• Categories

  • Traffic

Путин үндэстний бахархлаа сэргээж чадлаа

Өнөөдөр 7 цаг 52 минут

352824f1cc9459fboriginal

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-д 2014 оны өвлийн олимпийн тоглолтыг явуулах эрхийг олгох нь социалист систем нуран унаснаас хойш ОХУ юунд хүрснийг дэлхий нийтэд харуулах сайхан боломж” хэмээн мэдэгдэж байсан-

2007 онд Олон улсын Олимпийн хороо 2014 оны өвлийн олимпийн тоглолтыг ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулахаар шийдэхэд олон хүн энэ шийдвэрт эргэлзсэн. Сочи бол ОХУ-ын өмнө зүгт орших Хар тэнгисийн эрэг дээрх байгалийн үзэсгэлэн цогцолсон амралтын хот. Хуучин социалист системийн үед ЗХУ-ын удирдлагууд зуны амралтаа өнгөрүүлдэг газар. Өндөр уултай ч Сочид цас гэдэг ховор эдийн нэг. Москвагаас 850 миль буюу 1360 км. Дэлхийн аль ч тивээс Сочи хүртэл шууд нислэг байхгүй. Ийм газар өвлийн олимпийн тоглолтын эрхийг олгоно гэдэг бөх зүрхтэй хүний хийх ажил байлаа.

Энэ бөх зүрхийг ойлгохын тулд тухайн үеийн ОХУ-ын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг мэдэх хэрэгтэй. 2007 он гэдэг бол социалист систем нуран унаснаас хойш ОХУ-ын эдийн засаг сэргэх, дэлхийн лидер гэгдэх бүхий л нөхцөл байдлыг харуулсан жил байлаа. 2007 онд ОХУ-ын эдийн засаг 8.5 хувиар өслөө. Улс төрийн нөхцөл байдал ч сайн байлаа. Арав гаруй жил үргэлжилсэн Чеченийн дайн намжих янзандаа орлоо. Нэг үгээр хэлбэл ОХУ дэлхийн лидер улс гэдгээ харуулах боломж бүрдсэн байлаа. Тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-д 2014 оны өвлийн олимпийн тоглолтыг явуулах эрхийг олгох нь социалист систем нуран унаснаас хойш ОХУ юунд хүрснийг дэлхий нийтэд харуулах сайхан боломж” хэмээн мэдэгдэж байсан.

Өнөөдөр, Сочигийн олимп өндөрлөж буй энэ үед Владимир Путин 2007 онд мэдэгдэж байсан энэ үгээ нотлон харуулж чадлаа. Хүйтэн дайны үе төгссөнөөс хойш ОХУ анх удаа олимпийн тоглолтыг эх орондоо зохион байгууллаа. 1980 оны зуны олимпийн тоглолт тухайн үеийн дэлхийн хуваагдмал системийн хамгийн тод жишээ болон түүхэнд үлдсэн. Социалист лагерийн тэргүүн оронд олимпийн тоглолт явуулах эрх өгснийг эсэргүүцэн капиталист гэгдэх тэргүүлэх орнууд, тухайлбал, АНУ, ХБНГУ /хуучнаар баруун Герман/, Канад зэрэг орнууд бойкотлон оролцоогүй бол 1984 оны зуны олимпийн эрхийг АНУ-ын Лос-Анжелес хотод өгснийг социалист системийн орнууд мөн хариу бойкотлон Москвад Сайн санааны тоглолт гэдгийг зохион байгуулж байсан түүхтэй.

1ece88d056571d1doriginal

2007 оны Ерөнхийлөгч Путины мэдэгдэл бардам байсан ч олимпийн хотхоны барилга, бүтээн байгуулалт эхлэхэд хэлсэн амандаа хүрэх тийм ч амар биш гэдгийг оросууд ойлгосон. Анх 12 тэрбум ам.долларт олимпийн зардал багтана хэмээн төлөвлөж байсан ч өнөөдрийн байдлаар ОХУ Сочигийн олимпод 50 тэрбум ам.доллар зарлагадаад байна. Энэ нь олимпизмийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй олимп болоод байна. 2008 оны Бээжингийн олимп 40 тэрбум ам.доллар зарлагадсанаар хамгийн өндөр өртөгтэй олимпод тооцогдоод байсан юм. Харин Лондонгийн 2012 оны олимп 19 тэрбум ам.долларыг зарцуулсан байна. Зарим албан бус тооцоогоор Сочигийн зардал 66 тэрбум давсан гэж ОХУ-ын “Независимая Газета” сонин мэдээлээд байгаа. Энэ өндөр өртөг Сочигийн олимпийн эсрэг байр суурь баримтлагчдын гол аргумент болоод байгаа. Олимп нээгдэх өдөр болоход зарим объектын гүйцэтгэл дутуу байсан нь бас нэмэр болсон. Гэвч 50 тэрбум ам.доллар гэдэг ОХУ-ын эдийн засгийг сөхрүүлэх хэмжээнийх үү. Олимп зохион байгуулаад эдийн засгаа сүйрүүлсэн орон байгаа хэмээгээд Грекийг иш татах хүн олон байна. 50 тэрбум ам.доллар гэдэг ОХУ-ын нефтийн гол олборлогч “Газпром”-ийн жилийн зарлагатай тэнцэх хөрөнгө юм.

Асуудлын гол нь хүйтэн дайны дараа сүйрэн унасан эдийн засагтай, ардчилал байхгүй Орос орон буурай орон байх ёстой гэсэн барууныхны үзэл сурталд байлаа. Тиймээс ч олимпийн тоглолт эхэлсэн эхний өдрүүдэд цоргоор гоожих булингартаж шарласан ус, буруу харуулж угсарсан жорлонгийн суултуур, үхсэн зөгийтэй балны зураг зэргийг нийгмийн сүлжээгээр эрчимтэй тарааасан. Хүйтэн дайн дууссан гэдэг. Гэтэл олимпийн тоглолтын эхний өдрүүдийн дэлхийд том гэгддэг мэдээллийн сувгуудын дамжуулсан мэдээллүүд хүйтэн дайныг өдөөсөн эх сурвалж байсаар байгааг нотоллоо.

Эдийн засагч Жефри Сагсийн үзэж байгаагаар “Олон хүн ОХУ-ын эдийн засгийг ядуу, 1991 оны дараах байдлаар төсөөлж байна, эдийн засгийн үзүүлэлт нь Хятадаас хамаагүй доогуур гэж харж байх шиг байна. Гэвч тийм биш” хэмээн мэдэгджээ. ОУВС-гийн мэдээгээр 2013 оны байдлаар ОХУ-ын нэг хүнд ногдох ДНБ нь 18600 ам.доллар бол БНХАУ-ынх 10000 ам.доллар байгаа аж. Дэлхийн банкны мэдээгээр ОХУ-д туйлын ядуурал тэг хувьтай бол Хятадад 11,8 хувьтай гэжээ. Доктор Жефри Сагс 1992-1993 онд ОХУ-ын Ерөнхий сайд Егор Гайдарийн макро эдийн засгийн зөвлөх хийж байсныг энд дурсах нь зүйтэй. Ноён Сагсын үзэж байгаагаар барууныхан, тухайлбал, АНУ болон ОУВС ОХУ-ын эдийн засгийг сэргэхэд тусламж үзүүлсэн бол эдийн засаг нь хамаагүй хурдан сэргэх байсан хэмээн үздэгээ илэрхийлсэн байна. Гэсэн ч оросууд өөрсдийн хүчээр хүндрэлээ давж гарсан гэж доктор Сагс үзсэн байна. 2001 онтой харьцуулахад 2013 онд ОХУ-ын ДНБ 4,4 хувиар өсч, ОУВС-гийн мэдээгээр ОХУ-ын инфляц 6,9 хувьтай, ажилгүйдлийн төвшин 5,5 хувьтай, төсвийн алдагдал ДНБ-тэй харьцуулахад 0,3 хувьтай байна. ОХУ-ын валютын нөөц 500 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

feaf81de528bada9original

Нэг үгээр хэлбэл Путин амласандаа хүрлээ. Хөрөнгө мөнгө илэрхийлсэн тооноос гадна Владимир Путин тэр болгон удирдагчийн олж чадахгүй зүйлийг олж авч чадсан нь үндэстний бахархлаа сэргээсэн явдал байлаа. Москвагаас хэдэн мянган км-ийн хол амьдран суугаа якутууд, эвенкүүд ОХУ-ын багийнхаа тоглолтыг үзэх гэж, сэтгэл санаагаар дэмжих гэж цаа бугаа эртхэн хотлуулж байгаагаа ОРТ сувгаар ярьж байна. Сэтгэлийг нь хураавал биеийг нь хураахтай ижил хэмээн манай өвгөд бидэнд сургамжлан үлдээсэн байдаг. ОХУ дор нэгдсэн олон үндэстний сэтгэлийг Путин хурааж чадлаа.

Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №050

http://sport.news.mn/content/171301.shtml

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Палео арт буюу үлэг гүрвэлийн дүрслэх урлагийн чиглэлээр уран бүтээлээ дагнаж туурвидаг зураач Б.БЯМБАЦОГТ: ЗУРАХААС ИЛҮҮ УНШИХ НЬ ЧУХАЛ

Электрон хувилбар
.
dolgoond%20TUYA9

үлэг%20гүрвэлүүд

Палео арт буюу үлэг гүрвэлийн дүрслэх урлагийн чиглэлээр уран бүтээлээ дагнаж туурвидаг зураач Монголд цөөн бий. Тэдний нэг, Дино хочтой Б.Бямбацогттой ярилцсанаа хүргэе.

-Үлэг гүрвэл сонирхсон болохоор зураач болсон уу?

-Гурван настайдаа хөдөө явж ирээд анх морь зурж байсан. 1993 онд Оросын ОРТ сувгаар Монголын үлэг гүрвэлийн тухай нэвтрүүлэг үзээд үлэг гүрвэлийг сонирхож эхэлсэн. Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийн лабораторийн эрхлэгч, доктор Х.Цогтбаатар багшийн удирдлага дор 2000 оноос судалбартайгаар үлэг гүрвэл зурах болсон.

-Багаасаа л үлэг гүрвэл зурсан юм байна. Энэ нь таны төлөвшилд нөлөөлсөн үү?

-Багадаа үлэг гүрвэл дуурайн алхаж, мөчийг нь гартайгаа харьцуулж хардаг байсан. Овираптор, Велоцираптор зэрэг урт мөчтэй үлэг гүрвэлийн сарвуу, хөл нь хүний бугалга, гарын ястай төстэй. Анааш, матар зэрэг өөр шинжтэй амьтдаас ижил төстэй чанарыг нь хайдаг байсан.

-Палео арт судалгаанд тулгуурлаж зурдаг гэдэг. Бүтээлээ урлаг талаас нь яаж илэрхийлдэг вэ?

-Зурахаасаа илүү унших нь чухал. Зөвхөн номоор хязгаарлагдалгүй, нэг мэдээллийг олон эх сурвалжаас судалж, харьцуулан дүгнэвэл чанартай бүтээл болно.Үлэг гүрвэлийн махчин төрх, айсан, цочсон харц, зугтаж буй, олзоо барьж байгаа төрөл бүрийн хөдөлгөөнийг илэрхийлэхийг хичээдэг. Эхлээд цаасныхаа хэмжээг хараад, юу зурахаа дотроо төсөөлдөг. Мөн цээжээр зурах чадвартай байх хэрэгтэй. Манай багш олон талаас нь зураад, нэгийг нь сонго гэдэг. Харин надад давтагдашгүй нэгийг зурах зөв санагддаг. Тосон бал, гуашь, тушь гээд төрөл бүрийн будгаар зурж болдог. Тосон балаар зурахад ганц ч зураас илүү зурж, алдах эрхгүй учир хичээл зүтгэл, цаг их шаарддаг.

-Монголоос үлэг гүрвэлийн 80 орчим төрөл олдсон гэдэг. Үүнээс хэдийг нь зурж байв?

-Үлэг гүрвэл зураад 23 жил болж байна. Энэ хугацаанд хэдийг зурснаа мэдэхгүй. Том жижиг гэлтгүй бүх төрлийг зурсан. Тарбозаврыг мэдээ орсон цагаасаа л зурлаа. Байгалийн түүхийн музейд байдаг 25-27 настай тарбозавр болон 16 орчим настай гэгддэг алдарт Т.Батаарын бага дунд насны үеийг хүртэл зурсан.

-Үлэг гүрвэлд хөөгдөж байна гэж зүүдэлдэг үү?

-Багадаа тэгж зүүдлэх нь их байлаа. Монголын хүүхдийн ордонд зургаан жил сурсан. Тэнд сурч байхдаа хүүхдийн авьяасын тухай номд үлэг гүрвэлийн зүүднийхээ тухай оруулж байсан.

-Үлэг гүрвэлийн зургаар үзэсгэлэн гаргаж байв уу?

-120 орчим бүтээлээр үзэсгэлэнгээ дэлгэсэн. 10 ширхэг зургаа худалдахгүйгээр авч үлдээд, бусдыг нь зарсан. Монголчуудаас илүү гаднынхан ийм төрлийн зураг сонирхож авах нь элбэг.

-Өнгөрсөн онд ССАЖЯ Америкийн хоёр уран бүтээлчийг урьж, палео арт сургалт явуулсан. Хэр үр дүнтэй байсан бэ. Монголын палео артаас юугаараа ялгаатай байв?

