• Categories

  • Traffic

орчуулагч Т.Төмөрхүлэг. Монголын нийгмийг эрүүжүүлж чадна гэж бодож Францын алдарт сэтгэгч Шарль Монтескьегийн “Хуулийн амин сүнс” номыг орчууллаа

Монголын нийгмийг эрүүжүүлж чадна гэж…

Энэ дугаарын зочноор орчуулагч Т.Төмөрхүлэг гуайг урилаа. Монголын уншигчдыг Францын утга зохиолтой ойртон танилцахад түүний оруулсан хувь нэмэр их. Социализмын үеэс Францын сонгодог зохиолуудыг орчуул­саар ирсэн тэрээр энэ удаа Францын алдарт сэтгэгч Шарль Монтескьегийн “Хуулийн амин сүнс” номыг орчуулж, тун удахгүй уншигчдын гар дээр хүргэх гэж байна.

 - Та дэлхийн соёл иргэншлийн манлай болсон Франц үндэстний хэлийг хэзээ­нээс сонирхон судлах болов?
  - Оюутан цагаасаа. МУИС-д нэг жил Франц хэлний ангид суралцсан. Гадаад явдлын яам намайг сурлага гайгүй гэж үзсэн юм байлгүй, нэгдүгээр курс төгсө­хөд минь Москвад Олон улсын харил­цааны дээд сургуульд явуул­­сан юм. Тэгээд франц хэлийг үргэлжлүүлэн үзсэн дээ.
  - Франц хэлнээс ном орчуу­лах ажлыг хэзээ эхлэв?
  - Францаас ном орчуулж эхлээд бараг гуч гаруй жилийн нүүрийг үзэж байна. Эхэндээ арай амархан, нэг үгээр хэлэхэд уншсан ном дотроосоо үүнийг л орчуулж чадна гэснээ барьж авдаг байлаа. Би хамгийн эхлээд Мопассаны “Гай газар доороос” гэдэг өгүүллэгийг орчуулсан. Ингээд бага багаар ахиж, Дидро, Вольтер, Монтэний ном зохиолд зориглон гар хүрэх болсон. Бас их бадрангуй байж. Одоо орчуулсан ном зохиолоо хааяа эргүүлж суу­хад зарим нэг санааг арай өөрөөр хэлдэг байж гэж бодох цаг байдаг л юм. Гэхдээ утга санааг нь урвуулж хөрвүүлсэн юм үгүй. “Үгийн өвгөн утгын таяг тулдаг” гэсэн зарчмыг барьж ирсэн гэх үү дээ.
  - Та социализмын үед Францын сонгодог зохиол ор­чуулж байсан. Тухайн үед Мон­голын нийгэмтэйгээ хол­бон юу бодож байв даа?
  - Тэр үед өргөн олон хэвшмэл байдлаар сэтгээд заншчихсан нь чухамдаа хөшүүн царцанги байдлыг бий болгож байгааг мэдэр­дэг байсан. Бид хэтэрхий жаахан юман дотор эргэлддэгийг ойлгож, хүнд ухаан оруулах ганц өгүүлбэр ч ганцдахгүй гэж бодох үе байсан. Гэхдээ өөрийгөө дөвийлгөх бодол надад байхгүй ээ. “Ядуу зүдүү байгаа маань ганц мөнгө цаас дутсаных биш ээ, авьяас чадвар дутсаных” гэсэн Вольтерийн үг намайг их зоригжуулж байсан санагддаг юм.
  - Таны саяхан орчуулж дууссан “Хуулийн амин сүнс” зохиол өнөөг хүртэл АНУ-ын төдийгүй дэлхийн соёлт хүн төрөлхтний үндсэн хуулийн үзэл санаа болсоор ирлээ. Энэ зохиол одоогийн манай нийг­мийн амьдралтай яаж холбог­дож байна вэ?
  - XVIII зууны Францын алдарт сэтгэгч Монтескьегийн “Хуулийн амин сүнс” гэдэг лут бүтээлээс уншигч авгай “Ардчиллын зарчим зөвхөн эрх тэгшийн үзэл санаа алдагд­санаас бус хэтийд­­сэнээс завхардаг”, “Аль ч засаглалын ялзрал нь ямагт зарчим нь эвдрэхээс эхэлдэг” гэх юм уу, эсвэл “Эрх чөлөө гэж хуулиар зөвшөөрөгдсөн юмыг л хийхийг хэлж байгаа юм” гэсэн мөрүүдийг олж унших болно. Тэгэхээр энэ зохиол одоогийн Монгол­ын нийгэм­тэй холбогдож байгаа биз дээ.
  - Ингэхэд та сүүлийн үед иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг талархан дэмжиж яваа мэт харагдах юм?
  - Би МАХН-аас хуулийн дагуу түтгэлзээд олон жил болж байна. Гишүүн хэвээр байсан гэхэд иргэний хөдөлгөөнд, тухайл­бал Ногоонтнуудад талтай байх хүн юм шүү би. Учир юунд гэвэл энэ хөдөлгөөн сэтгэлд минь их ойр байдаг. Монголын нийг­мийг эрүүлжүүлж чадна гэж ногоонтнуудад итгэдэг. Орчуулж байгаа номуудаараа ч уг хөдөл­гөөнд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах юмсан гэж бодож явдаг.
  - Та голдуу XVIII зууны Францын утга зохиолоос ор­чуул­даг хүн юм аа даа?
  - Би 1984-1985 онд Францын “Альяанс Франсэз”-д чухамхүү XVIII зууны утга зохиол судалсан хүн юм шүү дээ. Тэгээд ч Вольтер, Дидро, Монтескье нар­тай “ноцолдсон” хэрэг. Вольтерийн гүн ухааны уран зохио­луудад гардаг үйл явдал өнөөдрийн Монголд болж байгаа үйл явдалтай адилавтар гэхэд хачин санагдахгүй байх. Ганцхан жишээ хэлье л дээ. Вольтерийн “Жамаараа яваа ертөнц” нэртэй бэсрэг туужид Бабук гэдэг хүнийг Персополис хотод шинэчлэл хий­хээр ирж гэнэ гэж тус хотынхон дуулаад их л хөл хөөр болж байна гэж гардаг. Нэг инээдэмт жүжгийн зохиолч Бабукт хандан өөрийнх нь жүжгийг үзээд инээгээгүй нэг иргэнийг цааш харуулахыг гуйдаг. Бас нэг эрдэмтэн академийг татан буулгах нь зүйтэй гээд өөрөө тэнд гишүүнээр элсэх гээд чадаагүй учраа хэлж байх жишээтэй. Энэ бүхэн өнөөгийн Монголд болж байгаа инээд хүргэм хэрэг явдлууд­тай ямар нэгэн хэмжээгээр төстэй байгаа биз? Үүнтэй холбог­дон саяхан манайд болсон нэг явдал санаанд орж байна. УИХ-ын нэг гишүүн өөрийгөө тавь илүү насалсныг мартчихаад тавин нэгтэй төрийн зүтгэлтнийг зөвхөн насаар нь баримжаалж “Харьж яваа улс төрч” гэж цоллож байхыг зураг­таар харав шүү дээ. Монгол хүн жар хүрч байж ухаан ордог гэсэн үг лав ортой байх шүү. /Инээв/
  За мөн, Дидрогийн “Гэлэнмаа” романыг би орчуулсан юм. Мухар сүсгийг үзэн ядсан тэр зохиолыг орчуулж байхад чухамдаа мухар сүсэг Монголын нийгмийн хөгжилд тээр саад болж байгааг ойлгосон. Манай зарим нэг бизнесмэн “Хэлэл­цээ хийж болдоггүй гараг”-тай, тэр өдрүүдэд хэлэлцээ хий­хээс ухаан алдталаа айдаг юм гэв үү. Ингээд байвал хүний ажил үйлс яаж бүтэх вэ. Цаг хугацааг оновч­той ашиглах гэдэг ойлголт мухар сүсгээс өмнө гарсан байж магадгүй гэж би боддог юм. Үлгэрлэ­вэл, элэр балар цагийн хүн дайсантайгаа тулгарах цагт өөрөө алагдахгүйн тулд өрсөх ёстой гэсэн бодол тээж явсан байж таарна вий.
  - Та Монгол – Францын соё­лын гүүр болсон хүний хувьд Францын уран зохиол монголчуудад ямар нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?

