• Categories

  • Traffic

Оюун ухааны олон улсын музейн үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий: Ямар их юм туулав даа гэж бодохоор хоолой зангираад байдаг

Өчигдөр 13 цаг 10 минут
90 жилийн тэртээх Судар бичгийн хүрээлэнгээс гаргасан дүрэмд музей байгуулах тухай зааснаар Монгол Улс анх удаа музейтэй болж, тэр нь өдгөө 50 хүртлээ өргөжиж, 200 мянга гаруй үзмэр, 600 гаруй  ажилчинтай тогтолцоо болтлоо хөгжжээ. Тэдний хамгийн отгон нь Оюун ухааны олон улсын музей. Хэдийгээр байгуулагдаад 24 жилийн хугацаа өнгөрч байгаа ч музейн 90 жилийн ойгоороо нээлтээ хийсэн юм. Хүмүүст аль хэдийнэ танигдсан шинэ музейн үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзийтэй Олон улсын музейчдийн өдрөөр уулзаж ярилцсанаа хүргэж байна.


-Байгуулагдаад 20 гаруй жилийн нүүр үзсэн ч одоо л нээлтээ хийж байгаа танай музейн талаар яриагаа эхэлье?
-Би эдийн засагч мэргэ­жилтэй хүн. Эдийн засгаараа гурван дээд сургууль төгссөн. 1965 онд сургуулиа төгсөөд санхүүгийн ажилтнаас намын дарга хүртэл хийж явлаа. Харин 1988 оноос энэ ажлаараа дагнасан. Музейн ажил маань миний хобби юм. Энэ музейгээ 1990 оны наймдугаар сарын 13-нд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойгоор нээж байлаа. “Үндэсний тоглоомын үзэсгэлэн” нэртэйгээр шүү. Түүнээс хойш 2002 он хүртэл улсаас давуу эрхтэйгээр байр худалдаж авчих гээд л хүлээсээр хамаг цагаа алдаад чадалгүй гадаадад сурч байсан хүүхдүүд маань дэмжлэг үзүүлж, олон хүний хандив тусламжаар хоёр давхар барилга худалдан авлаа. 2004 онд барилгынхаа хажууд дөр­вөн давхар өргөтгөл бариад, түүндээ цэцэрлэг байгуулсан.

-Музейнхээ хажуугаар уу?
-1981 оноос хойш үндэсний тоглоомын ач холбогдол, хүний генийг яаж сайжруулах талаар бүх сайд дарга нарт яриад ойлгуулж чадаагүй. Намайг мөн ч сайхан мөрөөдөж байна даа л гэж бодсон байх. Тэгэхээр нь цэцэрлэг байгуулаад IQ хөгжүүлэх үндэсний тоглоом заагаад ирсэн чинь хүмүүс ойлгож эхэлсэн. Тэгээд 2005 онд нэг, 2009 онд дахин нэг цэцэрлэг байгуулаад, тэнд маань сурсан хүүхдүүд ч гэсэн сайжраад ирсэн. Ер нь ойлгомжтой юм билээ. Тэгж гайгүй ойлгуулсан. Одоо бол учиртай.

-Тэгвэл цэцэрлэг тань музейн нэг санхүүгийн үүсвэр гэсэн үг юм байна. Цаашдаа музейгээ дагаад л өргөжөөд байх юм аа даа?
-Цэцэрлэг байгуулаад амжилттай ажиллаад эхэлсэн чинь сургуультай болооч гэсэн санал гарсан. Тэгээд энэ жилийн есдүгээр сарын 1-ээс бага сургууль маань хичээллэж эхлэх гэж байна. Энэ бүхнийг л ойлгуулах гэж ах нь олон ч бэрхшээл саад давлаа даа. Хааяа тэр бүгдийг ярихаар хоолой зангираад хачин болоод байдаг юм. Ямар их юм туулав даа гээд л бодохоор.