-Тэр хоёр уран бүтээлч судалгаа, арга барилаараа хоорондоо эрс тэс ялгаатай байсан нь олон зүйл сурах таатай боломж байлаа. Үлэг гүрвэлээр дагнан зурдаг зураачид газар зүй, биологи, амьтны генетикийн тархац, цаг агаарын олон төрлийн мэдлэгтэй байх хэрэгтэй юм билээ. Олдвороо үзүүлж харуулах байгууламж багатай бид муж бүртээ музейтэй, таниулах зүйл ихтэй газрын уран бүтээлчидтэй арга барилаараа өдөр шөнө шиг ялгаатай. Сургалтад үлэг гүрвэл огт зурж байгаагүй хүмүүс ч хамрагдсан. Тэдний урам зориг, итгэл сэтгэлийг мохоолгүй цаашид үзэсгэлэн, сургалт, төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжих хэрэгтэй.

-Энэ төрлийн зураач Монголд ховор байдаг нь ямар учиртай вэ?

-Монголчууд үлэг гүрвэл сонирхох нь цөөн учир мөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй. Хүүхдүүд үлэг гүрвэлд дуртай байдаг ч танин мэдэхүйн талаас үзүүлж харуулах, мэдээлэл өгөх нь дутмаг учир 10 нас хүрээд л сонирхол нь буурдаг. Дэлхийн үлэг гүрвэлийн олдворын дөрөвний нэг нь Монголд бий. Анхны үлэг гүрвэлийн өндөг, өндгөө дарж байгаа үлэг гүрвэл, анхны зодолдож байгаа динозаврууд гээд Т.Батаараас гадна сонирхолтой олон олдвор Монголоос олдсон. Бид газраа сэндийчдэггүй, нүүдэлчин соёлтой учир нийт олдворын 70 гаруй хувь нь бүтнээрээ олдох боломжтой. Говийн зарим аймагт үлэг гүрвэлийн олдвор олчихоод гэртээ хадгалж, хамгаалж байгаа өрх ч байсан. Ийм баялагтай, эх орноо хайрлах сэтгэлтэй байхад олон музей байгуулж, эртний амьтдын талаар танин мэдүүлэх хэрэгтэй.

-Баримал урладаг уу?

-Хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Баянхонгорт байдаг үлэг гүрвэлийн хотхон миний бодлоор тийм ч сайн, чанартай бүтээл болоогүй. Хайран материал, хайран мөнгө. 10 жилийн дараа Тэрэлжид байдаг баримал шиг болно байх. Ард түмний мэдэхгүй юмыг хийж байгаа, танин мэдүүлэх ач холбогдолтой учир сайн судалгаа хийх хэрэгтэй.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Надад олон мөрөөдөл бий. Палео артаас гадна бөөгийн мөргөл, зан үйлийг есөн жил судалж байна. Нүүдлийн соёл, хар тугны сүр хүч, Нирун, Кидан улс, XV зууны шарын шашин зэргийг олон талаас судлах сонирхолтой, археологийн олдвор үзэж, таньж мэдэхийг хичээдэг. Шинэ музейгээ хурдан байгуулаасай. Лениний музей орон зайгаараа ч тэр, дэлхийн түвшинд нийцдэггүй. Гаднын археологи, палеонтологийн музейд эрдэмтэд нь амьдарч судалгаагаа хийдэг, үйлчлүүлсэн багачуудаар үлэг гүрвэлийн яс цэвэрлүүлж, будуулдаг олон төрлийн үйл ажиллагаа зохиодог. Олон музей байгуулагдчихвал хүүхдүүдийн танин мэдэхүйн мэдлэгт мэддэг чаддагаараа хувь нэмрээ оруулах юмсан.

Б.ДӨЛГӨӨН

http://www.mongolnews.mn/w/50055

Х.Цогтбаатар: Хэний ч хараагүй зүйлийг зурах хариуцлагатай ажил учир судлаачдаас зөвлөгөө авах хэрэгтэй

Электрон хувилбар
.

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийн лабораторийн эрхлэгч, доктор Х.Цогтбаатараас палео артын тухай тодрууллаа

-Палео арт хэзээ үүссэн бэ?

-Палео гэдэг нь эртний гэсэн үг. Дэлхий дээр олон сая жилийн өмнө оршиж байсан амьтан, ургамлын чулуужсан олдворыг сэргээн судалдаг шинжлэх ухааныг палеонтологи гэдэг. Палеонтологи ганцхан үлэг гүрвэлийг судалдаг ухаан биш. Энэ шинжлэх ухаан хөгжсөн цагаас л палео арт үүссэн гэж болно. 1840-өөд онд Англичууд чулуужсан олдвор олсноор үлэг гүрвэлийг анх мэддэг болсон. Судлаач Ричард Оуэн ийм аварга амьтан байсан байна, динозавр гэж нэрлэе гэж анх зарласан. Европчууд Умард Америкт суурьшсанаар энэ талын судалгаа эрчимтэй хөгжсөн. Хамгийн сүүлийн үлэг гүрвэл 65 сая жилийн өмнө мөхсөн бол хамгийн эртний хүн таван сая жилийн өмнө аж төрж байсан гэдэг. Тэгэхээр хүн төрөлхтний хэзээ ч харж байгаагүй зүйлийг эрдэмтэд судлан, түүнд нь тулгуурлан зураачид дүрсэлснээр бид динозаврыг одоо амьдарч байгаа мэт сайн мэддэг боллоо. Бусад оронд палео арт урлагийн төрөл болон хөгжсөн. Эрдэмтдээс дутахааргүй үлэг гүрвэлийн мэдлэгтэй, судалгаа хийдэг, шинээр тогтоосон төрлийг зурдаг зураач байхад, ийм мэргэжлийнхний бүтээлээс хуулбарлан, хэлбэр, өнгийг нь өөрчлөн зурдаг хэсэг ч бий.

-Тэгвэл Монголд хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?

-Үлэг гүрвэлийн талаар ойлголт, мэдээлэл өгдөг манай ном, сэтгүүлд дандаа гаднын зураачдын бүтээлийг тавьсан байдаг. Мэргэжлийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж, зөвлөгөө авч үлэг гүрвэл зурдаг уран бүтээлч Монголд тун цөөхөн бий. Ихэвчлэн гаднын зураачдын бүтээлээс санаа авч, Монгол үлэг гүрвэлийн онцлогийг шингээдэг. Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Базарваань, зураач Б.Бямбацогт нар энэ чиглэлийн бүтээл олон жил туурвисан. Бямбацогт хүүхэд байхаасаа л зөвлөгөө авч, хажууд суугаад зурдаг байсан учир түүний бүтээл үнэнд ойртдог. Монголд хөгжиж эхэлсэн он цагийг хоёр хувааж үзэх хэрэгтэй. Гаднын зураачдын дүрслэл дээр үндэслэн бүтээж байсан нь 1980-аад он. Энэ үед А.И.Филатова гуайн санаачилгаар үлэг гүрвэлийн барималтай парк байгуулах зорилгоор Монументаль чимэглэлийн үйлдвэрийн уран бүтээлчид баримал урлаж байсан. Заримыг нь Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлуулж байгаад сүүлд Тэрэлжид аваачсан юм билээ. Харин 2000 оноос хойш судалбартай зурж эхэлсэн. Өнгөрсөн онд Монголын хүүхдийн ордны багш, зураач М.Баярнэмэх биднээс зөвлөгөө авч “Үлэг гүрвэл зурж сурцгаая” нэртэй ном гаргасан. Энэ төрлийг сонирхож байгаа зураачид хэний ч хараагүй зүйлийг зурж байгаа учир хариуцлагатай хандаж, судлаачдаас зөвлөгөө аваарай гэж хэлмээр байна. Монгол үлэг гүрвэлээрээ дэлхийд алдартай, удахгүй музейтэй болох учир энэ чиглэлээр зурдаг зураачид их шаардлагатай болно.

-Монголоос олдсон 80 зүйлийн үлэг гүрвэлээс хэдийг нь зурсан бол?

-Яг тэдийг гэж хэлэхэд хэцүү. Нэг үлэг гүрвэлийг олон зурах шаардлагатай. Тухайлбал, нэг амьтан гүйгээд өнгөрлөө гэхэд зургийг нь олон удаа авч байж хөдөлгөөнийг нь гаргадаг. Тэгвэл одоо байхгүй амьтныг аппаратаар авах боломжгүй учир хөдөлгөөнийг нь олон төрлөөр зурж байж хамгийн оновчтой, тэр үлэг гүрвэлийн онцлогийг харуулсныг сонгодог. Цагаан зээр, хар сүүлт зээрийг хальт хараад ялгадагг үйтэй адил зарим үлэг гүрвэл үүд хоорондоо төстэй ч, тэс өөр байх нь бий.

-Гаднын палео арт зураачид Монголоос олдсон үлэг гүрвэлийг зурдаг болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Ямар ч улс үндэстэн, хил хязгаар байхгүй үед үлэг гүрвэл амьдарч байсан шүү дээ. Дэлхийн түүхийг сэргээх нэг л зорилготой учир палеонтологийн олдворыг өмчирхөх хэцүү.

-Зөвхөн судалгаанд тулгуурлахг үйгээр, зохиомжлон зурах нь палео арт төрөлд багтах уу?

-Палеонтологи, дүрслэх урлагийн хоёр салбарын дундаас үүссэн учир кубизм, абстракт зэрэг уран зургийн бүх аргыг хэрэглэж болно.

http://www.mongolnews.mn/i/50061

МУИС-ийн ОУХДС-ийн анхны захирал, доктор Ж.Баясах: Том төрд эрдэмтэн хэрэггүй гэвэл ухаалаг төрд яах бол…

2014-02-20 10:25:53

14220-2t

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Соён гэгээрлийн цуврал” булангийн энэ удаагийн зочноор МУИС-ийн ОУХДС-ийн анхны захирал, доктор Ж.Баясахыг урилаа.

-Үзэл суртлын хаалттай цаг үед та Зөвлөлтөд очиж Хятад судлалаар мэргэшсэн гэсэн. Тэр таны сонголт байсан уу, цаг үеийн захиалга байв уу?

-Би 1973 онд тухайн үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн багшилж байсан орос гуравдугаар сургуулийг төгссөн. Аравдугаар анги төгсөөд Улсын Багшийн дээд сургуулийн түүхийн ангид элсэн орж, 1974 онд Ленинградын их сургуулийн Дорно дахины факультетэд очсон. Тэнд Хятадын түүхийн ангид таван жил суралцсан. Тухайн үед Хятад явах боломж байгаагүй. Ленинградын их сургууль Оросын Эзэн хааны их сургууль байсан. Дорно дахины нэрт судлаач Рерих, Алексеев, Бартольд нар бүгд тэр сургуулийг төгссөн. Монголоос Б.Ринчен гуай сурч, Ц.Дамдинсүрэн багш байнга очдог байсан. Тэнд Стенфордын их сургуулийн жишгээр хэл-түүх, хэл-уран зохиол гэсэн мэргэшлээр бэлтгэдэг. Би хэл-түүхийн ангид сурахдаа таван жил хятад, дөрвөн жил англи, хоёр жил япон хэл үзсэн. Тогтолцооны хувьд Ленинградын их сургуулийн сурах бичгийг уншихгүй бол шалгалтад оруулахгүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Москвагийн их сургууль, Ленинградын их сургууль хоорондоо өрсөлддөг. Аль аль нь манайх илүү гэдгээ харуулах гэсэн нэг юм байгаад байдаг. Бүх чиглэлд тийм бодлого баримтална. Дорно дахины судлалын факультет гэхэд л 50 төрлийн хэл заадаг байлаа. Миний номын дуу сонсч мэргэжил эзэмшсэн гол газар маань тэр.

-ЗХУ манайтай адил Хятадтай харилцаа сайн байгаагүй. Судалгаа, шинжилгээний ажил ямар төвшинд байв?

-Бас л хоёр туйл болчихсон үе л дээ. Хятадтай сөргөлдөх байдалтай. Сонин хэвлэлд Хятад судлалын талаар гарсан ч үзэл суртлын юм нэлээд орно. Гэхдээ хоёр туйл болж хоорондоо тэмцэлдэж байгаа үед зарим талаараа ашигтай. Тухайлбал, Хятадтай харилцаа муу үед манайд судалгаа хөгжсөн бол найрсаг харилцаатай болсноор мартагдсан байх жишээтэй. Манай улс сүүлийн үеийн социалист системийн орнууд, хятад судлал тэр дотроо хятадын үндэсний асуудлыг судалдгаараа илүү байсан. Монголын түүхийг бол хятадууд янз бүрээр гуйвуулж бичдэг байлаа. Түүнд тухайн үед цохилт үзүүлж болдог байсан. Хоёр талын харилцаа муу байсан тэр үед Баруун, зүүн монгол, Ойрад монгол, түүхэн хүмүүсээс Чингүнжав, Амарсанаа нарыгаа үндэсний баатар болгож гаргаж ирсэн шүү дээ. Харилцаа сайн байсан бол тэгэхгүй байсан. 1960 оноос манайд судалгаа хөгжсөн. 1964 онд ШУА-д Ази, Африкийн тасаг гэж байгуулсан бол 1974 онд Дорно дахины хүрээлэн байгуулагдсан. Хятад дахь үйл явдал болон Мао, Маогийнхан гэж олон цуврал гарсан.

-Тэр үеийн судалгаа шинжилгээний салбарт мэргэжилтэн бэлтгэхэд ямар шалгуур байв?

