• Categories

  • Traffic

Д.Чойжамц: Улс үндэстний ёс суртахууны ундрага нь шашин суртал байдаг

764343f4fb7d4d75great

2014 оны 6 сарын 6 [Уншсан тоо: 45584]

-Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай хийсэн ярилцлага-

Нэг. Бурханы шашин бол жаргалын тухай сургаал

-Яриа эхлэхийн өмнө нэг юм тохирох уу,

-за, юу юм бол доо?

-Та бид хоёрын яриа хүүхдийн хүмүүжлээс цөмийн зэвсэг, ариун цэврийн үзлэг, ер нь юу руу ч орсон бурханы шашинтай холбогдоно

-За тэгж таарна

-Тийм болохоор жирийн бид бүхэн цөмийн зэвсэг, ариунцэвэр мэтийг ярихдаа хэрэглэдэг энгийн үг хэллэгээр хариулт өгөөрэй гэж танаас хүсэх байна.

-Тэгэлгүй яах вэ? Угаасаа бурханы шашин чинь олон түмэнд л зориулагдсан, жирийн хүнээс төгс гэгээрэгч, нүгэлтнээс буянтан болох зам мөрийн сургааль хөтөлбөрийн цогцлол шүү дээ.

-Бурханы сургааль юуны тухай өгүүлдэг талаар асуух нь ухаалаг биш гэдгийг ойлгож байна. Мэдээж нигүүлсэнгүй сэтгэл, энэрлийн тухай сургааль гэж бид хардаг. Гэхдээ л ингэж асуумаар санагдаад байна.

-Ингэж асууж бололгүй яах вэ, асуух ч цаг мөн. Яагаад нигүүлсэх хэрэгтэй, энэрэх учиртай байгаагийн цаад учир шалтгаанаас яриагаа эхлэе л дээ.Ухаант хүмүүний амьдралын зорилго нь жаргалтай амьдрах явдал билээ. Харин жаргалтай амьдрахын тулд жаргал гэж юу болохыг таньсан, түүндээ хүрэх зөв арга замыг олсон байх учиртай. Түүнчлэн жаргалаас хагацуулагч зовлон гэж юу болох, түүнээс зайлсхийх арга учрыг мэдэх хэрэгтэй болно. Энгийнээр хэлэхэд, хорвоогийн амьтны хүслэн болсон аз жаргал гэж юу болохыг Таних,түүнд хүрэхийн тулд зовлонгоос гэтлэх, улмаар төгс гэгээрэлд хүрэх зам мөрийн тухай сургаал гэж Бурханы шашныг ойлгож болно.

Чи жаргамаар байгаа юм чинь бусад ч бас тэгмээр байгаа. Та зовлонгоос салахыг эрмэлзэж байгаа шиг хорвоогийн олон амьтан гачаал бэрхшээлээсээ гармаар байгаа. Чи бие хэл сэтгэлээрээ төгөлдөршиж, хамаг бүгдийг нигүүлсэн хайрлахын хэрээр өөрөө бусдын хайр энэрэлд багтана. Бурханы шашин гэдэг бол зөвхөн зөвшөөрөөд, дагавал болчих үзэл суртал огт биш. Гэгээрэлд хүрэх замнал, хүний сэтгэлийг төгс төгөлдөр болгох тодорхой дэс дараа, шат эрэмбийг агуулсан хөтөлбөр юм.

-Загалмайн шашинтан хүнд библи хэмээх ариун судар буй. Түүнийг л уншаад шүтээд явахад болдог. Харин бурханы шашин болохоор боть ботиороо тавиур дүүрэн, сан дүүрэн судар байх юм. Буддист болохыг хүссэн хүнд энэ бүхнийг хараад шантармаар байх юм биш үү?

-Бурханы шашин товчхондоо хүрвэл товч. Бурхан багш “итгэл бишрэл”,“үйлийн үр” гэдгийг зөвшөөрч байгаа бол бурхны шашинтан болох тухай сургадаг. Харин үйл гэж юу болохоос эхлээд үр нь яаж гардаг хүртэл, сэтгэлийн гэм нисванис хэмээгчээс эхлээд түүнийг яаж дарахыг ойлгуултал, зөв сэтгэл төлөвшүүлэх арга барилаас эхлээд гэгээрэлд дөтлөх хүрэх замын хөтөлбөрийг хүртэл олон аймаг савыг багтаасан мэдлэг дадлагын их ертөнцийг багтаахад дэлхий дүүрэн ном бичсэн ч хүрэлцэхгүй шүү дээ.

Зовлон гэж юу болохыг таниад, түүнийг шалтгааныг олоод, түүнээс гарах учиртайг ухаараад, гаргах арга замаар нь замнах ийм дөрвөн үнэний чанадад нэг номоор, нэг курс дамжаагаар хүрчих аргагүй. Мэдлэгт хүрэхэд хугацаа орно, мэдлэг нь дадал болоход бас хугацаа орно. Ийм болохоор бурханы шашны номыг нялх багаасаа эхлээд насан турш үзэж судлаад ч дуусгаж, эцсийн шатанд хүргэж бардаггүй.Энд хуврагын замналаар явах тухай ярьж байгаа шүү дээ.

Шинжлэх ухааныг бүгдийг нь ганц номонд багтаагаад бүрэн мэдээд авахаа байг гэхэд дунд сургуульд үзэж мэдвэл зохих зүйлийг ч нэг ботид чихэж ойлгуулах аргагүй. Тийм болоод хүүхдүүд 10 гаруй жил дунд сургуульд сурж байж дундаж иргэний боловсролын дундаж шатыг дүүргэдэг биз дээ. Харин Бурханы шашныг ойлгох, судалж эхлэхэд дөхөм болох номууд “Бодь мөрийн зэрэг” , “Гэгээрлийн зам мөрийн тухай сургааль” зэргээс эхлээд бишгүй байдаг.

-Тэгвэл лам болж амьдралаа зориулаад ч чинадад нь хүрдэггүй номын үр шимийг гэр орноо тэжээх, үр хүүхдээ өсгөхийн хажуугаар ухаарч ойлгох аргагүй юм биш үү?

-Юмыг ингэж харвал хуврагууд л гэгээрээд бусад нь угаасаа зовох тавилантайгаар мунхагийн харанхуйд үлдэх учиртай гэсэн шиг төөрөгдөл болно. Хүн болгон жаргах хүсэлтэй бөгөөд жаргах эрхтэй. Жаргахын тулд бие хэл сэтгэлээ ариусгаж буянтай сайн үйлийг бүтээх учиртай. Зөв сайн үйл буюу буян үйлдэхийн хэрээр түүний сайн үр боловсорч, хүсээд байгаа аз жаргал чинь ирнэ. Тэгэхээр өнөө “Хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс” гэлээ гэдэг шиг буддизм бол амьд бүгдийн үйл хэрэг. Тийм учраас бурханы шашинтнууд “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” хэмээн зорилгоо тодорхойлдог юм байна гэж ойлгож болно.

Харин тодорхой бүлэг хүн эх болсон зургаан зүйл хамаг амьтанд тусын тулд энэ насаа зориулахаар хувраг болдог. Бичиг үсэг сурах нь доктор болох хүнд ч хэрэгтэй, жолооч болох хүнд ч хэрэгтэй байдаг. Бурханы шашныг ингэж ойлгож болно.

-Бурханы шашин шүтэхэд баахан түвэг уддаг шашин юмуу гэсэн ойлголт байна. Үнэхээр ч “Нөхөр Буддад илтгэх нь. Миний бие өнөөдрөөс эхлээд танай талд орлоо” гэхээр л болчихгүй. Чи эхлээд үйлийн үрийг ойлго, дараа сэтгэлээ номхотго…гэх мэтээр ахиад явчихдаг явдал бас байна аа.

-Дээр ярьсан. Үр яах гэж байна вэ, ургаж цэцэглэхийн тулд. Оюун ухаан яах гэж байна вэ, ухааран гэгээрэхийн тулд. Оюун ухаантай төрсөн атлаа төөрөгдлийн мананд явсаар үхвэл үр болж бүрэлдсэн атлаа ургах цэцэглэхээ үзэлгүй шувуунд идүүлэхтэй адил юм.

Юун өмнө Буддын шашин мэдлэгээр дамжсан итгэл үнэмшил дээр суурилсан шашин гэдгийг хэлмээр байна.Шүтлэгтэй байхад боловсрол мэдлэг чухал. Бурханы шашин мухар сүсэгтэй байхыг буруушаадаг. Бурханы номыг ухаарах, үнэнд хүрэх хамгийн сайн арга бол эргэлзээ гэж сургадаг. Нэг талд “Миний үгийг дагахгүй бол баларна” гэж номлож байхад “Миний сургаалийг эргэлзээгээр шалган бататгаж бай” гэх бурханы сургааль энэ талд байна.

Яаж ч бодсон бурханы ариун сургаалыг бишрэн дагах нь буян мөн. Буян учраас сайн үр гарна. Гэвч Бурханы шашинтан байх нь түүнд хамаг юмаа даатгаад, өмгөөлөл хамгаалалд нь багтаад явахаас хамаагүй дээгүүр утгатай. Түүний сургаалийг ойлгож, явсан замнал, заасан замыг нь дагасаар төгс гэгээрэлд хүрч орчлонгийн зовлонгоос ангижрах тухайд болж буй яриа юм. Баян хүн өөрийгээ дагасан, зарагдсан улсаа тэтгэн, амь зуулга залгуулах нэг утгатай. Харин өөрийг нь дагасан улсад аж төрөх ухаан зааж, өөр шиг нь дутагдах гачигдахын зовлонгүй болгоод байна гэвэл бас өөр. Баахан болхи жишээ л боллоо, гэхдээ иймэрхүү маягаар гэгээрлийн замыг бүдүүвчилж бас болно.

Хоёр. “Дээр”-ээс зурсан тавилан гэж байдаггүй

-Хувь тавилан, заяа зураг гэдэг ойлголт тэгэхээр их сонин болоод ирж байна.

-Зовох жаргах нь чиний урьд өмнийн сайн ба муу үйлийн үр боловсорсны дүн гэж Бурханы номд сургадаг. Тийм учраас дээрээс, ямар нэг дээд хүчнээс зурагдсан хувь тавилан гэж байхгүй. Харин чи өөрөө хувь тавилангийнхаа зохиогч, заяа төөргийнхээ зураач нь юм. Ингээд үзэхээр хүний хувь тавиланд нөлөөлдөг, дээрээс чиглүүлдэг “бүтээгч эзэн” байхгүй болохыг бурханы сургааль хэлдэг. Чи жаргаж байгаа нь хэн нэгний шид нөлөө бус урьд өмнө хийсэн сайн үйлийн чинь үр. Иймд өөрөөрөө бахархахын сацуу сайн үйлд улам шамд. Зовж байгаа нь дээд хүчний шийтгэл, хэн нэгний хорлол бус чиний үйлдсэн нүгэлт үйлийн үр боловсорсон хэрэг. Иймд бусдыг буруутгахын оронд үнэнийг ухааран сэхээрч, зовлонгоос салах, жаргал болж боловсрох сайн үйлийн үрийг соёолуулах учиртай.

-Ингээд бодохоор улс үндэстний хувь тавилан гэдэг нь иргэдийн үйлийн үрийн нийлбэр юм уу гэж бодогдож байна.

-Тэгж үзэж болно. Наанадаж л бурханы шашинтай, түүнийг номлох лам хуврагатай, буяныг цэцэглүүлэхийн төлөөх өглөгийн эзэнтэй газар төрөхүйц буян үйлдсэн болоод л бид энд төрөл олсон хэрэг. Шашин номоо түймэрдэж, багш хуврагуудаа хөнөөсөн харанхуй үеийн ард гарч, шашин суртал сэргэсэн ардчилалтай золголоо. Эрх чөлөөнд хүрэх нь ховор сайханболомж бөгөөд түүнийг хайрлаж, энхрийлэх учиртай гэж гэгээн мэргэд сургасан. Шива Лха гэгээн “Эрх чөлөө олдохын цагт түүнийг энхрийлэн хамгаалаарай. Эрх чөлөөгөө хамгаалж чадахгүй болнүгэл хилинц, зовлонд унана”гэж сурган айлдсан байдаг юм. Ардчилал, эрх чөлөөг тогтоож эдлэхийн тулд хичээх, зүтгэх учиртай. Өнөөгийн дэлхийд эрх чөлөөтэй байх боломж олдоод байхад түүнийг тогтоож чадахгүйн жишээ олон харагдаж байх юм.

