгээд бусдын төлөө сайн үйлсийн аян санаачилж өрнүүлж явдаг минь тэр балчир насандаа ахадсан зовлон туулж, бага бус юм бодож ухаарсны төлөөс гэж боддог доо.

Э.ТЭМЛҮҮН

Ай.Төмөр-Очир: Би амьдрахын төлөө Эх орон, Ц.Элбэгдорж хоёроос бусдыг сольсон

2014-02-26 14:00:00

Бид эх орон гэж цээжээ дэлдэж, хайртай дуртай гэдэг ч өдрийн бодол шөнийн зүүдэндээ Монголынхоо төлөө санаа зовниж, цаг мөч бүрт боддог нь хэд бол. Уншигч таны амралтад зориулж хөнгөн ярилцага хийхийг хүссэн ч, бахархаж бахдам эх оронч үзэл цусанд нь буцалж буй нэгэн эрхмийн ярианд би хөтлүүлчихлээ. Ай сэцэн хэмээн уран бүтээлчдэд хүндлүүлдэг яруу найрагч Ай.Төмөр-Очиртой ярилцсанаа хүргэе. Эхний асуултаа тавиагүй байхад л тэрбээр ийн ярьж эхэлсэн юм.

-Өнөөгийн Монголын улс төрийг баавгайтай зүйрлэж болмоор. Баавгай унтаж байна. Баавгай унтаж байхад ам нь ангалзаж, хөл гар нь татвалзаж байдаг. Түүн лугаа улс төрийн бүлэглэлүүд жүжиглэж, бор шувуу нисгэж л байна. Сонгууль болоогүй, эрчимгүй үе учир нам гүм байдалтай байх шиг байна. Удахгүй хурхирч байгаад, архираад хүрхрээд босоод ирнэ. Юм бодох, тархиа ажиллуулах завтай тайван үед нь улс төрийн тухай таван үг дуугарчихвал яасан юм бэ гэж бодлоо. Уран бүтээлч байж улс төр яриад хийрхээд байна гэж зарим нь бодож магадгүй

Би Намын дээд сургуульд сэтгүүлч, эрх зүйч, судлаач мэргэжил эзэмшсэн. Дарганцар хийж явсан, зовлон, жаргалыг нь мэднэ. Дарга дандаа буудуулж, зодуулж байдаг гэдгийг ч мэднэ. Орчин үеийн дарга дээхнэ үеийнхээс өөр болжээ. Бид сайн яруу найрагч, сэтгүүлч, сайн бөх, дарга байхаасаа илүү сайн хүн байх ёстой. Эх орон, газар шороо, тусгаар тогтнол, тулах цэг, Монгол орших, эс орших бидний хүн чанартай холбоотой. Монголын үе, үеийн сайд, дарга нар боловсролтой, боловсролгүй янз бүр байсан. Гагцхүү тэд мөн чанартай, Монгол Улсын төлөө гэсэн үнэнхүү сэтгэлтэй, зүтгэлтэй байсан учир түүхэнд үлдсэн.

Тухайлбал, Пэлжидийн Гэндэн сахал Сталиныг суга алгадаж байсан цөстэй аавын хүү. Өнөөдрийн улс төрийн удирдлагуудад тийм мөн чанар, тийм сэтгэл зүй, эх орноо, үр үндсээ гэсэн эр зориг байна уу. Нийгэм нийгмээрээ оршин тогтнохгүй, хүн хүнээрээ байхгүй, мөнгөнд толгойгоо мэдүүлж, хараат байдалтай байна.

-Улс төр судлаач байж яагаад мэргэжлээрээ ажиллахгүй, уран бүтээлч болсон юм бэ?

-Хүний мөн чанартай холбоотой юм билээ. Би дарга болъё гэж гуйгаагүй, миний мэргэжил тийм болохоор л удирдах ажил хийж байсан. Нийгэм хөрвөөгөөд, мал шиг шилгээсэн учир цөөхөн жил дарга хийгээд уран бүтээлийн замаа хөөсөн дөө. Уран бүтээлч хүнд өөрийн гэсэн цаг үе бий. Чойном 1950-иад оны цаг үетэй тэрсэлдэж, бүтээлээрээ хүмүүжүүлж явсан. 1990-ээд оны сүүлчээр Дашбалбар төрд орж, цаг үеэ мэдэрч хэлж байсан. XXI зууны эхний 15 жил миний л цаг үе. Би Чойном, Балбар болох гэж жүжиглээгүй. Надаас хойш арван жилийн дараа бас л нэг хүн газар шорооныхоо төлөө тэмцэж, улс төрийн тухай хэлж ярих л болно. Миний үгээ илэрхийлдэг арга нь яруу найраг, гоо сайхан, зургаа дахь мэдрэхүй учир бусдад ажигтай, сэжигтэй санагдаж магадгүй. Улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэж захын чавганц ярьдаг. Бидний идэх хоолыг булаагаад байхад дуугарахаас өөр аргагүй байна шүү дээ. Би л болж байна гээд таг дуугүй яваад байж болно. Энэ бол нохойн зан.

Насны хань хүнд өмөг түшиг болдог шиг надад сайн нөхөр өгүүлэгдэж байна.

Найзуудаа, нам эвслийн найзууд биш,

Насан туршийн найзууд байя аа.

төрийн андууд биш,

Урт амьдралын нөхөр байя гэж бичсэн. Хүмүүс намын, сонгуулийн найзууд болж. Намайг сонгуульдаа ашиглаад, нохой болгоод, нүдэнд минь шороо цацаад, толгой дээрээс шээгээс алга болсон нөхөд бий. Хумсаа нуусан муур шиг бүгж байгаад сонгууль болохоор соотгоноод гараад ирдэг хүмүүс байна. Би тэднийг зовж байхад тусалж байсан, хар нүүрээ ширлээд өмнөөс нь хашгичаад явж байсан.

-Та элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон байх аа. Үхэл, амьдралын зааг дээр юу бодогдож байсан бэ?

-Амьдрал их сонин юм, хорвоод хоёр дахь удаагаа амьдарч явна. 22 цагийн турш хагалгаа хийлгэж, 38 цаг наркозонд орсон. Үхэл, сэхлийн хаалгаар орохдоо амьдарвал хүн шиг амьдаръя, чадахгүй бол эндээ үхье гэж бодсон. Гэрээслэлээ бичээд, үр хүүхэд, ах дүүдээ захиасаа хэлчихээд явсан. Бурхан тэнгэр намайг харж үзлээ. Эрүүл хүнийг бодвол хөдөлмөрийн чадвараа алдсан, ядруу байгаа. Гэхдээ оюун санаа, үзэл бодол, сэтгэлгээний ядаргаа огт байхгүй. Өнөөдөр би амьдрахын төлөө эх орон, Ц.Элбэгдорж хоёроос бусдыг сольсон. Мөнгө төгрөг, худал, хуурамч алдар гавьяа юу ч надад хайран байгаагүй. Би Монгол Ардын Намын гишүүн болоод 30 гаруй жил болж байна. Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын төрд Элбэгдорж хэрэгтэй, гарман дээр морио сольж болохгүй ээ гээд намынхаа эсрэг сурталчилгаа хийгээд телевизээр гарсан. Улстөрч хүн баримжаатай байх хэрэгтэй. Дүрмийн хүрээнд сэтгэдэг дүнхүү толгой биш ээ. Хашаан дотор амьдардаг хар хулан байдаггүй юм аа. Надад мандан бадарч, намынхаа бахархал болж байсан өдөр бий, надаас айн зугтаж шүдээ зууж, нүдээ аниж нүүр буруулсан үе ч бий. Тэглээ гээд би МАН-ын гишүүн хэвээрээ л байна. Манай нам өнөөдөр намайг зүгээр гээчихсэн, мартчихсан юм шиг байна. Аль нэгэн намын гишүүн байх нь гээгдсэнээр болдоггүй юм. Их улс төр унтаж байна гэдэг нь МАН унтаж байгаа хэрэг. Унтаж байхад нь дургүй хүргэсэн ганц нэг үг хэлмээр байна. Зовлонтой үед хэн нь хэн бэ танигддаг юм билээ.

Намайг өвдөж байхад нөхөд гэж бодсон хүмүүс чихээ бөглөөд сууж байсан. Жишээлбэл, Ерөнхий сайд асан Сү.Батболд манай нутгийн гайхамшигтай сэхээтэн, нутаг орныхоо бахархал. Батболдын ангентлагийнхан ард түмний өмнө үг хэлэх чадал, чадвар байхгүй чононд ээрүүлсэн хурга шиг болчихсон байхад нь Ай.Төмөр-Очир нутгийн иргэдээ зовлон шаналал, болох бүтэхгүй юм яриулалгүй олон удаа тэднийг аварч байсан. Тэр үед надад баярлаад хоёр хацар дээр үнсээд, үнсүүлээд явж байсан. Гэтэл өнөөдөр тэд хаана байна. Би тэднээс хариу тус нэхээгүй. Эрүүл мэндийн сайд байхдаа Н.Хүрэлбаатар “Монголын төрд Та хэрэгтэй шүү, үхэхгүй л байх ёстой” гээд хадаг бариад ирж байсан. Өнөөдөр би үхэхэд тэдэнд хамаагүй болсон байх. Яагаад гэвэл тэд идэвхгүй байгаа учраас. Тэд энэ чигээрээ таг чиг болж байгаа болов уу гэвэл үгүй байх аа.

-Та одоо амдралын үнэ цэнийг илүү мэдэрч байгаа байх.

-Зовлонтой хоногууд тоотой байдаг, жаргалтай өдрүүд тоогүй байдаг аа гэж. Зовлон үзсэн хүн л бусдын зовлонг ойлгодог. Өнөөдөр Монголын төрийг

Мод юм бол хөрөөдөөд дууслаа

Морь юм бол тараагаад тарлаа

Майхан юм бол нураагаад хаялаа

Малгай юм бол нохойд өмсгөлөө гэж 2006 онд хэлж байсан. Одоо хэвээрээ л байна. Яруу найрагчид аа, уран бүтээлчид ээ, эх оронч байгаач ээ. Газар шороогоо хамгаалахгүй бол хөл чинь юун дээр гишгэх вэ. Энэ муу Монгол Улс минь тулах цэггүй болчихлоо шүү дээ. Хэн ч мэдэхгүй “Болор цом”, алдар шагнал горьдож, хэдий болтол оймс, гутал бичиж явах юм бэ. Сэтгүүлчид ээ, хэн нэгний халаасанд орж хэлээ огтлуулахаа болиоч ээ гэж уриалмаар байна.

-Хэн намайг яах бол гэж айхгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй хэлэх юм. Таны айдас юу вэ?

-Надад айдас байхгүй. Учир нь би Айлтгүйн Төмөр-Очир шүү дээ. Ай.ТөмөрОчир гэдэг нь айж цочихын нэр биш, аялгуулж дуулахын, асаж дүрэлзэхийн ай байхгүй юу. Би хүүхэд байхдаа байлдаан болоосой, баатар болохсон гэж боддог байсан. Гэхдээ миний үед дайн болох биш. Ухаан ороод сургууль төгсөх үеэр үзэл бодлын, итгэл үнэмшлийн, бялдуучлалын том байлдаан эхэлсэн. Бузар булай хүмүүсийн үйл хэрэг миний айдас, үзэл бодлоо илэрхийлэх нь миний хүмүүжил. Би хэн нэгний таалалд нийцүүлж, өөрийнхөө төлөө амьдарч байгаа юм биш. Уран бүтээлчийн хувьд Монголын ард түмний төлөө, сайхан ирээдүйн төлөө дуугарах ёстой. Монголчуудыг тэнгэр хаячихаагүй байна. Засгийн газрын гишүүд дотор Монгол Улсаа мохооё, мөхөөе гэсэн хүн нэг ч байхгүй байх. Ганцхан энэ буруу тогтолцоотой хүрднийх нь эргүүлэгт орж живчихээд яаж ч чадахгүй байна.