- Хятад судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхдээ МУИС-д хятад судлалын анги нээсэн. Тэнд хэн орох вэ гэвэл, жинхэнэ монгол гарал, угсаатай хүмүүсийг оруулдаг. Эрлийз юм уу, өвөрмонгол гаралтай бол авахгүй. Харин сүүлд хоёр талын харилцаа сайжраад ирсэн чинь хятад гаралтайгаа нуудаг байсан хүмүүс ил гарч ирсэн. Нэг өглөө босоод иртэл бараг бүгдээрээ хятадаар яриад эхэлсэн. Их сонин юм болсон шүү. 1990 оноос өмнө хятад судлалын мэргэжил эзэмшсэн хүмүүс бол жинхэнэ монгол гаралтай. Түүнээс хойш хамаагүй болчихсон.

-Монголдоо гадаад харилцааны ажилтнуудыг бэлтгэх эхлэлийг тавьж, дээд сургууль байгуулсан хүн бол та. Эхлэл нь ямар байв, одоо ямар хэмжээнд хүрч ирэв?

-Манай улс гадаад харилцааны ажилтнуудыг дандаа Зөвлөлтөд бэлддэг байсан. Дэлхий ертөнц өөрчлөгдөөд ирэхийн зэрэгцээ тэднийг дотооддоо бэлдэж яагаад болохгүй гэж гэсэн санаа төрж ОУХС байгуулагдаад 23 жил өнгөрч байна. Өнөөдөр Гадаад харилцааны яамны ажилтнуудын бараг 40 хувь нь манай сургуулийн төгсөгчид. Франц улсад Элчин сайдаар сууж байгаа Батсайхан манай шавь нарын нэг. Хятад судлалаар төгссөн шавь нараас хоёр гавьяат төрсөн. Хүннүгийн түүх, түүхт Шаньюг бичсэн Я.Ганбаатар сая Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо. Олимпизмийг хөгжүүлж яваа Ж.Отгонцагаан байна. Одоо манай сургуулийн багш нар гэхэд дандаа бидний бэлтгэж төгсгөсөн шавь нар бий. Олон улсын харилцааны сургууль хамгийн их орлоготой, гадаадаас оюутнууд их ирдэг. Нэг хуваарь дээр 1500 хүүхэд өрсөлддөг, багш нарын олонхи нь 2-3 хэлтэй, бүх мэргэжлийн сурах бичгүүдтэй болсон сургууль байгаа юм.

-Та өмнөд хөршийн дотоод асуудлыг анхаардаг байх. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс сонирхуулаач?

-Ирэх наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд ирж магадгүй байна. Тэрээр БНХАУ-ын дарга Ху Жин Таогийн орлогч байх­даа манай улсад анх удаа гадаад томилолт хийсэн. Угсаа гарвалын хувьд Шаньси мужийн хятад хүн. Гаднаас нь харахад монгол төрхтэй, монголжуу царайтай. Хятадын мужуудын нэрийг Юань улс, Хубилай хааны үед өгсөн юм. Шаньси муж гэдэг нь Уулын баруун гэсэн нэр болно. Мөн Уулын зүүн, Голын хойно, Голын урд, Нуурын хойно, Нуурын өмнө гэж нэрлэсэн мужууд бий. Манайд ирэхийг урьсан хүмүүс их төлөв Шаньси мужаас ирэгсэд байдаг. Тэнд Хятадын Алтан улс, Бээжинг эзлээд захирагчаар нь Мухулай жанжин сууж байсан. Мухулай жанжны үр сад Шаньсид амьдардаг. Тэгвэл БНХАУ-ын дарга сая Цагаан сарын баяраар Шаньсид очсон. Тэгэхээр монголтой холбоотой байгаа биз. Мухулайн хойд удам ч юм бил үү, бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс айлчлал нь үр дүнтэй болоосой.

-Хятад судлалын хү­рээнд Тайванийг судал­сан тухайгаа бичсэн таны нийтлэлийг уншиж байсан. Сүүлийн үеийн мэдээллээс сонирхуулахгүй юу?

-Тайвань манайтай адил 1990-ээд оноос ард­чилал эхлүүлсэн. Мөнхийн төр барьж бай­сан Гоминьдан нам нь тэр үед Шинэ ардчилсан намд ялагдсан юм. Ингэснээр нэлээд өөрчлөлт гарсан. Манай улстай бол 1946 онд дипломат харилцаа тогтоосон. Гэтэл хүлээн зөвшөөрснөө таг мартаад Шинэ ардчилсан нам гарч ирэхдээ дахин Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн. Их сонин түүх шүү. Тайвань намайг тоогоод уриад байгаа юм биш. Өнгөрсөн намаржин урд хөрш намайг урилаа. Тэнд өрсөлдөөн яваад байхаар бид бас тоохгүй байж болохгүй гэж үзэж ихээхэн урьж залж байх шиг.

-Манайд Хятад судлалаар ажиллаж байгаа эрдэмтэн олон биз?

-Олон бий. Зөвхөн миний бэлтгэж гаргасан шавь нар гэхэд л 300 хүн байна.

-Нэрд гарсан нь хэн байна?

-Би юм байлгүй дээ. Надаас өөр доктор, профессор байхгүй \инээв\.

-Одоо Хятадын гадаад бодлогын тухай ярилцъя.Маогийн бодлого одоо ч үргэлжилж байна гэсэн таны илтгэл нэлээд шуу­гиан тарьсан гэж сонссон?

-Дэлхийн Хятад судлаачдын уулзалт 2011 онд болж монголоос би оролцсон юм. Хятад хүний хувьд улсынхаа гадаад бодлогыг бич­дэггүй, хаалттай сэдэв. Тэнд хагас өдөржин миний илтгэлийг ярьсан. Монгол хүн очоод Хятадын гадаад бодлого тэр нь буруу, энэ нь зөв байна гэхээр дургүй нь хүрдэг юм байгаа биз дээ. Харин Хятадын бодлого өөрчлөгдөж байгааг уулзалтад оролцогчид бүгд хүлээн зөвшөөрсөн. Мао Зэдуны гаргаж байсан гадаад улс төрийн бодлого хэвээрээ байгаа, онцын өөрчлөлт гарсангүй гэдэгт хятадууд ихээхэн эмзэглэж “Манайх өөр болж байгаа” гэж байсан. “Тэгвэл юу нь өөр болж байгаа юм бэ” гэж асуухад хариулж чадаагүй. Удахгүй Кун Зын 2250 жилийн ой болно. Ирэх есдүгээр сард болох тэр хуралд монголоос намайг урьсан, би хариугаа саяхан явуулсан. Юань улсын үеэс монголчууд Хятадыг, тэр дотроо Кун Зыг судалж байсан тухай илтгэл тавина. “Дөрвөн ном, таван бичиг” гэж Кун Зын зохиол байдаг юм. Тэр маш өргөн түгэн дэлгэрсэн. Манай УИХ-ын гишүүд Кун Зын зохиолоос ишлэн “Биеэ засаад төрөө зас” гэж хэлэх их дуртай. Түүнийгээ “Монгол ардын зүйр цэцэн үгэнд” гэж байгаад ярьж байгаа юм. Тэгэхээр тэр хүнд ямар боловсрол байна вэ. Төрийн түшээд тэгж дуугарах ёстой юу, үгүй юу. Тиймээс Кун Зыг бид сайн судлах ёстой. Дээр үеэс судалж байсан ч хаягдчихсан. Түүнийгээ үргэлжлүүлэх хэрэгтэй байна.

-Урд хөршийн гадаад бодлоготой уялдуулж, хойд хөршийн тухайд танд ямар дүгнэлт байна?

-Хойд хөрш том улс байсан, задарсан. Хүч чадал нь дорой болсон, нэг хэсэг. Тэгвэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөөд ирэхийн хамтаар эдийн засаг нь өндийж байна. Байгалийн хий, газрын тосоор Европ-Азийг хангаж байгаа шүү дээ. Одоо эдийн засаг нь гайгүй болсон. Гэхдээ Сибир, Алс Дорнодын оросууд нь өөр. Бидний гайхдаг дулааны цахил­гааны станц нь л гэхэд уурын зуухаар явж байна. Хоцрогдчихсон байна шүү дээ. Гэхдээ түүнийгээ ойлгочихсон шинэчилж байна. Одоо ОХУ 89 субьекттэй, зарим нь салах магадлал өндөр. Тухайлбал, Казахстан, Тажикстан, Татарстан, Башкирстан байна. Яагаад гэвэл том ах нь зангарагаар барих гэж оролдож байгааг “дүү” улсууд эсэргүүцэж байна. Тиймээс Чеченьд хоёр ч удаа дайн боллоо. Чеченүүд Оросын сайн, муу бүх юмыг гартаа атгачихсан. Тэгэхээр ОХУ цаашаа дахиад задрах магадлал их бий. Одоохондоо дэлхийн зах зээл дээр түүхий эд ихтэй байгаа учраас гайгүй байгаа ч ерөнхий бодлого нь алдагдаж байна.

-Хойд хөршийн манайд хандаж байгаа харилцааг та юу гэж харж байна?

-Манайхыг тоохгүй л байна шүү дээ. Хар л даа, Ерөнхий сайдыг маань хүлээж авахгүй байгаа биз дээ. Ерөнхийлөгчөөс ч цэрвэж байгаа. Америк боловсролтой, америкийн талыг ба­рим­талдаг хүн гээд уулзахгүй байна. Энэ бас л нэг юм өгүүлж байгаа юм.

-Тэгвэл Монгол Улс маань даяаршиж байгаа дэлхий ертөнц, ойртон дотносч буй олон улсын харилцааны альхан талд явна вэ?

-Аз түшихэд бид аль нэг талыг нь барихгүй гэсэн номлолоор явж байгаа шүү. 1994 оноос хойш манай улс ийм бодлого гаргасан. Тиймээс туйлшрахаа больсон. Аль алинтай нь эвтэй харилцахад анхаарч ирсэн. Гэтэл манай гадаад бодлого босоогоор хөгжиж байна. Миний хувьд босоо, хэвтээ тэнхлэгийг ижил хэмжээнд авч үзэх ёстой. Гадаад бодлогод “Хүчтэй нь хүчгүйгээ барьдаг” байгалийн хууль үйлчилж байна. Манай улс Баруун Европ, Ази Номхон далай руу харилцаагаа сайжруулж байж хүчтэй тэнцвэрийг олно. Гэтэл гадаад бодлогын үзэл баримтлалдаа алдаад бай­на. Яагаад гэвэл суд­лаачдынхаа үгийг сонсдоггүй. Тохиолдлоор дарга болсон хүмүүс бодлого тодорхойлж, тэдний амаар яваад байна. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлал маань судалгаанд суурилаагүй. Тиймээс гуравдагч хөрш гэж хийсвэр зүйл ярьж байна. Бөөрөөрөө нийлсэн хэдэн улс л хөрш байхаас хаа хамаагүй далайн чанад дахь улс хөрш биш түнш байхгүй юу. Хөрш гээд ярихаараа манайхан урд хойноо очиж амаа таглуулчихаад ирдэг.

-Энхийг сахиулах үйлсэд оролцсоноор манай улсын нэр хүнд өсч байгаа. Гэхдээ бусад улсууд ямар дүн тавьж байгаа бол?

-Энхийг сахиулах үйлсэд манай улс идэвхтэй оролцож байна. Дэлхийн халуун цэгүүдэд очдог хамгийн үнэтэй, тэсвэртэй улс бол монгол цэргүүд. Малд нүдтэй гэдэг шиг орж гарсан хүмүүсийг анддаггүй. Гэтэл монголчууд тийм гайхалтай гэдгийг хөрш хоёр орон маань бичихгүй байна шүү дээ. Энэ нь дургүй байна гэсэн үг. Гадаад ертөнцөд монголын нэр суга өсч байгаад дургүй байна шүү дээ, хоёр хөрш маань. Тэгэхээр болгоомжтой хөдөлж, хэлэх үгээ ч бодож хэлж байх ёстой.

-Ингэхэд МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтад та байнга оролцдог. Олон нийтийн зүгээс ч таныг болоосой гэж хүлээж ирсэн. Гэвч томилгоо нам, улс төрийн угшлаар хийгддэг. Сайн, муу талыг нь та хэрхэн цэгнэж байна?

-Дэлхийн их сургуу­лиудын рейтинг гэж бий. Тэр жагсаалтын 16 мянгад нь манайх явж байгаа, хариугүй байгаа биз. Их сургуулиудын холбоонд манайх Дэлхийн II дай­ны дараа элссэн. Хятадын дээд сургуулиуд бүртгүүлээгүй байхад бид түрүүлээд орчихсон. Гэтэл Шаньдуны их сургууль өнөөдөр дэлхийн их сургуулиудын жагсаалтын 100-д орчихсон явж байна.