-Энэ олон жилийн хойно музейгээ албан ёсоор нээж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Өнгөрсөн хугацаанд хөл дээрээ дэнжигнэж байсан юм. Манай салбарыг хариуцсан яамтай боллоо. Харьяалсан байгууллагатай байх чинь сайхан юм. Нээлтээ хийхэд бусад том музей тусаллаа. Одоо ч хөл дээрээ зогсч эхэлж байна. Музейчдийн баярын өдөр ч бид ингэж олноороо уулздаггүй байлаа. Сайхан юм аа.

-Хувийн байгууллага олонд танигдахын тулд наад зах нь сурталчилгаа хэрэгтэй. Та музейнхээ ач холбогдлыг ойлгуулахын тулд дан ганц цэцэрлэгээр сурталчилгаа хийгээгүй биз дээ?
-Байр олдохгүй зовоосон ч үзмэрээ уйгагүй нэмж байсан. Музейн зарим зүйлийг хувилж, зарсан. Бас музейн мөнхлөгч гэсэн хүндэт самбар гараад тэндээ том хандивлагчдынхаа хөргийг зурж мөнхжүүлээд, өөрийн гараар бүтээсэн оньсон тоглоомтой хамт бэлэглээд хүмүүсийг татсан. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хандив өгч байлаа. Бас том том компаниудын логог оньсоор хийгээд пластикаар хувилах эрхтэй нь хамт өгсөн. Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир” роман дээр ийм үг байдаг. “Заяагүй хүн гэж байхгүй. Залхуу хүн л заяагүй байдаг юм” гэж. Зарим хүн төр засаг надад тусалсангүй, ах дүү найз нөхөд тусалсангүй, мөнгө зээлсэнгүй гэж яриад байдаг. Тэд бол залхуучууд. Залхуугийн ирээдүй гуйлгачин л байдаг.

-Хэдийгээр айлын шоов­­дор хүүхэд шиг явж ирсэн ч өөрийн чадлаар өдий зэрэгтэй музейг монголчуудад бий болгож өгсөн учраас хүмүүс ойлгодог болж л дээ, яах аргагүй…
-Соёлын өвийг хамгаалах шинэ хууль гарсан. Энэ сайн хэрэг ч би түүнд юу орсныг сайн мэдэхгүй л байна. Хэрэв төрөөс биднийг дэмжье гэж байгаа бол музейнүүдээс НӨАТ авахаа болих хэрэгтэй. Улсын музейгээс НӨАТ, үл хөдлөх хөрөнгийн мөнгө авахгүй л дээ. Хувийн музейгээс аваад байдаг. Сая нээлтээ хийхээс өмнө тэрбум төгрөгийн зээл авч, музейгээ зургаан давхар, оньсон архитектуртай болгосон. Одоо тэрбум төгрөгөө эргээд төлөхөөр 0.6 хувийн татвар жил бүр авах юм. Тэр нь зургаан сая төгрөг. Яавч бид төлж дийлэхгүй. ССАЖЯ биднийг хувийн, хувьсгалын гэж ялгахаа больчихоод байхад улс маань битгий ялгаасай. Семинар зөвлөгөөнд хувийн, улсынхаар бол ялгана аа. Саяхан л гэхэд 90 жилийн ойгоор гадаадад хүмүүс амраахаар болсон юм билээ. Яамнаас хувийн музейн төлөөлөл болгож хоёр хүн оруулсан чинь цаана нь очоод хасаад хаячихсан байсан. Бид чинь гадаадаас туршлага судлах ёстой биз дээ.