-“Петрочайна Дачин Тамсаг”-ийн хууль бус үйл ажиллагааг шүлгээрээ шүүмжилж байсныг уншиж байсан. Сэтгэл эмзэглүүлэм, бухимдуулмаар асуудалд өөрийгөө тайвшруулах арга тань шүлэг бичих үү?

Матад өнөөдөр Хятад болсон.

Хятад хэзээ ч Матад болохгүй гэж бичсэн. Энэ бол уран бүтээлчийн энэлэн шаналан. “Галзуу нохойны аманд гараа хийсэн шүлэг”, “Монгол төрөө өмөөрч могой ороосон шүлэг” гээд дандаа улс төрийн тухай бичиж байгаа. Би хэн нэгэнд таалагдах гэж бичдэггүй. Болдог бол морио уяад, таг дуугүй хэвтэж баймаар байна. Гэтэл энэ нийгэм, цаг үе үнэхээр болохгүй бүтэхгүй байна. Мэдрээд, мэдэгдээд байгаа юмыг өөртөө хураагаад суувал надад элэг зүрхний зовлон. Тэрийгээ гадагшаа цацаж, зовлон жаргалаа хуваалцаж, сэтгэлээ ариусгаж байгаа хэрэг. Бөх хүнд дархан мэх байдаг шиг өөрийгөө илэрхийлэх миний арга бол шүлэг. Чонын зүүд шиг энэ нийгэмд морины санаатай яваад байвал, нохойн төрлөө эрт олж, цагийн золиос болох нь ээ. Энд, тэнд хуралд очихоороо олон юм ярихгүй шүлгээ уншчихъя л гэдэг.

-Таныг нөхөд тань “Хар азарга” гэдэг юм билээ. Морины зүс, шинж тоймгүй олон. Өөрийгөө ямар зүсмийн морьтой зүйрлэх вэ?

-2006 онд хэвлүүлсэн “Эмнэг хар азарга” номын нэрээр тэгж хочилдог. Эмнэг, бас хар, азарга байдаг нь ямар учиртай юм бэ гэж бодож байгаа байх. Хар, цагаан бол ертөнцийн эх эцэг өнгө. Эмнэг байдаг нь хэнд ч эдлэгдээгүй, чөдөр ногтгүй омголон гэсэн үг. Азарга бол эцэг мал, түмэн агтны толгойд явдаг.

-Та морь уядаг байх аа?

-Сүхбаатар аймгийн алдарт уяач шүү дээ. Морь эр хүний аз хиймор. Би морио шүлэг бичиж байгаа юм шиг зургаа дахь мэдрэхүйгээрээ уядаг.

-Тайлбалахгүй юу?

-Зөн билэг гэвэл худлаа болно. Тайлбарлахад хэцүү юм. Шүлэг бичихэд хэн нэгэн алсаас хэлж өгч байгаа юм шиг онгод ордог. Морио уядаг миний арга барил яг тийм гэх үү дээ. Хүн бүр тэгж уяхгүй. Хөлсийг нь амталдаг, үнэрлэдэг, амьсгааг нь шалгадаг янз бүрийн арга байдаг л юм. Тэр бол таван мэдрэхүйгээрээ уяж байгаа хэрэг. Би ганцхан морь уядаг. Тэр маань аймаг, сумын наадамд айраг түрүү авч байсан. Баавгай алахад баахан буудах хэрэггүй гэж хурдан морь олонтой найзуудаа шоглодог юм.

-Морь ярьдаггүй болохоос хүн шиг ухаантай гэдэг. Танд тэгж ойлголцдог хүлэг бий юү?

-Үнэн шүү дээ. Адуу шиг яваарай алзахгүй, морь шиг байгаарай мохохгүй гэж хүүхдүүдээ ерөөдөг юм. Морьтойгоо олон удаа ярьж байсан. Хурдан азарга худалдаж аваад “Би чамайг үнэтэй авлаа шүү, сэтгэлээ гаргалаа шүү, миний аавын мөрөөдлийг, тэнгэр болсон дүүгийн мөрөөдлийг биелүүлнэ шүү” гээд угзраад нуруун дээр нь тас хийтэл алгадаж байсан юм. Төрсөн нутаг руу нь гүйлгэхгүйн тулд тэгдэг юм. Миний морь гүйгээгүй ээ, одоо ч байгаа.

-Та зураг зурж, шүлэг, найраг бичдэг. Үргэлжилсэн үгийн зохиол бичье гэж боддог уу?

-Гар хөлийн үзүүрээр бичсэн цөөн юм бий. Чи яг миний мөрөөдлийг асуулаа. Үнэхээр ч бичмээр байна, санаанд багтаад байна. Гэтэл онгодтой, түргэн бичдэг энэ байдлаасаа гарч чадахгүй юм. Онгодгүй болчихвол, мохчихвол бичнэ байх. Яруу найргийн онгод гэдэг юм намайг бичүүлэхгүй өмнүүр ороод байна даа.

-Монгол эр хүн ямар байх ёстой вэ?

-Монгол эр хүний нэг сайхан чанар нь долготой байх. (Нүнжиг) Үгийн сангийн хамгийн гоё үг. Хэн нэгнийг сайхан малгай өмсчихөж гэж хэлбэл надад сонин санагдахгүй. Харин тэр их долготой хүн шүү гэвэл сайхан хүүхэнд дурлаж, шүлэг зохиол сонирхож байгаа юм шиг ямар хүн байдаг юм бол, харчих юмсан гэж боддог. Хариугүй хэдэн төгрөгийн төлөө нэгнийгээ золилгүй долготой баймаар байна.

-Таны бэлэн цэцэн үг хаанаасаа ундраад байдаг юм бэ?

-Мэдэхгүй, цусанд байдаг байх. Чойномын найз Ц.Нэргүй гэж мундаг яруу найрагч Хэнтийд байсан. Нэргүй ахтай хоёр цаг дайралцаж байлаа. Өнөөдөр бие хаа чилээрхүү болж, онгодын сэржмээсээ холдсон. Гэхдээ ярих, хэлэх гэдэг хэн нэгнээс, усан сан, худгаас шанагаар хутгаж байгаа юм биш, өөрөөс ундарч байдаг. Энэ бол худаг биш, далай биш, нуур биш булаг юм. Урсгал усанд бузар байхгүй гэдэг. Булаг бол хамгийн ариун зүйл. Оюун санааны, яруу найргийн ундарга юм даа. Гэхдээ үүнийгээ хөгжүүлэхгүй бол болдогг үй. Би хүүхэд байхдаа том том найраглал цээжилдэг байлаа. Тархи багтаамжтай байдаг юм билээ. Олныг цээжлэхээр эхнийх нь найраглалууд мартагдаад, сүүлдээ өөрөө зохиодог болсон.

-Одоо тантай дайралцдаг хүн бий юү?

-Дайралцах нь байтугай дайталцах нь олон болж. Монгол хэл соёл минь мөн ч их ядарч байна даа, тарамдаад дууслаа. Хүмүүсийн ой тойнд ямар ядмаг хэдхэн үг байна вэ.

Хэл соёлоо довтлох

Хэрлэн их мөрнийг минь цоожлох

Үзэг цаасыг маань ч базлах

Үзэл бодлыг маань ч цаазлах гэж бичиж байлаа. Дуртай нэг нь аялга дуудлагаараа бичих болж. Хэл соёлыг хэрэггүй болгож байгаа, буруу харилцаж байгаа хүмүүстэй хариуцлага тооцмоор байна. Алдаатай зар бичиж байгаа нэгнийг шоронд хийж, ажлаас нь халмаар байна. Өчигдөр Төв шуудангийн өмнө явж байхдаа сурталчилгааны самбар дээр “Банзрагч, Бурмаа нарийг” гээд биччихэж. Ямар муухай харагддаг юм бэ.

-Сүүл, толгой холбож энэ нийгэмд бугшсаныг шүүмжилдгээрээ таны шүлэг хип хоп дуутай төстэй юм. Та хип хоп дуунд дуртай юу?

-Би ойшоодоггүй, миний цаг үеийн юм биш. Хүн гэдэг цаг үеийн бүтээгдэхүүн. Монголын дуучдыг өөрийнхөөрөө үнэлж цэгнэдэг. Миний үеийнхэн Адарсүрэн, Банзрагч, Оросоог сонсож, дээхнэ үеийнхэн Лхамжав, Дорждагва гуайг сонсож ирсэн. Тэр мундаг хүмүүсийг сонсож өссөн сонсогч том л орон зайг өгүүлдэг, үгүйлдэг, нэхдэг. Орчин үеийн зохиолын дуу надад огт амтагддаггүй, тэр дундаа хип хопыг ойлгодоггүй. Гэхдээ надад ойлгогдохгүй байгаа нь зүйтэй юм аа, хүлээн зөвшөөрдөг. Цаг үе нь өөр шүү дээ.

-Зарим хүн муу үйл хийж, эсвэл ядруухан амьдарч байна. Энэ нь цаанаас заяасан тавилан уу, эсвэл хувь хүний ухамсар, хүмүүжил үү?

-Эзэн хичээвэл заяа хичээнэ. Эзэн хичээхгүй бол заяа хичээнэ… Хэдхэн үсэг солиод хараарай. Аргагүй байдалд, нийгэм, цаг үеийн доргионд цохиулж, үр хүүхэд муутай ядарч яваа хүмүүс байгаа. Тэднийг буруутгаж болохгүй. Харин Монголын залуу үе гуйлга гуйгаад, хог ухаад явж нь байгаа нь ямар том эмгэнэл вэ. Тэднийг дагаад үүсэж буй нийгмийн сөрөг үзэгдэл элгийг минь эмтэлж байна. Бид нөөц баялаг ихтэй орд, уурхай л гэх юм. Түүнээс илүү ийм хүмүүсийн ажиллах хүчийг авч, зөв замаар явуулах хэрэгтэй байна. Хүн хог болчихоод, нохойн замаар явж байхад өндөр байшин, утаа тортог ярьж яах юм бэ. Энэтхэг, Түвдэд гуйлгачин зөндөө үзсэн. Хүн ам нь илүүдсэн газар сайн нь сайнаараа, муу нь муугаараа ялгараад явахад буруу зүйлгүй. Харин бид гуравхан сая болох гээд алгаа ташаад сууж байна шүү дээ. 40 мянга шахсан малаа хайрладаг хэрнээ хүнээ тордохгүй, эрүүл мэндийн салбараа анхаарахгүй, огт хэрэггүй, өнөө, маргаашийн ашиг хонжоо хөөцөлдөөд байх юм. Монголд нэг ч хүн өлсөхгүй, өвдөхгүй байж болно шүү дээ. Үнэнийг хэлэхэд би дотроо уйлж байна. Бидний үед, тэнцүү хуваарилалтын засгийн үед гуйлгачин гэдэг үлгэр домогт л гардаг, харь оронд дуулддаг байлаа. Халамжийн том тогтолцоотой боллоо. Энэ нь монголчуудыг заавал бусдаар тэжээлгэж, аманд нь хоол хийх ёстой мэт гуйлгачин сэтгэхүйтэй болгоод байна.

-Та эх баригч байх аа?