Дээхнэ үед манай их сургуульд Дорж гэж сүрхий ректор байлаа. ОУХДС-ийн захирлаар ажиллаж байсан юм. Бид хоёр Ази, Номхон далайн орнуудын төрийн сургуулиудын захирлуудын хуралд хэд хэдэн удаа хамт оролцсон. Гурван хуралд дараалж оролцсоны ачаар Ази, Номхон далайн 34 их сургууль МУИС-ийн дипломыг хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ том амжилт. Гэтэл дэлхийн их сургуулиудын жагсаалтад байраа ахиулж чаддаггүй. Тиймээс юм хийх хэрэгтэй байна. Энэ үүднээс би захирлын сонгон шалгаруулалтад оролцдог юм. Харамсалтай нь манай боловсролын салбарт улс төрийн нөлөө ороод ирчихсэн.Тухайлбал, С.Төмөр-Очирыг МАН нь томилсон. Би бол АН-ын хүн. Гэтэл одоо Л.Гантөмөр сайдын үед Японд сургууль төгссөн хүнээ захирал болгож байна. Өмнө нь нутгархдаг байсан бол одоо сургууль төгссөн газраараа нэгдэж нийлдэг болчихож. Салбар сургуулийн захирлууд ч тийм болж байна. Японууд хүртэл ярьж байна “Манайд сургууль төгссөн хүмүүс Монголын боловсролыг атгаж байна” гэж. Гэтэл улсын ирээдүй чинь боловсрол шүү дээ. Гэхдээ ректорын сонгон шалгаруулалтад орох тоолонд миний санал болгож байсан зүйлүүд хөтөлбөрт нь ордог. Би захирал болоогүй ч миний урд орсон хүмүүс дэвшүүлсэн саналуудыг маань хэрэгжүүлээд явж байгаа. Тэр нь боловс­ролын салбарт, сургуульд маань ашигтай юм даа.

-МУИС шинэчлэл хийж, тэр нь ихээхэн хэл ам татлах болсон. Эхлүүлээд байгаа ажил нь зөвхөн их, дээд сургууль гэлтгүй, Монголын боловсролын салбарт ямар үр дүн авчрах бол?

-Бүтээх хэцүү, нураах амархан. Хэр тогтвортой байх вэ гэдгээс их юм шалтгаална. ОУХДС-ийг байгуулчихаад би 20 жил сахисан. Дипломат болж гадаадад суу гэхэд нь яваагүй. Явчихвал сургууль маань тарчих гээд байсан. Өнөөдөр харин тогтвортой байна. Зарим нь намайг “Шаварт унасан шарын эзэн” энэ тэр гээд шоолонгуй ярьж, бичдэг ч хамгийн гол нь сургууль маань улсад хэрэгтэй юм. Олон жилийн түүхтэй дипломатын академи Авст­рийн Вена хо­тод төвлөдөг бол манайх тэнд болдог их сургуулиудын хуралд 17 удаа оролцсон, Азийн гадаад харилцааны 45 их сургуулийн жагсаалтад эхний наймд ордог. Шинэчлэлийн тухайд бол МУИС энэ намаржин туйлширсан. Бүтцийн өөрчлөлт хийгээд таван сургуультай болсон. “Сургуулийн удирдлагад итгэл хүлээлгэх үү” гэсэн санал асуулга ихээхэн явагдлаа. 80 хувь нь “үгүй” гэсэн. Тиймээс байдлыг харья. Их сургууль гэдэг орвонгоор нь эргүүлчих газар биш, хэдэн зуун жил явж ирсэн уламжлал шүү дээ.

-Монгол-Хятадын харилцаанаас та юу анзаардаг вэ?

-Хятадууд манай улсыг өөрсдийн эсрэг гурван улсын нэг гэж үздэг. Тэр нь Америк, Япон, Монгол. Яг энэ хэмжээгээр мон­голчуудаас сэрэмжлүүл­дэг. Манайд дөрвөн жил болоод бодлого нь солигддог, төр нь тогтвор­той биш. МАН төр барьж байхдаа 350 сая ам.доллар аваад сонгуульдаа зарцуул­чихсан. “Саус Гоби Сэндс”-ийн захиалгаар урд хөршид хагас жил нүүрсээ үнэгүй өглөө. Өр нь одоо л дарагдаж байх шиг. Тэгэхээр монголд парламентын засаглал хэрэгтэй юу гэдгийг бодох цаг болсон. Дөрвөн жилийн эхний жил нь ажлаа судална, дараагийн жилд овоо болно, гурав дахь жилээс ирэх онд сонгуультай гээд Сонгуулийн тухай хууль яриад явчихдаг учраас төрийн ажил цалгарддаг. Ийм учраас би “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжиж байгаа. Одоо шинэчлэлийн Засгийн газар тийм байж чадахгүй байна шүү дээ. Хэзээ ухаалаг болох юм бол, хэзээ монголчууд үндэсний сэхээтэн, дотоодынхоо эрдэмтэй хүмүүсийг дээдэлдэг болох вэ. Бид зүгээр нэг тэмцээнд ороод медаль авсан хүнээс дор байна шүү дээ.

-Та судлаач болохын тулд таван жил хятад хэл үзсэн гэсэн. Дэлхийн том зах зээлийн нэг болсон энэ хэлийг сурахад хялбар арга гэж байна уу?

-Дэлхийн тэрбум 300 гаруй мянган хүн энэ хэлээр ярьж байна. Зүүн өмнөд Азийн AСЕАН-ны орнууд Сингапур, Малайз, Тайландын ихэнх нь хятад гаралтай улсууд байгаа шүү дээ. Тэгэхээр бид өмнөд хөршөө эртнээс судалж эхэлсэн байгаа юм. Гэхдээ хятад хүний ухааныг ойлгоход хэцүү. Манайх шиг ойворгон, гэнэн цайлган биш. Сэтгэхгүй нь өндөр. Нэг жишээ хэлье л дээ. Хятадууд “Ууланд авирах амархан, буух хэцүү” гэж ярьдаг. Тэгвэл манайхан эсрэгээр хь “Ууланд авирах хэцүү, буух амархан” гэх жишээтэй. Тэгэхээр 100 хувь өөр байгаа биз. Тэнд огт өөр соёл, өөр бодлого явж байна. Манайхан урд хөршөө сайн судлахын тулд хэлийг нь сурах хэрэгтэй. Ганц хятад гэлтгүй хоёр хөршийнхөө хэлийг сайн сурч, найрсаг харилцаатай байх ёстой. Хэлэн дотроо аливаа ул­сын ухаан нь явж байдаг. Хятад хэлийг сурахад яриа­ны хэлийг амархан сурч болно. Бичиг үсэг гэвэл 56 мянган ханз байна. Түүнээс 5-6 мянгыг нь мэдэж байж боловсролтой хүнд тооцно. Бичгийн хэл нь өөр. Ихэнх багш цээжлэх сайн, гартаа оруулж нүдэндээ дасга гэдэг. Гартаа оруулна гээд цээжилдэг, бичих гэхээр гарт ороогүй уч­раас болдоггүй. Тэгэхээр аль ч хэлийг өөрийн хэрэглээ талаас бодох ёстой. Бизнес хийдэг хүн бол ярианы хэлтэй байхад болчихно. Түүх судлах бол эхлээд ном сурвалжийг нь үзэх хэрэгтэй.

-Ингэхэд Сүхбаатар аймгийн музей дэх нутгийн алдартнуудын буланд “Нэг гэр бүлээс төрсөн гурван эрдэмтэн” гээд танай гэр бүлийн тухай өгүүлсэн байсан?

-Миний аав Жамсран гэж Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хүн байлаа. Харин дүү Ж.Урангуа маань Их сургуулийн түүхийн тэнхимийн профессор. Бид гурав нийлээд шинжлэх ухааны холбогдолтой 50 ном бичсэн. Улсынхаа оюуны салбарт оруулсан хөрөнгө оруулалт юм даа.

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1402&code=3438

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонго: Би бага сага юм бичдэг л хүн

db96ac4934c047c3big

2014 оны 1 сарын 19

Энэ удаагийн дугаарын зочноор МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Эрдэнэсолонгыг урилаа.

-Саяхан “Ирээдүйн дурсамж” номоо гаргаж, зохиогчийн гарын үсэгтэй худалдаагаар нээлтээ хийсэн нь хүмүүсийн анхаарлыг татлаа. Ингэхэд номоо яагаад ингэж нэрлэв, ямар хугацаанд бичив?

-Сүүлийн 15 жилд бичсэн шүлэг, өгүүллэгүүдээ эмхэтгэж ном гаргалаа. Номд “Ирээдүйн дурсамж” гэсэн өгүүллэг бий. Тэр өгүүллэг энэ номын утга санааг бүрэн илэрхийлж чадна гэсэн утгаар нь ингэж нэрлэсэн юм. Товчхон хэлбэл өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт би байна. Би гэдэг бид юм. Бид гурван цаг дээр оршин байж амьдрал үргэлжилдэг. Бид өнгөрснийг өнгөрсөн гээд мартах гээд байдаг. Ирээдүйг ирээгүй цаг гэж ойлгодог. Гэтэл үгүй юм. Өнгөрснөөс бидний өнөөдрийн амьдрал шалтгаална. Өнөөдөр бид ямар байхаас ирээдүй маань хамаарна. Энэ гурван цаг зэрэгцэн байдаг, тэрхүү хамаарлын тухай “Ирээдүйн дурсамж”-д өгүүлсэн.

-Хүмүүс их төлөв номын нээлт хийдэг. Та болохоор гарын үсэгтэй худалдаагаар номоо хүмүүст хүргэх, сурталчлахыг гол болгосон байна?

-Юм бичдэг, ялангуяа ном гаргаж байгаа хүмүүсийн хувьд арай өөр жишиг, өөр хандлагыг болсон болоогүй тогтоох гээд зорьж зүтгээд байгаа юм. Өнөөдөр яруу найраг шиг үнэ цэнэгүй, яруу найрагч шиг хүндгүй хүн байхгүй болчихоод байна. Энэ бас үнэ цэнэтэй юм шүү, арай өөр орчинд, арай өөр байдлаар яруу найргийг ойлгож мэдрэх ёстой юм шүү гэсэн сэдлээс иймэрхүү зүйл хийгээд яваа юм. Түүнээс биш бусдаас онцгойрох гээд, эсвэл мундаг нэр хүнд олж сүрхий хүн болох гээгүй л дээ.

-Аливаа зүйлд боловсролын тухай их ярьдаг. Тухайлбал, сонгогчдын боловсрол гээд цөөнгүй ярьдаг, түүн шиг утга зохиолд уншигчдын боловсролын тухай та юу хэлэх вэ?

-Харилцан адилгүй байгаа. Ганц утга зохиол ч биш, ерөөсөө манай урлагийн салбарт ялангуяа шинийг сэдэж, бүтээж байгаа хүмүүс өөрсдөө маш их боловсорсон, олон талын мэдлэгтэй байж тэр чиглэлд маш их зүйлийг уншиж, мэдсэн ийм уншигчтай байгаа гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Өнөөдөр масс харанхуй хар, юм уншихгүй байна гэж ярьдаг. Би хувьдаа үүний эсрэг бодолтой байдаг юм. Яахав, нэг хэсэг нь хошин шогоо үздэг байх, тэрийг үгүйсгэхгүй. Хошин шог үзсэнийх нь төлөө юм уу, зохиолын дуу сонссоных нь төлөө тэднийг буруутгаж болохгүй. Гэхдээ миний л уулзаж учирдаг хүмүүсийн олонхи нь маш их юм уншсан боловсролтой хүмүүс байдаг. Хоёр, гурван хэлний мэдлэгтэй, харьцуулаад уншчихсан, тэгээд утга зохиолыг бүр хуучны гэдэг юм уу, тэндээс нь эхлээд уншаад ирсэн, шинэ хандлагуудыг нь ч мэддэг, мэдэрдэг болчихсон хүмүүс олон байна. Тэгэхээр уншигчдыг учиргүй хар бороор нь дуудаад байх хэрэггүй юм. Харин эсрэгээр зөвхөн уран зохиол ч биш урлагийг бүтээгчид өөрсдөө маш их боловсрох, оюун санааг чирж явдаг гэдэг утгаараа өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаарах ёстой юм уу гэж бодогддог.

-Гэхдээ л сүүлийн үед мэргэжлийн зохиолч гэж их ярьдаг, уран зохиол бол дээгүүр төвшний ойлголт ч гэдэг юм уу нэг тийм дээр доорын тухай яриа их газар авч байна?

-Уучлаарай, би нэг тэнэг юм ярих уу.

-Заавал ч ухаантай юм ярих албагүй л дээ..
.
-Би энэ мэргэжлийн зохиолч гэдэг үгийг сонсохоор мэргэжлийн янхан гэж байгаа юм шиг эвгүй санагдаад байдаг юм.

-Яагаад…

-За, их онцгүй жишээ авчих шиг боллоо. Тухайлбал буу байна. Ямар ч төрлийн буугаар буудахад хүнийг амин газар нь оносон л бол хөнөөх чадвар нь нэг. Гар хийцийн тайрмал винтов, цахиур буу эсвэл “Кольт”, “Вальтер” аль нь ч байсан хүнийг чамархайд нь тулгаж буудахад нам болно. Асуудал буунд биш хүндээ байна. Буудагчийн үзэл бодол, авьяас мэдрэмж, зөн билиг, мэргэн цэцэн байдал дадал зуршил гээд олон юм хэлж болно. Хүн алсан хүнийг ямар хүн байсан, хаана сургууль төгссөн, ямар дээд төвшний нөхөр, баян ядуу байсан эсэхээс нь үл хамаараад алуурчин л гэдэг. Үүнтэй адил зохиолч л бол зохиолч. Тэгэхээр толгой эргүүлээд байх хэрэггүй юм. Харин сайн муу зохиолч, сайн муу зохиолын тухайд бол жичдээ ярих ёстой байх. Уран зохиолыг, тэр тусмаа яруу найргийг би тун энгийн хэрнээ маш их адармаатай зүйл гэж боддог.

-Сүүлийн үед юу хийж байна?

-Ёстой нөгөө цонхоороо хараад сууж байна гэдэг билүү. Тэрийг л хийж байна.