-Эрх чөлөөгөө яаж хамгаалах вэ гэсэн асуултад хүн бүр л нэг хариу хэлэх байх. Харин бурханы шашны үүднээс харвал ямар санаа бууж байна.

-Сэтгэлээ хянах нь эрх чөлөөгөө хамгаалах суурь болно. Сэтгэлд боловсорсон бүхэн хэл, биеэр дамжин хэрэгждэг.Жишээлэхэд, хүн сэтгэл санаа буруутаад эхлэхээр биеэ авч яваа байдал, харц нь нэг биш болоод ирнэ. Тэр хэрээрээ бусдын хүндлэл хүлээх аргагүй, хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй нэгэн болж эхэлнэ. Цаашлаад дүр төрх нь нийтийн зэвүүцэл, дургүйцлийг төрүүлээд эхэлдэг. Улмаар үг хэл буруутаад ирдэг. Хүнд “Чи яадаг хулгайч вэ” гэж хэлж байгаа хүний өөдөөс сайхан үг хэлэх аргагүй. “Та сайхан зусч байна уу” гэсэн мэнд яавч гарахгүй. Харин уур цухал шингэсэн “Хуц, чамд ямар хамаатай юм бэ” гэхчлэнгийн үг л гарна. Ингээд хүмүүсийн сэтгэл харилцан самуурч хэрэлдээд ирэхээр амар тайван амьдрал алга болно. Амар тайван амьдралыг дагаад эрх чөлөө алга болно. Оронд нь бие, хэл, сэтгэлээрээ эвдрэн, догширсон ааштай хүмүүст л таарсан тийм орчин бүрэлдэнэ.

-Там, диваажин гэдэг ойлголт олон шашинд оршиж, суртал ухуулгынх нь гол хэрэгслэл болж ирсэн. Төр нь хууль зөрчвөл шоронд хийхээр далайлгаж, шашин нь нүгэл үйлдвэл тамд унахаар айлгадаг.

-Мөрөөрөө явсан хүнийг эрлэгийн элч ирээд чирж аваачаад тамд хийчихдэг юм биш. Тамыг бид өөрснөө бүтээж, түүндээ унадаг. Заримдаа, нүдэн дээр, сайн сайхан элбэг хангалуун амьдарч байсан айл гэнэт өөрчлөгдөөд эхлэх нь байдаг даа. Эхлээд эцэг эхийнх нь зан авир сонин болно. Энэ нь сэтгэлд гарсан хувирлын үр шүү дээ. Гэрийн эзэн гэнэт архи уугаад эхэлдэг ч юмуу, эхнэр нь арай л биш болоод явчихна. Улмаар амьдралын хэмнэл өөрчлөгдөж мөнгө цаасаар гачигдана. Хүүхэд нь сургууль дээрээ юунаас юм болж гадуурхагдан тэнэмэл золбин болно. Улмаар траншейны зуугуулуудтай нийлнэ. Гэнэт гэрийн эзэн хүнд өвчинд нэрвэгдэж улмаар нийгмийн ёроолд хаягдана. Там гэж энэ л биз дээ.

Зөв сайхан үйлийн үрээр нүдэн дээр цэцэглээд амьдрал нь сайхан болоод хүссэн унаа тэргээ хөлөглөөд, үр хүүхэд сайн сайхан сургуульд ном үзэж, баяр дээр нь баяр нэмээд, дээр нь олны ам ч зөв гэж жигтэйхэн явж байгаа айл бас л бишгүй. Диваажин ингэж л сайн үйлийн үрээр бүрдэж байгаа юм биш үү?

-Бурханы шашны дайснууд гэж хэн бэ, тэднийг хэрхэн дарах вэ?

-Бурханы шашны дайсан бол нисванис. Эд бол ямар нэг улс үндэстэн, өөр шашинтны нэр биш. Харин хүний сэтгэлийг хорлож байдаг, зовлонгийн шалтгаан болж өгдөг хүчин зүйлсүүдийн нэр. Сэтгэлдээ байгаа нисванисын хорлолыг дарж чадаагүйн гайгаар л буруу зам мөрт орж, алдаатай суртлыг даган, аврал гэгээрлийн замаас төөрдэг. Дайсан гадаа биш дотор сэтгэлд бий гэж сургадагийн учир энэ. Бурханы сургааль зөвхөн өөрийгээ шүтсэн, дагасан улсыг аврахын тулд бус “эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээх нэршилд багтаан амьд бүгдийг авран зөв зам мөрт хөдлөх нь бурхан шашны зорилго гэж үздэг.

-Бурханы шашин болбоос амьдралын идэвхгүй зарчим баримталдаг учраас хөгжлийн тушаа болдог. Харин өрнөдийн орнууд христосын шашинтай учраа хөгжсөн. Таны олонтаа сонссон байж болох мөрүүд байгаа биз?

-Тиймээ ингэж их сурталчилдаг байсан. Энэ нь ХХ зууны гучаад онд шашин, бурханаа сүйтгэснээс хойшхи үед өрнөдөд боловсрол эзэмшсэн, христосын шашны эсрэг атеизм үзсэн, бурханы шашныг огт мэдэхгүй хүмүүийн гаргасан яриа, ойлголт. Удаах нь яалт ч үгүй өөрийн шашнаа сурталчилах ажлын хэсэг. Үнэн хэрэгтээ Христийн шашин л шинжлэх ухааны танин мэдлэхүйтэй зөрчилдөж байснаас биш буддын шашин тэгээгүй. Буддын шашны судлагдахуун нь ертөнцийн үүсэл гарлын тухай сургааль хийгээд ерөөс байгалийн шинжлэл биш. Бурханы шашин хүний сэтгэлийн тухай, зөв амьдралын тухай номлол сургаал. Тийм учраас дэлхий бөөрөнхий байх нь, нар явдаггүй дэлхий эргэдэг тогтоцтой нь, орчлонгийн гүнд хар нүхтэй эсэх нь Буддын сургаалийг хөндөхгүй, хор болохгүй, зөрчилдөхгүй. Харинч 18-р зууныг хүртэл харанхуй бүдүүлэг, ядуу зүдүү явсан Европт шинжлэх ухаан ялалт байгуулснаар хөгжил дэвшлийн үүд нээгдсэн юм шүү.

Гурав. Алив үндэстний бусдаас ялгарах нүүр царай нь

шашин, уламжлал нь байдаг

-Дэлхий даяараа ижилсэж байгаа өнөө үед улс үндэстний ялгарах нүүр царай нь уламжлалт шүтлэгээс үүдэлтэй үндэсний ёс заншил л боллоо, мөн үү?

-Бид наанадаж 300 жил, цаанадаж хоёр мянган жил бурханы шашинтай амьдарсан. Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, зан заншил, ааш аягт Бурханы шашин нэвт шингээстэй байдаг. Хорвоод мэндлэх шинэ хүнийг угтахаас эхлээд айл гэр болж голомтоо бадраах хүртэл, өвөг дээдсээ үдэх, уламжлалт шинэ оноо ёслохоос өгсүүлээд найр наадам хийх дэг ёсыг оруулаад бурханы шашны бэлгэдэл, итгэл бишрэл шингээстэй.

Хүүхдийг эхийн хэвлийд олдохоос эхлэн хорвоод ирсэн насыг нь тоолж, одоогийнхоор бол сурлага, хүмүүжлийн ажлыг нь эхлүүлдэг. Хэвлийдээ үр тээж яваа эх нь муу юм бодохгүй, муухай үзэгдэл харахгүй, сэтгэл түвшин, баяр баясгалантай байж байгаад амаржих учиртай. Орчин тойрныхон нь ч гэсэн ийм үүрэг хариуцлагыг хуваалцана. Өнөөгийн хөгжингүй орнууд саяхнаас үүнийг ойлгож хэрэгжүүлэх болж.

Төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх бүгд утга учиртай. Нэр өгөхөд хэдэн зүйлийг анхаардаг. Юуны өмнө эцгийн нэр, овогтой хоршихуйц дуудлага үетэй байх. Ухаандаа, Раднаасүмбэрэлийн Гончигдорж гэхэд маш нийцтэй хэлэгдэж байгаа биз. Түүнчлэн гарсан гариг өдөртэй уялдуулан нэрлэдэг. Өвчин ороодог, хүүхэд тогтдоггүй айлд мэндэлсэн бол тохиолдож болох аюул заналаас зайлсхийсэн нэр өгөх нь бий.

Хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь хүний үлдсэн амьдралын хэрэг. Өтлөх насны аз жаргалын утга нь үр хүүхэд сайн сайхан явахад байдаг. Иймд хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь маргаашийнхаа аз жаргалын үрийг тарьж байгаа хэрэг. Андашгүй дээ, сайхан дээл хувцас өмсөөд, инээд хөөр дүүрэн яваа ахмуудтай уулзахад үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлсэн, тэднийхээ сайн яваагаар бахархсан улс байдаг. Гундуухан яваа, хүнтэй уулзахаас бэргэсэн хөгшчүүлийг асуухад хүүхэд нь өрд орж байрыг зараад үрчихсэн, архинд ороод хамаг юмаа зараад уучихсан, тэднийгээ олигтой хүмүүжүүлээгүйн горыг амссан хөөрхийс харагддаг. Хүүхдээ муу хүн болгоё гэж хэн бодох билээ, гагцхүү түүнд тавих анхаарлаа цалгардуулсан, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ дутуу ухамсарлаж зөнд нь орхисны л үр шүү дээ.

-Нүүдэлчин айлын хөвүүд охид гэрлэх уламжлалт ёсон тодорхой байдаг. Харин хот сууриныхан өрнөдийн ёсоор хуримлаж байна. Энэ шинэчлэл хувиралд буддистууд хэрхэн өөрийн онцлогоо хадгалан зохицох ёстой юм бол?

-Амьдрал бол үргэлж баяжин шинэчлэгдэж байдаг зүйл. Хорвоогийн агшин зуур хувиран өөрчлөгдөж байдаг тэр чанарыг л бурхан шашин голлон хэлж өгдөг юм. Уудам тавиу нутагтаа цөөхүүлээ, цаг зав ихтэй амьдран сууж байхад хэвшин тогтсон зарим ёс зан үйл хотшин суурьшсан өнөөгийн амьдрал шинэчлэл нэхэх нь зүй тогтолтой зүйл. Жишээлэхэд, цай сүүнийхээ дээжийг тэнгэр хангайдаа өргөх нь өвөг дээсийн ариун ёс мөн. Гэхдээ орон сууцныхаа цонхоор шанага шанагаар өргөл цацал үйлдэх нь гудамж талбай бохирлохоос эхлээд хүний толгой рууюм асгах, машин тэргийг нь муухай болгох сөрөг үр дагавартай. Хичнээн сайхан үйл гэж бодож хийлээ ч бусдыг уурлуулж, хүнийг хохироож үйлдвэл юуны буян байх билээ.

Жишээлэхэд, манайх дээжүүдээ жижигхэн данханд хурааж байдаг сүүлхэнд нь гадаа, хээр өргөдөг юм. Гол нь хоол цайныхаа дээжийг тэнгэр хангай байгаль дэлхийдээ өргөх сэтгэл байгаа болохоор болоод явчихна.

Манай хийдэд хуримын ёслол хийсэн хосууд ирж ёсолдог сайхан заншил бий болоод байна. Энэ нь өвөг дээсийн шүтээн, зан заншилд хүндэтгэл илэрхийлж байгаа сайхан хэрэг. Дэмжин зохион байгуулах учиртай гэж үзэж байгаа. Хуримыг бид эхлээд Жанрайсиг дуганд ёслуулж үзсэн. Зун болоод байвч хүйтний улирлад халаалгагүй учраас бэрх юм билээ. Одоо тэргүүн хамбын өрөөнд хийж байгаа. Өрөөний хэмжээнд захирагдаад хүргэн, бэрийн талын голлох цөөн хэдэн зочныг оруулдаг. Тэдний өөрсдөө сонгож авсан, эсвэл бидний зүгээс гэрлэгсдийн жил, гаригийг шинжин санал болгосон гэр бүлийн шүтээн бурханыг аравнайлан гардуулдаг. Мөн эхнэр нөхөр, улмаар эцэг эх, эмээ өвөө болох ариун барилдлагын учир, үүрэг хариуцлагыг сурган хэлж, ерөөл бэлгэдлийн шинжтэй ёслол үйлддэг болсон. Энэ улам өргөжих байх.