-Та музейн ажлаа хобби гэж хэлсэн. Хоббиг нэг ёсны дон гэж орчуулаад байгаа. Тэгвэл хэзээнээс оюун ухааны тоглоомд донтож эхлэв ээ?
-Анхны бүтээлээ би 1955 онд дөрөвдүгээр ангийн 11 настай хүүхэд байхдаа хийсэн юм. Манайх 11 хүүхэдтэй, дундаж амьдралтай айл байлаа. Бид нэг бүтэн сайн өдөр цайлж байсан чинь ээж хөлийнхөө авдрыг янзаллаа. Тэгсэн авдар дотроос нь тостой дөрвөн мод гарч ирдэг юм байна. “Энэ юу вэ” гээд сонирхоход ээж “Манай аав Зэвгэ захирагч гэдэг хүн байсан юм. Тэр хүний тоглож байсан оньс гээч тоглоом. Их л ухаантай улс тоглодог юм гэнэ лээ, хүү мин. Бид угсарч ч чаддаггүй юм” гэлээ. Тэгээд би тэр тоглоомыг ээжээсээ гуйж авсан юм. Өнөө дөрвөн модыг чинь угсрах гээд бараг сар боллоо. Тэгсэн хоёр мод дутаад болдоггүй. Тэгээд хоёр мод нэмж хийгээд анхны маань оньс гарсан юм. Ээж, аав намайг магтаад л орж ирсэн хүмүүст “Миний хүү энийг угсарчихлаа. Та нар угсраатах даа” гээд өгдөг. Нөгөө хүмүүс нь ерөөсөө чадахгүй. Тэр үед монгол тоглоом байхгүй болчихсон үе байлаа. Чирдэг машин, хүүхэлдэй гээд Оросын тоглоомуудтай. Тэгээд намайг эвлүүлээд үзүүлэхээр миний ухаантайг гайхна. Хүүхэд байсан юм чинь онгирч явсаар хэдэн сар болсон юм. Тэгээд орж ирсэн хүмүүс эвлүүлчихдэг боллоо. Тэгээд би дараагийнхыг нь хийсэн. Түүнээс хойш хүн чаддаг болчихоор нь чадахгүйг нь хийх гэж зүтгэсээр байгаад 60 гаруй жил болж дээ.

-Таны энэ хоббид ер нь ямар хүмүүс голчлон татагдах юм?
-Тоглоомд бүх насны хүмүүс л дуртай шүү дээ. Ер нь ухаантнууд л тоглодог гэж байгаа юм. Залхуу хүн, ухаан муутай хүн тоглодоггүй. Залхуу хүн оньсыг задлаад, угсрах гээд  суугаад байдаггүй. Төвөгшөөгөөд хаячихдаг. Тоглоом өөрөө хүч чадал оюун ухааны өрсөлдөөн байдаг. Тэгэхээр хождог юм уу, чаддаг хүн л тоглоом тоглодог. Тийм болохоор би “Та хэрэв тоглоом сонирхдоггүй, тоглодоггүй бол нэг бол залхуу, эсвэл ухаан муутай. Бүр хоёулаа ч байж магадгүй” гэж хүмүүсийг инээлгэдэг юм. Ихэнх хүмүүс хоёулаа байдаг юм даа.

-Музейгээ сурталчлах, хөрөнгө оруулахын тулд үзмэрүүдээ хувилаад худалддаг гэж байна. Үүнээс зохиогчийн эрхээ алдахгүй байх хэр баталгаа байна, танд?
-Монголынх гэж эрхийг нь хамгаалахын тулд над шиг  олон  патенттай,  над  шиг  олон шугам зураг хийсэн хүн Монголд байхгүй. Таван мянга гаруй хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг хийж, Оюуны өмчийн газраар баталгаажуулсан. Монголчууд зарим хялбар бүтээлүүдийг хулгайлах явдал гардаг. Гэхдээ бид тэдэнтэй нэг их тэмцээд байдаггүй. Яагаад гэвэл тэд амьдрах гэж ядаж байна. Монголчууд хэдэн саяар нь үйлдвэрлээд байж чадахгүй. Гараараа тав арвыг хийгээд амьдралаа борлуулаг гэж боддог.