-Яруу найраг бол боловсролтой уншигчийн хүртэж мэдэрдэг зүйл гэж саяхан нэг уран зохиолын нэвтрүүлэгт хөтлөгч залуу нь давтан хэлээд байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-Мэдээж боловсорсон байх ёстой. Боловсрол гэхээсээ илүү гэгээрэл шахуу юм уу даа. Үнэндээ бол яруу найргийг ойлгоход дээд сургууль төгссөн диплом төдийлөн ач холбогдолтой биш байх. Жишээ нь, Б.Явуухулангийн “Мөнгөн хазаарын чимээ” гэж шүлгийг хүмүүс мэднэ дээ.

“…Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана” гэдгийг ойлгоход дээд сургуулийн улаан диплом лав хэрэггүй. Зорин ирэх амрагаа хүлээхэд мөнгөн хазаарын бүдэг чимээ онгон зүрхийг цочоон баясгана гэж. Тэр шөнө нэг л гоё юм болох нь. Өвөл, гадаа уяан дээр гарсан тийм бүдэг чимээнд яахаараа зүрх цочдог байна аа. Үүнийг ойлгоход боловсролоос илүү хүнд дурлаж үзсэн, хүлээж үзсэн, шатаж шаналж явсан зүрх сэтгэл л чухал байх. Бичлэгийн ур чадвар, туурвил зүйн арга барил зохиогчийн хувь онцлогоос хамаараад тодорхой мэдлэг, төвшин шаарддаг тийм зохиолууд бол мэдээж байна. Интернэтэд, миний мэдэхийн номтой холбоотой 20 гаруй групп байна. Тэдний заримтай нь уулзалт хийж байхад номонд дуртай залуус тийм зохиолыг бичигдсэн хэл дээр нь уншаад янз бүрээр задалж яриад сууж байна. Энэ бол бахархмаар зүйл биз дээ. Явж явж зохиолчид өөрөө өөрсдийнхөө юмыг уншдаггүй юм биш үү.

-Өнөөдөр манай уран зохиолд юу үгүйлэгдэж байна вэ?

-Сайн зохиол…

-Зохиолч биш үү?

-Тэгж хэлсэн ч болно. Хүн болгон яриад шүүмжлээд л хөөсрөөд байдаг. Үнэн хэрэгтээ яг гол зүйл нь орхигдчихсон.

-Үүнд хэн буруутай вэ?

-Магадгүй би, бидний үеийнхэн буруутай байж мэдэх юм.

-Яагаад…

-Энэ шүүмжлэл надад ч бас хамаатай гэдгийг дахиад хэлчихье. Би хуучинсаг хүн биш. Гэхдээ бид өнгөрсөн үедээ, байгаа өвдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Байхгүйг нь бий болгоод явах үүрэгтэй. Зурагтаар хааяа уран зохиолын тухай нэвтрүүлэг, тэр талын яриа хөөрөө хардаг. Дөнгөж 20 хэдтэй хүүхэд уран зохиолын тухай мундаг мундаг том дүгнэлт хийгээд Явуу, Нацагдорж эд нар гээд л үеийн юм шиг ярьж байгаа биз. Арай л мангар бацаанууд гэж тэднийг хэлэхгүй юм. Шинэчлэл ярьж байгаа дөнгүүр сэхээлэг хэсэг нь шүү. Баруун солгойгүй, хальт мөлт хэдэн юм гүйлгэж хараад, бас болоогүй нэг хүж барьсан багштай, тэгээд л одоо чухам өөрчилнө шинэчилнэ гэж дэвж шаваад эхэлдэг. Юу ярьж байгаагаа өөрөө ч ойлгоогүй нүдтэй. Энэ бол жинхэнэ зохиолч. Тэр бол тэнэг мулгуу гээд эхэлнэ дээ. Дуу хоолойных нь дээрэнгүй, өөртөө эрдэж бардсаныг нь яана.

-Заавал тэгж дөвчигнөх шаардлагатай юм уу?

-Шинэчилнэ ээ, угаасаа. Бид цоо шинэ хүмүүс. Дөвчигнөхөө хүрвэл хэнээр ч заалгахгүй. Гэхдээ нэг учир байна. Шинэ үеийн төлөөлөл болсон хэд нь уран зохиолд ухаалгаар зэрэгцэн орших, нэгнийгээ хүлээн зөвшөөрөх тал дээр үнэндээ учир дутагдалтай байна. Дээр нь сүүлийн үед зарим залуус “Миний уран зохиолыг сүйтгээд хаячихлаа” гэж ирээд л уйлан дуугараад байдаг болсон. Эсвэл уран зохиол ийм тийм байх ёстой, жинхэнэ, хулхи, ориг энэ тэр гээд нөгөө хуучны цензур маягийн зүйлийг хэдхэн хүн өөртөө тохируулж яриад байх болсон. Биднээс өмнө байсан, биднийг үхсэний дараа ч байх зүйлийг тэгж өмчлөх хэрэггүй. Уран зохиол бол бидний хувьчилж авсан хашааны газар биш. Өнөөдөр уран зохиолд орж ирж байгаа залууст яаж сайн зохиол бичих вэ гэж санаа зовохоос илүүтэй утга зохиол дагасан энэ бүлэглэлүүдийн алинд нь багтах вэ гэдэг толгойных нь өвчин байж болохгүй биз дээ. Тийм л эрүүл биш орчин, эрүүл биш хойч үеийг бид өөрсдөө бэлдэж байна. Юу тарина, тэрийгээ хурааж авна гэдэг биз дээ.

-Нээрээ зарим ахмад уран бүтээлчдийг хуучны соц, улаан коммунист, үзэл суртлын машин бараг гаж донтон гэж хэлээгүй байгаа даа, бурхан минь?

-Яахав, эрүүл сайн шүүмж бол байж болно, хэн ч маргахгүй. Угаасаа манай уран зохиолд тэр чигээрээ үзэл сурталжсан бүхэл бүтэн 70-80 жил байсан юм чинь. Р.Чойном, за тэгээд дэглэмтэй ил далд тэмцсэн нэр бүхий хэдэн эрдэмтнийг эс тооцвол бүгд л цаг үеээ аялдан дагалдсан. Тэгэхээс ч өөр арга байгаагүй байх. Харин одоо, өнөөдөр тэр бүхнийг шүүмжлээд цээжээ дэлдээд байгаа зарим нөхөд өөрсдөө тэр аймшигтай харгис тогтолцоон дунд, яг тухайн цаг үед амьдарч байсан бол ямар өөдгүй аймхай, хөгийн матаачид байх бол гэж хааяа боддог. Ер нь тэгж ярьвал 90 оноос өмнө төрсөн бүх хүмүүс л гурван төрд нүүртэй гэдэг шиг ямар нэгэн хугацаагаар хоёр тогтолцоо дамнаж амьдарсан улсууд шүү дээ. Өмхий гээд бөгсөө ухалтай нь биш.

-Зохиолчид чинь…?

-Энэ асуултыг тавихаас өмнө нэг зүйлийг бага зэрэг тодруулаадахъя. Миний хувьд зохиолч, уран бүтээлч, уран бүтээл гэдэг үгийг шууд хэрэглэх, ялангуяа өөртөө хамаатуулж ярихаас санаа зовдог. Хүн “Чи юу хийдэг вэ” гэж надаас асуувал “Би бага сага юм бичдэг хүн ” гэж хэлдэг. Яагаад гэвэл, уран бүтээл гэдэг нэр өөрөө их өөр ойлголт юм. Моцарт дөрвөн настайдаа анхны хөгжмөө бичсэн гэдэг бил үү. Түүнээс хойш хүмүүс түүнийг 258 жил сонсч байна гэдэг ч юм уу. Эсвэл Ван Гогийн зургууд хэдэн зууны настай билээ. Ийм шандас сайтай “давхил хол”-той, цаг хугацааг туулах чадвартай бүтээлийг уран бүтээл гэдэг. Тэгэхээр “Миний уран бүтээл”, “Би урын сандаа” гэхчлэн ярих нь надад лав зохимжгүй санагддаг. Ер нь миний л хувьд энэ зохиолч, зураач, хөгжмийн зохиолч гэдэг нэр их том санагддаг.

-Өмнөх асуултаа гүйцээгээд асуучихья. Зохиолчид чинь ямар сонин улсууд юм бэ гэж сая гайхлаа. Нацагдоржийн хөшөөг зөөлөө. Нэг нь ч үгээ хэлсэнгүй?

-Ёстой бүү мэд дээ. Д.Нацагдорж орчин цагийн уран зохиолыг үндэслэгч гэдэг билүү. Миний Нацаг, агуу Нацаг гэж дэвж шавдаг хүмүүсээс энэ асуултыг асуух нь зөв байх. Миний л хувьд Д.Нацагдоржийн хөшөөг Улаанбаатарын биеэ үнэлэгчдийн цугладаг байсан газарт зөөж “хаяхад” сайхан санагдаагүй. Болж байгаа юм биз. Зөвхөн энэ ч биш бас бус олон зүйлд дуугүй өнгөрч болмооргүй санагддаг. Тухайлбал, СГЗ, орчуулагч Г.Аким гуайн талаар ямар муухай юм явав аа. Өөрөө бачуураад, бүр зүхүүлэгч Г.Аким гэж байгаад бухимдлаа бичсэн байсан. Би энэ талаар хувийн бодлоо бичье гэж бодож байгаа.

-Бас нэг асуулт байна. Бид ингэхэд ер нь ямар бахархалтай хүмүүс вэ. Хааныхаа төрсөн газрыг ухах гэж байна. Алтны төлөө шүү дээ. Энэ сэдвээр манай сонин их бичлээ?

-Ном уншдаггүй, дуу дуулдаггүй огт юу ч зохиодоггүй жирийн хүн байсан ч гэсэн бид агуу их түүх, соёлыг тээж төрсөн, өвлөж авсан улс. Гэтэл тэр бахархлууд нь сурах бичиг дээр ч төдийлөн байдаггүй, эцэг эх нь ч хүүхдэдээ хэлдэггүй, ер нь хэн ч ярьдаггүй. Эх оронч үзэл, бахархал гээд ярихаар хэдэн муусайн хужаа нар гээд үзэн ядаад байдаг. Бид тэднийг муулж болно. “Манай газрыг ухлаа, байшин барилаа, алт зөөлөө” гээд. Тэднийг зүхэхээс өмнө монгол хүнтэйгээ эхлээд ярих ёстой. Хэрэв хилээр нэг ч хятад орж ирдэггүй байсан бол хэзээ ч тэд Монголын алтыг ухахгүй. Зуун хятад оруулж ирээд барилгаа бариулчихаад яг тоогоор нь буцаагаад гаргадаг байсан бол тэд энд үлдэхгүй. Тэдний ард дандаа монголчууд байгаа. Асуудал тэдэнд биш бидэнд байна. Бусад улс орон яагаад огт байгаагүй хааныг байсан болгож кино хийгээд хойч үеэрээ бахархуулах гээд байна вэ. Манайх болохоор яагаад түүхэнд байсан хаанаа үгүй хийж архин дээр зургийг нь наагаад дуусгаж байна вэ. Ингээд шүүмжлэлтэй хандах юм бол их харамсалтай санагддаг. Хааны нутгийг ухахын тухайд ёстой нөгөө нүд улаан мөнгө цагаан гэдэг л болж гэж ойлгосон. Газар бол улсын үндэс гэж Модун Шанью хэлсэн. Тэр үнэн. Гэхдээ газар шороогоо хайрлах хайр, тэр бахархал, эрх чөлөөгөө мэдрэх мэдрэмж бас улсын үндэс юм. За ингээд хадуураад эхэллээ. Хоёулаа яриагаа дуусгах уу.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

http://art.news.mn/content/168124.shtml

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин

МЗЭ-ийн гишүүн, “Алтан өд”-ийн шагналт яруу найрагч Г.Баяр: Өөрөө өөрийнхөө ертөнцөд өөрийнхөө хөг аялгуугаар хөгжимдөх шиг сайхан юм байхгүй

ed297dc9d33bb0edbig

МЗЭ-ийн гишүүн, “Алтан өд”-ийн шагналт яруу найрагч Ганболдын Баяртай ярилцлаа.

-Сайн байна уу. Та өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог ихтэй байв уу?

-Оны эхээр “Эх орон тусгаар тогтнолын наадам”-д орж тусгай байр, хайрын “Цагаан уул” наадамд тусгай байр эзэлж, шинэ оноо тусгай байруудаар эхэлсэн. За тэгээд О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон- Оюун санаа- Яруу найраг” наадмын тэргүүн байр, “Алтан өд” шагнал хүртэж тэргүүн байруудаар оноо төгсгөлөө. “Танихгүй цэцгийн үр” номоороо “Алтан өд” шагнал хүртлээ. Бас хамгийн сайхан үйл явдал гэвэл МЗЭ-ны 85 жилийн ойгоор МЗЭ-ны гишүүн болсондоо бэлэгшээж байгаа.

-Яруу найргийн төрлөөр шилдэг болж “Алтан Өд” шагнал хүртсэн “Танихгүй цэцгийн үр” ном ямар онцлогтой вэ?

-Их эрэл хайгуул хийсэн ном. Монгол сэтгэлгээ, орчин үеийн сэтгэлгээ хоёрыг хослуулж дундаас нь саарал юм гаргах гэж их хичээсэн ном л доо. Баяр гэдэг хүн өөрөөсөө өөрийгөө хайсан эрэл хайгуулын ном гэж хэлж болно.