-Хурим хийхэд тохиромжтой өдөр ховор болтой. Зарим ховор сайн өдрөөр Хуримын ордонд 24 цагийн турш ёслол болох нь бий юм гэсэн.

-Өдөр судрын хувьд бол цөөхөн хэдэн өдөр манайхны ой санамжид үлдсэнтэй холбоотой. Шашин бурхан хориотой, өдөр судар харуулбал үзсэн үзүүлсэн хоёр хэрэгт ордог хатуу бэрх үед хүмүүс нийтээрээ мэддэг хэдхэн “хурим хийхэд сайн” өдөр байсны нэг нь намрын дунд сарын 17 юм. Тэрнээс биш сайн өдөр олон, аргагүйдсэн үед хийх засал нь буй. Гагцхүү манай зурхайчид хамтарч нэгдсэн ойлголтод хүрэх замаар шийдэх асуудал олон байгаагийн нэг нь.

Өвөг дээсээ нутаглуулахдаа булшлах, хайлуулах, агаарт хайлуулан өргөх ёсууд уламжилж ирсний дотороос ил тавихыг шүүмжлэх нь их болж. Уул нь амьдралынхаа сүүлчийн мөчид газар дэлхийг ухаж төнхөхгүй байх хүсэл, биемахбодио араатанд хаяж өлийг дарснаар юун түрүүн амьтан цатгах, улмаар түүнд идүүлэх ээлжтэй байсан нэг амьтныг аварч буян үйлдэх утгатай эд л дээ. Өнөөдөр шүүмэлэл нэлээн дагуулж байгаа. Гэхдээ зарим хөгшчүүл өөрснөө ингэж нутаглуулахыг гэрээслэдэг учраас амаргүй байдаг юм билээ.

-Монгол хүний баатарлаг дайчин чанарыг сэргээх цаг боллоо гэж уриалах боллоо. Номой дорой болгосны буруутан нь… гээд орхихоор та тэртэй тэргүй гүйцээн ойлгоно. Би ч “амаар үйлдэх” нүглээс зайлах ач холбогдолтой юм.

-Тиймээ, социализмын үед буддын шашныхаа мөн чанарыг ойлгоогүй хүмүүсийн гаргасан суртал нэвтрүүлгийн үг ярианы хэсэг байна. Гол хариулт нь бидний өмнөх ярианд гарсан. Харин орхигдслн санааг үргэлжлүүлэн ярихад, амьдрал үргэлж сайжирч, хорвоогийн олон амьтан орчлонгийн хүрдээс аврагдах, гэгээрэх боломж руу улам бүр дөтлөсөөр байгаа цаг юм, өнөөдөр. Ямарч үндэстэн түүх судраараа бахархалгүй л яахав. Гэхдээ дайнч түрэмгий явсан үеэ ид бах болгож, тийм араншингаа сэргээх юм ярьж байх юм. Гэтэл цагийн юм цагтаа л байдаг.Олон зууны тэртээд цэрэг зэвсгээр гайхуулж явахад тийм араншин зохидог байсан биз, харин өнөөдөр үгүй. Хоёр хэт их гүрний дунд хоёр сая гаруйхан тоотой монголчууд догшин түрэмгий байгаад амьтны дургүй хүргэхээс өөр юунд хүрэх вэ. Харин амьтны эвийг олж, бодолтой амьдарч байж ардчилал, тусгаар тогтнолоо үргэлжлүүлэн хамгаалах цаг. Зөөлөн нь хатуугаа идэж, ус чулуугаа элээдэг гэж өвөг дээдэс сургасан. Нэг сагсуу бодлогогүй хүний хийсэн үйлдлийн балгаар мөрөөрөө яваа өч төчнөөн гэмгүй монгол хүн хохирч үлддэг нь бишгүй. Эх оронч үзэл гэдэг бол хаана ч явсан үндэстнийхээ нэр төрийг бодож, миний хийсэн бодлогогүй явдлын балгаар миний араас яваа монгол ах дүү минь хэлмэгдэн хохирох вий гэж сэрэмжлэн явахын нэр юм байгаа биз дээ. Ардчиллын зарчимд “Нэг хүнний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана” гэж сургадаг даа.

-Монголыг монгол болгож харуулдаг бас нэг зүйл наадам, цагаан сар хоёр байна. Даяаршиж ижилссэн энэ цаг үед биднийг “Энэ бол монголчууд” гэж ялгаруулдаг. Наадмын өдөр цөмөөрөө монгол дээлээ өмсөөд, наадмын хуушуураа идэх үнэхээр сайхан.

-Тиймээ, цагаан сар, наадам хоёр монгол хүнийг монгол харагдуулдаг. Хуучин оны сүүлийн өдрүүд их учиртай. Өвлийн адаг сарын 29-н есөн гэхэд өр ширээ барагдуулж, үнс тоосноосоо салж, харин битүүнд ам зөрсөн улстайгаа хөөрөг зөрүүлэн цайруулж, эв найраа сэргээдэг. Бид “талархлын өдөр” гэж гадаадынхныг дууриан тэмлэглэж байна. Муухай гэх гэсэн биш. Харин өвлийн адаг сарын битүүнийг “бие биенээ уучлах”, “гэмээ цайруулах” үндэсний өдөр болгож яагаад болохгүй гэж. Ийм өдөртэй байх нь гэмээ цайруулах, нэгийгээ уучлах гээд завдаж чадахгүй яваа улсад сайхан боломж шалтаг болж өгнө. Ингэснээрээ хуучин жилийн сайн, муу бүхнийг хуучин онд нь үлдээж байгаа хэрэг. Тэгээд шинийн нэгэнд аж төрлөө цоо шинээр, улам сайхнаар эхэлнэ. Мөрөө шинээр гаргаж байгаа нь ийм учиртай, гэм алдаа, элдэв бүхнээ хуучин ондоо үлдээгээд амьдралаа шинээр эхлэн анхны ариун мөрөө гаргах бэлгэдэл шүү дээ.

-Тасарсан бүхэн эргэн залгалдахад гардаг завсар зааг, уяа холбооны зөрүүг бид 1990 оноос хойш хангалттай амслаа. Энэ үе бол тасарсан шүтлэг, тасалдсан зах зээл, тасалдаж орхисон зүй ёсны хөгжлийн замтайгаа эргэн залгагдах үе байсан.

-Бид урагшилж байна. Шашин номоос нь салгаад хаячихсан ард түмэн яаж төөрөх, будилах ёстой вэ, бид түүнийг л дайрч байна. Өнөөгийн лам хуваг, сүм хийдийг хориод жилийн өмнөхтэй зүйрлэшгүй болсон. Сүсэгтнүүд ч мөн адил.Гадаад хэлээр болоод төрөлхи хэлээр гарч байгаа бурханы ном сургаалийг уншиж судалсан сүсэгтнүүдтэй харьцаж байгаа манай лам хуврагуудын шашны болоод иргэний боловсрол ч хамаагүй ахисан.

Хүн ард чөөр болсон. Бид ерөөд онд хогоо үүдэндээ асгаад, гэр доторхио гоёж эхэлсэн. Гоё тавилгатай гэрээсээ гарах, орохдоо хогон дундуур явдаг байсан. Түүнийгээ анзаарч ухаараад орцоо цэвэрлээд жижүүртэй болоод эхэлсэн. Одоо үүд орчноо хамтаараа тохижуулж, хот маань өнгө зүсээ улам л засаж байна. Бусдын юмыг хайрлаж байж өөрийн юм сайхан болно гэдгийг бид ухаараад явж байна.

Жолооч нар бие биедээ ямар найрсаг болж, яарсан нэгэндээ зам тавьж, урдуураа оруулаад өгдөг болж эхэлсэн нь юутай сайхан. Манайхны зарим нь урдуур нь машин орохоор бөөн уур болоод түрүүнд нь гарч байгаад тоормосоглох зэргээр аягладаг нь үнэхээр муухай. Ямар ч учир шалтгаантай яарч явж байж болно оо доо. Зайлуул, эмнэлэгт хэн нэгэн бие нь муудаад эмч нь “Уулзах учиртай хүн байвал одоо дууд” гэснийг дуулаад хагас ухаантай амьтан яарч явж болно. Зовлон хэнийг ч тойрохгүй шүү дээ.

-Шашны хэрэгт төр оролцохоо больсонд таагүй байдаг гэж дуулаад их гайхсан. Ямар учиртай юм бол?

-Шашныг хянаж цагдаж байсан үеийг мөрөөссөн юм бол биш. Ер нь үндэснийхээ шашин мөргөлийг тэтгэх үүднээс төрийн халамж чухал болохыг хэлсэн юм. Энэ нь дотор нь ороод сүм хийдийг хэргийг хөтлөхдөө биш.

Сүм хийд оршин тогтноход хөрөнгө хэрэгтэй. Өглөг харамжаас бүрдэж буй сан нь сүм дуганаа өөд татахад , зан үйлийн хэрэгцээг хангахад хүрэлцэж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Ингэж чадаагүй сүм хийд харамжаа нэмнэ. Харамж нэмэгдээд сүсэгтний боломжоос давбал тэд сүм хийдээс зайгаа барина. Эцсийн дүндээ шашин сүм хийд хүний сэтгэлийг зөөлрүүлж ариусгах үүргээ биелүүлэж чадахгүйд хүрнэ. Тэр хэрээр үндэстний сэтгэл эвдэрч хямрана. Тэгэхээр шашны оршин тогтнол нь яах аргагүй төрийн хэрэг. Тиим учраас Германд гэхэд 10 хувийн татвар авч түүнээ сүм хийдэд зориулдаг байх жишээний.Өнөөдөр хот, ялангуяа нийслэлд байгаа сүм хийд оршин тогнох хэмжээний өргөл, хандивтай байгаа. Харин хөдөө нутгийн сүм хийдүүд цагаан сараар цуглардаг жаахан харамжаас өөр юмгүй. Тэд хамбын цалин дөчөөд мянга, ламынх хорь гучин мянга орчим гэж надад хэлдэг.

-Та Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан депутатуудын нэг. Хуулийг батлаж дуусах ёслолын үеэр яг юу бодогдов?