-Танай музей зөвхөн Монголдоо ч биш дэлхийд ганц гэгддэг. Өөрийн гараар хийж бүтээсэн зүйлээ дэлхийд сурталчлах сайхан биз?
-1993 онд Юнескогийн чуулганд оролцохдоо Парист сар гаруй үзэсгэлэнгээ гаргасан. Юнескогийн ерөнхийлөгч Маёр гэж хүн байсан юм, тэр үед. Тэр хүн миний найман ханатай гэрт төрсөн өдрөө тэмдэглэж байлаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Кулер манай гэр үзэсгэлэнг сонирхож байлаа. Далай лам, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Илюмжиновтой уулзаж, шатраа бэлэглэж байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Буш манай улсад дөрвөн цаг айлчлахад миний бүтээлийг Монгол улсын Ерөнхийлөгч Энхбаяр танилцуулан тайлбарлаж байсан юм. Тэгээд манай Ерөнхийлөгч эрх чөлөөний хөшөөг оньсоор задардаг гээд ярьсан чинь Буш “Надад бэлэглэх гээд бэлдээ юу” гээд босоод ирсэн байгаа юм. Тэгээд манай Ерөнхийлөгч “Тийм ээ” гээд л бэлэглэсэн. Тэр том улсын Ерөнхийлөгч тэгэхээр манай Ерөнхийлөгч “Би Түмэн-Өлзий гуайгаас асуухгүй бол болохгүй” гээд толгойгоо илээд сууж байж таарахгүй шүү дээ. Том орны удирдагч гэдэг чинь сайхан байдаг юм байна. Дараа жилийнх нь Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрөөр Ерөнхийлөгч Ж.Буш шуудангаар надтай гар барьсан зургаа хувийн мэндчилгээтэйгээ илгээсэн шүү. Зургийнхаа дор “Мистер Түмэн-Өлзийд сайн сайхныг хүсье” гээд гарын үсгээ зураад явуулсан байсан. Их баярласан. Надад их эрч хүч өгсөн.

 Б.ЦЭДЭВСҮРЭН

Эх сурвалж: www.assa.mn

Дамчаагийн Түвшинтөр: Би морин хуурыг зөөлөн тембрээр нь манай үндэстний имиж гэж харж явдаг юм

Normal
0

false
false
false

EN-US
X-NONE
X-NONE

MicrosoftInternetExplorer4 Морин хуурын олон улсын наадам энэ өдрүүдэд болж байна. Уг фестивалийн үеэр Дамчаагийн Түвшинтөртэй ярилцлаа. Тэрбээр мастер урлаач юм.

-Морин хуур урлаачдын фестивальд танайх хэрхэн оролцож байна вэ?

-Манайхаас дөрвөн урлаач энэ уралдаанд оролцож байна. Би өөрөө оролцъё гэж бодож байсан ч амжсангүй. Энэ наадмын хүрээнд урлаачдын уралдаан дөрвөн жилд нэг удаа болдог юм.

-Эхний уралдаанд нь та оролцсон уу?

-Ороод тусгай байр авч байлуу даа.

-Тэр хуур тань одоо хаана хэний эзэмшилд байдаг вэ. Морин хуурын чуулга авчихдаг уу?

-Сайн мэдэхгүй байна. Уралдаанд оролцож байгаа урлаачдын эхний гурван байрт шалгарсан хуур яалт ч үгүй нэлээн өндөр үнээр зарагдчихдаг юм. Хөгжимчид өөрсдөө ирээд сайн хөгжим анаад байж байдаг учраас өөрт нь таалагдах л юм бол хичнээн ч өндөр үнээр хамаагүй авчихдаг. Хөгжмийн зэмсэг хийнэ гэдэг ер нь зовлонтой ажил л даа. Харахад амархан юм шиг санагдаж болох ч яг мөн чанарт нь хүртэл ойлгож хийхэд их хугацаа ордог. Анхан шатны боломжийн хөгжим хийдэг хүнийг хөгжмийн зэмсгийн урлаач, түвшин ахиад ирэхээр хөгжмийн зэмсгийн мастер гэдэг. Сайхан морин хуур хийхэд дуугаралт, хүний гарт эвтэйхэн байх, бүх өнгө жигдхэн байх гэхчлэн бүгдийг тохируулж хийдэг болтол маш их хугацаа хэрэгтэй байдаг л даа.

-Дуугаралтыг нь тохируулахын тулд урлаач нь хөгжмийн боловсролтой байх шаардлагатай юу?