-Өөрөөсөө өөрийгөө хайна гэхээр өөрийгөө олох замдаа явж байна гэсэн үг үү?

-Ер нь хүн төрсөн цагаасаа эхэлж өөрийгөө хайдаг байх л даа. Ер нь олдог ч үгүй байх. Өөрийгөө олчихвол бас онцгүй л дээ. Оньсогыг таахаас нь өмнө хариуг нь хэлчихвэл тэр оньсого биш болчихно шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хайна гэдэг сайхан. Өөрийгөө хайна гэдэг нь хүсэл мөрөөдөл л гэсэн үг. Өөрийгөө хайх тусам хүн улам зорилготой тэмүүлэлтэй болно. Энэ уулын цаана юу байгаа бол. Энэ уулыг давчихлаа одоо тэр уулын цаана юу байгаа бол гээд л тэмцээд байдаг байх. Хүн гэдэг амьтан өөрийгөө хайсаар байгаад төгсдөг юм болов уу даа.

-Яруу найрагч хүний эцсийн зорилго юу байдаг юм бол?

-Миний хувьд бол би бичих л мөрөөдөлтэй. Өөрөө өөрийнхөө ертөнцөд өөрийнхөө хөг аялгуугаар хөгжимдөх шиг сайхан юм байхгүй. Яруу найрагч, урлагийн хүн бүхэн яруу сайхан хийгээд үнэнийг бүтээхийн төлөө л явдаг. Би ч мөн адил үнэнийг бичихийг хичээж явна. Урлаг бол үнэн байх ёстой. Жишээ нь, хүнд дурласан бол тэр дурласнаа л бичих хэрэгтэй. Тэгэхгүй хийсвэрээр дурлаад, хийсвэр ертөнц өөрөө өөртөө бий болгоод л байвал сайн бүтээл болж чадахгүй байх. Нэг бүсгүйд дурлах юм бол тэр бүсгүйнхээ өөдөөс харж сууж байгаад харцнаас нь ямар гэрэл гарч байна, гарт нь хүрч үзэхэд ямар мэдрэмж төрж байна тэрийгээ л бичвэл сайхан санагддаг. Тэгэхгүй нэг их гоё үг хөөгөөд байхаар шүншиггүй бурхан шиг юм болох гээд байдаг юм. Урлагт үнэн л хэрэгтэй. Үнэн өөрөө гоо сайханд хүргэх шат гэж би хувьдаа боддог.

-Хамгийн анхны шүлгээ хэдэн онд бичсэн билээ?

-2004 онд “Миний аавын цагаан овоо” гэдэг дууны шүлгийг бичсэн. Би чинь анх дууны үг бичдэг байлаа. Өвөө эмээ хоёр маань уртын дуу сайхан дуулахыг нь их сонсдог байлаа. Өвөөгийнд маань их сонин содон хүмүүс ирдэг байсан. Дэлэг гэдэг хүн ирнэ. Тэр хүн цахлай болж гуаглана, буга болж урамдана, амаараа буу шиг дуугардаг Хажууд яваа морь үргэтэл буу шиг дуугарч чаддаг элдэвтэй хүн байсан юм даг. Чойсүрэн гэж нэг хүн ирдэг байсан. Тэр хүн эмээгийн нэрмэлээс уугаад халж аваад уртын дууг нарийн лимбэний өнгөн дээр гайхамшигтай дуулна. Энэ хүний талаар сүүлд дуулахнээ Чойсүрэн гээд мундаг уртын дуучин хүн байсан юм байна лээ. Энэ хүний дуунууд монголын радиогийн дууны санд байдаг юм. Би гэдэг хүн чинь багаасаа уртын дуу сонсч өссөн болохоор дууны үг бичмээр санагдаад бичиж эхэлсэн. Миний уран бүтээл ардын дуутай их холбоотой. Би Адарсүрэн гуайг их дууриаж дуулдаг байсан. Өглөө босоод л дуулна, өдөржин дуулдаг байсан. Нэг хэсэг миний хоолой Адарсүрэн гуайн хоолойтой их адилхан болж эхэлсэн шүү. \Инээв\

-Та дуутай их ойр өссөн юм аа даа?

-Дээр үед намайг бага байхад манайх сумандаа хамгийн анх магнитофон авсан юм. Тэр магнитофонд манай сумын ихэнх хүмүүс дуугаа бичүүлж хураалгасан. Тэр үед магнитофон гэдэг зүйл анх гарч ирж байсан болохоор хүмүүс их сонирхож дуугаа бичүүлдэг байсан. Ээж аавын ажлын хүмүүс, хажуу хашааны хүүхдүүд гээд бөөн хүмүүс ирж дуугаа хураалгадаг хоббитой байсан. Тэр нь их гоё санагддаг байсан шиг байгаа юм. Тэгээд би ер нь дууг хүлхэж өссөн юм байна лээ. Ардын дуунд их хайртай. Бас радио их сонсдог байсан. Монголын үндэсний радиогоор явдаг дуунууд, ардын дууны домгуудыг их сонсдог байсан. Тэр дундаас их гоё санагдаж байсан дуу гэвэл Юндэн Гөөгөө. Энэ дуу Архангай аймгийн Тариат сум буюу миний нутгаас гаралтай дуу юм билээ. Далай вангийн Юндэн Гөөгөө гээд л цэнхэртүүлнэ шүү дээ.

-Таны удамд дуулдаг хүмүүс бий юу?

-Миний мэдэхээр байхгүй. Надад цагаан нуурын давалгаа их нөлөөлсөн л дөө. Цагаан нуур чинь намар харахад их гунигтай. Яах аргагүй юм бичмээр санагддаг юм. Шуугиад л, шувууд буцаад л… Хавар эрт Тэрхийн цагаан нуурын дэргэд ганц гэрээрээ байх бас л эвгүй шүү. Нэг л их ус. Хүн амьтан ч ирэхгүй. Ганц гэр их эвгүй шүү. Ус хараад л суугаад байна. Өөрийн эрхгүй гуниг төрнө шүү дээ. Тэгээд шүлгийн мөртүүд орж ирнэ дээ. Нэг агуу хүний хэлсэн байдаг даа. Далайг хараад гуниг төрөхгүй бол чамд ямар ч найдвар алга гэж.

-Хүүхэд байхдаа өөр юу хийдэг байв?

-Юм сийлэх гэж оролддог байсан. Хөдөө жижиг гэртэйгээ ээж, ах хоёртойгоо хамт мал маллаж байсан. Ах маань өглөө үүрлээд л малаа туугаад явна. Би ихэвчлэн гэртээ өнждөг байсан. Гэрт өдөржин байхаар уйдаад модоор янз бүрийн зүйл сийлдэг байлаа. Дараа нь радио телевизийн засварын дамжаанд 1 сар суугаад засварчин болоод нэг хэсэг гэрээрээ дүүрэн эвдэрхий зурагт овоолоод суудаг байлаа. /Инээв/ Нэг өдөр гар хальт хөдөлснөөс болж мааслаад хүний зурагт шатаагаад, тэр хүндээ баахан хараалгуулж загнуулаад, тэгээд л за ер нь засварчин надад тохирохгүй ажил байна гэж бодоод яруу найраг руу эргэлт буцалтгүй орж Гүларанс, Инжинаши, Нямсүрэн гуай, Дашбалбар гуайн шүлгүүдийг уншиж эхэлсэн.

-Сургуулиа орхисон билүү?

-Би чинь гуравдугаар анги л төгссөн хүн шүү дээ. Бие бага байхаас муудсан л даа. 3-р ангид байхад хөл бүр их өвдөөд доголж явдаг болсон. Доголж явдаг болсноос хойш хүүхдүүд хаа тааралдсан газраа “доголон, Баяраа, доголон Баяраа” гэж шоолоод явуулдаггүй байсан. Тэгээд сэтгэл зүйн хувьд аймаар дарамттай байсан болохоор хичээлдээ явахгүй гэж уурлаад сургуулиасаа гарсан. Хүүхдүүд юм болохоор, хөөрхий тэр үедээ надад хэцүү байгаа гэдгийг мэдэхгүй л дээ. Тэгээд бас лам болох гэж үзсэн. Манай өвөө чинь лам байсан юм. Би нутгийнхаа ганданд хоёр долоо хоног суусан. Нэг өдөр тарж явтал нутгийн хүүхдүүд таараад малгай авч гүйгээд “лам лам” гэж шоолоод толгой дээр гэр зураад. /Инээв/. Тэгээд би лам болохоо больсон. Одоо энэ бүгдийгээ эргээд бодохоор их урт насалсан юм шиг санагдаад байх юм. Ная гараад явж байгаа юм шиг. Ер нь хүн гуч гарчихаар амьдрал их богинохон санагддаг юм байна. Амьдралыг эргэцүүлж бодвол их богинохон эд юм байна. Зүгээр суух эрхгүй. Цаг минут бүртэй л уралдан сурч боловсорч хийж бүтээж аз жаргалыг амталж авахгүй бол Д.Намдаг гуайн хэлдэгээр залуудаа тархиа зулгааж идэхгүй бол хөгшрөөд махаа зулгааж иднэ гэдэг л болно.

Хүмүүс маргааш маргааш гээд л маргааш амьдрал сайхан болно гэж ажлаа, аз жаргалаа хойш тавьдаг. Яг гашуун үнэн бол маргааш чинь үхэл шүү дээ. Бид чинь үхэл рүүгээ л яваад байгаа юм шүү дээ. Тийм болохоор өнөөдөртөө бие биенээ хайрлаж өөртөө болон бусдад аз жаргалыг харамгүй өгөх хэрэгтэй. Ажиглаад байхад хүмүүс маргаашийг бодож шаналаад их стресст орж байна. Маргааш өглөө босоод яаж ажилдаа явна, яаж автобусны мөнгө олно, замын түгжрээ яана гэж бодож шаналаад л… Тэгж бодсон бодоогүй өглөө болдогоороо л болно шүү дээ. Болоогүй байгаа зовлонг өөр дээрээ овоолох хэрэгтэй гэж үү? Ямар ачааны машин биш дээ. Тэнэгийн дотор уужуу гэгчээр би чинь их сонин хүн шүү дээ. /Инээв/

-Ямар номнууд уншиж байна?

-Ошогийн номуудыг их уншдаг. Бас бурхан багшийн сургаал уншина. Манайд чинь бурхан багшаас дутахгүй мундаг хүмүүс их байсан юм билээ. Занабазар гуай, Данзанравжаа хутагт гээд. Бид нар үндэсний өв соёлыг сэргээж өөд нь татаж байх хэрэгтэй. Даяаршил гэж яриад үндэсний өв соёлоо урсгалд нь алдаад байна. Үндэсний өв соёлоо авч үлдэх хэрэгтэй гэж боддог. Яруу найргийн ном уншихгүй байгаа. Уншиж байгаа зохиолчийн бүтээлтэй адилхан болдог гээд байдаг талтай. Дарма. Батбаяр гуайн номнуудаас уншиж байна. Дарма. Батбаяр гуай бол гайхамшиг.

-Та “Болор цом” наадамд орж байсан уу?

- “Болор цом”-д хоёр удаа орж байсан. Энэ наадамд шагнал авах гэхээсээ илүү ард түмнээ хүндэтгэж ордог. Тэр их өндөр тайз дээрээс монголын ард түмэндээ хандаж шүлгээ унших гоё байдаг. Энэ тайзан дээрээс Д.Нямсүрэн гуай, О.Дашбалбар гуай, Ж.Болд-Эрдэнэ гуай гээд олон сайхан хүмүүс шүлгээ уншиж байсан. Тэр алтан тайз дээр тэр сайхан хүмүүсийн хөлийн ором байгаа. Тэр оромтой хөлийн мөрөө нийлүүлэх гэж гардаг.

-Ойрд таны сэтгэл санаа ямар байна?

-Их сайхан байгаа. Нэг бүсгүйд дурласан. Тэр бүсгүйдээ зориулж шүлэг бичээд л. Үүн шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Энэ дууны шүлэг юм.

Агиймаа

Зүүд нойронд сүүмэлзээд байх нь
Зүүн уулын солонгоо
Нүдний салхи нь хиртээгүй
Нялх зүүдэн Агиймаа

Нар унасан сормуусны чинь дэвээнд
Намрын будан ч үргэнэ шүү дээ
Зүүд үймүүлсэн тэрлэгнийхээ хормойгоор
Зүрхийг минь битгий шүргээч Агиймаа

Согоон жимээр шүхэрлэх нь
Сэтгэл тайгийн улаалзай
Цамцаа гэрэлтүүлэн инээхэд нь
Цэцэг ханхалдаг Агиймаа

Нар унасан сормуусны чинь дэвээнд
Намрын будан ч үргэнэ шүү дээ
Зүүд үймүүлсэн тэрлэгнийхээ хормойгоор
Зүрхийг минь битгий шүргээч Агиймаа

Гэхдээ би өвөл бол ичээний байдалтай амьдардаг. Намар, хаврын улиралд дуртай. Өвөлд дургүй. Өвөл бүх зүйл бүдэг саарал өнгөтэй. Сүүдэрт хургасан юм шиг санагддаг. Хавар бол сэнгэнээд л эхэлнэ шүү дээ. Зуны улирлыг амралтын байдалтай зугаалаад л өнгөрөөнө. Хэдэн сайхан найзуудынхаа буянд би чинь эрүүл юм шиг л явдаг . Бие гэдэг сэтгэлтэй холбоотой гэж боддог. Сэтгэл өвдвөл бие дагаж өвдөнө. Хүн биедээ согогтой байж болно. Харин хүн чанар оюун санаандаа согогтой байна гэдэг эмгэнэл.