-Анагаах ухааны дунд сургууль төгсөөд, хөдөө хоёр жил ажиллаж, цэрэгт гурван жил эмч хийгээд, 1985 онд Намын дээд сургуульд сурсан хүн шүү дээ. 20 гаруй хүүхэд эх барьсан. Залуу насны сайхан дурсамж, баяр баясгалан юм даа. Хөдөө, энд тэнд явж байхад хүн төрөх гэвэл одоо ч саадгүй эх барина. Миний эх барьж авсан хүүхэд 1998 онд цэрэгт явах гэж байна гээд хадаг сүүтэй ирж байлаа. Одоо эмч гэж ярихаасаа ичдэг. Эрүүл мэндийн биш, эргүү төртэй засгийн эмч л болж дээ.

-Энэ хорвоод мэндэлж байгаа шинэ хүнийг тосож авахад ямар мэдрэмж төрдөг бол?

-Миний анхны эх барьсан хүүхэд өгзгөөрөө төрсөн. Дээгүүр хараад байж байтал доошоо нэг юм ойччихсон. Толгой нь салаад уначихав уу гээд гайхаад хартал өрөөсөн хөл нь унжсан. Тэр үед туршлагагүйтэж айж байсан ч сүүлд өөрөөрөө бахархсан шүү.

-Хэзээнээс зурах авьяастайгаа мэдсэн бэ?

-Хар багаасаа л зурдаг байсан. Зурах зурахдаа өөр шигээ л зурдаг байсан.

-Ойлгосонгүй?

-Өөр шигээ гэхээр арзайсан үстэй, хар царайтай өөрийгөө зурдаг гээгүй юм шүү. Өөрийнхөө мөн чанараа зурдаг гэсэн үг. Адгасан зангаараа, өөрийнхөө сэтгэлгээгээ зургаар илэрхийлдэг. Монгол морио их зурдаг байлаа. Одоо морь зурахаа больсон доо. Нэгдүгээрт уйдсан, хоёрдугаарт Монголын мөн чанарыг мориор илэрхийлж чадахаа байсан. Морины мөн чанар хэтэрхий зөөлдөөд байна.

-Таныг “Болор цом”-д түрүүлэх гэж ордог гэж бодохгүй байна. Шүүмжлээд байдаг хэрнээ яагаад жил бүр шүлгээ уншдаг юм бэ?

-Шүлэглэх гэж л ордог доо. “Болор цом” ард түмний наадам. Тэнд хэн түрүүлэхийг ард түмэн мэдэж л байгаа. Хүмүүс түрүү морийг биш, үнэн үгийг хүлээдэг. Үнэн үг сонсох гэсэн, Төмөр-Очир л хэлнэ дээ гэж хүлээсэн хүмүүст зориулж, шүлгээ уншдаг. Сүүлийн 10 жил ийм зорилгоор орлоо. Одоо энэ наадмыг дахиж хийж болохгүй, болих хэрэгтэй. Сайн хүний нэрийг гурав нугалж иддэг, сайхан Пүрэвдоржийн минь нэрийг 30 жил идлээ. Яруу найргийн хөгжлийг тодорхойлж чадахаа болилоо. Ингэж үнэ цэнэгүйдүүлж болохгүй. Уран зохиолыг сургалтын хөтөлбөрөөс хасна гэхэд судлаачид дуугарч байна. Гэтэл “Болор цом” болохоо байхад яагаад хэн ч дуугарахгүй байгаа юм бэ. Д.Нацагдоржийн шагнал “ацагдоржийнх” боллоо. Ийм шагналтай олон яруу найрагч “Болор цом”-ын нэгийн даваанд буудууллаа. Д.Нацагдоржийн шагнал хэн ч мэдэхгүй хүүхдүүдийн хөлд өнхөрчихлөө. Шагналын нэр хүндийг ингэж унагаж, өгөөд ч яах вэ, аваад ч яах юм.

 

Б.ДӨЛГӨӨН

http://www.mongolnews.mn/w/50126

Алсын удирдлага” уран сайхны киноны продюсер, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.АРИУНАА: “АЛСЫН УДИРДЛАГА” КИНОГ ҮЗЭХ БОЛГОНД ӨӨР ЗҮЙЛ ОЛЖ ХАРНА

Найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” уран сайхны кино нөгөөдрөөс эхлэн “Тэнгис” кино театрт гарч эхэлнэ. Энэ уран бүтээл өнгөрсөн жилийн аравдугаар сард Азийн Канн хэмээн нэрлэгддэг Бусаны олон улсын кино наадамд нээлтээ хийж, тэргүүн шагналыг нь хүртсэн юм.

Үзсэн хүн бүрт өөр өөрийнхөөрөө ойлгох боломжийг нээлттэй үлдээсэн энэ киног хүлээсэн хүн олон байгаа байх аа. “Алсын удирдлага” уран сайхны киноны продюсер, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаатай ярилцлаа.

-Та найруулагч С.Бямбын эхнэр нь, мөн уран бүтээлийн хамтрагч нь. Нөхөр тань ийм кино хийсэн учраас та продюсерээр ажилласан уу, эсвэл энэ киног олон хүнд хэрэгтэй учраас энэ багт нэгдсэн үү?

-Ийм асуулт асуух байх гэж хүлээж байлаа шүү. Гэхдээ өдий хүртэл хэн ч энэ тухай асуугаагүй л байна. Найз нөхөд, гэр бүлийнхэн маань болох ёстой зүйл болоод л явж байна гэж харж байгаа байх. Шилжилтийн үед буюу 1996 онд би “Нохойн орон” киноны зургийн даргаар ажиллаж байлаа. Мөн Швед, Герман, Монголын хамтарсан “Жинхэнэ эр хүн мах иддэг” киноны продюсерээр ажилласан. Тухайн үед Бямбаа Вгик төгсөөд ирчихсэн байлаа, хүмүүс юу хийхээ олох гэсэн их шилжилтийн үе шүү дээ. Манай том охин Ундаръяа “Жинхэнэ эр хүн мах иддэг” кинонд бас тоглосон юм.

-Танай охин бас жүжигчин юм уу?

-Жүжигчин биш ээ. Гэхдээ багадаа “Мартагдсан дууль” Монголын уран сайхны кинонд тоглож байсан юм. “Санги ах аа” гээд уйлдаг охин. Тэр үед тоглох ч гэж бараг өөрөө тэр кинондоо амьдарчихсан хэрэг. Энэ хоёр кинонд ажилласан нь миний хувьд мэргэжлээсээ өөр буюу соёл урлагийн салбарт ажилласан анхны туршлага юм. Богино хугацаанд нэг зорилгын төлөө багаар ажилласан нь их гоё санагдаж байсан. Дараа нь Соросын санд ажилд орлоо. Дарга болон удирдах зөвлөлийн гишүүд Монголын нийгэмд чухам юу хэрэгтэй байгаа тухай асуухад дуртай зүйлээ холбон тайлбарлах гээд байсан. Тэр дуртай зүйл нь соёл урлаг. Гэхдээ би өөрийгөө урлагийг гүн гүнзгий мэддэг гэж боддоггүй байлаа. Зүгээр л дуртай. Ингээд л надад соёл урлагийн хөтөлбөрт ажиллах санал ирсэн. Миний аавыг Цэрэнпил гэдэг. Зураач хүн шүү дээ. Би багаасаа зурах дуртай байсан ч урлагийн хүн болоогүй.

Сургууль төгсөөд зураач болно гэвэл Дүрслэх урлагийн дунд сургуульд орох байсан болохоор ээж маань дээд сургуульд орохыг зөвлөсөн юм. Уран бүтээлч болж чадаагүй ч тийм хүмүүстэй хамт байх сайхан байдаг. Бямбаагийн “Алсын удирдлага” кино сонирхолгүй, шинэ зүйл хийх боломжгүй байсан бол би заавал нөхрийн маань кино гээд ажиллахгүй байсан. Надад өөрийн гэсэн үнэт зүйлийн орон зай, сонголт хийх эрх чөлөө бий. Бид хамтдаа гэртээ их кино үздэг. Анзаараад байхад, бидний үзэл бодол төстэй. Бямбаагийн дуртай зүйлд би дуртай, миний дуртайг Бямбаа хүндэлдэг. Манай гэрт байгаа хөгжим болон киноны цуглуулгыг Бямбаагийн сонголтоор авсан байдаг бол дүрслэх урлагийн талын зүйлсийг би сонгосон байдаг. Бид ижил болтлоо уусчихсан гэх юм уу даа.

-Олон жил хамт амьдрахаар ийм болдог байх даа.

-26 жилийг хамтдаа үджээ. Заримдаа санал зөрөлдвөл харин ч их баярладаг юм. Хэтэрхий уусаж болохгүй шүү дээ. Хүн бүр өөрийн орон зайтай байх ёстой. Бие биеэсээ өөр байж л нэг цул болно. Бас энэ кинонд ажиллах болсон өөр нэг шалтгаан нь эмэгтэй хүний мэдрэмж. Бямбаа үүнийг чин сэтгэлээсээ хийнэ. Амар, хялбар байхгүй ч чадна гэдэгт нь итгэж байсан. Энэ киноны зохиолд хорвоод байхгүй эсвэл Монголд огт хөндөж байгаагүй зүйл гардаггүй. Жирийн нэгэн хүүгийн хэдхэн өдрийн түүх шүү дээ. Бямбаагийн зүрх сэтгэл шингэсэн болохоор өөр болж байгаа юм. Энэ хүн өөрөө нээлттэй, бүх зүйл нь дэлгэсэн ном шиг биш болохоор надад үр дүнгээс илүү таньж, мэдэх үйл явц нь сонирхолтой байсан.

-Та найруулагч С.Бямбааг ямар уран бүтээлч гэж дүгнэдэг вэ?

-Үзэл бодол, харах өнцөг нь төлөвшчихс өн хүн. Түүний хийсэн бүх киног нь үзвэл өөрийнх нь гарын үсгийг харж болно. Гадагшаа эрэл хайгуул хийхээс илүү дотогшоо эрэл хийдэг. Энэ бол уран бүтээлч хүнд байдаг маш чухал чанар. Орчин тойрноосоо хамааралгүй амьдарч, өөрийгөө танин мэдэх аялал хийж яваа. Дотроо сууж байхдаа илүү аз жаргалтай байдаг байх. Дотроосоо цэнэглэдэг учраас уран бүтээл нь наснаас нь хамаарахгүй байх. Бас дотоод зөрчилтэй. Уурхайгаар бол тогтвортой бөгөөд нөөц нь тодорхойгүй ч дуусаагүй далд уурхай юм уу даа.

-Ийм хүнтэй ажиллахад түвэгтэй юу?

-Би тийм биш учраас заримдаа түвэгтэй. Арга, билэг нийлж аливааг бүтээдэг болохоор дажгүй ээ. Бямба нэг их яриа хүн биш л д ээ. Намайг заримдаа үглэхээр “Би их зантайдаа ярихгүй байгаа юм биш. Сайн ярьж чаддаггүй болохоор нөгөө хүндээ санаагаа бүрэн ойлгуулж чадахгүй шүү дээ” гэдэг юм. Өөрийнх нь мөн чанар болохоор яалтай билээ.

-Энэ киног үзсэн хүн юу мэдрэх бол?