- Уг нь судалж байж л ярих сэдэв юм даа. 1921 оноос хойш Францын их бага 300 гаруй зохиол монголоор орчуулагдсан гэсэн нэг судалгаа байна лээ. Дэлхий дахины зангаргаар яривал хүн төрөлхтөнд Франц шиг олон суу билэгт зохиолч, сэтгэгчдийг төрүүлж өгсөн улс үндэстэн үгүй гэж ярьдаг шүү дээ. Монголд гучаад онд Жюль Верний “Арван таван наст ахмад” гэдэг зохиолыг орчуулж хэвлэсэн. Тэгвэл Японд Мэйжэйн хувьсгалын дараа Өрнө­дөөс хамгийн анх удаа хөрвүүл­сэн бүтээл нь мөн “Арван таван наст ахмад” байсан нь сонин. Францын утга зохиолд хүнлэг, шударгуу үзэл санаа нэвт шингэсэн нь гайхамшигтай. Үүгээр авч үзэх юм бол франц утга зохиол монголчуудын оюуны соёлд даацтай нөлөө үзүүлсэн гээд хэлчихэд нэг их алдас болохгүй болов уу. Цаашид францаас орчуулах ёстой зохиол бүтээл ч их олон бий. Даанч орчуулга хийх шинэ үеийнхэн хараахан гарч ирээгүй юм шиг. Залуучуудын байдлыг харвал хонх нь дуугарвал дамар нь таг, дамар нь дуугарвал хонх нь таг, хоёулаа дуугарвал лам нь таг гэгчээр франц хэлээр овоо гайгүй зүгширсэн нь монголдоо муу, монголдоо дажгүй хэсэг нь францдаа барагтай байдаг нь гачлантай. Эх хэлээ улам бадруу­лан баяжуулахын үзэл санааг аваад үзэхэд Францын утга зохиолыг түлхүү оруулахад анхаа­рах цаг болсон. Одоо гэхэд XX зууны Камю, Сэнт-Экзюпери нарын зохиолд бараг гар хүрээгүй байна шүү дээ.

http://tsagtur.mn/2009-11-17-07-12-51/

 

“Энэ хорвоод амьдрахад олон зүйл хэрэггүй, гагцхүү эрүүл явахад бүх юм болно”

 

Нийтэлсэн: 2013-09-25 11:26:38

Дархан хотоос холгүйхэн хөдөөх нутгийн буйдхан газарт зуны ногоон бай­шинд хамаатны маань эгч нөхөр гурван хүүгийн хамт амьдар­даг байлаа. Ойр ха­вийн ай­луудаасаа хэмжээ­гээрээ ду­тахааргүй өргөн цэлийсэн ха­шаатай. Намайг бага бай­хын л хашаандаа хоёр улиас мод тарьж билээ.
Тэр хоёр улиас их со­нин. Олон  жил ургаж бай­гаа хэрнээ хашаанаасаа ер өндөргүй, дээ­шээ ургаж шальдаггүй юм. Жаахан байхад хамаагүй өн­дөр том мод мэт харагддаг бай­сан ч  жил ирэх тусам улам л намхраад байгаа юм шиг санагддаг байв.
Яг л ца­гаан цайлган сэтгэлтэй хамаатны маань Дуяа эгч шиг.  Тоодойсон хүрэн дээлтэй та­ван настай бор хүү аав­­тайгаа анх Дуяа эгчийнд очиж билээ. Тэр өдрөөс хойш жил дараалан төр­сөн гурван хүү­тэй нь тоглож, өдрийн уртыг өнгөрүүлдэг болов.
Дуяа эгч хэзээний ном унших дуртай. Үнээгээ сааж бидэнд хоол хийж өгчихөөд зуны ногоон бай­шингийнхаа том орон дээр ном бариад хэвтээд өгнө. Тэгснээ үе үе инээд ал­даж,  хааяадаа нулимс нь ций­лэгнэж харагддагсан.
Хожим намайг сэтгүүлч болно гэдгийг сонсоод эгч маань “Сэтгүүлчид бол жи­рийн хүн биш. Их л судалж, унших хэрэгтэй дээ. Эгч нь номын дуу сонссон бол шаггүй сэтгүүлч болох байсан юм шүү” гэж билээ. Харин намайг нэгдүгээр курсээ төгсөөд очиход “Сэтгүүлч гэж ямар хүнийг хэлэх вэ” гэх ерөнхий асуулт тавьж, гөжүүд занг минь хөдөлгөсөн юм.
Үүнээс нь ч болсон уу яасан эгчтэйгээ уулзах минь цөөрсөөр нэг л өдөр сураг та­сарч холбоогүй болсон юм. Гэтэл түүнээс хойш дөрвөн жилийн дараа надад эгчээс минь захидал ирэв. “Миний дүүгийн ажил төрөл нь сайн уу. Эгч нь хүндээр өвдсөн. Зав гаргаад эгчтэйгээ ирж уулзаач” гэжээ. Гэвч тэр яа­гаад ч юм ямар өвчин тус­санаа бичсэнгүй.
Сонсох нь ээ, өглөөхөн зүв зүгээр үнээгээ сааж бай­сан эгчийн маань бие гэнэт муудаж. Ингээд эр нөхрөөс нь эхлээд саахалт айлын эмээ хүртэл “түргэн” авч хөдөөгийн бараг бүхий л эмнэлгээр явж үзүүлсэн байна.
Онош нь тодрохгүй олон зовлон тоочин хоног хороо­соор эгч маань нэг л өдөр эмнэлэгт хэвтжээ. Тэр даруйд нь эд, эсийн шинжилгээнд оруулж, ул­маар ходоодны хорт хав­дартай болохыг нь мэдсэн байна.
Хэдийгээр эгчид маань шаард­лагатай бүхий л эм­чилгээг хийл­гэсэн ч тусыг эс олов. Өдөр ирэх бүр бие нь улам л дордож, яс арьс болтлоо турсан эгчийг маань ердөө хагас сарын дараа эмнэлгээс гаргасан. Учир нь эмч нар түүнийг гуравхан сарын настайг нь хэлж, хав­дар нь бусад эрхтэнд тарх­сан гэх гашуун мэдээг дуул­гав. Эгч маань ч эмч на­рын хэлснээр удаагүй юм.
Дуяа эгчийн нөхөр манайд хааяа ирэхдээ 20 гаруй жил ханилсан эх­нэрээ дурсан ярина. Тэрбээр жаахан халамцсан үедээ “Эгчийг чинь хар мэдээ аваад эмнэлгээс гарч явахдаа эмнэлгийн үүдэнд асгартал уйлахад нь их л өрөвдөж билээ. Түүнээс хойш амьд­ралынхаа сүүлийн мөчийг хүртэл дахиж нэг ч нулимс унагаагүй хатуу сэтгэлтэй эм” гэж ирээд эр хонгор нулимсаа үзүүлнэ.
Харин эгчийгээ насан өөд болохоос нь хэд хоногийн өмнө би дүүгийн ёсоор эргэж очсон юм. Удаан уулзаагүй эгч маань өнөөх танил болсон зуны ногоон байшингийнхаа том орон дээр инээмсэглэсээр намайг угтав.
Арван хэдэн жилийн тэртээ яг энэ өвчнөөр аа­выгаа алдсан би яах учраа олох­­гүй өмнө нь удаан гэгч нь сууж билээ. Эгч маань ч хэсэг чимээгүй хэвт­сэнээ “Би баргийн өвчинг тоодоггүй хүн дээ. Тэгсэн энэ муу хорт хавдар гэх гайх­лыг л барахгүй шиг байна” гэв. Яагаад ч юм эгчийн маань энэ үг “Чи бид хоёр сүүлийн удаа уулзаж байна” гэж хэлэх шиг болж, сэтгэл маань хоосон оргиод явчихаж билээ.
Төд удалгүй эгч маань аавтай минь уулзахаар тэнгэрийн орон руу одсон дуулдав. Зуны ногоон байшин ч эзгүйрч, өнөөх хоёр улиас мод яагаад ч юм хатчихсан гэдэг. Гэвч юу юунаас илүү эгчийгээ энэ хорвоод байхгүй гэж бодохоор үгээр илэрхийлэхийн аргагүй гуниг төрөх юм.
Зуны ногоон бай­шингийнхаа том орон дээр ном уншингаа үе үе инээд алдах эгчийн минь дүр зураг одоо ч нүдэнд үзэгд­сээр. Ингэхдээ “Энэ хорвоод амьдрахад олон зүйл хэрэггүй, эрүүл явахад бүх юм болно” гэж аминчлан захисан үг нь хаа нэгтэйгээс сонсогдож, үлдсэн биднийгээ аюулт өвчнөөс сэрэмжлүүлэх шиг болно.
Эгчийнхээ туулж өнгө­рүүл­сэн амьдралыг бодохоор хэлж ирдэг­гүй хийсч ирдэг өвчинд хэн хэн нь бэлэн баймаар. Ингэхийн тулд хүн өвдөхөөсөө урьтан эмнэлэгт хандаж, эмчид үзүүлж байх хэрэг­тэй ч юм шиг.
Амьсгал ху­раах мөч хүртлээ хорт хавдар гэх аюулт өвчинтэй тэмцэж, цон­­хийж хар­ласан ца­райн­даа инээмсэглэл тод­руул­саар хор­воогоос явсан эгчийн минь амьдрал надад ийм л зүйлийг ойлгуулсан.
Учир нь хүний биеийн эд эс байнга солигдож, хуучин эс үхэж улмаар да­­хин шинээр урган төл­жиж байдаг. Харин 25 наснаас эхлэн энэ хэвийн үйл ажиллагаа удааширч эд эсийн түвшинд хөгшрөл яваг­даж  эхэлдэг  байна.
Энэ л үеэс та бид­ний дотор хорт хавдраар өвчлөх магад­лалтай болдог аж. Үүнийгээ мэдэлгүй бид биед харш архи, тамхи зэрэг хортой зүйл хэрэглэж, хоол­ны буруу дэглэм нь биеийн эсэргүүцлийг сулруулж ул­маар хав­дар үүсгэх эрсдэ­лийг өдөөж өгдөг гэнэ.
Өнөөдөр манай улсад 100 гаруй төрлийн хавдраар өв­чилсөн тохиолдол бүрт­гэгдсэн ч үүнээс элэг, ходоод, улаан хоолой, уушгины хорт хавдар нь 80 гаруй хувийг эзэлдэг байна. Гэвч энэ бүгдээс ходоодны хорт хавдар хам­гийн аюултай нь гэж хэлж болно.
Учир нь ходоодны өмөн­гийн эрт үед ямар нэгэн зовиур илэрдэггүй, харин хавдрын эд ургаж томорсны дараа хожуу үедээ доорх шинж тэмдэг илэрч, бидний хайртай хүмүүсийг чимээгүйхэн нэг нэгээр нь авч одсоор байна.
Үүнд ямарч шалт­гаан­гүйгээр турах, хоолны дур­шил муудаж до­тор муу­хайрах, өтгөн хатаж хэв­лий аюулхай орчим өвдөх улмаар горойх болон цусаар бөөлжих зэрэг шинж тэмдгүүд баг­тана. Дээрх зовиур ил­рэх аваас яаралтай эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаард­лагатай гэд­гийг хүмүүс мэ­дэж байх хэрэгтэй юм билээ.
Ингэж л бид хорт хавдар гэх хүн төрөлхтний чимээгүй тахлаас өөрийгөө болон өрөөл бусдыг бага атугай ч гэсэн хамгаалж чадах юм. Тиймээс өвдөхөөсөө урьтаж эмчид үзүүлж хэв­ших нь чухал байна. Өө­рөөр хэлбэл Их зохиолч Д.Нацагдоржийн “…Эрүү­лийг хүсвэл эмнэлгийг хүс…” гэдэг үгийг ямагт бодож, эрүүл мэндээ хайр­лаж явах хэрэгтэй шүү.
Эх сурвалж