-Лам хуваргууд ХХ зууны эхний хоёр хувьсгалд оройлж, хамтарч орж тусгаар тогтнолоо сэргээлцсэн. Харин монголд тогтсон улаан засаг тэднийг хамгийн түрүүн цаазалж, хэлмэгдүүлэн, улс төрийн эрх чөлөөг нь хассан.Харин шинэ Үндсэн хуулийг батлалцаад гарахад юуны өмнө монголын лам хуврагууд 1937 онд эрх чөлөөгөө хасуулнаар эхэлсэн харанхуй үе өнгөрснийг мэдэрсэн. Лам хуврага хүн ард түмнийхээ төлөө үг хэлж, улс орныхоо хэрэгт оролцож болдог үе эхэлснийг харж бахадсан даа.

http://tsenddoo.niitlelch.mn/content/6138.shtml

“Агуу хүмүүний 8 үнэн” сургааль

Өнөөдөр 13 цаг 41 минут

3bfa2cbd3a77cfb6big

 

Домгоос үзэхэд Бурхан багш (Гаутам Будда) хүмүүн бидний өөрөөсөө хүсвэл зохих 8 шинж чанарыг “Агуу Хүмүүний 8 үнэн” нэртэй сургаалиар хэлж үлдээсэн гэдэг. Зэн багш Доген мөн таалал төгсөхөөсөө өмнө Буддагийн дээрх сургаалийг тодотгон тайлбарлаж үлдээсэн байдаг.
Дээрх гэгээнтнүүд чухам ямар шинж чанарыг эрхэмлэх талаар бидэнд хэлж үлдээхийг хичээсэн юм бол?
1. Багыг хүсэх Хүслээс бүр мөсөн ангижрах нь хүмүүн бидэнд боломжгүй нь тодорхой. Ядаж л хүслээс ангижрахыг “хүсэж” байж ангижрах болохоор бас нэг хүсэл үлдчих гээд байдаг. Бүх хүслийг таягдаж хаях бодлоо хаяж багыг хүсэхийг хичээх хэрэгтэй болтой.
2. Ханаж цадсанаа мэдэж байх Ханаж цадахаа мэдэхгүй улс хичнээн баяжаад ч ядуу л байгаад байдаг. Байгаа юмандаа ханамжтай байж сурвал ядуу хүн ч баян мэт амьдрах.
3. Амар амгалан орших Элдэв чимээ шуугианаас холдож хоосон орчинд ганцаар байхыг эрхэмлэх нь амар тайван жаргал юм гэж Бурхан багш тодорхойлжээ.
4. Уйгагүй хичээж оролдох Чулуун дээрээс тасралтгүй ус дусаал байхаар чулуу хонхойж цоордогийг бид мэднэ. Уйгагүй хичээл оролдлогын үнэхээр сайхан жишээ.
5. Анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх Яг одоо байгаа орчиндоо, энэ мөчдөө анхаарлаа хандуулж, мэдэрч амьдрах тухай ойлголт юм.
6. Бясалгах төлөвт оршихыг хичээх Зазэн хэмээх суугаа бясалгал бол Бурхан багшийн өөрийнх нь хэрэглэдэг байсан бадамлянхуан суултаар сууж хийдэг бясалгал билээ. Түүнийг тогтмол хийж байхыг бидэнд хүсчээ.
7. Эрүүл ухаан, эрдэм мэдлэгийг хичээх Өөрийнхөө талаар байнга эрэгцүүлэн бодож, өөрийгөө ажиглаж байвал эрүүл саруул ухаанаа гээхгүй байж чадна гэж Бурхан багш тодотгожээ.
8. Дэмий хоосон ярианд оролцохгүйг хичээх Аливаа маргаанд ялагч гэж байдаггүй, ялагдагч ч гэж байдаггүй. Өөр өөрийн байр суурийг хамгаалах төдий. Энд хэн нэг нь зөв нөгөө нь буруу гэхээсээ илүү бие биеийн байр суурийг хүлээн зөвшөөрөх эсэх тухай л яригдах юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Даван туулж болохгүй бэрхшээл гэж байдаггүй

Нийтэлсэн: 2014-03-05 15:09:53

Бид энэ удаа ээлжит булангаараа Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, мөн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, хэлмэгдэж явсан Ц.Лоохууз нарын хэлсэн үгийг хүргэж байна.
Монгол Улсын Хөдөлмөриин баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав:


-Та ханийхаа тухай нэгэнтээ ярьж байсан. Таны ханийг хүрээний сайхан хүүхэн байсан гэдэг. Сайхан хүүхний нөхөр байх “амаргүй” биз?

-Тиймээ. Хот цөөхөн хүнтэй байсан учраас тэр үед хүмүүс сайхан хүүхэн, харчуулаа мэддэг байсан. Ялангуяа Төв театрын сайхан хүүхнүүдийг андаггүй байсан. Лхагвсүрэн жанжны эхнэр Дашцэдэн, за, тэгээд Цогцолмаа, Лодойдамба гуайн Долгорсүрэн, миний хань Төв театрын бага Долгорсүрэн, гээд.
Бид хоёр 60 гаруй жил хамт амьдралаа. Тэгш сайхан амьдрах сайхан шүү дээ. Ямар ч газар, гэр бүл дотроо нэрээ хугалахгүй байхыг зөв амьдарна гэнэ. Ер нь амьд явах л их чухал. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг шүү дээ. Хүн өнгөрсөн хойноо нэрээ дуурсуулахаар амьдрах хэрэгтэй. Ухаант хүний үр хорвоогоос чимээгүй явж үл болно.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж:


-Та бол Монголын алдар нэртэй хүмүүсийн нэг. Таныг амжилтанд хүрэхэд тань ямар зан чанар нөлөөлсөн гэж та боддог вэ?

-Энэ бол миний хариулах асуулт биш байна. Яагаад гэвэл би өөрийгөө амжилтанд хүрсэн хүн гэж хэлэхгүй. Учир нь уран бүтээлч, зохиолч хүн бол хамгийн сүүлийнхээ бэх нь хатаагүй зохиолыг харж суухдаа үүний дараа энэнээс илүү юм хийх юмсан гэдэг сэтгэлийн хөрөнгө эсгэж байдаг.
Тийм болохоор өөрийнхөө өмнө тавьсан зорилгыг бүрэн биелүүлж чадаагүй байж “Хөшөөний суурь тавигдах, би дээр нь зогсоё” гэж хэлэх эвгүй. Би ингэж боддог, Ер нь бол уран бүтээлч төдийгүй аливаа хүн өөрийгөө чамлаж амьдрах учиртай. Хүн өөртөө хязгааргүй дурлаад “Би болж байна” гээд өөрийгөө өргөмжлөөд байвал хөгжиж чадахаа байдаг. Тиймээс надад хийгээгүй юм их байна.
Цогт-Очирын Лоохууз


-Та бол хамгийн их бэрхшээл үзсэн. Бэрхшээлийг даван гарах тухайд та амьдралын туршлагтай хүн. Энэ талаар та хэлнэ үү…?

-Ямар ч хүнд их, бага бэрхшээл заавал тохиолддог. Бэрхшээл бол хөгжих дэвшихийн суурь нь юм. Зовлон үзээгүй хүн жаргалын амтыг мэдрэхгүй гэдэг үг ч байдаг. Би арван настайдаа ээжээсэээ өнчирч үлдээд тэр жил ахыгаа дайнд алдаж, аав, дүүтэйгээ үлдэн амьдралын бэрхийг үзсэн учраас аавыгаа их хайрладаг.
Ер нь хүн бэрхшээлийг тэмцэн байж давж гардаг. Даван туулж болохгүй бэрхшээл гэж байдаггүй. Бэрхшээлийг хүн даван туулснаар улам хүмүүжнэ, ухаажна, мэдлэгтэй болно, ажилд хөдөлмөр хийх хүсэл эрмэлзэлтэй болж, баярлаж зоригждог юм.
Бүх хүнд ижилхэн ухаан байдаг боловч хүн түүнийгээ хэр зэрэг дайчилж чадсанаас бүх амьдрал хамаарна. Мөн өөрөөсөө ах хүнтэй нөхөрлөж бай. Тийм хүн бол чиний хийх гэж байгаа алдааг өөрийнхөө биеэр үзчихсэн байдаг юм.

Эх сурвалж: “Бизнес таймс” сонин

http://www.sonin.mn/news/culture/24489

Хөнгөн маягаар амьдрах гэж зүтгээд байвал нэг л өдөр онхолдоно

Нийтэлсэн: 2014-02-12 08:38:43

-Зорилго бол хүнийг чирч явдаг зүтгүур юм. Тиймээс зорилгогүй хүн хаашаа ч явахгүй, нэг л байрандаа байгаад байдаг-

Манай сонин “Амьдрал таньсан хүмүүсийн үг” гэсэн буланг өнгөрсөн оноос эхлүүлж энд манай улсын нэр хүнд бүхий олон хүний хэлсэн үгийг бид хүргэсэн билээ. Энэ удаа анагаах ухааны доктор, профессор эмч Ж.Хайрулла, академич О.Шагдарсүрэн нарын үгийг тунгаан болгооно уу.

Монгол Улсын Хөдөлмөриин баатар, Төрийн шагналт Ардын эмч Ж.Хайрулла:

-Хүн чийгийн улаан хорхой шиг газар дор нэг хоёр өдөр хэвтэж байгаад дээшээ гарч ирээд нар гарахаар шороо болоод арилчих гэж энэ хорвоод ирдэггүй. Ухаантай, ухамсартай хүн болж төрнө гэдэг чинь амьдралын төлөө тэмцэл хийх чадвартай байна гэсэн үг. Амьдралын төлөө тэмцэж чадвал ямар ч бэрхшээлийг давж чадна.

Аль болохоор хөнгөн маягаар амьдрах гэж зүтгээд байвал нэг л өдөр онхолдоно шүү дээ. Хүн нэгэн хэлтэрхий тоосго шиг ямар нэгэн барилгын өнцөг буланд өөрийнхөө байрыг олж өрөгдөж чадвал энэ хорвоо дээр бий болсныхоо үүргийг гүйцэтгэж байгаа нь тэр юм.

Ер нь хүнд эцэг эхээс, байгаль хорвоогоос ногдох хувь тавилан гэж байдаг байх гэж би боддог. Хүн тэр хувь тавилангаа зөв дагаж явж чадвап зорьсондоо хүрэх байх. Бусдаар зөв дагаж чадалгүй замаа алдвал юунд ч хүрч чадахгүй болов уу…

-Таныхаар хүний жаргал гэж юу вэ. Хүний хайр бас байна. Одоо цагт энэ ойлголтууд “өөр” болоод байгаа биш үү?

-Хүний жаргал гэдэг эрүүл саруул байж, зорьсондоо хүрэх л тэр жаргал юм. Хайр гэдэг бол өөр. Би хамгийн их хайрыг мэдээж ээж аваасаа хүртсэн байж таараа. Мөн түмэн олныхоо хайрыг яаж бага гэх вэ.

Хамгаас үнэтэй халуун хайр, нинжин сэтгэлээ зөвхөн наддаа зориулж, хамт инээж, хамтдаа уйлж ханийн жаргал, үрийн баясгалангаар бялхуулсан ариун нандин сэтгэлт ханийн хайрыг мөн хамгаас эрхэм гэж би хэлнэ.

Монгол Улсын Гавьяат багш, академич О.Шагдарсүрэн:

-Таныхаар амьдралын зорилго гэж юу вэ. Зорилготой байх тухай таны бодлыг сонсоё?

-Хүн заавал зорилготой амьдрах ёстой. Зорилгогүй хүн бол нэг л байрандаа байгаад байна. Зорилго бол хүнийг чирч явдаг зүтгүүр юм. Би ингэж боддог. Амьдрал дээр ч ийм байдаг. Зорилгогүй хүн хаашаа ч явахгүй.

Яаж хүрэх нь хамаагүй, аливаа хүн очих газраа мэдэж байх хэрэгтэй. Очих газраа мэдэхгүй бол хаа ч хүрэхгүй. Миний амьдралын зорилго бол хүний дайтай хүн шиг амьдрах явдал байлаа. Би тэр жишгээр өөрийгөө явж. чадсан, чадаж байна гэж боддог доо.

-Мөнгийг та юу гэж үзэж, юу гэж үнэлдэг вэ?

-Мөнгө бол хоолны талон шиг л юм даа. Одоо үед мөнгийг их дөвийлгөж, мөнгөөр их цатгалдсан баян чинээлэг айхтар хүмүүс их гарч байна. Хэрэв хүн мөнх амьдардаг байсан бол мөнгөтэй байх нь сайхан л юм биз. Нэгэнт л бусад хүнтэй адилхан үгүй болохоос хойш бусадтай адилхан амьдарсан нь дээр байх гэж би бодоод байдаг юм.

Маш их мөнгө эзэмшиж байгаа хүн байдаг юм байна. Түүнийг нь хийсэн ажилтай нь харьцуулаад үзэхэд яагаад ч олохгүй тийм их мөнгийг овоолчихсон байгаа нь бусдын авах байсан мөнгийг л авчихсан хэрэг.

Ийм хүмүүс яахав дээ өөрсдөө сайхан жаргаж байна гэж бодож байгаа байх. Гэхдээ хүн гэдэг нэгэнтээ байгалийн амьтан учраас хорвоогийн шүүхээр гэсгээдэх нь гарцаагүй. Харамсалтай нь түүнийгээ мэдэхгүй байгаа хүмүүс олон байна.

-Хүний амьдралын зовлон, жаргалыг юу гэж үздэг вэ, та?

-Ер нь шалтгаангүй юм гэж энэ хорвоо дээр байхгүй байх. Шалтгааныг өөрөө бий болгож байна уу, өөр зүйлээс бий болгож байна уу гэдгийг ялгаж салгах үүднээс бол хүн өөрийнхөө муугаас зовж байвал зовохоос биш яахав. Жаргаж байгаа бол баярлахаас яахав. Өрөөл бусдаас болж зовж байгаа бол харамсалтай.