-Энэ кино үзэгчдэд юу бодохыг нь зааварчлаагүй, маш их эрх чөлөө үлдээсэн хийцтэй. Хурц өрнөл байхгүй. Гэхдээ ямар ч хүн, хэчнээн ч хурдан гүйдэг бай хамааг үй, заримдаа ганцаараа суугаад алсын уулыг ширтдэг дээ. Тийм л орчинд аваачих болов уу. Би энэ киног маш олон удаа үзэж байна. Үзэх болгондоо өөр зүйлийн тухай боддог. Хайр бөгөөд эрх мэдлийг мөрөөдөж байгаа хүүгийн түүх ч юм шиг, Монголын нийгэмд байгаа уламжлал, шинэчлэлийн заагийн тухай, хүний сэтгэлийн гүнд байдаг сүнслэг чанарын тухай гээд их олон зүйл мэдэрч, олж хардаг. Хүн өнөөдөр юун тухай бодож, ямар зүйлд хариулт эрж байна, түүнийгээ л энэ киноноос олдог юм болов уу.

-Монголын кино урлагийн салбарт төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй болохоор арилжааны бус арт хаус кино хийдэг уран бүтээлчдэд хэцүү байдаг байх аа.

-Хэцүү. Гэхдээ ийм кино заавал байх ёстой. Ардчилсан нийгэмд хүнд сонгох эрх байгаа нь чухал. Улс төр, эдийн засаг болон соёл урлагийн хэрэгцээгээ хангах сонголт байх ёстой. Хүмүүсийг арилжааны шинжтэй кино үзэж байна ч гэж буруутгаж болохгүй. Би ч гэсэн Холливудын кино үздэг. Маргааш өөр зүйл ч үзэж болно. Хүмүүсийн сонголтын дунд энэ кино бага хувь эзэлж болох ч ардчилсан нийгэмд цөөнхийн эрх ашиг чухал байдаг байх аа. Кино урлагийг том далай, тэнгистэй зүйрлэвэл маш олон гол мөрөн түүнд цутгаж байгаа. Тэгж байж л далай тийм баялаг болж байгаа. Фестивалийн жанрын ийм кино зарагдаад орлого олоод байдаггүй ч зайлшгүй байх хэрэгтэй юм. Дэлхий нийт монголчуудыг газар дорх баялгаар нь зөвхөн таньж байна. Бид оюуны баялгаа ч таниулах ёстой шүү дээ. Ийм уран бүтээлүүд манай улсын гадаад дахь нэрийн хуудас болно.

-Киноны уран бүтээлчдийн баг бүрдүүлэхэд таны санал чухал байр суурь эзэлсэн үү?

-Миний ажлын нэг хэсэг нь энэ. Гол дүрийн жүжигчдээ сонгоход найруулагч голлох шийдвэр гаргана. Би продакшны тал, гадаад харилцаа зэрэгт анхаарна. Нэг гэр бүлийн хүмүүс учраас байнга санал бодлоо солилцчихдог болохоор хол зөрөхгүй л дээ. Энэ кинонд холимог уран бүтээлчид ажилласан. Гаднын уран бүтээлчид монгол найруулагч, Монголын багтай хамтран ажилласан. Гаднынхан соёлын өөр орчноос өөрийг өө мэдрэх дуртай байдаг учраас тэд бараг үнэгүй ажиллаж өгсөн. Киноны найруулагч, оператор хоёрын санаа, хараа нэг шугаманд байх нь чухал болохоор эхлээд зураглаачаа урьж, найруулагчтайгаа уулзуулсан. Тэд маш сайн хамтран ажилласан. Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх, Бямбаа хоёр өмнө нь хамтран ажиллаж байсан учраас бие биеэ мэднэ. Гэхдээ энэ уран бүтээл дээр ажиллаад тэд нэгнээ шинээр дахин таньсан. Ариунсайхантай “Хадаг” кинонд хамт ажиллаж байсан юм. Мөн Түмэн- Өлзий найруулагчийг Бямбаа өөрийнхөө нэгдүгээр найруулагчаар урьсан. Манай хүн хүн рүү хашгирахгүй, загнахгүй, хайрлахгүй, магтахгүй болохоор Түмээ Бямбаагийн нүд, хэл, чих нь болж уран бүтээлчидтэй ажилласан. Гавьяат жүжигчин Цэцэгээ эгч, Очирбат гуайн охин, жүжигчин Оюун нар гол дүрийн жүжигчдийг сонгосон. Манай киноны гол дүрийн таван жүжигчин бүгдээрээ авьяастай, бас олон кинонд тоглож олны танил болоогүйгээрээ онцлогтой. Энэ кино яриа багатай учраас үг хэлэхгүйгээр дотоод сэтгэлээ илэрхийлэх амаргүй шүү дээ. Тэр ажлыг гол дүрийн жүжигчид болох Э.Баасандорж, Н.Баярмаа нар маш сайн бүтээсэн. Бас Цэцэгээ эгч маань залуу жүжигчин болон хүүхэдтэй ажиллаад сурчихсан учраас маш том тус дэм үзүүлсэн. Бүгд ажлаа мэддэг, дор бүрнээ хариуцлагатай байсан учраас манай киноны зураг нэг ч өдрөөр хойшилж байгаагүй. Гацаагүй араатай машин шиг л ажилласан.

-Зогсолтгүй ажилласан гэхэд хэр хугацааг энэ уран бүтээлд зориулав?

-Анхны зохиол 2000 оны эхээр бичигдсэн юм. Түүнээс хойш олон янзаар өөрчлөгдөж явсаар 2009 онд энэ киноны зохиол нь эхлээд Роттердаммын кино наадмаас Хан хүү Клаусын нэрэмжит шагнал хүртсэн. 2009 оноос хойш зохиолоо дахин бичиж, кино хийх санхүүжилтээ гурван жилийн турш бий болгоод 2012 онд зургаа авч, бас бүтэн жил эвлүүлэг, пост продакшн дээрээ ажиллаж, нийтдээ таван жилийн дараа л үзэгчдэдээ хүрч байна даа. Бусад монгол кинонуудтай харьцуулахад яст мэлхийнх шиг хурдаар бүтсэн шүү. Гэхдээ бид өөрсдийнхээ хүссэн үр дүнд ямар ч байсан дөхсөн гэж бодож байгаа.

 

Ж.СОЛОНГО

http://mongolnews.mn/i/50080

 

Ард түмнийхээ дунд “жижиг” Б.Санжаа хэмээн алдаршсан, чөлөөт бөхийн улсын шигшээ багийн анхны гишүүдийн нэг, “Токио-64” олимпод оролцож явсан домогт бөх Б.САНЖАА: БАРИЛДАХ ЭРХЭЭ ГУРВАН ЖИЛЭЭР ХАСУУЛЖ БАЙЛАА

Б.САНЖАА: БАРИЛДАХ ЭРХЭЭ ГУРВАН ЖИЛЭЭР ХАСУУЛЖ БАЙЛАА

Электрон хувилбар

барилдах%20эрх


Жин их хасахаар өлсөж гол харлана,
Ходоод өвдөнө, юм идэхийг их хүснэ.

Эрүүл мэндэд яаж сайн байв гэж.
Гэхдээ тэр бүхнийг үл хайхарна.

Шигшээ багийн нөхөд маань нэг нь нийтийн, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчмаар ажиллаж ирсэн.
Хамт олныхоо халуун дулаан уур амьсгал дунд тэр бүхнийг ажирдаггүй байлаа.

Номын ертөнцөд мааниас илүү ном гэж үгүй.
Хүний ертөнцөд эхээс илүү хүн гэж үгүй.

Хоолны ертөнцөд эхийн сүүнээс илүү хоол үгүй.
Хүчний ертөнцөд эвээс илүү хүч гэж үгүй гэсэн үг байдаг даа.

Ард түмнийхээ дунд “жижиг” Б.Санжаа хэмээн алдаршсан, чөлөөт бөхийн улсын шигшээ багийн анхны гишүүдийн нэг, “Токио-64” олимпод оролцож явсан домогт бөхтэй ярилцсан юм. Нэгдэл, аймгийн сайн малчин болж алдаршиж явсан үе, 300 эмнэг сургаж байсан бахдам өдрүүд, чөлөөт бөхийн шигшээ багт ороод олимп, дэлхийн дэвжээнд хүч сорьсон мартагдашгүй мөч, гурван жилийн шийтгэлээр барилдах эрхээ хасуулж байсан гашуун түүх түүнд бий.

Үндэсний бөхөөр дор хаяж улсын начин болох байсан гэж үйлс нэгт нөхөд нь ярилцахыг бишгүй л сонсож билээ. Хүний алдаж, эндэхийг алийг тэр гэх вэ. Гэхдээ надад Санжаа гуайн амьдрал тэр чигээрээ анхдагч байх, нөгөө талаар “туршилтын туулай” болох одонд төрсөн юм шиг санагдав. Үндэсний бөхөөр ямар амжилт гаргасан, ямар зиндааны засуул гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Энэ талаар нуршилгүй их спорт ба Санжаагийн амьдралыг хамтдаа сонирхъё.

-“Бөхийн үнэр” авсан хүүхэд насны тань дурдатгалыг сэргээмээр санагдлаа. Үеийн хүүхдүүдтэйгээ ноцолдож өссөн тухай бөхчүүд ихэвчлэн ярьдаг. Харин таны бөхтэй холбогдсон өөр сэжүүр гэвэл юу байна?

-Манайх гайгүй бэл хөрөнгөтэй айл байлаа. Зуны улиралд зусдаг Хунт рашаан гэж газар аянчин гийчин их ирнэ. Уг рашаан үе мөч, арьс өнгө, сахарын өвчинд сайн учраас хүний хөл тасрахгүй. Рашаанчид бөхийн талаар л ярилцана. Тэдний яриаг сонсож байгаад “Томчуудын үг чагналаа” гэж зэмлүүлэн хөөгдөн гарч гэрийн хаяанд суугаад хананд чихээ наагаад зогсчихдог байж билээ. Улсын заан “хурган” Дэмид гэж дуу томтой хүн сайхан зүйл их ярина. Тэр цагаас бөхөд хообийтой болж дээ. Манайх олон адуутай байсан болохоор би морь уургалах дуртай. Энэ нь нэг талаар бэлтгэл болсон гэж боддог.

-Та үеийнхээ хүүхдүүдээсээ биеэр том хүүхэд байсан уу?

-Тийм шүү. Гэхдээ 16-тайдаа хурдан морь унах гээд Архангайн Хайрханы наадамд очтол хүндэднэ гээд болиулахаар нь бөх барилдахаар бичүүлчихсэн. “Булганы Сайхан сумаас Санжаа гэж хүү ирсэн байна. Аманд нь жижигхэн хүүхэд өг” гэдэг юм. Би эгээл том хүн шиг өнөө хүүгийн хоёр хацрыг нь илчихээд өвдөг шороодуулсан. Дараагийн даваанд бас тааруухан нөхөртэй таарч унагалаа. Гуравт Хайрхан сумын бөхтэй хүч үзэн унаж билээ.

-Чөлөөт бөхтэй холбогдсоны учир юу вэ?