СУРТАЛЧИЛГАА :

http://sonin.mn/news/culture/20149

 

Гадаад хэл сурахад Пимслерагийн онол тусална

Нийтэлсэн: 2013-09-18 09:47:40

Хэл сурах хүсэлтэй олон хүн Пимслерагийн аргыг ашиглаж, үр дүнд хүрдэг. Энэ арга нь гадаад хэл сурах системийг хялбарчилж өгсөн гайхамшигтай онол юм. Хүмүүс олон хэлээр чөлөөтэй ярьж, бичих чадвараа сайжруулахын тулд Пимслерагийн онолыг шимтэн судалдаг аж.
Энэ арга нь сонсох арга. Дүрэм, бичгийн хэл, зайны сургалтаас хамаагүй үр дүнтэй Пимслерагийн сон­сох онол аль хэдийн 100 сая гаруй хүнд хэлний мэдлэгээ тэлэхэд туслажээ. Энэ онолоор 10 өдрийн турш дэлхий даяар 25 сая хүн өөр орны хэл сурч байна гэсэн тооцоо байдаг.
Хамгийн эрэлттэй 10 орны хэл 
Даяарчлагдаад буй манай гарагийн хамгийн эрэлттэй 10 хэлний нэгд зүй ёсоор Англи хэл орно. Дараа нь Хятад, Япон, ОХУ, Франц, Герман, БНСУ, Итали, Португаль, Араб хэл багтдаг. Харь орны хэл сурахад шаардлагатай хамгийн эхний хүчин зүйл бол тухайн хэлнийхээ онц­логийг судалж, авиа зүй, өгүүлбэрийн бүтэц, нөх­цөлийн ухагдахууныг ойл­гож мэдэхэд оршдог гэнэ.
Пимслерагийн онол гэж юу вэ 
Хэл судлаач, доктор Пол Пимслера амьдралынхаа турш хэдэн арван хэл сурч, мэдэж чадсан хөдөлмөрч нэгэн.  Тэрбээр аль ч орны хэлнээс ойлгогдоход хэцүү үгсийг орчуулж, төрөлх Англи хэлнийхээ урын сангаас ойролцоо үгийг нь олж, чанга яригчаар холбож, ойлгоход хялбар байдлаар судалдаг байжээ.
Пол Пимслерагийн өөр нэгэн гавьяа бол яах аргагүй хэлний блок хөтөлсөн явдал юм. Тэрбээр Испани, Итали хэлийг тус бүрт нь блоклож латин угшилтай үгсийг Англи хэлний дүрмээр заан тайлбарлажээ.
Ер нь Англи хэл бол тэр чигтээ Испаниас хуулбарлагдсан байдаг. Дуудлага нь хатуу ч утга нь ижил учир Англи-Испани гэсэн хэлний хос блок үүсгэсэн байна. Харин Итали хэлийг Португаль, Скандинав үндэстнүүдээс угшилтай хэмээдэг.
Тийм учир Итали-Бразиль-Португаль зэрэг орнуудыг адилхан утгатай үгс ашигладаг гэдэг үндэслэлээр адилхан үгсийг нь хос баганад шилжүүлсэн байна. Энэ мэт үргэлжилсээр Орос хэлийг славян үндэст­нүүдийн түгээмэл хэлэнд суулгаж, Гүрж, Ук­раин, Латви зэрэг орны хэлээс ялимгүй өөрчлөгдсөн үгсийг дүрэмтэй нь уял­дуулжээ.
Аливаа улсын хэлийг ши­нээр сурахад юун түрүүнд 2500 гаруй үг судлах хэрэг­тэй болдог ажээ. Энэ нь Пол Пимслерагийн онолд тодорхой тусгагдсан байдаг. Тэрбээр дөнгөж хэл сурч байгаа хүнд хэзээ ч үзэг, ном, дэвтэр бариулж болохгүй гэсэн зарчимтай байв. Учир нь бүх үндэстний хэлэнд 2500 гаруй түлхүүр үгс л бий.
Үүнийг тогтоочихвол дүрэм болон аялгыг сонсголоороо сурах ёстой байдаг гэнэ. Пимслера хэзээ ч ном ширтэж хэл сураагүй. Тэр зөвхөн судалж буй хэлнийхээ талаар бусадтай ярилцаж, цээжлэхэд хэцүү үгсийг сонсох байдлаар тогтоодог. Харь хэлийг бичиж сурах нь сөрөг үр дагавартай гэж нэрт эрдэмтэн үзжээ.
Тэрбээр “Нэг орны хэлэнд хэдэн үг байх нь огт хамаагүй. Хамгийн гол нь харилцах чадвараа л хөгжүүлэх нь чухал. Үг бол хязгааргүй. Хятадад долоо хоног бүр 10 ханз шинээр үүсч, хэл судлалын профессорууд нь толгойгоо гашилгадаг. Бид харь хэлийг бизнесийн, хар ярианы, онолын гэх гур­ван замаар судалж байна.
Хамгийн оновчтой арга бол сонсох. Гадаад хэлийг хурдан, хөгжилтэй, бас хялбар байдлаар сурах боломж зөвхөн таны чих, оюун ухаан хоёрт л бий. Үзэг бариад суувал түүнийг цээжлэхээс өөр замгүй. Харин сонсож, үгсийн гаргалгааг ялгаж чадсанаар түү­нийгээ сэтгэлдээ бичиж сурна шүү дээ” хэмээн Оксфордын их сургуульд хийсэн илтгэлдээ дурдсан байна.
Харь хэлийг сурахад 10 хоног тасралтгүй сонсох хэрэгтэй гэж Пимслера сургадаг. Түүний онол хү­мүүст зөвхөн бичгийн хэ­­лээр бус амьд харилцаагаар дамжуулж хүрдэг учир дэлхий дахинд “Сонсоод, ярь Пимслера” хэмээх ишлэл библийн сургаал мэт түгэн тархжээ.
Эх сурвалж: 

СУРТАЛЧИЛГАА :

  • Tүгээх
  • Сэтгэгдэл (2)

2 сэтгэгдэл харуулж байна

    1. Paul Pimsleuriin onol mash zov arga shuu,manai Mongolchuud ukhaantai avkhaaljtai,turshaad uzeerei.Ta nart amjilt khusee!

      ANAR USA, 2013-09-19 09:36:10, 96.234.142.196Хариу бичих

  1. ОХУ,БНСУ гэсэн хэл байдаг гэж сонсоогүй юм байнаа???

    сонин юмаа, 2013-09-20 11:41:12, 112.72.13.149

    http://sonin.mn/news/culture/19903

     

Бизнесмэн Самбуудоржийн Саранчимэг: Зоригтой бөгөөд зорилготой байвал амжилт биднийг тосч байдаг

 