-Таны өвчин ямар оноштой гэдэг билээ?

-Булчингийн сулрал буюу саажилт гэсэн оноштой. Бүх булчин нь зогсоод ажиллагаагүй болсон. Мэдрэлийн систем судас шөрмөс бол зүгээр хэвийн. Булчин нь л байвал би босоод ирнэ. Хүний биед булчин их чухал эрхтэн. Хэлэнд нүдэнд хүртэл булчин байгаа. Уул нь булчин хийлгэж болмоор санагдаад байгаа. Элэг зүрхийг хүртэл сольж суулгаад байхад булчин болмоор санагдаад байгаа. Уг нь бол найдвар байгаа. Анх 5 настай байхад бие өвдөөд онош нь тодорхойгүй миненгит, коор гээд. Хэвтэрт жил гаран болоод бие арай дээрдээд босоод алах гэтэл пүршин дээр явж байгаа юм шиг мэдрэгдэж байсан. Тэр үеэс л булчингийн сулрал эхэлсэн. Яваандаа булчин бага багаар суларсаар 16 настайдаа явж чадахгүй болоод суусан даа.

-Яруу найраг сонирхдоггүй хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

-Тийм хүмүүс бол цонхгүй байшин л гэсэн үг. Би яруу найргаас урлаг үүсэлтэй гэж боддог юм. Хэл авиа үүссэн цагаас яруу найраг үүссэн байх.

-Та фэйсбүүк ашиглаж байна уу? Олон найзтай болж байна уу?

-Ашиглаж байгаа. Овоо олон дэмжигч, уншигч, найзуудтай болсон. Зарим өдөр интернэтэд өнжинө шүү дээ. Саяхан https://facebook.com/YaruusahuinDuuch хуудас нээсэн. Дуу, уншигдсан шүлгүүдээ https://soundcloud.com/bayar-gan рүү оруулж байгаа. Миний шүлгээр бүтсэн дууны клипүүдээ http://youtube.com/emvjins руу оруулж байгаа. Та бүхэн миний уран бүтээлийг сонирхоод үзээрэй цахим хуудсууддаа урьж байна. Бас онлайн болон уран бүтээлийнхээ найз нөхөдийн дэмжлэгээр анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Миний тоглолтыг үзээрэй.

Эх сурвалж: http://www.yaruusetgegch.com

- See more at: http://review.time.mn/content/41903.shtml#sthash.r3Sa3Hzn.dpuf

Үг Г.БАЯР “НҮДЭН ГОО” Дуучин Баяр-Отгон

Үг Г.БАЯР, С.Жавхлан “АМЖИЛТ ХҮСЬЕ” Дуучин Ноён Бондгор

Үг Г.БАЯР “НЭГ Л ӨӨР ХАЙР” Дуучин Жамух

Үг Г.БАЯР “БУРХАН ЗАЛУУ НАС” Дуучин Ч.Бат- Эрдэнэ

Үг Г.БАЯР “ДҮҮ МИНЬ” Дуучин Ноён Бондгор

Нийслэлийн 93 дугаар сургуулийн тэргүүний багш, Боловсролын тэргүүний ажилтан, 2013 оны Баянгол дүүргийн мэргэжлийн аварга багш Ч.БОЛОРСАЙХАН.”Сайн багшийг авьяас чадвараас гадна сэтгэл бүтээдэг юм”

bddc02f0a0dbcdc3original

2014 оны 2 сарын 19

Эмч хүн хүний амьдралыг хормын дотор шийддэг бол, багш хүн нэгэн насны амьдралыг нь шийддэг гэдэг. Ялангуяа “А” үсэг анх заасан бага ангийн багшаа бид хэзээ ч мартдаггүй. Хэлсэн үг нь сэтгэлд илүү дотно хоногшин үлддэг. Тийм ч учраас Японд бага ангийн багш нар “үсэг зааж, үг холбож уншуулж сургах нь бидний ганц зорилго биш. Хамгийн гол нь бид ирээдүйн япон иргэнийг бэлтгэдэг” гэж өөрсдийгөө тодорхойлдог байна. Яг энэ стандартаар “ирээдүйн монгол иргэнийг бэлтгэх” их үйлст 26 жил зүтгэж яваа Нийслэлийн 93 дугаар сургуулийн тэргүүний багш, Боловсролын тэргүүний ажилтан, 2013 оны Баянгол дүүргийн мэргэжлийн аварга багш Ч.БОЛОРСАЙХАНТАЙ ярилцлаа.

-Бага ангийн багш гэдэг хариуцлагатай бас ээжийнхээ өврөөс ч гараагүй шахам бяцхан хүүхдүүдэд эрдэм заана гэдэг их тэвчээр шаардсан мэргэжил шиг санагддаг. Та ер нь яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

-Бага ангийн багш болох нь миний багын мөрөөдөл. Миний багш А.Төмөр гэж хүн бүр дуураймаар их сайхан хүн байлаа. Хичээл заахдаа чин сэтгэлээсээ ойлгуулахыг хичээдэг их шаргуу хүн байсан. Би одоо ч хичээл зааж байхдаа хааяа багшийнхаа заасныг боддог юм. Жишээлбэл, “Уушгинаас гарсан хийн урсгал ямар ч саадгүй гарахыг эгшиг авиа гэнэ” гэх тодорхойлолтыг огт мартдаггүй. Ингэж л анх багшийгаа харж багш болохыг чин сэтгэлээсээ хүсдэг болсон. Хүсэл маань ч биелж наймдугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд явж, 1988 оноос бага ангийн багшаар ажиллаж байна. Миний хань цэргийн хүн болохоор Өвөрхангай аймгийн арван жилээс ажлын гараагаа эхэлсэн. Анх багш болчихоод хүмүүс намайг голох вий гэж ихэд хичээж ажилладаг байлаа. Жирэмсэн болсноо хүртэл ажил цалгардуулж байгаа юмшиг ичдэг, айдаг байв. Одоо бодоход ажилдаа тийм л их дуртай, хайртай байж дээ.

-Таны багшаар ажилласан он жилүүд багагүй урт хугацаа. Хүний насаар бол аль хэдийнэ насанд хүрсэн гэсэн үг. Энэ 30 орчим жилийн хугацаанд хамгийн их догдолж баярлаж, бас шантарч өөрийгөө голж байсан үеэ дурсахгүй юу?

-Анх хөдөө багшаар очиход яаж ч хичээл заагаад ойлгодоггүй гурвын зэрэг хүүхэд байсан. Тэр үед багш хүнд яах ч аргагүй үед хэрэглэх “шидэт үрэл” гэж байдаг болоосой гэж хүртэл боддог байлаа. Залуу, дөнгөж сургуулийн ширээнээс ирсэн болохоор бүхнийг амраар төсөөлдөг байж. Шидэт үрлийн тухайд зарим хүнд инээдтэй сонсогдож байж магадгүй ч, шавь нараа сайн сургах чин хүсэл тэр үеийн багш нарт үнэнхүү байсан юм шүү гэдгийг хэлэх гэснийх юм. Ангид сурлагаараа хоцрогддог хүүхэд байна гэдэг багшид нэг талаар сайнаар нөлөөлдөг. Тийм хүүхдүүд багшийгаа хурцалж, ур чадвартай болгодог. Амьдрал дээр гараад ч ийм хүүхдүүд багшдаа, багш нь хүүхэддээ хайртай болчихдог юм. Миний санаж байгаагаар “шидэт үрэл” өгөхийг хүсээд байсан хүүхдүүдийн нэг Бат-Эрдэнэ гэж хичээлдээ ирдэггүй, тэр үеийн ойлголтоор хэцүү хүүхэд байсан. Захын хороололд байдаг гэрт нь би олон ч очсон доо. Саяхан, жилийн өмнө тааралдсан. Цагдаагийн офицер, том залуу болсон байна лээ. Энэ мэтээр надаар “А” үсэг заалгаж байсан шавь нар маш сайн сайхан явж байгааг харах нь багш, тэр дундаа бага ангийн багш хүний жаргал байдаг юм. Одоогоор би найман удаа нэгдүгээр анги төгсгөж нийт 500 гаруй шавь бэлтгээд байна. 40 хүүхэдтэй зэрэг харилцана гэдэг дуу чимээ ихтэй яасан хэцүү юм бэ дээ гэж бага залуудаа шантарч байсан үе бас бий бий. Харин сургуулиас гараад явахаараа л хүүхдүүдийн маань хэлж, ярьж байсан нь нүдэнд харагдаад, инээд хүрээд байдаг юм. Би гэртээ ч хүүхдүүдээ их ярьдаг шиг байгаа юм. Манай нөхөр хүртэл манай ангийн хамгийн дэггүй хүүхдүүдийн нэрийг мэддэг болчихсон байх жишээтэй. Боломж гараад хувиараа өөр ажил хийе гэж бодсон ч тэгж огт зүрхлэхгүй болтлоо хүүхдүүддээ дасчихдаг юм. Хүн дуртай зүйлээ хийж байж амьдралын аз жаргалын мэдэрдэг гэдэг л энэ байх.

-Бага ангийн хүүхдэд хичээл зааж, ойлгуулна гэдэг багшаас чадвар, бас ур дүй шаардах нь мэдээж. Та хичээл заахдаа ямар арга барил ашигладаг вэ?

-Хүүхдийн мэддэг орчинтой холбож хичээлээ заадаг. Хөдөө амьдардаг хүүхдэд бол мал ахуйтай холбож хичээлээ тайлбарлах жишээтэй. Мөн хүүхдийг гэрийнхнээсээ хэндээ илүү хайртайг судлах нь бас их чухал. Ер нь багш хүн ур чадвар, авьяасаас гадна сэтгэл дээр суурилж байж л төгс багш болдог шиг санагддаг. Хичээлээ эхлэхдээ 40 хүүхдийнхээ нүдийг бүгдийг хардах хэрэгтэй. Арай гонсгор байгаатай нь тулж тусгайлж харилцахыг боддог. Хэрвээ нэгдүгээр ангиас нь хүүхдүүдээ нэг төвшинд аваад явбал асуудал үүсдэггүй. Зарим багш, эцэг эх энэ сайн, энэ муу гэхчилэн хүүхдийг ялгаж дүгнэдэг. Энэ маш буруу. Хүүхдийг хэрэв муу гээд л цоллочих юм бол урвайгаад л ирнэ. Харин эсрэгээр нь “чи чадна аа”, “сайн байна” гэж урамшуулж байх хэрэгтэй. Жишээ нь, одоо миний дааж байгаа ангийн нэг хүү нэлээд удаан. Эцэг эх нь ч манай гурвын хамгийн муу нь гэж хэлдэг байсан. Яагаад ингэж хэлж байгаа юм бол гэж би гонсойдог байсан. Гэтэл одоо тэр хүү ангийнхнаасаа олимпиадад хамгийн амжилттай оролцдог нь болсон. Тэр хүү дуу муутай байсан болохоор эцэг эхдээ тэгж дутуу үнэлэгдэж байж л дээ. Тэгэхээр хүүхдийг “Чи муу, чи чадахгүй, чи л манай гэрийн муу нь гэж” хэлж огт болохгүй. Тэгэх юм бол урам нь улам л хугарна. Гэхдээ хүүхдийг магтах хэрэгтэй гээд худлаа магтаж бас болохгүй. Хүүхэд үүнийг анддаггүй юм. Муу байгааг нь, ахиж байгааг нь үнэнчээр хэлж урамшуулж байх хэрэгтэй. Би уран уншлага дээр сайн уншиж байгаа хүүхдийг багшаасаа илүү уншлаа, арай тааруухан байгааг нь багш шигээ л уншлаа гэж урамшуулдаг юм. Манай ангид “би муу” гэдэг хүүхэд байдаггүй. Хүүхэд бүр өөрийгөө ангийнхаа мундаг нь гэж боддог. Хүүхдүүдийнхээ асуултад би сэтгэлээсээ хариулахыг хичээдэг. Нэг зүйл асуугаад ирэхэд нь мэдэхгүй гэдэг ч юм уу, эсвэл загнаад явуулчихвал дахиж асуухаар ирэхгүй шүү дээ. Багш шавийн ийм харилцааны гол холбоос нь өнөөх сэтгэл шүү дээ. Сэтгэл дээр суурилсан харилцаан дээр зөвхөн итгэлцэл л үүсдэг. Итгэлцлээс өөр юм багтах орон зай ч тэнд гардаггүй.

-Та шавь нараа хичээлдээ сайн болгохоос гадна сайн хүн болгож төлөвшүүлэхэд их анхаардаг юм шиг санагдлаа. Энэ талаар ярихгүй юу?