-Тэр үед цэргүүд гурван жил алба хаадаг байв. Бидний хувьд тусгай мэргэжлийн цэрэг гэдгээрээ онцлог. Авто сургуульд жолоочийн үнэмлэхтэй. Одоо нисэхийн автобусны буудлаас эхлэн, дараа нь Дарханы бүтээн байгуулалтад оролцох төлөвлөгөөтэй байсан тул халагдах алба хугацаагүй хойшлогддог юм байна. Энэ бүхэн маш хэцүү санагдаж, чөлөө заваараа жимс түүн, Залуучуудын байгууллагад орлого оруулах санал гаргалаа. Бүгдээрээ зөвшөөрсөн. Тэгээд Богд уулын оройд гарч жимс түүв. Цэргүүдийн зарим нь халагдах өдрөө мэргэлж чулуу татна, эсвэл есөн зоосоор мэргэлнэ, шоо хаяна. Оргох хүсэл ч буцална. Яг ингэж шийдээд явж байтал Банди гэж цэрэг “Худал хэлж оргож байснаас би их сургуульд оройгоор суралцах хүсэлтээ илэрхийлье. Чи нэг ажил олж хий” гэлээ. Би ч зөвшөөрч, чөлөөт бөхийн секцэнд орохоор шийдэж, тамирчин нөхөдтэйгөө анх уулзаж билээ. Цэрэгт байхдаа нэг сониноос монголчууд ОУОХнд элссэн тухай мэдээ уншаад олимп гэж сайхан баярт оролцож үзэхийг хүсэж билээ. Цахилгааны багш Цэгмэд “Хөөе Санжаа чи шалгалт өгөхгүй яах гээд байна” гэхээр нь уншсан мэдээгээ хэлтэл “Олимп чамд ямар хамаатай юм” гээд загнасан. Гэтэл тэр өөрөө ч Токиогийн олимпод оролцож таарсан.

-Чөлөөт бөх Монголд анх дэлгэрсэн тэр цагт ойлгох хүнээс ойшоож үзэхгүй хүн олон байсан биз. Харин таны хувьд чөлөөтийн өмсгөлийг анх өмсөж үзэхэд ямар санагдав?

-Усанд орох гэж байгаа эмэгтэй хүний хувцас шиг эвгүй санагдсан. Ард түмэн ч тэгж хүлээж авсан байх. Харин гайгүй барилдаад ирэхээр сонирхогчийн хүрээ өргөжсөн. Шигшээ багт орсноос хойш Оросын бөхчүүдтэй хийсэн нөхөрсөг уулзалтад бид ялсан юм. Тэр ялалт байдлыг өөрчилсөн шүү. Миний хувьд үндэсний болон чөлөөт бөхөөр барилдахдаа хашир зан байхгүй. Яаруу, хөөрүү ч юм уу богино хугацаанд хүчээ үзэхийг боддог. Гэтэл одоо үндэсний бөхөөр барилдаж байгаа залуучууд хүлээхийг эрхэмлэдэг болж.

-Чөлөөт бөхийн шигшээгийн дасгалжуулагчаар хэн ажиллаж байсан юм бэ?

-Дамдин гэж хүн ажиллаж байсан. УБДСийн багш, орос хэлтэй, өөрөө барилддаггүй тийм л хүн. Болгарт биднийг удирдан тэмцээнд оролцуулж явсан. Тухайн үед мэргэжлийн дасгалжуулагч бэлтгэх ёстой гээд Цэрэндагва багшийг тэнд үлдээж билээ. Ирээдүйн багш маань 17 настай байсан. Ээжийнхээ өврөөс ч гараагүй хүүхэд тул уйлаад үлдсэн дээ. 57 кг-д барилдаж байсан Сүхбаатар маань “Ээжид нь юу гэж хэлнэ” гэж уйлаад л. Анхдагч зүйлд хөгтэй явдал аль тохиолдохыг тэр гэх вэ. Цэрэндагва багш жил зургаан сар болоод Монголд ирэхдээ мундаг мэргэжилтэн болчихсон байсан.

-Шинэ спортыг төрөөс дэмжих тал дээр тусгай бодлого баримталсан байлгүй дээ?

-Улсаас жичид нь харж үзсэн зүйл үгүй, өөрсдийн бяр хүч, бор зүрх, дур сонирхлоороо явж амжилтад хүрсэн юм. Бидэнд шунал байсангүй. Ийм амжилт гаргавал тийм юм авна гэсэн бодол ч байгаагүй. Дэлхийн хүчтэнээс би юугаараа дутуу юм бэ л гэж бодно. Өндөр амжилт гаргаад ирэхэд 50, 60 төгрөгөөр шагнавал ихэд тооцно. Манай багийнхан маш найрамдалтай. Алдаа оноогоо ярилцана. Харин одоогийн залуус бидний үеийнхээс муу санаатай болсон юм шиг. Гадаадад гэхээсээ илүү өөрийн улсаас гарч чадахгүй байх гэж айгаад бие биедээ алдаа оноог нь хэлэхээс зайлсхийдэг болсон гэхэд хилсдэхгүй. Орчлонгийн юм бүхэн өөрчлөгдөж хувисдаг болохоор оюун санаа, зан чанар ч дагадаг юм байлгүй.

-Та хүний сайхан сэтгэлийн талаар яриад байна аа даа?

-Тийм ээ. Бэлтгэлээ тараад явж байхдаа олон сар уулзаагүй С.Цэрэн аваргатай тааралдлаа. Нуугаад яахав би танхайдуу, дэггүй талдаа өссөн хүн. Айлын ганц хүү, эмээ өвөөгийнхөө халамжинд өссөн болохоор зоргоороо зантай. Аваргатай уулзчихаад баярлаж, Төв талбайн баруун талд байсан 25-р дэлгүүрт орж, шил архи авлаа. Гэтэл уух газар олддоггүй. Морь булгиулагчийн хөшөөний хажууд очиж, хэсэгхэн модны дор хэвтээд өнөөхөө уусан. Тэр үед одооны Бөхийн өргөө байгаа газрын зүүн талд том дэлгүүр байсан юм. Дараа нь тийшээ очиж, манаачид нь шил архи авах талаар хэлэхэд атга дүүрэн түлхүүр гаргаж дэлгүүрээ онгойлгоод “Хүүхэд харанхуй байгаа шүү. Тэмтрээд яваарай” гэж билээ. Авсан архиа өвгөн бид гурав хувааж уулаа. Яагаад энэ тухай яриад байна вэ гэвэл хүний сайхан сэтгэлийг, худалдагч, нярав хоёр нь манаачдаа найдаад бүх түлхүүрээ орхиж, өнөөх манаач танихгүй хүнийг дэлгүүртээ оруулсан гэвэл одоо үнэмших хүн гарах уу? Тамирчин бидний хувьд бэлтгэл гэж мэдэхгүй, айраг уучихаад тэмцээнд оролцдог байлаа.

-Тэгвэл гадаадын тэмцээнүүдэд хүч сорихдоо зөвхөн бярандаа найддаг байжээ?

-Тийм ухаантай. Болгарт болсон тэмцээний нээлтэд анх оролцохдоо тусгай хувцас хунар бэлтгэхээ мэдэлгүй оролцсон. Янз бүрийн өнгөтэй хувцас өмссөн бөхчүүдээ хараад элчин сайд маань өрөвдсөн байх. Тэмцээний өдөр бэлтгэлийн том том хувцас авчирч өглөө. Хамгийн томоос нь сонгосон учраас хэмжээ нь бидэнд томдоод. Ямар сайндаа “Монголын том өмдтөнгүүд” нэр авах вэ. Тухайн үед мэхээ ч гүйцэд эзэмшээгүй. С.Цэрэн маань гадаад өрсөлдөгчийнхөө мэхэнд орчихоод “Ээ базарваань” гэж уулга алдан багшдаа загнуулж байлаа. Анхны тэмцээн иймэрхүү хөгжилтэй явдлаар дүүрэн байсан ч сүүлдээ овоо сайжирсан. Румыний ОУТ-д Цэрэн, том Санжаа хоёр түрүүлж байлаа.

-Та нар жингээ хэрхэн хасдаг байсан бэ?

-Токиогийн олимпод бэлтгэн, Германд болсон ОУТ-д оролцохдоо Ч.Дамдиншарав, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Сүхбаатар бид хэд паартай анх танилцсан гээд бод доо. Жин хасах гээд ортол их халуун орчин угтлаа. Хар үгээр хэлэхэд нарийхан банз доогуур халуун ус урсаж байна. Өнөө уснаасаа асгаж байж амьсгаа авах боломж бүрдэнэ. Биднээс Ж.Мөнхбат, Сүхбаатар хоёр түрүүлээд гарлаа. Дамийл, Баянаа бид гурав үлдлээ. Энэ үед Баянмөнх “Хэзээ хийсэн үйл юм бол” гээд уйлж билээ. Би 80 хэдээс 63-т орж байгаа хүн тэвчээрээ барагдтал ууранд сууна. Гэхдээ тэр тэмцээнд бүгдээрээ сайн барилдсан. Харин Монголд жин хасах үүнээс тэс өөр. Багадаа моринд сайн байсных морины мах нь буухгүй болохоор сайхан хөлөргөж байгаад хүйтэн усанд самрахаар жин нь хасагддагийг мэдэх юм. Хүн ч гэсэн ялгаа юу байх вэ гээд л Харзтайгаас Тохой цагаан булаг хүртэл гүйж, тэндээс буцаж ирээд Туулын усанд орохоор жин багасдгийг туршиж мэдсэн. Харин хүчтэй амьсгаа авахаар цээж урагдаж цус гарах нь хэцүү. Токио явахын өмнө Ю.Цэдэнбал дарга биднийг хүлээн авч уулзаад “Монгол хүнд дугуй булантай цай, борц хэрэгтэй байх” гэхэд нь бүгдээрээ хэлснийг нь аваад явсан. Токиод ирээд тэмцээний өмнө жингээ үзүүлсний дараа өнөө борцоо идчихлээ. Гэтэл орос багш маань “Санжаа чи юу хийж байгаад ирэв” гэж ширүүн асуув. Дараа нь “Юу идсэн бэ” гэхээр нь “Борц” гэж хэлтэл дуу алдан толгойгоо тэврээд “Бүтэн жил дэглэм барьчихаад одоо ингэж формоо алдах гэж” хэмээн гашуудсан. Яг барилдаан эхлэхэд өрсөлдөгчөө атгаад авмаар санагдавч гар сарвайгаад явж өгдөггүй. Энэ нь формоо алдсаны илрэл байж дээ.

-Ходоод агшихаар эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь мэдээж. Тэр бүхнийг үл тооцон, залуу насны аагаар даван туулжээ?

-Ходоод агшаагүй үед өлсөж гол харлана, өвдөнө, юм идэхийг их хүснэ. Ходоод агшихаар ам өмхийрнө. Юм идэх сонирхолгүй болно. Дээр дурдсан өөрчлөлт алга болно. Эрүүл мэндэд яаж сайн байв гэж. Гэхдээ тэр бүхнийг үл хайхарна. Шигшээ багийн нөхөд маань нэг нь нийтийн, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчмаар ажиллаж ирсэн. Хамт олныхоо халуун дулаан уур амьсгал дунд тэр бүхнийг ажирдаггүй байлаа. Номын ертөнцөд мааниас илүү ном гэж үгүй. Хүний ертөнцөд эхээс илүү хүн гэж үгүй. Хоолны ертөнцөд эхийн сүүнээс илүү хоол үгүй. Хүчний ертөнцөд эвээс илүү хүч гэж үгүй гэсэн үг байдаг даа.

-Та нар амин дэм хэрхэн хэрэглэдэг байсан юм бэ?

-Түүхий шар будаа, өндөг, сүү хэрэглэнэ. Жин нэмэгдэнэ гээд сүүгээ уухгүй.

-Олимпийн сугалаа хэр чанга таарсан бэ?