Зоригтой бөгөөд зорилготой байвал амжилт биднийг тосч байдаг

Нийтэлсэн: 2013-09-26 14:44:41

Бизнесмэн Самбуудоржийн Саранчимэг:
Даланзадгад сумын Баруун сайхан гэр хороололд “Өнөр бүл” дэлгүүр үйл ажиллагаагаа тэлж үйлчилгээний төв болгосноор багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү үйлчилгээний төв нээгдсэн цагаас эхлэн тухайн орчинд “төв” үүсч эхэлсэн юм.
Үдэш оройн цагаар хүүхэд залуус тоглож наадан, таксичид ч энд зогсох болсон. Гэр хороололд ийм орчин үгүйлэгдэж байсан нь илт. Харин энэхүү үйл ажиллагааг санаачлан байгуулсан “Өнөр бүл”-ийн эзэдтэй уулзахыг хүсч тэднийхийг зорилоо.
Хаалгаа нээж өгсөн гэрийн эзэгтэй нэлээн гайхсан янзтай харж ярилцлагаа хэмээн дуу алдсан. Учрыг тайлбарлатал яриа өгөхөөс татгалзаагүй юм. Харин энэ үеэр гэрийн эзэн Я.Цэен-Ойдов гуай хот руу ажлаар явсан тул эзгүй байлаа. Ингээд “Өнөр бүл”-ийн эзэн, бизнесмэн С.Саранчимэгтэй хэдхэн хором хөөрөлдсөнөө уншигч олондоо хүргэж байна.
- “Өнөр бүл” үйлчилгээнийг төвийг байгуулах санааг та хаанаас олов?
- Бид анх хүнсний дэлгүүр нээж ажиллуулсан юм. Түүнийгээ өрөгжүүлье гэж зорьсон. Мөн  энд хүн амын төвлөрөл ихсэж, хэрэгцээ нэмэгдэж байгааг анзаарч үйлчилгээний төв байгуулах санаа төрсөн юм. Манайх хажуудаа усан сантай, засмал зам ч тавигдаад юм хийх орчин нь бүрдсэн л дээ.
Анх байгуулахдаа бид санаагаа цаасан дээр зурж дараа нь бичгээр буулгаад банканд хандсан. Ингээд зээл авч ажлаа эхэлсэн түүхтэй. Байгуулсны дараа багийн иргэд нэлээн сэтгэл санаагаар дэмжсэн шүү. Зөв зүйл хийсэн байна гэж урамшуулах иргэд олон байсан. Үйлчилгээг иргэдэд ойртуулъя гэсэн санаа минь ингэж л ажил хэрэг болж олон нийтэд үр өгөөжөө өгөөд байна даа.
- Танай үйлчилгээний төв иргэдэд ямар ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?
- Халуун ус, үсчин, гоо сайхан, мах, ногоо, сүү цагаан идээний дэлгүүр, цайны газар, ХААН банкны салбар гэсэн үйл ажиллагааг явуулж байна. Халуун усаа манайх өөрөө ажиллуулж байна, бусдыг нь хүнд түрээслүүлчихсэн.
- Бизнесийн зам дардан байна гэж байдаггүй байхаа. Энэхүү ажлынхаа гарааг та эргээд дурсвал?
- 1995 оноос эхэлж бизнес эхэлсэн. Бизнеснийг санасан зоргоороо хийнэ гэж байдаггүй юм. Үнэндээ бол мөнгөтэй хүний хийдэг ажил шүү дээ. Эргэлтийн мөнгөнөөс эхлээд дутагдах зүйл их гардаг байсан. Банкнаас зээл авч л ажлаа эхэлж байлаа.
Эхний зээлээ зарцуулж дуусаад л үр дүнгээ харж дараагийн санаагаа хэрэгжүүлэхийн тулд дахин зээл авч явсаар л энэ хүрч дээ. Мэдээж өөрийн гэсэн үндсэн хөрөнгөтэй болчихоор банкны итгэлийг ч хүлээдэг болсон.
- Зах зээлээс өмнөх амьдралаа эргээд дурсаач. Та хоёр хамтдаа Булган суманд ажиллаж амьдарч байсан байх?
- Бид хоёр 1981 онд хөдөө аж ахуйн сургууль төгсч ирсэн. Би малын эмч, манай хүн зоотехникч мэргэжилтэй Булган сумын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Тэнд бид 16 жил ажилласан.
Сүүлдээ зах зээлд шилжээд, хүүхдүүд ч том болчихсон болохоор аймгийн төв бараадах шаардлага гарсан юм. Мэргэжлийн ажлаа хийх гэхээр орон тоо байдаггүй. Тэгээд л амьдрахын тулд бизнес эрхлэхээр шийдсэн дээ. Анх хилийн худалдаанд явдаг байлаа, сүүлдээ дэлгүүр нээгээд ийм л бизнес рүү орчихсон доо.
- Айл гэр болж байсан тэр гэгээн үеийг тань сонирхоё?
- Бид хоёр Дундговь аймгийн техниккумд хамт сурч байх үеэсээ танилцаад манай нутагт хамт хувиарлагдаж ирсэн. Ингээд л гэр бүл болж таван сайхан хүүхдийн аав ээж болж дээ. Одоо ач нараа харангаа бизнесээ хийгээд л байж байна.
- Ажил амьдралын гараагаа эхэлсэн нутгаа санах сайхан л байдаг байх даа?
- Хөдөөгийн эгэл даруухан иргэдийн дунд ажиллаж амьдарна гэдэг сайхан шүү. Бид хоёр дөнгөж сургууль төгсч ирсэн байсан. Тодорхой хэмжээний алба хашиж байсан болохоор хүнтэй хэрхэн харьцахаас эхлээд амьдралын туршлагыг тэндээс л сурсан даа. Муу нэр дуулаагүй л гэж боддог.\инээв\
Хүмүүс их хүрээлсэн байсан. Манайхыг нүүсний дараа очих айлгүй болчихлоо гэж байсан. Булган нутгийхан маань аймгийн төвд ирэхээрээ манайд их ирдэг байсан даа.
- Тэр үед “гурван сайхан” үүлдэрийн ямаа үржүүлдэг байсан байхаа?
- Тийм. Манай хүн үржлийн фермийн дарга би малын эмчийн ажлаа хийгээд амьдрал буцалсан халуун цэг дээр нь ажиллаж байлаа. Дандаа хөдөөгийн сайхан малчид, эрдэм шинжилгээний ухаалаг эрдэмтэн ажилчид гээд сайхан хүмүүсийн дунд ажиллаж их зүйлийг сурсандаа одоо бахархаж явдаг.
- Тэр үеийн хүмүүсийн хөгжилтэй түүхүүд их байдаг шүү дээ. Таны санаанд байна уу?
- Манай үржлийн тоо бүртгэгч н.Адъяа гээд ах байдаг байлаа. Машинтай хөдөө ажлаар явж байгаад бинзен нь дуусчихаж л дээ. Тэгээд хөдөөний айлын мотоциклээр сумын төв рүү бинзенд яваад эргэх замдаа мотоциклийнх нь бинзен дуусчихаж. Тэгээд ганзагалаж явсан бинзенээ үүрээд ирсэн гэдэг юм.
Айлынх нь хүмүүс гайхаж мотоциклио яасан бэ гэхэд нь бинзен нь дуусаад гэж хариулсан гэдэг. Үүрч ирсэн бинзенээсээ хийчихгүй дээ гэхэд нь “нээрэн тийм байж” гээд бөөн инээдэм болсон гэж нутгийнхан ярьдаг.
- Та өөрөө аль нутгийн хүн бэ?
- Ноён сумынх. Бага насаа нутагтаа үдсэн. Аймгийн төвийн одоогийн хоёрдугаар сургуулийг н.Даваасамбуу багштай төгсч Дундговь руу сурахаар хувиарлагдаж байлаа даа.
- Таныг олон дүүтэй гэж сонсож байсан байх юм?
- Би 15 уулаа. Ноёнд манай ээж эмийн сангийн эрхлэгч, аав рентиген техникчийн ажилтай. Манай хоёр хоёулаа эмнэлгийн ажилтан байсан. Би дээрээ долоон ах эгчтэй доороо долоон дүүтэй 15 хүүхдийн дундах нь. Аав ээж хоёр минь сайхан хүмүүжүүлсний ачаар одоо ч бид элэг бүтэн сайхан амьдарцгааж байна. Ээж маань одоо хамгийн том эгч дээр байдаг.
- Энэ их зүйлийг бүтээгээд явахад гэрийн эзэн хүний үүрэг их байсан байх. Гэрийн эзнээ танилцуулаач?
- Манай нөхөр Төв аймгийн Баянцогт сумынх. Сургуульд байхдаа танилцаад манай нутагт ирсэн. Амьдралын 30 гаруй жилийг ардаа үдлээ. Бүх баяр гунигтай минь хамт байсан ханийн нөмөр нөөлөг ихээ. Ганц хүн айл болохгүй ганц мод гал болохгүй гэдэг шүү дээ.
Бие биенээ дэмжээд, бодсноо хуваалцаж, санасан хүслээ зөвлөлдөж бид энэхүү ажил амьдралаа бүтээн байгуулж явна. Манай хүн их хөдөлмөрч, зорьсон зүйлээ дуусгаж байж санаа нь амардаг хүн дээ.
- “Өнөр бүл” гэдэг нэрийг анх яаж олов?
- Би ийм олуулаа өнөр өтгөн гэр бүл болохоор ийм нэр өгье гэж нөхөртөө хэлсэн л дээ. Манай хүн түүнийг дэмжээд “Өнөр бүл” гэсэн нэртэй болсон.
- Бизнес рүүгээ яриагаа эргээд оруулая. Бизнес эрхлэж байгаа танд төрд ч юмуу, өөр бусад салбарт засчихмаар зүйл санагддаг болов уу?
- Бизнес эрхлэж байгаа хүмүүст удирдлагуудын болон мэргэжлийн байгууллагуудын туслалцаа их хэрэгтэй байдаг. Бизнест хөл тавьсан л бол хүссэн эс хүссэн уялдаа холбоо үүсдэг. Хамгийн наад захын жишээ гэхэд л ажлын байр барихад юуны зориулалтаар барьж байна вэ, ямар стандартынх байх ёстойг бид мэддэггүй.
Тиймээс мэргэжлийн байгууллага руу л ханддаж зөвлөгөө авдаг. Манайх бол өөрийн газар дээрээ хийсэн л дээ. Бусад бизнес эрхлэгчидэд газрын асуудал бэрхшээлтэй байдаг юм билээ. Газар байсан ч барьцаа хөрөнгийн асуудал гарч ирдэг. Банк хөрөнгөгүй хүнд зээл бараг л өгдөггүй юм билээ.
Итгэлцэл байхгүйгээс үнэн сэтгэлээсээ бизнес эрхлэх гэсэн хүмүүст зээл олддоггүй. Ийм л бэрхшээлүүдийг засчихвал бизнес эрхлэгчид хөгжих юм шиг санагддаг. Миний хувьд нийгэмд хэрэгтэй зүйл хийж байгаа л гэж боддог.
Манай хориод түрүүслэгчдийн ард гэр бүлийнх нь хэдэн хүн байгаа билээ гээд бодохоор эндээс нэлээн олон хүн амьдралаа залгуулж байна. Хувь хүнийг юм хийхэд орон нутгийн удирдлагын зүгээс дэмжлэг нэлээн хэрэгтэй байдаг.
Энэ тал дээр шүүмжилмээр санагддаг. Бизнес эрхлэгчид л ажлын байр бий болгож иргэдээ авч явж байна шүү дээ. Зөв зүйл хийж яваа хүмүүст ядаж л сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд болохгүй нь юу байхав дээ.
- Одоо дөнгөж л бизнесийн гараа эхэлж байгаа хүмүүст та юуг зөвлөх бол?
- Бизнес хийхээр нэгэнт шийдсэн бол бүү шантар. Өр зээлд баригдчих болов уу гэсэн айдас хүнийг юм хийлгэхгүй. Зоригтой бөгөөд зорилготой байвал амжилт биднийг тосч байдаг.
Бага зүйлээс ихийг бүтээн байгуулж болдог гэдгийг би өөрийн биеэр үзсэн болохоор төлөвлөгөөтэйгөөр зоригтой алхам хийвэл амжилт биднийх л байдаг юм. Хэрвээ зээлээс айгаад суусан бол би өнөөдөр юу ч хийгээгүй сууж л байгаа шүү дээ. Тиймээс өөрөө өөртөө эзэн нь байж айдсаа ял гэж хэлэх байна.
- Бизнес эрхлэхэд бизнес сэтгэлээс гадна удирдахуй ухаан хэрэгтэй юм шиг харагддаг?
- Мэдээж хэрэгтэй. Өөрсдийгөө удирдахаас эхлээд өрөөлийг удирдаж байж бизнес хүрээгээ тэлдэг. Хамгийн гол нь бусдыг өөртэйгөө харьцуулж, амьдралыг нь ойлгож байж хамтарч ажилладаг. Энэ бизнес сайн байвал би ганцаараа баяжихгүй та нар бас эндээс амьдралаа залгуулна гэдгийг л ойлгуулж, ажилчдаа урамшуулж байх нь чухал.
- Танайд хэдэн хүн ажиллаж байна вэ?
- Түрээслэгчид хорь гаруй бий. Манай үндсэн ажилтан найм.
- Ирээдүйн төлөвлөгөө юу байна вэ?
- Бага насны хүүхэдтэй хүмүүс ажил хийж чадахгүй их хэцүү харагдаад байна л даа. Хэдийгээр ажил хийх дур сонирхол байлаа ч хүүхдийг нь харах газар алга. Тиймээс ясли байгуулах санаа төрөөд мэргэжлийн хүмүүсээс асууж үзсэн.
Хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох шаардлагатай гээд цалинтай чөлөө олгодог болчихсон учраас дэмжлэг авах боломжгүй гэсэн. Гэтэл бүтэн хоёр жил эмэгтэй хүн нийгмээс тусгаарлагдаад гэртээ сууна гэдэг хэцүү л дээ. Тиймээс өдөр өнжүүлэх шиг хүүхэд түр асардаг газар байгуулах санаатай байгаа.
Эмэгтэйчүүд үзвэр үзэхдээ ч юм уу, ямар нэгэн чухал ажил гарсан тохиолдолд найдвартай газар хүүхдээ үлдээдэг байх хэрэгтэй. Мөн бие бялдаржуулах танхим байгуулах санаа төрөөд байгаа.
Одоо хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болсон байна. Ийм л хоёр санааг олчихоод ажил болгох гээд бодож явна.
- Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Д.Мишигсүрэн   
Эх сурвалж: “Алтан нутгийн мэдээ ” сонин