Мөн өрөөл бусдын ивээлээр жаргана гэдэг ч сэтгэлд таатай зүйл биш. Туркийн алдарт зохиолч Назим Хикмет, орой гэр рүүгээ яарах, өглөө ажилдаа эртлэн явах нь миний хувьд жаргал гэж хэлсэн байдаг. Өөр сэтгэлд нь саад болох юмгүй хүн байна. Миний хувьд жаргап гэдэг яг ийм л зүйл.

Эх сурвалж: “Бизнес таймс” сонин

http://www.sonin.mn/news/culture/23896

Жавзандамба Хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу: Өндөр барилга олшроосой гэхээс илүү хүмүүс өр зөөлөн байгаасай гэж хүсдэг

2014 оны 1 сарын 9

Ч.ҮЛ-ОЛДОХ

Зууны мэдээ” сонин нийгмийг эрүүлжүүлж гэрэл гэгээтэй болгоход анхаарч ирсэн билээ. Энэ зорилгоор үндэсний сэхээтнүүд, эрдэмтэн судлаачдын үгийг хүргэж байх “Соён гэгээрлийн цуврал” ярилцлагын буланг нээж байна. Анхны зочноор Жавзандамба Хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбууг урьж ярилцсан юм.

-Нийгмийн тодорхой хэсэг, бүр цөөнгүй хүмүүс  таны “Буддын гүн ухаан, түүнд суурилсан ёс зүй” лекцийг сонсож, түүнээс авсан мэдлэгээ өөрийн амьдралд төдийгүй, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга барилд тусгаж байна. Харин зарим нь Монголд буддизмын оргил үе өнгөрсөн, хоцрогдсон гэж шүүмжилдэг. Бодит үнэн бол өнөөдөр нийгэм хөгжихийн хэрээр гаж үзэгдэл, жигшүүрт хэрэг газар авч ёс суртахууны тухай яриа улам бүр үнэ цэнэтэй болж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Би 1995 онд Өмнөд Энэтхэгийн Бэрээвэн хэмээх их сургуульд суралцахаар явсан юм. Буддын гүн ухаан судлалаар арван жил суралцаад 2005 онд ирсэн.  2007-2009 он хүртэл Английн Сандерландын их сургуульд суралцсан. Түүнээс өмнө Гандантэг­чинлэн хийдийн Буддын гүн ухааны Дашчоймбол дацанд сурч байлаа.

Нэлээдгүй хугацааг бурхан шашныг  судлахад зориулсан гэсэн үг. Ойлгож мэдэхийн тулд цаг заваа зарцуулж, их ч  хичээсэн.  Эцэст нь эргэж ирээд би Монголын хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэсэн бодол төрсөн. Магадгүй жил бүр Лондон хотод болдог “Монгол орны хөгжил” чуулга уулзалтад орж байх үеэс энэ бодол толгойд  эргэлдэх болсон байх. Зарим хүн хэлдэг шүү дээ, лам нар гэхээр хүмүүсийн юмыг зүгээр авч байдаг   “паразит”, нийгмийн хөгжилд ямар ч хувь нэмэргүй, харин ч нэрмээс болдог гэж. Юм хийе, бүтээе гэсэн залуу хүний хувьд, ирээдүйгээ үнэлж цэгнээд хардаг хүний хувьд “Яагаад ийм болчихов. Би хэрэггүй юм сураад ирчихсэн юм биш үү” гэсэн асуултыг өөртөө тавьсан. Энэ маань өөрөө буддизм гэж юу вэ гэдэг асуулттай гүнзгий холбогдоно.  Тиймээс  өнөөдөр буддизм  Монголын хөгжилд асар их хэрэгтэй гэж би хэлнэ.

-Мэдээж яагаад гэж хамгийн түрүүнд асууя. Гэхдээ өмнө нь нийгмийн ёс зүй гажуудаж байгааг  хөндсөн болохоор түүнтэй холбон ойлгож байна?

-Та түрүүн хөгжил гэж хэллээ шүү дээ. Хөгжил гэдэг магадгүй өргөн утгатай байж болох ч хүмүүсийн нийтлэг ярьдаг, ойлгодог материаллаг эд баялаг, техник технологийн хөгжилд ч ёс суртахуун хэрэгтэй.  Ёс суртахуун байхгүй бол хэчнээн их мөнгө байгаад улс орон хөгжихгүй, Африкийн олон жишээ байна. Өнөөдөр Монголын жишээнээс  үзэхэд болж бүтэхгүй байгаа бүхэн ёс суртахуунтай холбогддог. Замын түгжрэл, утаа униар, гэмт хэрэг, экологийн сүйрэл, авлига хээл хахууль явсаар байгаад хэн нэгний ёс суртахуунд тулж, хэрэв тэр ёс суртахуунтай байсан бол гэдэг асуултад хүргэдэг. Зарчимгүй байдлыг “Паа, пүй” гэдэг атлаа хүний сэтгэлийг зарчимтай  болгохын төлөө дорвитой юу ч хийхгүй байна. Нөгөөтэйгүүр, ёс суртахуун зөвхөн буддын шашинд байдаг гэж би хэлж зүрхлэхгүй. Гэхдээ ганц монгол ч биш Азийн ард түмэнд 2500 жил ёс суртахууны чиг баримжаа болж ирсэн бурхны шашинд хүнийг хүмүүжүүлэх арга зүй эрх биш байна аа даа. Хүмүүс янз бүрээр ярьдаг ч  би эмээ, өвөөгийнхөө ярианаас “Тэр үед хүмүүс ямар сайхан байсан юм бэ” гэж ойлгодог. Ядаж л хүнийг ёс суртахуунтай болгодог, үе үеийн мэргэд, үе үеийн чин сэтгэлээсээ ариусъя гэж хичээж байсан хүмүүсийн бүтээл туурвил, оролдлогын үр, бичиж үлдээсэн зүйлүүд,  туршилтууд нь   байна. Ёс суртахууны төлөө хийсэн тэмцэл, түүнийг туршиж байсан ажиглалтууд нь байна. Үүнийг би өнөөдөр хамгийн их хэрэгтэй зүйл бөгөөд бурхан шашны гол цөм  гэж байгаа юм.

Бурхны шашинтан гэ­дэг маань тухайн шашны үзэл онолыг  үзэж судлаад түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлдэг хүнийг л  хэлнэ. Хэрэгжүүлэх зүйл нь ч  нэгд ёс суртахуун, хоёрт анхаарал төвлөрлийн бясалгал буюу оюун бодлоо удирдаж сурах дасгал, гуравт эрдэм мэдлэг гэж гурван хэлбэрт ангилж авч үзэж болно. Энэ дотроос хамгийн гол суурь нь ёс суртахуун юм. Тэгэхээр маш өндөр хөгжсөн ёс зүйн систем, онол, практик бурхны шашинд бий. Энэ нь хүн болгоныг  бурхны шашинтан бол гэсэн үг  биш. Харин ч бусад шашны урсгал Монголд орж ирсээр Монголын буддизм эрүүл хөгжихөд их нэмэр болно гэж би боддог.

-Хүн болгон бурхны шашинтан болох албагүй гэж та үздэг юм байна. Тэгвэл өөрийгөө бурхны шашинтан гэх хүн  олон байна шүү дээ. Энэ талаар?

-2010 оны судалгаагаар манай улсад нийт шашин шүтлэгтнүүдийн 87 хувь нь байхаа,  өөрийгөө буддист гэж тодорхойлсон байсан. Гэхдээ бурхны шашинтан байна гэдэг зүгээр  ном уншуулах, эсвэл  далдын хүчтэй нэгнээр “арын хаалгадуулах”-ын нэр биш юм.  Өнгөрсөн 20 жилд миний хичээн үзэж судалснаар бурхны шашин гэдэг  ариун байхын тө­лөө хүн өөрийхөө муу сэтгэлтэйгээ хийх тэм­цэл, сайн сайхан зүйл рүү тэмүүлэх хүсэл, ариуслыг дадлагажуулах үйл ажиллагаа  юм. Бас  бурхны шашинтан тул ингэж болохгүй гэсэн ёс суртахууны наад захын хэм хэмжээг бий болгох шаардлагатай. Тиймээс Жавзандамба хутагт төв нийгэмд буддизмын талаар мэдлэг мэдээлэл өгөх, нэгэнт өөрийгөө буддист гэж тодорхойлдог  хүмүүст бурхны шашинд суурилсан ёс суртахууны чиг баримжаа өгөхөд үйл ажиллагаагаа хандуулж ажилладаг. Гэхдээ үүгээр би  нийтлэг хөгжил цэцэглэлтийн тухай ярьж байгаа юм. Хөгжил гэдэг бас өөр зүйлийг ч хэлж болно шүү дээ.  Жишээ нь, даруухан атлаа сэтгэл нь амар амгалантай байх тийм зүйлийг буддизм заадаг. Ганц буддизм ч бус бүх шашинд хэмжээгүй хүсэл, туйлын аз жаргалд хүрэхгүйн талаар авч үзэж, хүслийг тодорхой хэмжээнд хазаарлах талаар бүгд санал нэгддэг. Ер нь ёс суртахуун дээшилснээр л улс орон сайхан болдог.

-Тэгвэл нийгэмд хандаад байгаа тэр үйлчлэлийг нь  Та тодорхой жишээ дээр ярихгүй юу. Юу нь болж, бас болохгүй байна вэ?

-Өнөөгийн нийгэмд  болохгүй байгаа нэг зүйл нь авлига, хээл хахууль. Энэ улс орны  хөгжлөөс асар хойш  чангааж байна. Бид юу гэж боддог вэ гэвэл, нэг л их муухай амьтад дээр гарчихаад авлига аваад байна гэдэг. Гэтэл үнэндээ бид өөрсдөө л муухай болчихсон хэрэг. Авлигачдыг үзэн ядаад байгаа хүмүүсийн арваас хэд нь өөрсдөө хэрэв тэр суудалд очвол гэнэтийн их мөнгөнөөс татгалзаж чадах бол? Цөөхөн нь л болов уу. Сая төгрөгийн үнэтэй гар утас олоод эзэнд нь эргэлзээгүй бу­цаагаад өгөх ёс сур­тахууны сахилга, сэтгэ­лийн боловсролтой хүн л тэгж чадна. Сая төгрөгийн үнэтэй утас сайхан ч, цаана нь монгол хүн шаналж байгаа шүү дээ.  Тэгэхээр цөөн хэдэн хүн муу муухай болчихоод байгаа юм биш бидний олонх ийм. Миний тү­рүүнд хэлсэнчлэн буддизмыг монголчуудын дийлэнх нь шүтдэг гэдэг утгаараа үүний өмнө бид хариуцлага хүлээнэ. Нөгөө талаас ингэж чадах сургааль номлол нь ч буддизмд бий. Энэ тухай ярихаар  миний  олон жилийг бурхны шашныг судлах, сурахад зориулсан минь нийгэмд  хэрхэн үр нөлөөгөө өгөх вэ гэдэг асуулттай холбогдоно. Тиймээс би лам хувраг хүний мэргэжлийг Монголын хөгжлийг барилгатай зүйрлэхэд гол  ган багана нь биш байлаа ч гангийн найрлагад гарцаагүй байх, тэр өндөр технологийг гүйцээж чадах  хольц  буюу баялаг бүтээгч гэж хэлнэ. Гэхдээ ганц лам нар ч биш христийн пастерууд ч ялгаагүй юм.

-Ёс суртахууныг сэтгэлийн боловсрол  гэж томъёолох нь  бий. Гэхдээ  яг оносон тодорхойлолтыг Та юу гэж үзэж байна? 

-Хамгийн энгийн үгээр  “ёс суртахуун бол бусдыг хүндлэхүй юм” гэж томьёолсныг уншиж байсан. Гэхдээ тэр нь илүү өргөн утгаар “Өөрийгөө хийгээд бусдыг хүндлэхүй”  гэж хэлж болох. Тэр зүйл маань боловсролд орох  ёстой. Хөгжингүй орнуудын жишээнд шинжлэх ухааны цагтай тэнцүү цагийг тухайн хүнийг хүн болгож төлөвшүүлэхэд зориулдаг, ёс суртахуун, бусдыг хүндлэх, өөрийгөө илэрхийлэх зэрэгт ялгал үгүй анхаардаг. Улирал болгон хүүхдийн талаар эцэг эхэд нь мэдээлэл репорт өгнө шүү дээ, багш нь. Зан ааш, хичээл сурлага гээд бүхий л та­лаар нь улирал болгон тодорхойлно. Түүн дээр  аав, ээж нь хамтарч ажил­лана.