-Олимпийн бэлтгэлээ Сөгнөгөрт хийж байхад хүмүүс биднийг дэлхийн сайчуудтай сайн барилдахыг ерөөлөө. Гэтэл Ж.Мөнхбат “Би энэ ерөөлийг хүлээж авах нь авна. Гэхдээ дэлхийн муучууд бүхэнтэй сайн барилдаарай гэвэл бүр их баярлах байна” гэлээ. Харин би “Хамгийн сайчуудыг нь түүж барилдана” гэлээ. Амны билэг гэж айхтар зүйл бий. Нөхөд маань намайг шоолж, “Чи сайчуудтай нь барилдах хүн” гэхээр нь би “Их наран улс орж О.Ватанобитай барилдана” гэж хариулдаг байлаа. Гэтэл яг түүнтэй сугалаа таарсан. Харин Мөнхбат маань Зааны Ясан эрэг гээд л бөхийн хөгжлөөр тааруу хүмүүстэй барилдаж билээ.

-Урьдчилан таамагласан өрсөлдөгчтэйгөө барилдах болсноо мэдээд ямар сэтгэгдэл төрөв?

-Сайхан үзнэ гэсээр дэвжээнд гараад дорхноо ялагдсан. Харин дараагийн барилдаанд цэвэр ялсан. Олимпийн анхны цэвэр ялалтыг авчирсандаа баяртай байдаг. Гэвч хоёр системийн улмаас дараагийн шатанд барилдах байсан ч ЗХУ-ын тамирчдыг дэмжин намайг шууд хасчихсан. Тэр үед өөртөө их харамсаж билээ. Жингээ хасахын тулд би жилийн турш өдөрт 250 грамм шингэн ууж, бага юм идэх дэглэм баримталсан. Ингэхээр ходоод жижиг болно. Дэвжээнээс буучихаад гадаа уйлж суутал Эвлэлийн төв хорооны төлөөлөгч Жамбалдорж гуай, СТО-ы орлогч дарга Цэнддорж нар намайг аргадаад “Хоёр системийн хооронд ийм том ажил хийсэн хүн уйлах учиргүй. Юм үз, идэж уу” гэж зөвлөлөө. Шүлс цааш орохоор нулимс гарахаа больдог юм билээ.

-Токио танд таалагдсан уу?

-Хөл алдмаар сайхан газар байсан. Техникийн дэвшил нь ч гайхалтай санагдлаа. Тэнд очоод дугуй унаж сурч байлаа. Хоол янз бүрээрээ. Нохойн махан хоол сонирхож, их хэмжээгээр идээд халууцахдаа цементэн шалан дээр хэвтэж байсан Том Санжаа, Эрдэнэ-Очир, багш гурав нүдэнд харагдах шиг.

-Та Америкт болсон ДАШТ-д л оролцсон. Тус тэмцээний талаарх дурсамжаа хуваалцана уу?

-ДАШТ-ий өмнө сагс тоглож байгаад хөлийн хуруугаа хугалчихлаа. Ж.Мөнхбатад энэ тухай хэлтэл “Чиний байр, хоол, унааны мөнгө шилжчихсэн. Тэмцээнд заавал оролц. Ядахдаа юм үзэж нүд тайлаад ирэх хэрэгтэй. Гэмтэл авсан гэж хэлээд хэрэггүй” гэж зөвлөдөг юм. Америк явахын өмнө хань минь хагалгаанд орсон юм. Явах болсон тухай захиа явуулаад гурван настай охиноо харах хүнийг нь иртэл гэрийн бүслүүрээс уяад үлдээж билээ. Тэмцээнд оролцсоны хэрэг гарч, манайх багаараа наймдугаар байр эзэлсэн.

-Таныг барилдах эрхээ гурван жилээр хасуулсан гэж сонссон. Ямар буруу хэрэг хийсэн юм бэ?

-ОУТ-д Унгарын бөхийг ерөөсөө дийлдэггүй ээ. Жин их хассан учраас цээжнээс цус амтагдаад барилдахад бэрхшээлтэй байсан. “Хоолны сав чи үүнийг дийлэхгүй байхдаа яадаг юм” гэж нэг дарга хэлэхээр нь “Өөрөө барилдаж чадахгүй байж” гээд том дуугартал удирдах хүнийг хүндэлсэнгүй гээд үндэсний болон чөлөөт бөхөөр барилдах эрхээ хасуулсан. Эрхээ хасуулсны дараа Булган аймгийн наадамд оролцохоор очтол цагаан хоолойгоор “Анхаараарай. Зундуй заан, том, жижиг Санжааг хаана явсан газар нь барилдуулж болохгүй” гэж зарлалаа. Би гуйн байж барилдаад дөрөв даваад тавд албаар унасан.Үүнээс гадна хэцүү зүйл их бий. Авгай, хүүхдээ тэжээх хэрэгтэй байдаг. Бороо орвол ус нэвтэрдэг, салхилбал шороо орж ирдэг тийм гэртэй. Тэр үед Бунтар найруулагч “Төгсгөл” кинонд тоглох санал тавьж, зураг авалтад сар шахуу оролцохдоо 600 гаруй төрөг авсан юм. Улмаар Зоргол хайрханы уурхайд малтагчаар ажиллахаар хариу хүлээж байлаа. Тэр үед Модны хоёрын Намын хорооны дарга Цэдэндамба гуай “Нэг хэрэг хийхэд зургаан шийтгэл оногддоггүй юм” гээд ажилд авсан. Ачигч боллоо. Нэг өдөр 73 төгрөг авна. Намын төв хорооны БТ-ын хэлтсээс хүн ирж, өдөр бүр миний ажлыг шалгана. Би ч ажлаа 300, 400 хувь давуулан биелүүлнэ. Тэгээд намайг “Хоршоолол”-д бөхийн багшаар тавьж билээ. Ажлаа амжилттай хийж, хүмүүсээр хүрээлүүлж эхэллээ. Улмаар намайг Өмнөговь, Өвөрхангайн аль нэгэнд нь ажилла гэхээр нь “Би олон хүүхэдтэй, тэгээд ч мэргэжлийн багш биш. Явахгүй” гэж хэлээд 28-р баазын жолооч боллоо. Тухайн үед жолооч нар ажилдаа няравтайгаа хамт явдаг байсан юм. ЗХУ-ын хөдөлмөрийн баатар Бодвинин гэж хүн нярвын цалинг улсын орлого болгон тушааж, хоёр ажил хийгээд Хөдөлмөрийн баатар болсон гэж сонслоо. “Би хөдөлмөрийн баатар болоход яадаг юм” гээд Тээврийн яам, Худалдааны яам, Засгийн газраас тамгатай бичиг авлаа. Ажлаа шуурхай хийж, шалгуулах дөхөж байтал зах зээл гарч, бүх зүйл талаар болсон доо.

-Шийтгэл аваад явж байхад сэтгэлд гүн дарамт ирнэ биз?

-Олон зүйл бодогдож, архи уумаар санагдсан үе бий. Халангадуу явж байхад сайн нөхөр минь таараад “Миний найз ингэж явж болохгүй. Ард түмний дотрыг халууцуулах хэрэгтэй. Хүүхдүүдэд багшил, шавь төрүүл” гэсэн нь оносон үг байлаа. Яаж ч хахиж хавчиж байсан хүн гялалзах хэрэгтэй юм билээ. Олон шавь бэлтгэсэн, өвөө нь. Тэдний ихэнх нь нас баржээ. Одоо байгаагаас Д.Долгорсүрэн заан, Ц.Нацагдорж, Д.Галдандагва, У.Мижиддорж нар байна.

-Монгол хүн олимпод оролцсоны 50 жилийн ойг тохиолдуулан, хойч үеийн тамирчдадаа юу хэлмээр байна?

-Цаг сайхан болж. Ирэх олимпоос эрэгтэйчүүд чөлөөт бөхөөр юм дуулгана гэдэгт итгэлтэй байна. Тийм орчин нөхцөл ч бүрдсэн. Их спортыг үндэсний бөхтэй хослуулбал амжилт эрс ахих юм шиг санагддаг. Их спортоор дагнаагүй, зөвхөн үндэсний бөх барилддаг залуус олширчээ. Бидний үед аль, алинаар нь хичээллэдэг байсан. Ивээн тэтгэгч байгууллага тухайн бөхөд үндэсний спортоос гадна их спортоор хичээллэх шаардлага тавибал хичээллэгчдийн хүрээ нэмэгдэх байх гэж боддог. Ямартай ч ахмад тамирчны зүгээс залуу үедээ амжилтын дээдийг ерөөе.

Ахмад бөхчүүд “Барилдаж байхдаа өөрийгөө давсан гэж битгий яриарай. Худлаа ярьсан болно. Арван жилээс илүү битгий барилдаарай. Сайн байх юм бол шуналын хүүдий, өөрөөсөө илүү хүн гаргахгүй гэж хүмүүс муулна. Муухан байвал үүний сайн нь хаана байна, ясыг нь хэмх хая гэж дайрдаг юм” гэж захисныг мөрдлөгөө болгосон Санжаа гуай олон жил барилдаагүй ч өөрийн орон зайгаа бүрдүүлж чаджээ. Ид барилдаж байх үедээ тэр дээд тал нь 83 кг хүрдэг байж. Том Санжаа хамгийн хүнддээ 108 кг-тай байсан гэсэн. Чөлөөт бөхийн УАШТ-ээс төрсөн дүүтэйгээ хамт мөнгөн медаль зүүгээд баярлаж явсан үе түүнд бий. Тэр дэндүү цөөхөн жил барилдсан. Хэрэв спортын амьдралд нь хатуу шийтгэл оногдоогүйсэн бол ямар ч амжилт гаргах байсан юм билээ? Түүний энгэрт гялалзах төрийн одон үгүй, харин ардын хувьсгалын ойн медалиуд л бий. Гэвч тэр алдар нэр, гавьяа шагналын төлөө хөөцөлдөж яваагүй юм. Хөдөлмөрч чанар, үр хүүхдүүд, ач зээ нар нь түүний баялаг билээ.

Б.ӨЛЗЙИТОГТОХ

http://www.mongolnews.mn/w/50095

Бавуугийн Лхагвасүрэн: Хүнийг санах, хүнийг хайрлах гэдэг маш хэцүү ажил

Lxagvasuren 1

Зураач Н.Орхон миний энэ хөргийг бүтээсэн юм. Би “Зовсон сүү” номынхоо хавтсыг үүгээр чимэглэсэн дээ…

Монгол Улсын тө­рийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ба­вуугийн Лхагвасүрэн­тэй хөөрөлдсөн ярилц­лагын төгсгөлийг хүр­гэж байна.

-Монголын яруу найр­гийн “мөнгөн үеийнхэн” гэгддэг ерээд оны яруу найрагч залуус үндсэндээ Очирбатын Дашбалбар, Бавуугийн Лхагвасүрэн гэдэг хоёр найрагчид талцан хуваагддаг бай­сан гэхэд хилсдэхгүй. Дашбалбар багш та хоёр ямаршуухан ха­рил­цаатай байв?

-Хотын эвлэлийн хо­роонд ажилладаг, хойно трактор-комбайны сур­гууль төгсөөд ирчихсэн нэг тийм залуу байсан юм. Энд тэнд таарахаа­раа шүлэг мүлгээ үзүү­лээд, инээж хөхрөөд яв­даг байсан. Сүүлдээ л сонин дээр загнаад бай­даг болчихсон юм. Би ерөөсөө Балбарт муу юм хийж үзээгүй, одоо ч муу­гаар үзэж чаддаггүй. Ийм л бадарсан хүүхэд бай­сан. Асаж байгаа галын дэргэд хүн заавал ус цацаж байгаад яахав дээ. Балбар Шаравын Сүрэн­жав гуай бид хоёрыг нэг зодолдуулчихаж л бай­сан. -За, яаж байгаа нь тэр вэ?