Сэтгэлээ хөсөр хаяснаа эргэж харах цаг болжээ

 

 

Нийтэлсэн: 2013-09-26 14:51:26

 

 

Сэтгэл гэж чухам юу вэ гэсэн асуултыг хүн бүрээс асуувал өөр өөрийн өнгө төрхөөр хариулах нь мэдээж. Монгол улсад боловсролыг илүүд үзэж сэтгэл гэдгийг орхигдуулснаар иргэдийн нийгмийг үзэх үзэл гажуудаж буйг сэтгүүлч миний бие нэгэнтээ хөндөж байсан.
Хүний оюун санаанд дөрвөн аргын тооноос эхлээд уншиж бичих гэх мэтчилэн боловсрол олгох гэж зүтгэснээс бус өр нимгэн сэтгэл, бусдыг хайрлах, хүндлэх, харилцааны соёлыг орхигдуулснаас зөвхөн өөрийн халаасанд буй мөнгөө аривжуулж л байвал бусдыг үл огоорох болсон бизнес газар авч байна.
Сүүгээ цийдэмлэж зардаг наймаачдыг нэгэн үе шүүмжилдэг байлаа. Харин энэ нь ёс зүйгүй бизнесийн зөвхөн эхлэл байжээ. Дотор нь хүн амьдрахыг үл тоосон чанар муутай орон сууцнууд сүндэрлэж, орчинд нь амьд биет буйг үл огоорсон хариуцлага хүлээдэггүй уул уурхайнууд тоос татуулсаар.
Эцэст нь мөнгө цагаан нүд улаан гэдгээ батлах мэт өнгөн хөрсөндөө усны нөөц хомс говь нутгийн газрын гүн дэх ус руу улайран дайрах болов. Говьд хүн, мал байх үгүй нь тэдэнд огт падгүй зөвхөн мөнгө нь л үржиж байвал болох нь тэр. Энэ бол сэтгэлгүй бизнес.
Махан биетэй ч зүрх сэтгэлгүй цахим иргэдийг төрүүлснээрээ тухайн нийгмийн буруу мэт. Сэтгэл гэдгийг хөгжүүлээгүй орхигдуулсны өөр нэгэн илрэл нь хувиа хичээгч зан. Зөвхөн өөрийн ажил бүтэж л байвал бусад нь хамаагүй гэх үзэл. Энэ нь өнөөдрийн нийгмийн баян хоосны ялгаанаас илүү их харагддаг.
Арчаагүйдээ тэд ядуу байгаа юм гэж нэг хэсэг нь тайлбарлах боловч чухамдаа тэд яагаад ядуу сэтгэлгээнээсээ салж чадахгүй байгааг судалж үзсэн нь ховор. Нэг үгээр хэлэхэд өөрсдөө л баяжиж байвал бусад нь хамаагүй гэх амиа хичээгч зангийн илрэл.
Хувиа хичээгч зан говь нутгийнханд илүү их ажиглагдаад байх шиг. Голдуу ганц гэрээр тэрхэн орчиндоо буйр сэлгэн амьдарцгаах малчид холын болоод ойрын оторчдыг таатай угтдаггүй. Тэр бүү хэл зарим газар бэлчээр усны маргаан гарах нь ч бий.
Эрт үеэс “хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа ид” гэсэн мэргэн үг одоо огт эсэргээрээ. Нөгөөх л сэтгэл гэгчийг хөгжүүлээгүйн балаг биз ээ. Эх оронч бус үзэл мөн л сэтгэлгүйн илрэл. Эх орон ч гэхээр үндэсний аюулгүй байдлын талаар ярих. Гэтэл эх орон ч байх гэдэг нь гудамжинд хог ил хаяахгүй байхаас л эхэлнэ.
Ийнхүү сэтгэлийг хөгжүүлээгүйн улмаас уудсан гажуудлыг дурдаад байвал үл дуусна. Харин үүнийг засахын тулд бид яах ёстой вэ. Хүүхэд хүмүүжлээ гэр бүл, найз нөхдөөс буй сургуулийн орчноос олж авдаг.
Халуун дулаан бөгөөд маргаангүй гэр бүлд өссөн хүүхэд бусдыг хүндлэх сэтгэлтэй хүн болон өсдгийг бид амьдралаас харж болно. Их сургуулийн нэгэн багш маань бидэнд хүний сэтгэлийг төлөвшүүлэхийн тулд хүн бүр гэр бүлийнхээ бүх гишүүдтэй өглөө бүр цайлж, өдөр оройн хоолоо идэх хэрэгтэй гэж билээ.
Нэлээн энгийн мэт санагдах боловч энэ нь бодох ёстой зүйл яах аргагүй мөн. Сэтгэлийг төлөвшүүлэх нөгөө нэг хэсэг нь сургуулийн орчин. Нэгэн багш анд маань сургууль дүнгийн хойноос хөөцөлдөөд байхаас бус хүүхдийн хүмүүжлийн талаар огт анхаардаггүй гэсэн юм.
Тиймээс боловсролын тогтолцоог эргэн харах цаг аль хэдийнээ болжээ. Мөн төрөөс гэр бүл рүү хандсан үйл ажиллагааг түлхүү анхаарах хэрэгтэй гэдгийг энэхүү нийтлэлээрээ хүргэхийг хүслээ.
Д.Мишигсүрэн
Эх сурвалж: “Алтан нутгийн мэдээ ” сонин

СУРТАЛЧИЛГАА :

  • Tүгээх
  • Сэтгэгдэл (1)

 

1 сэтгэгдэл харуулж байна

 

setgeldee galgui,oyun sanaagaar negdmel bish undesten busdiin hool l bolno doo

Зочин, 2013-http://sonin.mn/news/easy-page/2021109-26 16:00:25, 203.194.115.55

 