Жунглид өссөн хүүгийн тухай мэдэхгүй хүн байхгүй байх. Тэгвэл гэртээ төрж байгаа хүү, Жунглид хаягдсан хүү хоёр ижилхэн хүний  гентэй хүүхдүүд. Гэхдээ тэр иргэншдэггүй. Орчин, хүмүүжлийн хичээл, арга зүй, гэр бүл байгаагүйгээс. Тэгэхээр  иргэншлийнхээ 5000 жилийн турш хүн төрөлхтөн үнэт зүйлтэй болсон байна. Харилцан адилгүй ч гэсэн бие биеэ хүндлэх ёстой, бусдыг зодож занчиж болохгүй, өөрийн эрх ашгийн төлөө бусдыг хохироож болохгүй гэсэн ёс суртахууны хамгийн ерөнхий зарчим үйлчилж иржээ. Энд ёс суртахууны нарийн философийг яриагүй хамгийн түгээмэл хэрэглээний ёс суртахууныг л ярих гээд байгаа юм. Энэ тухай өндөр төвшинд авч үзэж, ярих ёстой болчихож. Үүнийг багаас нь сургадаг уламжлалт арга барил ч байсан.

-Тухайлбал?

-Монголчуудын хувьд тэр нь гэр бүл, бурхны сургааль байж. Гэтэл ёс суртахууны чиг баримжаа болж байсан бурхны шашин нь сүүлийн 80 жилд алга болсон.  Үүний улмаас  сүүлийн 20 жилд бага насныхнаас эхлээд дунд насныханд байх ёстой ёс суртахууны хэм хэмжээ, эрхэмлэлийн систем  байхгүй болчихоод байна. Ингээд хүүхдүүд нь яаж өссөн бэ гэвэл яг л шугуйд төөрчихсөн юм шиг байна шүү дээ. Эцэг, эх нь өглөө гараад орой л орж ирдэг. Сургууль дээр нь хичээлээ л заана. Өглөө гараад орой орж ирсэн эцэг эх тэрэндээ  санаа нь зовсон уу,эсвэл уучлаарай гэж байгаа юм уу мөнгө төгрөг, үнэтэй гар утас аваад өгчихнө. Тэгээд дараа нь юу ярьж байна гэхээр “Манай хүүхэд сурлага бол сайн байна. Гэхдээ нэг юм дутагдаад байна. Сэтгэлийн угаас бусдыг хүндлэх юм алга” гэдэг.

-Энэ сэдэвтэй холбог­дуулаад дотроо хүсч, залбирч явдаг зүйл танд  байдаг уу?

-Монгол Улс ирээдүйд хөгжиж, өндөр гоё  барилга олшроосой гэхээс  илүү  хүмүүсийг зөөлөн  байгаасай л гэж хүсдэг. Ирээдүй ганц өөрийнхөө хүсэл, ашиг сонирхлыг туг шиг бариад байхаас гадна бусдыг тооцдог, хүндэлдэг болчихвол аяндаа  болно. Тийм болгоход нэн тэргүүнд авч явах, үе үеийн Засгийн газар гарч ирээд бодлогоор хэрэгжүүлэх ёстой зүйл нь ёс суртахууны боловсрол юм.

-Миний бодлоор бол өнөөдөр ёс зүйг хамгийн их эвдэж буй зүйл нь  улс төр юм  шиг ээ. Намын гишүүн болсноор  юу ч хамаагүй хийж болох,  эрх баригч намд элсчихвэл   хүчтэй болчих  юм шиг  нэг тийм үнэлэмж,  ойлголтууд   байна. Тэр хэрээр монгол хүний үнэт зүйл алдагдаж байна. Тэгэхээр нам  байх шаардлага  ер нь байна уу. Та энэ талаар бодож тунгааж байв уу?

-Та миний мэдэхгүй сэдвээр асуулаа. Гэхдээ миний бодлоор нам, улс төрийн систем хэрэгтэй болоод л монголд төдий­гүй  барууны орнуудад  байдаг байх. Гэхдээ хэт намчирхах нь яах аргагүй буруу. Гол нь нам  байх  учир шалтгаан чухамдаа  тухайн улс орныг хөгжүүлэх бодлогын уралдаан юм. Хүмүүс үзэл бодлоороо нэгдэн нийлж хөгжлийн энэ замыг сонговол илүү гэж хөтөлбөрөө дэвшүүлдэг. Нөгөө хэсэг нь арай өөр бодлогыг гаргаж тавьдаг. Ард түмэн тэндээс   илүү гэж үзэж байгаагаа дэмжиж, сонголтоо хийдэг. Хүрд эргүүлэх боломжтой болсон тал нь бодлогоо хэрэгжүүлдэг. Би  тийм л байх болов уу гэж санаж байна. Тэгж уралдахгүй бүгдээрээ нэг юм ярьвал  хөгжил ирэхгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр үзэл бодлын өрсөлдөөн бус ашиг сонирхлын уралдаан болчихоод байгаад намыг буруутгах шалтгаан оршиж байгаа болов уу. Цэвэр  улс төрийн өнцгөөс нь авч үзвэл буруу л болов уу. Намын гишүүнчлэлийн тухай  ярихад хувь хүний ёс суртахуун буюу хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээнээс намууд хоорондын суртахууны хэмжээ хол дор байх ёстой юм шиг харагддаг. Бас намын нэрийн өмнөөс муу муухай юу ч хийсэн мундаг болчихдог юм шиг  ийм нэг үнэлэмжийн ойлголт яваад байх шиг.  Гэхдээ нам байж болох ч төр хэт данхайж байгаад хамаг учир оршиж байна уу гэж  би боддог.

-Тэгвэл намыг ги­шүүнчлэлгүй болгочихвол яасан юм бэ?

-/инээв/. Яг үнэндээ та миний мэдэхгүй, мэргэшээгүй салбарын тухай надаас ихээхэн асууж байна шүү. Би улс­төрч биш, судлаач ч биш, жирийн нэг лам хүн шүү дээ. Надад су­далсан, тодорхой чиг­лэлээр гаргалгаа хийж бодож төлөвлөсөн сэд­вүүд байдаг. Гэтэл та ми­ний огтхон ч сонирхож байгаагүй, судалж мэр­гэшээгүй сэдвээр  асууж байгаа болохоор би таны асуултад гойд мэргэн  хариулт хэлж ча­дахгүй л  болов уу. Гэхдээ мэ­дээл­лийн салбар өр­гө­жиж, олон сувагтай бол­чихсон болохоор на­­­мыг гишүүнчлэлгүй бол­­­гох тухай яриаг сонсч л   байсан. Тэгэ­хээр таны асуусан на­мыг гишүүнчлэлгүй бол­­­­гох гэдгийг зөв байх гэж бодож байна. Гэхдээ гишүүнчлэлгүй болчихоор улс төрийн намын санхүүжилт яах бол?

-Энэ удаа та надаас  асууж байх шиг байна. Би хувьдаа намд 100 сая төгрөг төлж дарга болдог хүн байхгүй болно. Ингэснээр эрүүл тогтолцоо руу явна гэж бодож байна. Эсвэл нууж хаах аргаа олчих юм болов уу?

-Таны хэлсэн сүүлийн өгүүлбэр үнэнд дөхөх болов уу.

-Тэгвэл монгол хүний үнэт зүйл юу вэ. Бид  “Би монгол хүн” гэж цээжээ дэлдээд байх уу, эсвэл арай өөрөөр  дотогшоогоо, өөр рүүгээ  хандах учиртай юу?

-Би монгол хүн гэсэн бахархал байж болно. Тэгснээрээ магадгүй бид төв рүүгээ ойртож нягтарч  байж болох юм. Өөрөөр хэлбэл ижил төстэй мэдрэмжүүд бидэнд байх ёстой. Жишээ нь, лавшаа идэхээрээ манайхан “Сайхан байна” гээд л хөлсөө шударч харагддаг. Гэтэл хятад, солонгос хоолны дэргэд зүгээр л мах, гурил хольсон бүдүүлэг хоол шүү дээ. Гэхдээ тэр нь түгээмэл соёл учраас биднийг нэгтгээд байгаа юм. Ижил зүйлийнхээ төлөө бид зүтгэх, биднийг нэгтгэх нэг хүч байх ёстой. Тэр л агь гангын үнэр, морины хөлс, Цагаан сараар золгох, мэндлэх, хүндлэх ёс тэр бүхэн биднийг ижилсүүлэх нэг зүйл. Гэхдээ энд маш  тодорхой хэлэх зүйл бол бидэнд үндэсний болоод үндсэрхэг үзлийн ялгаа байх ёстой. Өөрсдийгөө бусад ард түмнээс хэт дээгүүрт тавих нь том утгаар нь  аваад үзэх юм бол юутай ч сайн зүйл биш.  Омог  багатай байх хэрэгтэй байна. Бид бусдаас илүү гэж  цээжээ дэлддэггүй атлаа тийм баймаар байна шүү дээ. Бид Монголоороо нэгдэх ёстой ч том төвшиндөө дэлхийн хүн гэдгээрээ бас л ижилсэх ёстой. Шүтэн барилдлага талаас авч үзвэл ийм юм. Өнөөдөр манай улс  2.9 сая хүн амтай. Энэ цөөхөн ард түмэн бие биеэсээ ихээхэн хамааралтай. Өөрөөр хэлбэл, таны үйлдэл  надад илүү тусдаг гэсэн үг. Тийм болохоор та ч миний өмнө хариуцлага хүлээдэг, би ч таны өмнө хариуцлага хүлээдэг. Монгол Улс хөгжих нь бидэнд бүгдэд нь ашигтай болохоор бид улс орныхоо төлөө явах хэрэгтэй.

-Та түрүүнд үндэсний үзэл, үндсэрхэг үзэл хоёрын ялгаа заагийг харж байх ёстой гэсэн. Үүнтэй тусгаар тогтнолын маань асуудал хэрхэн уялдах бол?

- Би Энэтхэгт 10 жил сурсан. Эрх чөлөөгөө алд­сан хэдэн мянган түвдүүдийн дунд 10 жил амьдрахдаа  хамгийн хүч­тэй ойлгосон зүйл бол эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийн тухай байсан. “Бодь мө­­рийн зэрэг”-ийн эхний хэсэг дэх “Чөлөө учрал хүмүний бие” гэж бүлэгт товчхондоо бид  ямар ховор нанин эрдэнэт хүмүний биеийг авч төрсөн юм бэ гэдэг ойлголтыг зангид­сан байдаг юм. Эцсийн дүндээ тэнд юуг ойлгуулах гэсэн бэ гэвэл, одоо байгаа цаг хугацааг үнэлэх, өөрийнхөө ямар их үнэ цэнэтэй болохыг үнэлэх,  ховор нандин, үнэ цэнэтэй бүхэн өөрт нь хэрхэн бүрдсэнийг үнэлэх тухай юм. Энэ сонин ойлголт байгаа биз. Түүнийгээ бид нандигнах учиртай ч тэр нь  “Бид агуу”  гэж цээжээ дэлдэхийн нэр   биш. Тэгээд ч одоо цагт   эдийн засгийн тусгаар тогтнол, түүний төлөөх анхаарал сэрэмж    хамгаас чухал биздээ. Түүнээс буу агссан цэргүүд ороод ирнэ гэж айх харьцангуй бодит бус. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн тусгаар тогтнолд боловсрол хамгаас чухал. Боловсрол эргээд тусгаар тогтнолын баталгаа болно.

-Тэгвэл Монголын эдийн засаг өнөөдөр 100 хувь гаднын хараат байгааг та юу гэж үзэж байна?