-Хүүхдийг өөрийг нь хайрлаад л байвал хариу хайрлаад л байдаг. Зөвхөн номонд дуртай бол тийм сайн хүүхэд, бас сайн төлөвшил биш. Ёс зүй, ухамсар, гэрийн хүмүүжил, сэтгэл муутай хүүхэд сурсан бүх эрдмээ муу зүйлд л ашиглана. Тэгэхээр хүүхдийг зөв, сайн, хүнлэг сэтгэлтэй хүн болгож төлөвшүүлэхэд түлхүү анхаардаг нь манай сургуулийн онцлог. Манай сургууль өдөр бүр “Би сайхан сэтгэлтэй, саруул ухаант, эрүүл монгол хүн болно” гэсэн уриаг хэлж, төрийн дууллаа дуулж хичээлээ эхэлдэг. Бас манай сургуулийн хүүхдүүд нэгдүгээр ангиасаа шүлгээ цээжилж уран уншиж сурдаг. Биднийг сургуульд байхад гэртээ шүлэг цээжил гэдэг. Манайх бол монгол хэлнийхээ хичээл дээр шүлгээ давтаад цээжлүүлдэг. Хүүхдүүд бие даагаад гэртээ бас шүлэг цээжлээд ирдэг. Ингэснээр хүүхэд олон талаараа хөгжиж, өөртөө итгэлтэй биеэ даасан хүн болож төлөвшдөг. Хүүхэд хэрэв оюун ухааны сааталгүй бол бүх зүйлийг сурна. Хүмүүс цэцэрлэгээс сэргэлэн ирснийг нь сайн, даруухныг нь муу гэж дүгнэж болохгүй гэдгийг манай сургуулийг үүсгэн байгуулсан гавьяат Нэргүй багш бидэнд бичигдээгүй хууль мэт дархалж үлдээсэн юм. Ер нь хүүхэд бол хүн бүрт хайрлагдах гэж заяасан бурхны бэлэг. Тэд ерөөсөө хайрлахгүй байхын аргагүй занг урдаас гаргадаг. Тийм учраас багш хүн хүүхэд бүртэй яг өөрийн хүүхэд шиг харилцаж байх хэрэгтэй.

Гоц авьяастай хүүхдийн 93 дугаар сургуулийн Ч.Болорсайхан багштай 5а ангийн 43 хүүхэд таван жилийн хугацаанд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай тусгай сургуулийн хүүхдүүдээс ч өндөр амжилт гаргаж, ангиараа сургуулийнхаа нэгэн шинэ түүхийг бичжээ. Тодруулбал, энэ ангиас дөрвөн жилийн дотор 44 олимпиадад оролцсоноос давхардсан тоогоор 198 удаа 1-3 байр, 126 удаа алт, мөнгө хүрэл медаль авчээ. Нийтдээ энэ ангийнхан давхардсан тоогоор 330 медаль хүртсэн байна. Хүүхдүүдийг ингэж тоонд сонирхолтой болгох аргачлалыг Ч.Болорсайхан багш “Математик эзэмшүүлэх арга” гэсэн өөрийн хөтөлбөрөөрөө дамжуулж сургасан бөгөөд хичээлээ ч тэгж заадаг байна. Түүний энэ туршлага нь сурах бичиг болон хэвлэгдэж, зарим сургуулийн багш хичээлдээ ашигладаг болжээ.

-Математикийн хичээлд хүүхдүүд дуртай гэхээсээ төвөгшөөж, аль болох зугтаадаг. Харин та яаж хүүхдийг энэ хичээлд дуртай, бүр ангиар нь амжилттай сурахад нөлөөлсөн бэ?

-Би хорь гаруй жил багшлахдаа сүүлийн арваад жил математикийн хичээлийг голчилж зааж байгаа. Яагаад гэхээр, математикт сайн хүүхэд бусад хичээлдээ муу байна гэж байдаггүй юм. Монгол хэлний дүрмээ математикийн зүй тогтлоор бодоод сайн ойлгодог, биеийн тамир дээрээ хөдөлгөөний эвсэл сайтай байх жишээтэй. Одоо миний ангийн 43 хүүхэд бүгдээрээ ямар нэгэн олимпиадад орсон, үзүүлсэн амжилтаараа сургуулийнхаа түүхэнд байгаагүй амжилт гаргаад байна. Миний хүүхдүүд математикийн гүнзгий сургалттай ангийн хүүхдүүдээс ч давсан. Би хөдөө ажилладаг байхдаа дөрөв, таван хүүхдээ олимпиадад бэлтгээд үлдсэнийг дагуулаад явдаг байсан. Харин 2007 онд 93 дугаар сургуульд ажиллахаар ирэхэд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ” гэсэн уриатай байсан нь надад нөлөөлсөн юм. Энэ бол манай сургуулийн гавьяа. Намайг анх 93 дугаар сургуульд ирээд дааж авсан гуравдугаар ангид Бадрал гэж хүү байсан. Нэг удаа нэг тоог тэр хүү огт өөр аргаар бодчихоод надад үзүүлсэн. Хариу нь яг зөв, харин ч тэр хүүхдийн бодсон хувилбар илүү оновчтой санагдсан. Яах аргагүй түүний зөв байсан учир би их эвгүй байдалд орсон. Тэндээс л тоог олон талаас нь “мөлжиж” байхаар шийдсэн юм. Тэр үеэс хойш би анги руугаа орох бүрдээ тоог олон аргаар яаж бодох вэ гэж эрэлхийлдэг болсон. Эндээс “Олон бодлого бодох сайн боловч нэг тоог олон аргаар бодох нь илүү сайн” гэдгийг сургалтынхаа зарчим болгосон. Одоо шавь нартайгаа нийлээд нэг бодлогыг тал талаас нь “мөлжиж” өгнө шүү дээ. Математикийн сайн багш нар I, XI, “Сант” “Олонлог” сургуульд байдаг. Гэхдээ тэнд багш нар тоог хоёр, гурван аргаар л бодуулдаг. Миний хувьд нэг бодлогыг тултал бүх аргаар бодуулахыг эрмэлздэг. Манайхан тоо, бодлого, томьёо гэхээр л хүүхэд, эцэг эхчүүд айгаад эхэлдэг. Энэ бол буруу, бодлогыг зүгээр л энгийн амьдрал, өдөр тутмын хийж байгаа зүйлстэй холбож тайлбарладаг. Би стандарт бус буюу сэтгэхүйн бодлогыг бага ангийн хүүхдүүдэд хэрхэн ойлгуулах аргыг удаан эрэлхийлсний эцэст “Сэтгэн бодох бодлого, зөвлөмж бодлого” номыг 2006 онд гаргасан. Хүүхдийг сэтгэлгээг задалж өгөхөд гаднын сургалтууд илүү анхаардаг юм билээ. Харин бид хэдэн тоог бодуулах гээд л зүтгээд байдаг нь учир дутагдалтай. Тоог бодож зөв хариуг нь гаргахаасаа өмнө хүүхдийн сэтгэхүйг задлах илүү чухал. Энэ нь ч хүүхдэд цаашид сурах арга барилыг суулгаж өгдөг онцлогтой.

БШУЯ-наас сургалтын “Хүүхэд бүрийг хөгжүүлнэ” шинэчилсэн хөтөлбөрийг гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд анх дөрвөн жишиг сургууль дээр туршиж үзсэн бол өнгөрсөн оноос Нийслэлийн зарим сургууль дээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний нэг нь 93 дугаар сургууль юм. Өнгөрсөн баасан гаригт тус сургуулийн 5а ангийн хүүхдүүд уран уншлага, ардын хөгжим, дуу, бүжиг, тоог олон аргаар бодох аргачлал, англи хэл гэх мэт сурч мэдсэн зүйлсээ эцэг эхчүүд болон бусад сургуулийн багш нарт танилцуулсан юм. Эцэг эхчүүд ч идэвхтэй иржээ. Бүгд л Ч.Болорсайхан багшид ам сайтайн дээр хүүхэд шигээ гэрийн даалгавар авч, ямар нэгэн үүрэг хүлээж байгаа харагдав. Сурагчдынхаа сурлагын явцыг эцэг эхчүүдэд ингэж “амьдаар” нь тайлагнадаг хэлбэрийг улирал тутам явуулдаг нь Ч.Болорсайхан багшийн сургалтын нэгэн онцлог юм байна.

-Хүүхдийг сайн сурахад эцэг эхчүүдийн оролцоо их чухал гэж багш нар хэлдэг. Гэтэл сүүлийн үеийн завгүй эцэг эхчүүдийг та яаж үгэндээ сайн оруулж, дуулгавартай болгож, хөдөлгөж чадаж байна вэ?

-Хүүхдэд нь чанартай боловсрол олгох гэж чадлаараа хичээж байхад цаг зав гаргадаггүй эцэг эх гэж байхгүй шүү дээ. Манай сургуулийн эцэг эхчүүд их дуулгавартай. Миний ангийн 43 хүүхдийн эцэг эхчүүдээс бидний тайлант шалгалтаас төвөгшөөж байсан хүн лав энэ таван жилд гараагүй. Тэгэхээр бага ангийн багшийн хамгийн сайн хамтрагч бол эцэг эх. Миний ангийн 43 хүүхдийн өнөөдрийн амжилтыг тулгын гурван чулуугаар зүйрлэбэл нэг нь яах аргагүй тэдний эцэг эх. Тэдэндээ би үргэлж баярлаж явдаг. Нэгэнт л хүүхдийг нь сайн хүн болгож төлөвшүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж яваа болохоор хүүхдүүдээ анзаарч байгаад аав, ээжид нь танай хүүхэд энэ чиглэлд арай дөмөг юм байна “төгөлдөр хуур, морин хуур, ардын дууны дугуйланд явуул” гэхчилэн зөвлөдөг. Эцэг эхчүүд ч дуртай хүлээж авч дэмждэг юм. Манай сургуулийн бүх анги л өөрийн гэсэн онцлогтой, бас амжилттай. Тэдэн дундаас өөрийнхөө ангийн тухайд хэлэхэд бид зөвхөн тоо бодоод, математикийн олимпиадад оролцоод явдаггүй.

Манай хүүхдүүд Монголынхоо алдартай зохиолчдын олон сайхан шүлэг найраглалыг цээжээр, уран унших чадвартай. Уншина, цээжилнэ гэдэг сэтгэх чадварын суурь болж өгдөг. IQ хөгжүүлэхэд нэлээд анхаардаг. Ангидаа зөвхөн ангийнхнаасаа бүрдсэн морин хуур, бүжиг, ардын дууны бие даасан хамтлагтай. Англи хэл, төгөлдөр хуур, шатар зэрэг олон төрлийн дугуйланд давхар суралцдаг. Ер нь хүүхдийн сурлагад авьяас чадварыг нээхэд ч эцэг эхийн дэмжлэг их чухал гэдгийг ээж, аавууд нь ч сайн ойлгодог. Би эцэг эхчүүдтэйгээ нээлттэй, чөлөөтэй ярилцдаг учир бие биеэ сайн ойлголцдог болохоор хэн хэндээ амар байдаг юм. Энгийн жишээ хэлэхэд би есдүгээр 1-нд цэцэг биш шоо авч ирэхийг эцэг эхчүүдээс хүсдэг. Тэр зарчмаар манай ангид янз бүрийн 60 гаруй шүү бий. Тэгээд шоо эвлүүлдэг хүмүүс авч ирээд хүүхдүүдээ заалгасан. Одоо манай ангийнхан зөвхөн зургаан талт шоог гэхэд хамгийн багадаа 2-3 минутад бүрэн эвлүүлж чаддаг болсон.

Надаар хичээл заалгасан хүүхэд, тэдний аав ээж нь баяртай явах л хамгийн том жаргал шиг надад санагддаг. Миний санаанаас огт гардаггүй нэгэн дурсамж бий. Өвөрхангай аймагт амьдардаг байх үедээ гэртээ орохоор явж байтал нэгэн эмээ намайг дуудаад “Сайн байна уу багш аа. Манай хүү их сайхан амьдарч байгаа. Танд баярлаж явдаг шүү” гэж хэлээд дэлгүүрт дагуулж ороод тухайн үедээ л үнэтэй байсан “Alpen Gold” шоколадыг авч өгч байсныг би огт мартдаггүй юм гэж Ч.Болорсайхан багш дурслаа. Эцэг эхчүүдийн эерэг харц, хүүхдүүдийн хайр, хүндлэлээс би их эрч хүч авдаг. Хэрэв маргааш үхэхээр байсан ч өнөөдөр цагаан самбарынхаа өмнө зогсч, хичээлээ заахад би бэлэн гэдгээ Болорсайхан багш цэргийн хүний гэр бүл гэдгээ батлах мэт андгайлж хэлэв. Үүнээс илүү сайхан үгийг ч тэр хэлэв. Бусдад хайрлагдах гэж ирсэн бурхны бэлэг-хүүхдүүдийг сайн хүн болгож төлөвшүүлэх ийм сайхан ажлыг аз жаргал болгож хийхгүй байхын аргагүй гэсэн нь Ш.Сүрэнжав найрагчийн “Нартад байхгүй Нандин сайхан алдар гагцхүү багш танд л заяажээ” гэх найргийн мөрийг санагдуулав. Тэр зөвхөн ангийнхаа хүүхдүүдэд л хичээл заадаггүй. Бусад сургуулийн эцэг эхчүүд аман яриагаар сонсч түүнд ханддаг учраас Ч.Болорсайхан багш өнгөрсөн намраас Сургалтын төвөө нээжээ. Энэ төвдөө амралтын өдөр болон сурагчдын улирлын амралтаар тусгай сургалт хичээллүүлдэг байна. “Сургалтад маань Зайсан, Баянзүрх дүүрэг гээд хаа холоос хүүхдүүд зорьж ирдэг учраас ганц ч гэсэн зүйлийг чанартай сургахыг хүсдэг. Ирээдүйд манай сургалтын төвд хичээлдээ хамгийн муу, тусламж хүссэн хүүхэдээ эцэг эхчүүд нь дагуулж ирээд инээгээд гараад яваасай гэж би хүсдэг” гэснээр бидний ярилцлага өндөрлөлөө.

http://www.news.mn/content/170932.shtml

Follow

Get every new post delivered to your Inbox.