-Би Сүрэнжав гуайтай гурван ч удаа зодолдсон юм ш дээ. Тэрийгээ Сүрэнжав гуай санадаг байх. Хоёу­лаа муудалцаж, сайдалцаа л. Сэлэнгэд нэг, Дорнод аймагт, фото студийн хажууд нэг гээд гурав зодолдсон юм. Нэг удаад нь би Р.Чойномыг “яруу найрагч биш” гээд хэлчихсэн юм.

-Сүрэнжав гуай үй зайгүй найзыгаа өмөөрөлгүй ч яахав дээ?

-Харин тийм. Одоо бодоод байхад миний алдас ч байсан уу. Гэхдээ, хүнд чинь омогтой, бадар­сан үе байлгүй яахав дээ. Би тэнэгтээ л биз. “Чойном бол най­рагч биш, пархольний поэт” гэж хэл­чихээд, тэрнээс болж гар зөрүүлж явлаа.

-Тэр нь юу гэсэн үг юм?

-Яахав, арилжааны яруу най­рагч гэсэн утгатай юм. Хүний маш энгийн юмыг гоёор хэлж чаддаг, хүний сэтгэлийг худалдаж авч чаддаг, шүлгэндээ хараал ч оруулж чаддаг, ерөөл ч оруулж чаддаг гэдэг талаас нь би хэлсэн юм. Сүрэнжав гуай тэр найзыгаа их өмөөрсөн. Би тэрийг зөв гэж бод­дог. Залуу насанд чинь юу ч хийнэ ш дээ. Балбарын тухай бол би муу юм санадаггүй. Би Сүрэнжав гуайд баярладаг юм. Их цайлган, сайхан хүн. Сүрэнжав гуайтай уулзахаар, хажууд зогсож байгаа нь тогоотой сүүнд өрөм байчихсан юм шиг харагдаад байдаг. Хүн чинь ер нь тэгээд ний нуугүй байсан хүндээ их хайртай байдаг юм ш дээ. Өөртөө хайртай, өөрийг нь магтдаг хүнд хайртай байх өөр юм байгаа байх. Сүрэнжав гуай ерөөсөө л тодор­хой хүн. Эсэргүүцэх, үл тоох, маг­тах нь тодорхой, бүх юм нь ил хүн. Бид хоёр яахав, “намтар”-тай хоёр оо.

-Та хоёр гурван удаа гар зөрүүлэхдээ харин бие хаа­гаа бэртээчихээгээгүй юу?

-Үгүй ээ, тийм их сүртэй юм болоогүй. Хамраас цус гарах төдий л юм болсон.

-“Эрээнцавын” хэмээгд­дэг дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн ах бурхан болохоосоо өмнө тантай нэг их сайхан уулзсан гэдэг байх аа?

-Намайг тэвэрчихсэн, цээжинд мөргөчихсөн зураг байдаг юм. Би зураг болгоод авчихсан юм. Ням­сүрэн маань надад хүндэтгэлтэй ханддаг байсан. Зохиолч Д.Маам ах тэр хоёр надад хязгааргүй сайн байсан.

-Ай, Маам гэдэг чинь ланж­гар зохиолч доо?

-Ямар олиг байхав, сайн хүн, сайхан хүн гэж тэр л хүн байх гэж боддогийн ш дээ.

-Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн гуай хааяа очи­ход найз нөхдөө л их ярих юм билээ. Та энэ хүний ту­хай юу бодож явдаг бол?

-Миний дээд үеийн яруу най­рагч. Би хүндэтгэлтэй л ханддаг. Пүрэвсүрэн гуайд ямар нэгэн муу­хай юм хэлж үзээгүй, ам муруйж үзээгүй, бие биенээ ил далд ярьж яваагүй. Гүдэсхэн шүлэгтэй, их боргил сайхан эр хүн дээ. Хал­дашгүй мөн чанартай хүн гэж байдаг даа. Тэр хүн л юм даа.

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Цэндийн Чимэддорж агсан таны яах аргагүй шавь. Мөн ч залуугаараа бурхан бол­чихлоо доо?

-Муу Чимэддорж яахав дээ, бурхан болчлоо. Би чамд анхнаас нь нэг сонин юм ярихад, Ц.Элбэ­гдорж Ерөнхийлөгч “Улаан-Од” сонинд ажилладаг байлаа. Тэнд ажиллаж байхдаа Чимэддоржийн минь “Тогоруу дуугарахад үүлс үймнэ” гэдэг шүлгийг тавьж өгч байсан юм шүү. Элбэгдорж өөрөө шүлэг бичдэг, сэтгүүлч хүн юм чинь Чимээгийн авьяасыг танихгүй юу. Тэр шүлгийг би уншаад Элбэгдорж руу утасдаад “Их сонин шүлэг тавьсанд баяр хүргэе” гэж байлаа. Ой ухаан ихтэй хүн, одоо санаж л байгаа байх. Чимэддорж тэндээс уран бүтээлээ эхэлсэн. Тэрнээс хойш П.Бадарчид шүлгээ үзүүлж байсан байх, намайг багшаа гэх болсон. Монголын нэг сайхан цэлмэг, асгарсан яруу найрагч байсан даа. Амьдрал, хувь заяа түүнийг ханиас нь салгаж эрт залхаалаа. Мөн чанар нь маш сайн хүн. Ямар чиг их согтуу байсан намайг харангуутаа л далийгаа л өөр тийшээ явна, эсвэл бараг архи нь гарчих шахдаг хүн байлаа. Бусад үйлчилгээнд автчих­сан байтлаа жудгаа мэддэг хүн байна аа гэдэг чинь намайг мундаг болохоор нь тэгж байгаа юм биш шүү дээ. “Багш минь” гээд хэлээд сурчихсан болохоор халуун бай­даг биз. “Болор цом”-д орохынхоо өглөө заавал над дээр орж ир­чихээд, шүлгээ уншчихаад гарна. Намайг эзгүйд Баасанд уншчихаад гардаг байсан. Би их хайртай. Жам бол миний хайртай болгоныг л хурааж авч байна. Сүүлд нь намайг аваад л жам бид хоёрын өгөө, аваа дуусна гэж боддог юм ш дээ.

-Та түрүүн дурсамж яри­хад хэцүү гэж байсан. Нээ­рээ л хэцүү юм даа?

-Ер нь өнгөрсний тухай, хүний тухай ярих чинь хэцүү шүү дээ. Үхэл бол том цагаатгал учраас хэний ч сүүдэр, хэний ч гэрэл гайхамшиг.

-Таны хүү, “Болор цом”-ын эзэн Хасар одоо гадаа­дад амьдарч байна уу?

-Гадаадад байгаа. Тэрнийг би “цээжний гөлөг” гэдэг шиг их эрх­лүүлчихсэн юм аа. Хөгшчүүл цээж­ний гөлөг гэж ярьдаг даа, тэр л Хасар минь юм даа. Бас хүн өөрийгөө залгаж байгаа, ижил юм хийж байгаа хүнд хайртай байдаг юм билээ. Мужаан хүн байлаа гэхэд хадаас тэгшхэн хаддаг хүүдээ хайртай байдаг шиг би хүүдээ их хайртай юм. Миний хүү надаас өөр шүлэг бичдэг юм. Тэрэнд нь би бас их баярлана. Миний хүү дураараа л даа. Хүүгээ их санах юм. Санал­гүй ч яахав дээ. Ач хүү Х.Хасуйгаа санана. Ач маань одоо арван гуравтай, Францын лицей төгсөж байгаа.

-Тэр жилийн “Болор цом” яруу найргийн наадамд та ерөнхий шүүгчээр сууж, хүү Хасар чинь Янжинлхамын хишигт найрагчаар тодорч байсан даа…

-Тэрний урд жил нь би хүүгээ 39 оноогоор түрүүлээд гараад ирэхэд хасаад хаячихсан юм ш дээ. Дуурийн театрт болсон “Болор цом”-оор. Тэгэхээр би өөрийгөө нүгэлгүй гэж бодож байгаа. Нэг жил хассан юм, нөгөө жил нь “Болор цом”-ыг хүүдээ өгчихөж бололгүй дээ. Тэгээд ч би өгсөн биш ямар, оноо нь тэгж л гарч ирсэн юм чинь. Үгүй ер нь тэгээд эцэг нь үрдээ хандах, үр нь эцэгтээ хандах чинь хүн гоочлоод байхаар юм мөн юм уу, биш юм уу. Би мэдэхгүй л байгаа ш дээ. Тэр байтугай би нутгийнхаа хүнийг ажилд авсан дарга нарыг уучилж боддог. Нутаг ус гэдэг чинь том ш дээ. Харин хамаатан саднаа авсан хүнд дургүй.

-Цахим ертөнц гэж нэг сайхан юм байна даа. Та интернетээр хүүгийнхэн­тэй­гээ харьцдаг уу?

-Сураг багатай байх чинь жар­гал юм биш үү. Их ойр ойрхон хараад байх чинь дандаа санаг­даж байхын шалтаг болоод байх юм. Улсууд афоризм, оноч мэргэн үг, цэц үг, тэдэн лан үг гэх мэт юм хийгээд байх юм. Би саяынхаа шинэ номонд “Бодлын шимэлдэг” гэж нэрлэсэн оноч үгстээ “Мартаг­дахаас битгий ай, санагдахаас л айж бай” гэсэн нэг афоризм хий­сэн. Би ер нь санагдахаас их айдаг. Хүүхдүүдээ санах их хэцүү. Ер нь тэгээд нас өтлөөд ирэхээр хөгш­нийгөө гэрээс гараад хоёр гурван цаг эзгүй байхаар санаж байгаа юм уу, үгүйлж байгаа юм уу байж чадахгүй болдог юм байна ш дээ.

-Насны хань гэдэг хүний өрөөсөн бие, сэтгэл бол­чихдог гэх юм билээ…

-Гай л тохиолддоггүй юм бол зэрэг үхэх биш дээ. Би санах гэдэг үгээс л их айдаг. Хүнийг санах, хүнийг хайрлах гэдэг их хэцүү ажил.

-Таны “Элегий” шүлгээс сэдэвлэж Саранхөхөө хүү­гийн чинь зурсан сайхан зураг байдаг даа…

-Миний хүү сайн зураач. Дүрс­лэх урлагийн сургуулийн нэг, хоёр­дугаар курст байхаасаа л аавын­хаа шүлгэнд зураг зурдаг байсан. Тэр “Элегий”-д зурсан зургийг чинь анх Иржи Шима Чехийн сонинд тавьж байсан юм.

-Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөв­лөлийн даргаар зохиолч, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа сонгогдлоо. МЗЭ-ийн гишүүн, дээр нь энэ бай­гууллагыг удирдаж явсан хүний хувьд та түүнийг юу хийгээсэй гэж бодож байна?

-Би Вольтерийн “Жамаараа яваа ертөнц” гэдэг номонд маш их дуртай. Юм бүхэн жамаараа явдаг юм шиг байгаа юм. Бид нар чинь одоо хөгширлөө. Уран зохиолын буурлууд боллоо ш дээ. Яах ар­гагүй он цаг нь ирдэг юм байна. Би шальдар булдар юманд оролцох, дуртай юмандаа хөл алдан гүй­хийн аль алинд нь дургүй. Би телевизээр л гараад байна уу гэхээс биш гадуур болж байгаа найр хурим, дайллага цайллаганд очоод байдаггүй. Хуриманд бүр очдоггүй. Миний аав “Оршуул­ганаас битгий хождож байгаарай, хуриманд битгий очиж байгаарай” гэж хэлсэн юм. Аавын үг надад эрүүгийн хуулиас хатуу хууль шүү дээ.