-Гаднаас бараа бүтээг­дэхүүн авах бол байж болох шүү дээ. Америк гэхэд Хятадаас  бараа бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийг авдаг. Дэлхий глобальчлагдаж байгаа болохоор солилцоо аль ч улс оронд, ямар  ч салбарт байна, өмнө нь ч байсан. Хэдэн мянганы тэртээгээс л “Торгоны зам”-ыг  нээж, бараа солилцоо хийж байсан шүү дээ, монголчууд. Ха­рин авч байгаатай  маань адил үнэлэгдэх  бараа, бүтээгдэхүүн бидэнд байх ёстой болов уу. Тэр нь ганц уул уурхай биш. Түүнээс гадна Энэтхэг шиг өөрсдийн эдэлж хэрэглэж байгаа бүхнийг өөрсдөө үйлдвэрлэж гаргах ч бас биш. Өргөн хэрэгцээний зүйлүүдийг үйлдвэрлэж гаргах хэрэг­тэй.  Үйлдвэр нь байхгүй ч технологи нь байхад урагшилна шүү дээ.

-Бидний урилгыг хүлээн авч зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, өндөр настан Ш.Түгж: Хүнийг хүндэлж байж бусдад хайрлуулж, хүндлүүлдэг жамтай

 

Нийтэлсэн: 2013-12-31 09:00:23

Амьдралыг зузаан хуудастай дэвтэр гэж төсөөлбөл уг дэвтэрт хүн бүр өөрийн хүссэн замналаа дуртай өнгөөрөө бичиж үлдээх жамтай юмсанж. Харин одоо, өнгөрсөн, ирээдүй цагийн хэлхээс дээр боть болон үлдэх тэрхүү дэвтрийг үр хүүхэд, ирээдүй хойч нь эргүүлэн харж, өөрийн амьдралаа зөв голдирлоор сийрүүлэхэд ашигладаг гэлтэй. Тэгвэл сэтгүүлч миний бие Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Түгжийн 90 жилийн амьдралын түүхийг баринтагласан зузаан дэвтрийн зах зухаас нээж, уншигч танаа хүргэхийг эрмэлзлээ.
-Таны хувьд аз жаргал гэж юу вэ?
-Аз жаргал гэдэг мэдээж сайн сайхан амьдрахыг л хэлж буй юм болов уу. Гэхдээ сайн сайхан амьдарна гэж юу вэ гэдгийг хүн бүр өөрөөр ойлгоно л доо. Миний хувьд сайхан амьдарна гэдэг нь дуртай ажил мэргэжлээ сайн эзэмшээд, ганцхан өөрөө бус үр хүүхдүүдтэйгээ сэтгэл хангалуун, энх тунх аж төрөхийг л хэлнэ гэж ойлгодог. Тийм ч болохоор би төмөр зам гэх их айлд олон жил сэтгэл зүрхээ дайчлан, ажилласан.
Түүний хүчинд миний хүүхдүүд аавынхаа мэргэжлийг өвлөж, тэр ч бүү хэл хүргэн, бэрүүд маань хүртэл төмөр замд амжилттай ажиллаж, сайхан амьдрах үндэс суурь нь бүрдсэн юм болов уу?  Төмөр замын салбарт ажиллаж байгаа олон мянган хүнтэй мөр зэрэгцээд, тэдний тэргүүн эгнээнд хошуучлахын төлөө хөдөлмөрлөнө гэдэг тухайн хүнд үгээр төлөөлүүлэхийн аргагүй, сэтгэл ханамж, огшил, бахархал төрүүлдэг юм билээ.
Тийм ч болохоор би төмөр замын мэргэжилд чин сэтгэлээсээ дурлаж, үр хүүхдүүдээ ч энэ салбарт ажиллуулах сонирхолтой болсон. Харин тэд маань өөрсдийнхөө сонирхлоор энэ мэргэжлийг гэр бүлээрээ эзэмшээд, амжилттай ажиллаж буйд өвгөн би үнэхээр баярлаж явдаг. Энэ л миний аз жаргалын цөм нь юм даа.
-Орчин цагт харин амьдралын баяр баяслыг эд хөрөнгө, эрх мэдлээр төлөөлүүлж ойлгох нь бий?
-Тийм ээ. Санал нэг байна. Залуус маань ингэж боддог болсны буруу ч гэж юу байхав. Учир нь, өнөөгийн залуус мэдлэг боловсрол өндөртэй ч зовлон зүдгүүрийг тэр бүр мэддэггүй, хөрөнгө мөнгө, эрх мэдлийг хэрхэн бүрдүүлдэг вэ гэдгийг ойлгодоггүй учраас аливаа зүйлийг амар хялбар талаас нь л хардаг болчихоод байна. Бидний үед бол залуус хөдөлмөрийн талбарт хичээл зүтгэл, мэдлэг чадвар, ариун шударга ажлаараа өрсөлдөж байж л амжилтад хүрнэ гэдгийг маш сайн ухаардаг байлаа.
Тийм учраас ажлаа гэсэн сэтгэл, зүтгэлтэй байсан. Одоо харин зах зээлийн нийгэм, ардчилсан улс гэдэг утгаараа ч юм уу бүгд “мөнгө, мөнгө” гэсэн бодолтой болчихжээ. Мөнгөтэй болохын тулд хэн дуртай юу хүссэнээ ярьж, юу дуртайгаа хийж байна. Энэ нь нөгөө талдаа залуу үе, ирээдүй хойчид маань муу үлгэр дууриалал үзүүлээд байна уу даа гэж бодох юм өвөө нь.
-Амьдралынхаа аз жаргалыг дээд зэргээр мэдэрсэн дурсамжаас дэлгэвэл?
-Монгол ардын зүйр үгэнд “Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян яваарай” гэсэн ерөөл байдаг шүү дээ. Түүний адилаар олон хүүхэд өсгөн хүмүүжүүлж, тэд маань хүний зэрэгтэй ажиллаж, амьдарч байгааг харахад аз жаргалын амт мэдрэгдэх шиг санагддаг. Орчин цагийн залуус маань харин оршин байгаа нийгмээ дагаад үүнээс тэс өөрөөр л аз жаргалыг амтлахыг эрмэлзэх байх л даа.
Цаг хугацааны явцад нийгэм өөрөө хувьсан еөрчлөгдөж байдаг нь хорвоогийн жам учраас өмнөхийг засаж, залруулах ямар ч боломжгүй. Магадгүй 90-ээд жилийн дараа өнөөгийн нийгэмд амьдарч буй хүмүүс “хоцрогдсонд” тооцогдож болох. Монгол хүний хамгийн гол зарчим бол өтгөс буурлаа хүндэтгэх, тэднийхээ сургаалийг сонсож, хэрэгтэй зүйлийг нь өөрийнхөө амьдралд өвлөн авах явдал.
Энэ зарчим алдагдаад ирвэл тухайн улс, үндэстний түүх соёл, өв уламжлал гэдэг асар том баялаг үгүйрэхэд хүрнэ. Тийм ч болохоор өмнөх түүхээ үгүйсгээд байвал аз жаргалыг мэдрэх бус харин зовлон зүдгүүрийг гэтлэх цаг үетэй тулгарах магадлалтай юм шүү гэдгийг л залуустаа хэлмээр санагддаг.
-Таны үед хүн бүр нийтэч сэтгэлтэй, хамтын хөдөлмөрийг эрхэлж, түүнийхээ үр шимийг утгаар нь мэдэрч байсан юм болов уу?
-Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зарчмаар ажилладаг байлаа. Энэ үгийн гол утга нь доод төвшинд яваа хүмүүсээ дээш нь татах, ажлаас хоцорч яваа найзуудаа дэмжиж, өөрийнхөө сурсан зүйлийг зааж өгөөд өөрсдийн эгнээнд оруулах, хэсэгхэн зуурын жаргалдаа ташуураад буруу зам руу орох гэж буй нэгэндээ алдаа оноог нь олуулаа хэлж өгөх гэсэн хамтын сэтгэл, хамтын хөдөлмөрт оршиж байгаа юм.
Тухайн үед өрнөж байсан “Социалист уралдаан” гэдэг чинь орон даяар өрнөсөн, нийгмийг бүхэлд нь хамарсан, хүмүүс нийтээрээ хөдөлгөчихсөн учраас асар их хүч чадалтай хөдөлгөөн байсан юм шүү дээ. Социалист хөдөлмөрийн бригадад хамрагдаагүй хүн гэдэг тухайн нийгмийг дэмжихгүй байгаад тооцогддог үе байлаа. Үүрэг авна гэдэг чинь тухайн хүн ажлаас хойш сууж, залхууралгүй үргэлж урагшаа тэмүүлэх, ингэснээрээ тэр хүний хийсэн хөдөлмөр эх орондоо болоод өөрийнхөө амьдрал, хойч үедээ хөрөнгө оруулалт болж үлдэх л бодлого байсан юм.
-Амьдралаас авсан хамгийн том сургамж ?
 -Сайн удирдаж чаддаг дарга нараасаа их сургамж авдаг байлаа. Замын ангийн Базарсад гэдэг хүн байв. АИХ-ын депутат байсан. Нэг удаа хоёр залуу маргалдаад нөгөөдөх нь буу бариад босоход нь харж байсан хүмүүс сэргийлэх дуудсан байгаа юм. Тэр хоёрыг маргааш нь Замын ангийн шуурхай зөвлөгөөнд орууллаа. Ингээд “Замын ангийн нэр хүндийг унагаасан тул хоёуланг нь ажлаас хална” гэж байна. Хоёулаа 20-иод настай шижигнэсэн залуус.
Намын үүрийн дарга, боловсон хүчин нь хөөнө гэлээ. Түүний дараа би босоод “Замын ангийн дарга зөв ярьж байна. Хөөх нь зүйтэй юм” гэлээ. Дараа нь мастер нь бас л хөөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ингээд л тэр хоёрыг ажлаас нь халуулах дээр бүх хүн нэгдчихээд байтал Базарсад гуай “Та хоёр түр гарч бай” гэв. Тэр хоёрыг гарсны дараа бидэнд хандаж, “Та нарт ямар ажилтан хэрэгтэй вэ гэхээр ямар ч зөрчил гаргадаггүй өвөө, эмээ нар л хэрэгтэй юм байна. Миний үгийг та нар бүгд дагаж энэ хоёрыг ажлаас нь халчихвал хүүхэд нь уйлна, эхнэр нь уурлана. Орон сууцыг нь төмөр зам хураагаад авчихаар хоёр гэр бүлийн амьдрал үрэн таран болоход хүрнэ.
Нөгөө “нийт нь нэгнийхээ төлөө” гэдэг үг чинь хаачсан. Та нарын хүнийг хайрлах сэтгэл яачихсан юм” гээд л бид хэдийг зэмлэв. Ингээд нөгөө хоёрыг буцааж оруулаад “Би бол та хоёрыг ажлаас нь халах сонирхолтой байна. Хамт олон чинь харин халж болохгүй. Та хоёрыг ажилгүй болгочихвол ар гэр, амьдрал чинь үрэн таран болно гэж байна” тиймээс олонхийн саналыг харгалзаад ажлаас халахаа болилоо. Та хоёр харин хамт олныхоо итгэлийг даагаад сайн ажиллаж чадна биз дээ? гэж билээ.
Гаднаа хатуу мэт байвч дотроо хүнийг хайрладаг. ойлгодог ийм л хүмүүсийн удирдлага доор ажиллаж байсан болохоор би олон зүйлийг сурч авсан гэж боддог. Бас нэг жишээ дурьдахад нэг удаа Замын даргын үзлэгийн үеэр нэлээд хэрүүлч хүн байшингийн цонхны хүрээг албаар хар өнгийн будгаар будчихсан байж.
Үүнийг харсан Базарсад гуай “За будсан чинь сайн байна. Гэхдээ би тийм өнгөөр будаарай гэж хэлээгүй болохоор чи хараар будчихаж. Энэ миний алдаа. Тиймээс үзлэгийн комисс ирэхээс өмнө энэ цонхоо цэнхэрээр будчихаарай” гэхэд нөгөө хүн юу ч хэлж чадалгүй цонхоо цэнхэрээр будсан гэдэг Хүнтэй ажиллана гэдэг чинь тийм л өөр арга барил шаарддаг юм билээ.
-Үр хүүхдүүддээ юуг сургамжлахыг хүсдэг вэ? 
-Үр хүүхэд, ер нь тэгээд ойр тойрондоо байгаа хүн бүрт аливаа хүнтэй зөв харьцаж, хүнийг гомдоох үг хэлэхгүй байх хэрэгтэй шүү гэдгийг л захьдаг. Өөрөөр хэлбэл, бусдыг хүндэтгэж байж л өөрөө хүндэтгэлийн байранд очдог гэдгийг л ойлгуулахыг хичээдэг. Ажлын байрандаа ч орон гэртээ ч хүнийг хүндэтгэж байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ бусдаар хүндлүүлж, тэр хүний ажил амьдрал өнгөтэй өөдтэй явдаг учиртай.
Хүний амьдрал ерөөсөө л хайр дээр тогтдог. Хайр, энэрэл гэдэг нь зөвхөн хүн дээр ч бус амьтан бүхэн дээр яригддаг зүйл шүү дээ. Бурханы сургаальд “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд” гэж байдгийн ерөнхий утга нь ерөөсөө л энэ. Би буян үйлдэж хийдэд суудаг хүн л дээ.
-Сүсэг бишрэл, шашин шүтлэгийг хүн бүр өөрөөр ойлгодог. Таны хувьд?
-Би эрдэмтэй хүнээс “Та ямар шашин шүтдэг вэ?” гэж асуухад тэр хүн “Би шашин бүгдийг л шүтдэг дээ” гэж хариулсан. Ингээд бодохоор шашин бүхэн гайхамшигтай. Гагцхүү тэр шашнуудаас алийг нь сонгож шүтэх вэ гэдэг нь тухайн хүний өөрийнх нь сонголт юм болов уу. Миний хувьд залуу насандаа нүгэл хийгээгүй ч буян бага үйлдсэн юм болов уу л гэж харамсах юм.
Одоо хэдий бурхан шүтэж, ном судар бясалгаж суугаа ч оройтчихсон юм болов уу гэж өөрийгөө зэмлэдэг. Би амьдралдаа бас нэг алдаа гаргасан. Тэр нь юу гэхээр төмөр замд ажиллаж байх хугацаандаа бусдыг өөрийнхөө хэмжээнд хүртэл сургаж, шагнуулж чадаагүй.
- Хүн амьдралд алдаа гаргахгүйн тулд яах ёстой вэ?
-Огт алдахгүй хүн гэж ер нь байхгүй болов уу. Миний хувьд ч алдаа гаргасан тохиолдолд зөндөө л бий байх. Гэхдээ олон алдаа гаргахгүйн тулд тухай хүн бусдын алдаанаас суралцаж, амжилт гаргасан туршлагыг нь судалж байх хэрэгтэй. Би төмөр замчин мэргэжилтэй ч залуу насандаа өөр салбарт амжилттай ажиллаж байгаа алдартнуудын туршлагыг судлахыг эрмэлздэг байсан. Тухайн үед алдаршиж байсан Амгалан гэдэг хүний туршлагыг очиж судласан.
Тэгэхэд тэр хүн оёдлын цехийн дамжлага бүрийг арван хуруу шигээ мэддэг болчихсон учраас л төлөвлөгөөгөө үргэлж давуулан биелүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Нэг үгээр хэлбэл, тэр хүн өөрийихеө ажлыг хийчихээд дараа нь өвчтэй, чөлөөтэй байгаа хүмүүсийн ажлыг хийдэг байсан. Энэ бүгдийг хараад хүн мэргэжлээ 100 хувь эзэмших хэрэгтэй юм байна гэдэг ойлголт л хамгийи түрүүнд буусан. Замаа “0” баллтай гаргахыи тулд Гүнжлхам, Норовсүрэн гэх мэт хөдөлмөрийн баатруудын туршлагыг ийнхүү судалж явдаг байсан. Өнөөгийн залуус маань ч ийм хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй юм болов уу.
-Нас ахих тусам хүн төрсөн нутгаа санагалздаг гэдэг. Таны хувьд?
-Миний унаган нутаг Сайн ноёнхан аймгийн Сандагдорж бээсийн хошуу буюу өнөөгийн Архангай аймгийн Өлзийт сум. Би нутаг усаа байнга бодож, санаж, орон нутгийнхаа зүг үргэлж цай, сүүнийхээ дээжийг өргөж явдаг хүн. Эх орны дайнд оролцохдоо ч нутаг усаа бодож, төрсөн нутагтаа сүслэн залбирч байсан. Би Шижир гэдэг хүний өргөмөл хүү л дээ. Энэ хүнээр овоглуулж 91 жил амьдарлаа. Аав минь намайг ажил хөдөлмөрт сургасны ачаар би өдий зэрэгтэй явна. Би залуудаа Архангайн Өлзийтөөс Хатгал, Алтанбулаг хүртэл арьс шир, ноос гээд малын түүхий эдийн жин тээж явсан. Улаанбаатар хотод ч анх жин тээж ирсэн.
-Таны сэтгэлд хамгаас бат хадгалагдаж үлдсэн мартагдашгүй дурсамж юу вэ?
-Би 1943 онд цэрэгт мордсон. Ингээд Эрдэнэцагааны хилийн хоёрдугаар отрядад очоод анх удаа манаанд гарах үүрэг авахад заставын дарга “Монгол Улсын дархан хилийг хамгаалахаар алхаад марш” гэсэн команд өгөхөд “Би эр хүнийхээ хувьд маш том үүрэг гүйцэтгэж байна шүү” гэсэн омогшил төрж байсан нь сэтгэлд тод үлдсэн байдаг юм. Дараа нь төмөр замтай амьдралаа холбож ажил мэргэжлийнхээ талбарт гарсан хойно Н.Цэрэнноров дарга дуудаад “Чи хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэж, хийсэн хөдөлмөрөөрөө улсад том хувь нэмрээ оруулж байгаа.
Энэ бүгдийг сайшааж төрийн хэмжээний шагналд хамт олны чинь зүгээс тодорхойлсон юм. Одоо хоёул Засгийн газрын ордонд очно. Шагнал авсан хойноо тэр шагналынхаа нэрийг хэлээд ийм шагналаар урамшуулсан явдалд талархлаа гэж хэлээрэй” гээд дагуулаад явсан. Тэнд очиход тушаал уншаад “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо” гэхэд сэтгэлд төсөөлүүлж хэлэхийн аргагүй мэдрэмж төрсөн. Баярласан сэтгэлийн илрэл л юм даа.
Ингээд Н.Цэрэнноров, Б.Гүнсэн дарга хоёр баатрыг төрүүлсэн анги дээр нь эхлээд очно гээд намайг шууд анги руу авч очлоо. Тэндээсээ манай гэр рүү очихоор явж байтал гэрийн маань үүдэнд цагаан халадтай хүмүүс байна. Дотор палхийгээд л явчихсан. Өглөө намайг гэрээс гарахад гэр бүлийнхэн маань зүгээр л байсан даа гэсэн юм шууд бодогдов. Гэртээ ортол манай төмөр замын рестораныхан ирчихсэн идээ будаа бэлдээд байсан нь тэр юмсанж. Энэ дурсамж сэтгэлээс ер гардаггүй юм.
-Хүн бүр эрүүл саруул, урт наслахыг эрмэлздэг. Үүний тулд хүн яах ёстой вэ?
-Нэгдүгээрт, сайн ханийн хайр халамж. Амттай, шимтэй бүхнээр дутахгүй, сэтгэл санаа зовинох зүйлгүй, амар амгалан орчинд амьдраад байхаар хүн урт насална шүү дээ. Нэгэнтээ л насаа насалчихсан хүн юунд сэтгэлээ чилээх хэрэгтэй гэж. Хорвоогийн жамаар болох ёстой зүйлүүд болж л байг. Үр хүүхдүүддээ олон жил бараагаа харуулж явахын тулд болоод өнгөрсөн бүгдэд шаналах шаардлагагүй.
Хоёрдугаарт, биеийн тамир, хөдөлгөөн. Би өвөл, зун гэлтгүй өглөө бүр хоёр км гаруй газар алхаж, ТДС-ийн биеийн тамирын талбай дээр очиж дасгал хийдэг.
-Шинэ жилийн баяр тохиох бүрийд ахмад төмөр замчин хүний хувьд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Саяхан би Замын орлогч даргатай утсаар ярьсан. Тэгэхэд “Манай төмөр зам жилд 20-иод сая тонн ачаа тээж байгаа. Айлчлан ирж буй  2014 оныг ч амжилт бүтээл арвинтай угтаж байна” хэмээн сэтгэл хангалуун ярьсан. Төмөр замчид маань ийм л хамтын сэтгэлгээтэй, хамтын амжилттайгаар шинэ оноо угтдаг. Энэ л дүр зургаараа хамт олон минь зүрх сэтгэлд хоногшсон байдаг.
Эх сурвалж: “Ганзам” сонин