Уран бичигч МУСТА Д.Ганбаатар. “Уран бичлэг бол нэг талаас бичиг, нөгөө талаас дүрслэх урлагийн нэг төрөл”

 

5d981ff231432c22big

http://resource.time.mn/review/photo/2013/1/219d1fae267ab8d3/4d04e3beba85baf5big.jpg

2012 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг сонирхож явахад “Монголын нууц товчоо” бүтээл хамгийн түрүүнд анхаарал татаж билээ. Мэдээж, бичсэн хүнийх нь хичээл зүтгэлийг тухайн үедээ гайхан бишрээд л өнгөрсөн. Харин энэ сарын дугаартаа бид уг бүтээлийн эзэн Бичиг соёл боловсролын төвийн тэргүүн, МУСТА Д.Ганбаатартай уншигчдаа уулзуулж, монгол бичиг, уран бичлэгийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хичээлээ.

http://resource.time.mn/review/photo/2013/9/c6c2e8c47b86afb9/5d981ff231432c22big.jpg“Монголын нууц товчоо” бүтээл тань оны өмнө Монголын уран зургийн галерейд тавигдсан Шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээс шалгарч, улсын сан хөмрөгт худалдаж авсан 10 бүтээлийн нэгээр тодорсон.  Уг бүтээл хэрхэн бүтсэн бэ?
“Монголын нууц товчоо” бүтээл маань 140х360 см-ийн хэмжээтэй, муутуу цаасан дээр 5 мм-ийн зайтай монгол бичгээр бичигдсэн. Гэхдээ хичээнгүй дэгээр бичсэн тул хүн харахад энгийн сайхан уншигдана. Баатрын зураг, түүнийг тойрсон монголын овог аймгуудын тамга тэмдгийг дүрсэлсний дараа Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрдэмтдийн бүтээсэн “Монголын нууц товчооны сонгомол эх”-ийн 12 бүлгийг тэр чигээр нь буулгасан. Мэдээж, чимээгүй орчинд анхаарлаа маш сайн төвлөрүүлж бичсэн. Баатрын зургийг Н.Баатарцог гэдэг зураач зурсан. Анх хоёр жилийн өмнөөс Бичиг соёл боловсролын төвийн зургаан уран бүтээлч ярилцаад тус тусын “Монголын нууц товчоо”-г бүтээсэн юм. Хүн бүрийн хийсэн нууц товчоо нэр, зохиомж, бэхэн зургаараа ялгаатай. Яаж, ямар хэмжээтэйгээр бичих вэ, бичвэрээ нэг цаасан дээр хэрхэн багтаах вэ гэхчлэн нэлээд их бэлтгэл ажил хийгдэж, бүтэн хоёр жилийг бүтээлүүддээ зориулсан. Эцэст нь бид “Монголын нууц товчоо” хамтарсан үзэсгэлэнгээ нэгдүгээр сарын 18-нд Монголын уран зургийн галерейд тавьсаныг та бүхэн мэдэж байгаа байх аа.

Үүн дундаас таны бүтээл шилдгээр шалгарахад юу нөлөөлсөн гэж боддог вэ?
Нэгдүгээрт, энэ бол “Монголын нууц товчоо”-г нэгэн цогц бүтээл болгож хийсэн анхны тохиолдол. Хоёрдугаарт, 5 мм-ийн зайтай маш нарийн бичигдсэн болохоор хүний сонирхлыг татаж чадсан. Мөн бага биш цаг хугацаа, хөдөлмөрөө зарцуулсан. Ер нь бүхий л талаараа хүмүүсийн сонирхолд нийцсэн болов уу гэж бодож байна.

Уран бичлэгийн төрлөөр ихэвчлэн зураач хүмүүс ажиллаад байх шиг. Энэ мэргэжил нь тэдэнд давуу тал болдог юм болов уу?
Миний хувьд монгол судлаач мэргэжлээр төгссөн, монгол хэл бичгийн багш хүн. 1998 оноос каллиграф буюу уран бичлэгтэй холбогдсон. Одоогоор уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж, сургалт зохион байгуулж байна. Уран бичлэг бол нэг талаас бичиг, нөгөө талаас дүрслэх урлагийн нэгэн төрөл. Тиймээс судлаачид ч, зураачид ч уран бичлэгийг хийж байна. Мэдээж, хүн бүрийн арга барил өөр. Миний арга барил ч гэсэн тогтсон өнгө аяс, хэллэгтэй. Уран бүтээлч хүн заавал нэг талыг барилгүйгээр, уламжлалаа сайн судлаад, орчин үетэйгээ хослуулж, өөрт төрсөн мэдрэмжийг буулгах хэрэгтэй.

Хүмүүс уран бичлэгийг ерөнхийдөө бэлэг дурсгалын зүйл дээр л ашигладаг. Мөн сүүлийн үед дунд сургуулийн хүүхдүүдэд монгол бичгийн хичээл хангалттай орохгүй байгаа. Монгол бичиг, уран бичлэгийн цаашдын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
Монголчууд бие биедээ болон гадны зочинд бэлэглэх гэж, гэртээ өлгөх гэж каллиграфын бүтээлийг маш ихээр хийлгүүлдэг болсон. Манайд каллиграф 1990-ээд оноос арай шинэлэг маягаар хөгжиж, уран бүтээлчид гадаад дотоодын үзэсгэлэнд оролцох болсон. Одоо бол жилд 3-4 удаа байнгын үзэсгэлэн зохиогдож байгаа. Ер нь өөрийнхөө л голдрилоор цааш хөгжих байх л даа. Уран бүтээлчдийн зүгээс ч олон шинэ зүйл хийж эхэлсэн. Сүүлийн үед орчин үеийн урлагт каллиграфыг ашиглах нь их болсон. Монгол бичгийн хувьд, дунд сургуульд долоо хоногт нэг л удаа орж байгаа. Тиймээс сургуульд монгол бичиг сураад гарах боломж бараг л байхгүй гэсэн үг. Үүнээс гадна багш нарын хувьд монгол бичиг заах аргаар тааруу. Уг нь зөв заасан тохиолдолд монгол бичгийг маш хурдан сурах боломжтой гэдэг нь харагддаг. Хүмүүс монгол бичгийг харийн хэл шиг, хэцүү мэтээр боддог. Гэтэл яг үнэндээ бол монгол үндэстний хэл бичиг нь монгол бичиг шүү дээ. Гэхдээ Ерөнхийлөгч зарлиг гаргаад монгол бичгээ тодорхой хэмжээгээр ашиглаж л байна. Тэгэхээр нэлээд хэдэн жилийн дараа гэхэд каллиграфын урлаг орчин үеийн шийдэлтэйгээр өндөр түвшинд хөгжсөн байх болов уу.

Орон нутагт гаргасан үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулна уу?
Анх 2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсны дагуу зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг тавдугаар сарын 9, 10-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод ахин дэлгэн тавьсан юм. Тэнд зургаан уран бүтээлч үзэсгэлэнгээ гаргаж, сургалт семинар зохион байгуулсан. Хөтөл хотын Соёлын төвийн Мөнхбаясгалан гэдэг залуу энэ санаачлагыг гаргасан юм билээ. Сургалтын хүрээнд багш нарт уран бичлэгийн заах арга зүйн талаар, хүүхдүүдэд уран бичлэгийг хэрхэн хялбар байдлаар сурах тухай цогц үйл ажиллагаа явуулсан. Хотоос дуучид, жүжигчид л очдог болохоос биш дүрслэх урлаг, уран бичлэгтэй холбоотой үзэсгэлэн тэнд дэлгэгддэггүй. Ер нь урлагийн орчин хөдөө орон нутагт дутмаг байна. Бидний үйл ажиллагааг хүмүүс маш сайхан хүлээж авсан, маш өндөр сэтгэгдэлтэй үлдсэн. Энэ мэт зүйлсээр тэд цангасан байна гэж би ойлгосон. Хөтөл хот бүх албан байгууллагынхаа нэр хаягийг монгол бичгээр буулгаж, монгол бичигтэй анхны хот болох зорилго тавиад байна. Дашрамд дуулгахад, Хөтөл хамгийн цэвэрч хотоор шалгарч байсан, иргэд нь их хөдөлмөрч. Тэнд очсоныхоо дараа би нэг шавийнхаа хамт Архангай аймгийг зорьж, тус аймгийн Засаг даргын ивээл дор “Бичиг соёлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн жижиг хэмжээний үзэсгэлэн гаргаж, сургалт семинар явуулсан. Архангай аймгийн Засаг дарга өөрийн ивээл дор жил бүр төсөв гаргаад, хотоос уран бүтээлчдийг орон нутагтаа урьж, иргэдийнхээ дунд монгол бичгийн “Цэвэр сайхан бичлэг”, “Уран уншлага” зэрэг хэд хэдэн төрлийн уралдаан тэмцээнийг уламжлал болгон зохиодог юм билээ. “Ирэх жил Улаанбаатараас нэлээд хэдэн уран бүтээлчийг урин оролцуулж, даацтай зүйл хийх бодолтой байна” гэж ярьж байсан. Хөдөө орон нутагт багш дутагдалтай байна. Түүнээс биш уран бичлэгийг хүүхдүүд маш их сонирхож байна. Тиймээс манай Бичиг соёл боловсролын төвөөс санаачлага гаргаж, Хөтөл хотоос хоёр хүнийг, Архангай аймгаас нэг хүнийг төвдөө үнэгүй сургахаар урьсан. Тэд манай төвийн ¬уран бичлэгийн сургалтанд хамрагдаж, компьютер дээрх монгол бичгийн хэрэглээг заалгана. Монгол бичгийн хэрэглээг орон нутагтаа хөгжүүлж чадах хүмүүсийг сонгоорой гэж Тамгын газрынханд нь захисан байгаа.