-Расул Гамзатовын “Ми­ний Дагестан”-д бас тэгж бичсэн байдаг санагдах юм…

-Аав минь л тэгж хэлсэн юм. Расулыг аав лав уншаагүй. Мон­голчуудын ярьдаг яриа юм байгаа биз дээ.

-Өвөл ч нэг талдаа их намгар улирал даа. Уран бүтээлч хүний хувьд магад­гүй их бодож, бодсоноо туур­видаг улирал шиг са­нагддаг. Та харин аль хэр их суудаг вэ?

-Би бүрхэг өдөр, бороотой өдөр хоёр л юм сайн хийдэг юм. Холе­рикууд тийм байдаг юм шиг байгаа юм.

-Нээрээ бүрхэг өдөр ч сэтгэл цаанаа л нэг сонин болчихдог юм шүү…

-Юм л хийгээд суугаад бай­маар, хөдөлгөөнд дургүй болчих­дог. Яагаад ч тэгдэг юм. Үүл дар­чихдаг юм уу. Тэгээд нөгөө л бодох, санах юмаа хийнэ. Олон хүн тийм байдаг юм шиг байна лээ. Нартай өдөр юу ч хийж чаддаггүй. Их халуун зун бол ёстой юу ч хийхгүй. Зун бол их тэнэг улирал ш дээ. Жинхэнэ бие асдаг улирал. Халуун газар бөгс хөгжиж, хүйтэн газар тархи хөгждөг гэж үнэн.

-Оршин байгаа энэ цаг үеийнхээ талаар танд хэлэх зүйл их байгаа байх аа?

-Энэ он цагт би гомдоод байгаа юм алга. Энэ бол надад бурхнаас өгөгдсөн миний он цаг. Нэг он цагт амьдарч байгаа бид бүхний он цаг. Уламжлалгүй он цаг ирнэ гэж би бодоогүй байхгүй юу. Уламжлалаа хүндэтгээгүй ард түмэн мөхдөг. Уламжлалд л жаахан хүндэтгэлтэй байгаасай гэж боддог. Өвгөд наст­нуудаа, биднийг хүндэл гэсэн үг биш. Өчнөөн жилийн цаадахь уламжлал Монголд байна. Аливаа түүхэн он цаг гэдэг, аугаа их Чин­гэсийн он цаг хойшид үргэлжилсэн он цагуудаа бүдгэрүүлэх ёсон байхгүй. Хувьсгалын он цагууд, Богд хаант Монгол Улсын он цагууд урдахаа үгүйсгэх ёсон байхгүй. Үгүйсгэж болдоггүй юм бол эзэлсэн он цагууд. Энэ цаг үед он цагт хүндэтгэлтэй ханддаг болоосой. Их юмаар бага юмыг үгүйсгэх, бага юмаар их юмыг доргиох чинь нүглийн явдал шүү дээ. Ийм боло­хоор бодолтой байгаасай гэж бодож суух юм. Уламжлалгүй он цагт амьдарна гэдэг их гунигтай юм байдаг юм байна. Тэртэй, тэргүй ертөнц гурван цагт хуваагддаг учраас уламжлалаа л бид авч явбал хэрэгтэй юм даа. Үүнд л жаахан гол гонсойж явах юм. Тэрнээс биш би энэ цагт ядуураад өлсөнө гэж бодохгүй байна. Мон­голчуудаа ядуураад туйлдаа хүр­чихнэ гэж бодохгүй байна. Мон­голчуудын оюун ухаан барагдлаа гэдэгтэй санаа нийлэхгүй байна. Өөр өөрийн өнцгөөс харж буйгаа гэнэтийн сонирхолтой зүйл гэж дуу алдан үзэх, эсвэл өөрийнхөө өнц­гийг бусдад тулган хүлээлгэх хоёр хоёулаа адилхан гэмт хэрэг. Өнцөг гэдэг хүн болгонд бурхан хувааж өгсөн хамгийн том өмч нь л дөө. Энэ өмчийг яаж эдлэхэв гэдэг чухаг. Оюун ухаан нэгдмэл шинж чанар­тай биш хувь хүний өөрийн өмч байдаг болохоор аминчхан л даа. Оюун ухааныг илүү мэдэрснээрээ халдварлуулах, хошууруулах гэсэн оролдлого таатай зүйл биш бай­гаа юм. Тодорхой он цаг элээгээд бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэм­жээний хол бодсон байж оюуны дарангуйлал эхэлдэг. Бид үгүйдээ л нөгөөдрөө, маргаашаа харах учиртай. Буруу мэдэрсэн оюун ухааныг тулган хүлээлгэх гэдгийг үзэн ядаад байгаагаа хэлээд бай­гаа юм шүү дээ. Ямар нэгэн хүний өөрийн оюун ухааны эрхийг нь зөрчөөд түрэмгийлэн халдана гэдэг байж болшгүй зүйл. Ямар телевиз биш дээ. Телевиз бол айл болгоны хойморт дайрч ордог эд. Энэн шиг байж болохгүй.

-Цаг үеийнхээ ааш аран­шинг яасхийж аргадаж зөөл­лөмөөр ч юм бэ дээ?

-Бид үнэн байх хэрэгтэй байна. Худлаагаас жаахан хол, ямарваа нэгэн худлаа юмыг бие биедээ хэлэхээс эмээдэг баймаар байна. Үгүйдээ үрдээ, ханьдаа, айлдаа, хүмүүст, төрдөө, төр нь хүндээ худлаа хэлэхээс эмээдэг болчих­вол аятайхан юм шиг бодогддог. Явж явж, эцсийн эцэст хүн төрөлх­төний хамгийн дээд шүтээн бол амар амгалан. Энэ хүнээ бүтэн байлгах амар амгаланд л анхаа­рах хэрэгтэй. Төр бол зуурхан заяасан хүмүүнд үйлчлээд, тосоод үддэг мөнхийн шалтаг ш дээ. Энэ мөнхийн шалтаг юм бол хүмүүсээ байх хугацаанд нь сайхан байлгаад өгөөсэй. Сайхан байлгана гэдэг сэтгэл санаа бүтэн байлгах. Амар амгалангийн дэргэд хоол юу ч биш. Ухаангүй хүн гэж нэг ч байхгүй гэдэг. Ухаантай юм бол тэрийгээ хөгжүүлээч, боловсрооч, уншаач. Ухаанаа нийтийн дундаж жишигт биш оргил сэтгэлгээнд аваачиж хөгжүүлээч. Монголчууд тархиараа дэлхийд номер нэг, ёстой нэг оройд нь байдаг тархитай улс шүү дээ. Энэ их ой ухааны чадамжийг яах юм бэ. Би хааяа уйлмаар санагд­даг юм. Арван гуравтай хүүхэд дэлхийн их мастерыг хожоод хаячихдаг. Дэлхийн том том сал­баруудад амжилт гаргаж байгаа монгол уураг тархи хичнээн байна вэ. Дэлхийн их мастеруудыг хож­сон хүүхдийг насаар нь тэжээчихэд Монголд юу нь гарзтай юм. Оюун ухааныг яагаад эрхлүүлэхгүй бай­гаа юм бэ. Яагаад албан тушаал, ашиг хонжоог эрхлүүлээд байгаа юм бэ. Монголд юу дураараа байх ёстой вэ гэвэл зөв оюун ухаан. Энэ тал дээр л бачимдаж суух юм. Монголчууд бид байнгын бахар­халтай, үнэн зөв юмтай болох ёстой. Бахархлаар амь зуудаг хүн болгох ёстой. Хоолыг орлодог юм бол бахархал, амар амгалан хоёр шүү дээ.

-Шонхор шувууг төрийн бахархалт шувуу, Бурхан Халдуныг бахархалт нутаг болголоо. Энэ таныхаар ба­хар­хал мөн үү?

-Төрийн шүтээнүүд л байх ёстой байх. Бахархал гэдэг үг багадаад байх шиг санагддаг. Ухаандаа оройн дээд шүтээн бол Бурхан Халдун уул, монголчуудын агуу их тэнгэрийн шүтээн шонхор шувуу гэж болно л доо. Шүтээн гэдэг нь илүү зохих юм шиг бодогдож бай­сан. Юм болгонд Чингэс гэсэн нэр өгч байх шиг байна. Жишээлбэл, “Чингэс” олон улсын нисэх буудал байдаг нь ч хаашаа юм. “Дэлүүн болдог” гэчихсэн бол Чингэсийн нутаг дээр буусан болноо доо. Монгол Улсын нисэх онгоцны буудал “Дэлүүн болдог” гэхэд мөн гоё сонсогдоноо доо. Логикоороо ч гэсэн Чингэсийн төрсөн буурин дээр бууна гэсэн үг ээ дээ. Юмыг бодохгүй, сэтгэлийн хөөрлөөр хийнэ гэдэг ийм л байгаа юм. Хүн төвтэй төр л гээд байна. Хүнээ сонсох ёстой ш дээ. Хүн энэ орч­лонд монгол хүн болж төрсөндөө, Монголд амьдарсан шиг амьдар­сандаа эцсийн амьсгалаа татах­даа бахархалтай татах ёстой. Үүнийг төр хангаж өгдөг. Төр гэдэг хоосон чанар. Төрийг гүйцэлдүүлж, бүрэлдүүлж байгаа ухаантай түш­мэлүүдийн явдал л төр шүү дээ. Хүн хүнээр удирдуулдаг учраас хоосон чанараас мөн чанарт шилжиж байгаа юм. Мөн чанарт шилж­чихээд байгаа юм бол хайрлагдах төр байх учиртай. Төрд орсноор өөрийгөө даах биш Монголын ард түмний хувь заяаг даах боллоо гэдгээ түшмэлүүд ойлгоосой. Ав­лига энэ тэрийг би ярих хүсэлгүй байна. Яагаад хүсэлгүй байна гэвэл авлигын төгсгөл бол хүн төрөлхтний төгсгөлтэй чацуу юм.

-Хэдийгээр та өлсөж яд­раагүй ч гэсэн сэтгэлийн амрыг үл эдэлж л явдаг хүн юм байна даа?

-Хүн буруу зөрүү юм ярина. Би номондоо “Зөнөг монолог” гэж шүлэг бичсэн байгаа. Бид ертөн­цөд хог байгаагүй шүү. Цагаас нь өмнө цэвэрлэмээр хог гэж хүн төрөлхтөнд байдаггүй. Хүн гэдэг бодьгалыг цагаас нь өмнө цэвэр­лэх хог гэж үзэж ерөөсөө болохгүй.

-Ямар ч хүнийг, тийм ээ?

-Алуурчин байсан ч, хулгайч байсан ч. Урвагч, юу байсан ч. Хүнийг хаянаа гэдэг маш том гэмт хэрэг. Жамаар нь л орхиж болдог болохоос биш.

-Өнөөгийн төрийг та хү­нээ хаячихлаа гээд байгаа юм уу?

-Хүнийг “хөөрхий”-гөөр долоох бол мөхөөлдөс идэж байгаатай адилхан. Загнаж байгаад хайрлах бол энхрийлэл мөн. Хатуу, хариуц­лагатай, сахилгатай байх ёстой. Тэр бол хүнийг хайрлаж байгаа хайр байж мэднэ шүү. Төрийн эцсийн зорилго нь хүний төлөө л байх ёстой. Хүнд зориулагдахгүй юм гэж энэ орчлонд юу ч байж болохгүй.

Л.БАТЦЭНГЭЛ
http://www.dnn.mn/publish/?vid=48968&vt=item&user=&vpage2=

Follow

Get every new post delivered to your Inbox.