Афоризм: Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар.

Өнөөдөр 12 цаг 1 минут
Хэрэв чиний өвөр дээр гоо бүсгүйг бүтэн цаг суулгасан ч нэг минут өнгөрсөн юм шиг санагдана. Харин чамайг халуун пийшин дээр ганц минут суулгахад бүтэн цаг өнгөрсөн юм шиг санагдана.

“Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог”
Самьюэл Жонс

“Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирyyл,
Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.
Теннисон

За, үгүй гэсэн үгс хичнээн богинохон ч, хамгийн буурьтай эргэцүүллийг шаарддаг.
“Пифагор”

Хүний ааш зан гэдэг нь цэцгээр бол үнэр л гэсэн үг.
“Чарьлз Шваб”

Эрт орой нэгэн цагт залуу нас өнгөрч, аз жаргалын сүүдэр энэхүү амьдралыг дуустал бүхнийг нөмөрдөг.
Франсуа Мориак

Ямар ч хүн цусаар бус харин зүрх сэтгэлээрээ өөрт дотно хүмүүсийг сонгодог.
Франсуа Мориак

Мөнхийн нойрноос өөр юу ч таныг тайвшруулж үл чадмой.
Франсуа Мориак

Аливаа хүн гагцхүү өөрийн дутагдлаас болж аз жаргалгүй байх нь бий.

Уур уцаарыг хайр сэтгэлийн адил үг хэлгүйгээр ойлгож болно.
Пер Фабиан Лагерквис

Яруу найргийн хувьд хамгийн хүнд нүгэл нь уйтгар болой.
Томас Стернз Элиот

Аливаа нөлөөнөөс айдаг хүмүүс өөрийн сэтгэлийн ядуурлыг

Хүнийг мэдье гэвэл зан аашийг нь үз. Хүүхдийг мэдье гэвэл тоглоомыг нь үз.

Байгалийг ажиглаж түүний заасан замаар явах хэрэгтэй.

Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.

Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар.

Үзэл санааны төлөө үхсэн хэнч болов дэмий үхдэггүй дуугүй хүлээн зөвшөөрдөг.
Андре

Найрлаж суугаа нөхөдрүүгээ биш, зовлонд унасан нөхөдрүүгээ л бүхнээ орхин яарах хэрэгтэй.
Хилон

Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй.
Лихтенберг

Өөрийн хүссэний хэрээр биш харин нөгөө хүний боломжийн хэрээр бусдаас тус дэм харж бай.
Лихтенберг

Юм бүхэнд эргэлзэж үз. “Хоёр хоёрын дөрөв” хэмээх аксиомд ч эргэлзээд үз.
Лихтенберг

Хүмүүжил бол нэг бодлын шинээр төрөх үйл явц.
Лихтенберг

Хуучин зүйлсээс шинийг нээх чадвартай хүн л багш байж чадна.
Күнз

Хэрвээ тэр алдаа гаргаагүй бол, бүр багыг хийх байсан.
Марциал

Шунан тачаадахгүйгээр агуу ихийг бүтээж байсан түүх үгүй.
Г.Галилей

Их юм уншсан чалчаа хүн бол тэнэг хүмүүсийн хамгийн яршигтай төлөв нь.
Жеймс Тейлор

Бидний мэдэх зүйл маань хязгаартай, мэдэхгүй зүйл маань л хязгааргүй.
Пьер Лаплас

Тэнэг ярьснаас ухаантай жимийсэн нь дээр.
Публилий Сир

Уран үг бол санааны уран зураг мөн.
Б.Паскаль

Эх сурвалж: http://www.URLAG.mn
Follow

Get every new post delivered to your Inbox.