Танай төвд монгол бичиг, уран бичлэг заалгахад хэр зэрэг хугацаа шаардагдах вэ?
Тодорхой хугацаа заагаад сурах зүйлээ тодорхойлчихвол ямар ч хугацаанд байж болно. Бичлэгийн үндсэн дэг, хичээнгүй бичгийн дэг, бийрийн барилт, зохиомж, цаастай хэрхэн ажиллах вэ гээд үргэлжилбэл нэлээд хугацаа шаардана. Зөвхөн монгол бичгээ сурах юм уу, эсвэл бийрээр бичиж сурах юм уу, эсвэл бүр урлаг талаас нь сурах юм уу гээд тухайн хүний сонирхол, зорилгоос шалтгаалан цаг хугацаа нь өөр өөр байна. Мөн тухайн хүн юмыг хэр зэрэг мэдэрч, хүлээж авч байгаагаас ихээхэн шалтгаална.

Каллиграфч хүн ямар байх ёстой вэ?
Манай дүрслэх урлагийнхан каллиграфыг зохиомж, зураас талаас нь хардаг, хэл бичгийн эрдэмтэд бичгийн үүднээс нь авч үздэг. Каллиграф нь хэл бичиг, дүрслэх урлаг дээр яруу найраг, үгийн мэдрэмж, үгийн сонголтыг нийлүүлээд цогц урлаг болдог. Каллиграфч хүн энэ бүгдийг харуулахын тулд эрэл хайгуул хийж, түүх шастир, монгол бичиг, дүрслэх урлагаа судалж суралцдаг байх ёстой. Манай залуу уран бүтээлчид монгол бичгээ яг нарийн сайн мэдэхгүй л байх шиг. Ер нь монгол бичгийн түүхийг сөхөөд үзвэл судлах зүйл их бий.

Каллиграфч хүний гол хэрэглэгдэхүүн нь муутуу цаас, бийр мөн үү?
Муутуу цаас бол каллиграфын үндсэн хэрэглэгдэхүүн юм. Үүнээс гадна монголчууд үзгээр бичдэг сайхан уламжлалтай. Бийрийн бичлэг түүнээс сүүлд үүссэн. Тодруулбал, Манжид дагаар орсноос хойших 2-3 зуун жилийн уламжлалтай. Үзгээр бичихэд янз бүрийн цаас хэрэглэнэ. Энэ талын судалгаа Монголд орхигдоод байна. Европ, Араб бол үзгэн уламжлалтай. Харин монголчууд үзэг, бийрийн уламжлалтай тул үүнийгээ зэрэг хөгжүүлэх боломжтой юм.

- See more at: http://review.time.mn/content/34553.shtml#sthash.4pMdemvS.dpuf

http://review.time.mn/content/34553.shtml

TV-9 телевизийн нэвтрүүлэгч, МУСТА Л.Эрдэнэбаатар. Нэвтрүүлэгч хүн эх хэлээ хамгаалагч байх ёстой-

Л.Эрдэнэбаатар: Нэвтрүүлнэ гэдэг урлаг юм шүү дээ

10 цаг 30 минутын өмнө

-Нэвтрүүлэгч эх хэлээ хамгаалагч байх ёстой-

TV-9 телевизийн нэвтрүүлэгч, МУСТА Л.Эрдэнэбаатартай ярилцав. Улсын “үй түмэн” зурагтын нэвтрүүлэгчдээс унаган хэлээрээ илүү уран тансаг ярьдаг хуруу дарам цөөхөн хүний нэг түүнийг гэж би боддог юм.Ингээд яриаг нь хүргье.

-Уламжлалт асуултаар яриагаа эхэлье. Нутаг ус, хүүхэд насаа дурсвал сонин байх болов уу?

-Дундговийн Мандалговь сумын шороон дунд төрж өссөн хүүхэд дээ. Манай нутгийг чинь дуу, хуурын өлгий гэдэг юм ш дээ. Ямарч байсан “зүгээргүй” хүмүүс байдаг шүү. Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай улс даа. Тийм л нутаг, тийм л хүмүүс дунд бага нас минь өнгөрчээ. Сургуулийн урлагийн үзлэгээр “этюд”-эрхүү юм хийнэ. Шүлэг уншиж, дуу дуулж явсангүй ээ. Өсвөр насандаа харин багагүй нүгэл хийчихсэн гэж байгаа. Тарвага овоо шоглосон доо. Сахиж ч, гүйгээд ч буудчихдаг байлаа. Аав маань муугүй анчин байв шүү. Аравдугаар ангиа төгсөөд шууд цэрэгт явчихсан. Цэргүүд, дарга нараа уйдаахгүйн тулд бөх тайлбарладаг байлаа. Цэргүүдээ барилдуулаад, эсвэл хоосон тайлбарлана. Зарим дарга уйдахаараа дуудна. Тэгж байтал “Тангаргийн баяр” болов. Цэргүүд барилдаад, би тайлбарлаад л… Тэгтэл салааны дарга Үйтүмэн дуудаж байна гэв. За баларлаа гэж бодоод л очлоо. Рапорт өгтөл, “Бөх тайлбарлагч нь чи байсан юм уу. Холоос цангинаад байхаар нь мэргэжлийн тайлбарлагч ирсэн юм болов уу гэж бодлоо. Сайн байна” гээд 24 цагийн чөлөөгөөр шагнаж билээ. Санаанд одоо ч их тод байна. Анхны тайлбар, анхны шагнал, сайхан дурсамж байгаа биз.

-Тийм байна аа. Тэгээд юу болов?

-Цэргээс халагдаад харьсан. Миний найз аймгийн заан Ганхуяг хоёр жил дараалан залуучуудын улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнд ирсэн юм. Тэд тусгай унаагаар явчихна. Би бензины машинаар Чойр ороод, тэндээс вагоноор Улаанбаатарт ирж, Спортын төв ордныг сураглан очиж үзнэ дээ. Тэгж байхдаа бөх тайлбарлагч, Улсын начин, хожмоо Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болсон А.Ганбаатар агсан бөх тайлбарлахыг сонсоод ихэд биширсэн дээ. Хариад л Ганбаатайгаа барилдаад, гараа амандаа авч бөхөө тайлбарлаад явчихна даа. Тэгж байтал, 1995 онд МҮОНТ нэвтрүүлэгч шалгаруулж авна гэсэн зар тараалаа. Түүнийг сонсоод л нааш давхичихсан. Янз бүрээр шалгуулаад, 200 хүнээс дөрөвт үлдээд “уналаа”. Урам хугараад шалгалтын комисс дээр нь тавиад орлоо. “Сахал” хэмээх Энхжаргал ах “Чамтай уулзая гэж бодож байтал өөрөө хүрээд ирлээ. Нас чинь бага байна. Үндэсний нэвтрүүлэг хөтлөхөд хоолой чинь ч болоогүй. Тэгэхдээ өөрийгөө манай хүн гэж бодож яваарай” гэв. Ингээд харилаа. Бусдыг дагаад наймаанд явав. “Гурван хор”-ыг ч хэрэглэж сурлаа.

-Хил дамнан наймаа хийдэг ганзагачин болоо юу?

-Тэр үед бараг нийтээр тийм л байсан ш дээ.

-Тийм л дээ, хэр ашигтай наймаалцаж байв гэдгийг чинь л сонирхсон юм?

-Наймааны “алтан” үе болохоор бусдын адил явлаа. Одтой байсан шүү.

-Тэр чигтээ бизнес хөөхгүй яав?

-Ер нь тэгж бодож байлаа. Манайх Багануурт шилжээд байлаа. Хоёр жил тойрч байсан шиг санагдана. Манайхан, хотоос яръя гээд байна гэв. Оройхон утас дуугарлаа. Авбал, радиогийн Цэенханд эгч ярьж байна. Өмнө нь шалгуулахад комисст байсан юм билээ. Радиод нэвтрүүлэгч шалгаруулж авах болсон. Хүрээд ир гэв. Ирээд дамжаанд суугаад, хоёр жил дагалдаад жинхэлсэн. Олон ч хүнд загнуулсан даа. Цагаан гуй их загнана. “Буддизм ба шинжлэх ухаан” нэвтрүүлгийн энэ хэдхэн үгтэй толгой унших гэж зүдэрсэн шүү. Болоогүй ээ. Чи ер нь мал юм уу, хүн юм уу гээд л авч гарна. Найруулагч Болор эгч их ч уншуулсан, их ч аашилсан. Одоогийн хүүхдүүд ийм юмыг давахгүй байх аа. Нэвтрүүлэгчид тавих шаардлага тийм л өндөр байсан юм. Одоогийнх шиг царай, хоолой тохирлоо гээд шууд эфирт орохгүй ш дээ. Чөлөөтэй сайхан ярьдаг болж байж л тийшээ шагайдаг хуультай. Чөлөөтэй ярина гэдэг чөлөөтэй чалч гэсэн үг биш. Сүүлд нь Билигээ эгч, Чука ах нартай зэрэгцээд уншаад ирэхээр зүгширдэг юм билээ. “Аваргууд”-ыг дагах шиг сайн сургууль хаана байхав. Тэдний гараар ороод л “хүн болсон” гэж боддог.

-Нэвтрүүлэгч яггүй мэргэжил. Зарим хүн өнгөц ойлгодог юм билээ. Сэтгүүлчдийн бэлдсэн бэлэн материал уншаад л болдог гэж боддог бололтой?

-Харин тийм ээ. Их гүехэн хардаг болов уу. Үг, үсгийн алдааг бол ч яахав, засаад явчихна л даа. Туршлагагүй байхад логик алдаа гаргана шүү дээ. Тухайлбал, жижиг гинжтэй эксковатор гээд л ороод ирж байгаа юм. Шууд уншчихаар эксковатор нь томроод явчихна. Жижиг гинжит эксковатор гэхэд болох жишээний. Сэтгүүлч, редакторын үүрэг байлгүй яахав. Гэхдээ туршлагатай нэвтрүүлэгч эгзэгтэй юмыг аваад л гардаг юм. Заримдаа гүйлгэж хараад л орно ш дээ.

-Сүүлийн үед эх хэлний талаар их ярих болжээ. Хэл эвдэрч байна. Радио, телевизийн нөлөө байна ч гэх шиг. Өөрийн чинь саналыг сонсоё?

-Би мундаг хүн биш. Чулуунбат гавьяатын үгийг хэлчихье. “Аливаа зүйл жанжин шугамаа алдах нь ихэслээ. “ FM” бий болсон нь нөлөөлж байна. Олдмол хэлтэй боллоо. Түүнээс олдмол сэтгэхүй үүсдэг. Тэгээд “хагас” хоолойгоор уншихаар юу болохов дээ” гэж. Үнэн байх шүү. Тэд Явуугийн “Би хаана төрөө вэ”-г уншихгүй ш дээ. Шүлэг сайхаан. Зүйрлэх юм алга даа. Хагас цаг, цаг, цаг гаруй үргэлжилдэг найраглал уншихад огт хөдлөхгүй сонсдог хүн байдаг. Хоёр, гуравхан мөр шүлэг сонсож чаддаггүй нэгэн ч бий. Адарсүрэн ахыг 17 дахиулж байсан удаатай гэдэг байх аа. Аливааг хүнд яаж хүргэхээс их шалтгаална.Залуусыг шүүмжлээд яахав. Цаг үе нь ч тийм юм уу. Хар яриагаар ярьчихаж байна ш дээ. Уг нь нэвтрүүлнэ гэдэг чинь урлаг байгаа юм. Би боддог л доо. Нэвтрүүлэгч эх хэлээ хамгаалагч байх ёстой. Хэлний нэг мэргэжилтэн надад “Чи эх хэлээрээ 60 гаруй хувьтай ярьж, 70 хувьтай ойлгодог хүн юм” гэсэн шүү. Тэгэхээр би бас л болоогүй байгаа биз. Нэг бодлын сайхан, нөгөө бодлын хэцүү ажил. Нэвтрүүлэгч, хөтлөгч болохын тулд уйгагүй л хөдөлмөрлөх хэрэгтэй. Бас их унших ёстой.

-Та нарын дуу, хоолой тусгай биз?

-Мэдээж. Минийхийг баритон гэдэг.

-Төрөлхийн гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Байгалиас заяасан материал байхгүй юу. Зүйрлэвэл, хичнээн бэлдээд жир хүн Бат-Эрдэнэ аварга шиг бөх болохгүй биз дээ. Адилтгавал тийм л юм. Хичээл зүтгэл байлгүй дээ. Ер нь манай говийнхны хоолой өөр ш дээ. Тэр цэлийсэн талд хол харна. Хол харж байгаа юм чинь чанга дуугарч таарнаа даа. Намайг багын дуу чангатай гэдэг байсан юм шүү. Хэн нэгийгээ дуудахад цуурайттал хашгирдаг байлаа. Дагийранз гавьяатын ярианы, Норовбанзад гавьяатын дууны өнгө сонгодог гэвэл таарна. Давтагдахгүй шүү. Би Адарсүрэн, Өлзий-Орших, Норовбанзад, Банзрагч, Түмэндэмбэрэл гээд гайхамшигт дуучдыг л сонсдог доо. Мартсанаас эмээ маань хэлдэг байж билээ. “Адарсүрэн, Адарсүрэн гээд л явахаар радиод очоод нэвтрүүлэгч хийгээч” гээд л… Бараг тэр ерөөлөөр болсон байх гэж бэлгэшээдэг. Нэг юм нэмээд хэлчихье. Хүн, амьтан байгалиа дагамтгай санагддаг юм. Жишээ нь, эрчүүдийг чармай нүцгэлээд харъя л даа. Увсын хийц тусдаа. Тэндээ улбагарт ордог эр бусад газарт мах чангатай л гэгдэнэ. Төвийн хийц бий. Холимог, саармаг талдаа. Говь, зүүн чигийн хийц өөр. Эм махтай, улцайсан нөхөд байдаг. Түүнтэй адил эд, эрхтэн нь ч тийм. Тал, говийнхон тавиун хол хараад, тэр хэмжээгээр дуугарах жишээтэй.

-Яаж яваад телевизэд урваж орхив?

-Цэвэр тохиолдол гэх үү дээ. Хэсэг хугацаанд гудамж метрлэж яваад “TV-9” телевизийн захирал Энхбат ах дээр очоод үнэнээ л хэллээ. Хөтөлж очоод нэг юм уншуулаад, маргааш ирж “дурандуул” гэлээ. Камераар харахыг хэлж л дээ. Дурандуулчихаад л явсан. Төдөлгүй дуудаад л нэвтрүүлэгч болсон доо. Бямбацогт багш өмнө нь хэлдэг байсан юм. “Заавал радиогоор дамжина шүү” гээд л… Одоо бодоход учиртай үг байж.

-Нэг зүйл асуухгүй өнгөрчих шахлаа. Нэвтрүүлэгч хийгээд бөх тайлбарлагч, бөх тайлбарлагч бөгөөд нэвтрүүлэгч байдаггүй гэж сонссон юм?

-Нарийндаа бол тэс өөр шүү. Бөхийг мэдэрч тайлбарлана. Бөх мэддэг байх хэрэгтэй. Нэвтрүүлэг унших өөр. Жишээ нь эмгэнэлийг мэдээ шиг уншихгүй л дээ. Одоогийн залуусын нэг алдаа бүхнийг хуурай жүжиглэлтээр аргалах гэдэгт байгаа юм. Нэвтрүүлэгч хүн нэвтрүүлэгтээ орж байж уншвал амьдардаг. Амьд нэвтрүүлэг хүнд хүрэх нь ойлгомжтойш дээ. Нэг нь эмоцитой, нөгөө нь тогтуун ч гэдэг юм уу. Баярын нэвтрүүлэг хөтлөх бас ондоо. Ёстой л тухайн хүний төрөлх авьяас, чадвар их нөлөөлнө.

-Тийм байх аа. Ажиглаад байхад радио, телевизийн нэвтрүүлэгчид уулзалт, үдэшлэг, хурим, ойн арга хэмжээ хөтөлж харагддаг. Ийм урилга дарна биз?

-Дарнаа. Гэхдээ улирлын чанартай гэж болно. Намрын сар найм биш. Гуравхан сартай. Дотроо хэдхэн сайн өдөртэй. Түүнд нь тохируулаад хэдэн “юм” хийгээд авнаа. Сүүлийн үед хуримд их гаршаад байгаа шүү. Хуримыг бэлгэ дэмбэрлийн өнгөөр, ёс жаягийн дагуу, жудагтай удирдаад, зохицуулаад явна гэсэн үг. Нарийн шүү. Миний муу 91053955 наадмын дараагаас байнга л хангинадаг даа. Нэг юм хэлье гэж бодлоо. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгийг би 15 жил хөдөлмөрлөж байж авсан. Гэсэн ч ичээд зүүж чаддаггүй. Би ер нь юу хийсэн хүн бэ гэж бодогдоод болдоггүй юм.

- Нэг сайхан дурсамжаа хуваалцаач?

-Би өөрийгөө их азтай гэж боддог. “Бурхан багшийн сургаал” хэмээх Монголдоо анхных болох “СД” цомгийг унших санал нутгийн лам Дагва тавьснаар амилуулсан гэх үү дээ. Адьша, Ерэнтэй ах хоёрын “Монгол бөхийн хөгжлийн түүх” “СД”-ний танилцуулга, холбоосыг уншсанаа бэлгэшээдэг.

-Ойрд сэдсэн, бодсон юу байна?

-Монголчуудын сэтгэлийг сэвэлзтэл, намар гэж юу байдгийг ой тойнд нь буутал “Ургацын далай”-г дуулсан дуучин Эрдэнэгомбо ах хүнд өвчтэй байгаа. Тэр хүний эмчилгээнд зориулсан хандивын тоглолт хийхээр ажиллаж байна. Манай тариаланчид, уран бүтээлчид, баянхонгорчууд, ер нь дээрх дууг сонсох дуртай хүн бүхэн сэтгэлийн дэм өгч оролцох байхаа гэж найдан бэлдэж байна даа.

-Гэр бүлээ танилцуулаад яриагаа өндөрлөх үү?

-Эхнэр Хишигээ нягтлан бодогч. Охин Бүжинлхам сурагч. Гурвуулаа амьдардаг.

-Сэтгэл харамгүй ярилцсанд байрлалаа.

-Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Г.Мөнхнасан

http://www.bataar.mn/10013382

Follow

Get every new post delivered to your Inbox.