-Хөгжмийн боловсрол гэхээсээ илүү сонсголтой, мөн дээрээс нь маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй л дээ. Ер нь бараг зургаа дахь мэдрэхүй шиг хийсвэр маягаар мэдэрч хийдэг ажил. Хүний дотоод мэдрэмж гэсэн үг шүү дээ. Номон дээр жишээ нь, хийлийн хэмжээнээс эхлээд ерөнхий зарчмыг нь зааж өгөхөөс биш яг түүнийг дуурайж хийвэл хэзээ ч сайхан дуугарахгүй. Антонио Страдиварийн хийл гэж дэлхий даяар мэднэ.  Тэр хийлийг ёстой л таван мм.кв тутамд нь бүх хэмжээг нь авч дуурайлгаад яг тийм бүтэцтэй модоор хийлээ ч тэр хийл шиг дуугардаггүй. Тэгэхээр энэ бол тухайн хүний маш нарийн дотоод мэдрэмж байхгүй юу. Тиймээс мастер хөгжмийн зэмсэг  бол ерөөсөө л нэг хувь урлагийн бүтээл юм.

-Манайхан морин хуураа сонгодог хийлийн хэмжээнд дуугаргах хүсэл эрмэлзэлтэй. Хөгжмийн зохиолчдоосоо эхлээд, тоглогчдоо хүртэл ийм шинэ шинэ оролдлогууд хийсээр байна. Та мастер хийл урлаачийн хувьд морин хуур, хийл хоёрын нийтлэг болон эсрэгцэх тал байгаа бол тэр нь юу болохыг хэлж өгөхгүй юу?

-Зөвхөн морин хуур гэлтгүй ер нь хөгжмийн зэмсгийн урлал гэдэг салбар маань сүүлийн жилүүдэд манайд хүчтэй хөгжиж байна. Бид нүүдэлчин ахуйд төрж өссөн улс. Бидний аав ээжийн үеэс биш гэхэд өвөө эмээгийн үеэс нүүдэлчин малчин л байсан хүмүүс. Тэр үед сайн уран дархан ч юм уу сайн мужаан гээд мэргэшсэн улс байсан уу гэхээс сайн хөгжмийн зэмсэг урлаач байсан болов уу үгүй болов уу. Би үүнд эргэлздэг. Тухайн үед хөгжмийн зэмсгийн хэрэглээ чухам ямар байлаа. Гарын дүйтэй өрхийн тэргүүн морин хуураа хийгээд татаад явдаг тийм л байсан байх. Харин XIII зууны үед хааны ордонд тоглож байсан хөгжмийн зэмсгүүдийг хийдэг ганц мастер байсан ч юм уу. Нүүдэлчин нийгэмд амьдарч байсан учраас хөгжмийн зэмсгийн урлал гэдэг бие даасан салбар төдийлөн хөгжөөгүй явж ирсэн болов уу.

Орчин үеийн залуучууд рок поп, арай нэг модерн хөгжим сонсох сонирхолтой болсон байна. Гэтэл тэр хүсч сонирхож байгаа хөгжмийг нь морин хуураар тоглож хүмүүсээ татаж авахгүй бол морин хуурчид хэтрүүлээд хэлэхэд ажилгүй суух болно шүү дээ. Тэгэхээр хөгжиж байгаа энэ нийгэмд зайлшгүй үзэгч сонсогчдоо татахын тулд ямар ямар зохиол тоглох юм, тэр зохиолыг тоглоход ямар морин хуур шаардлагатай байна гэхчлэн нийгмийн хэрэгцээ шаардлагатайгаа уялдаад хөгжчихөж байна. Ийм замаар хуурын хөгжил өнөөдөр маш түргэн урагшилж байна л даа. Гэхдээ аливаад сайн муу тал аль аль нь байдаг учраас хурдтай хөгжлөө дагаад сайн муугийн аль нь давамгайлж байна гэдгийг бас харах хэрэгтэй. Морин хуурт өөрийн гэсэн дуугаралтын өнгө характер тембр гэж байгаа шүү дээ. Түүнийг нь авч үлдэхгүй бол яг сонгодог хөгжимтэй адилхан болоод ирвэл морин хуур хөгжим оршин тогтнох шаардлагагүй болно шүү дээ. Тэртэй тэргүй морин хуураар тоглохоос хамаагүй илүү өндөр боломжтой хөгжмүүд байж байхад. Морин хуурын тоглолтын техник их хэцүү. Хоёр чавхдасаар өөрийн гэсэн онцлог тембрээр нь авч үлдэнэ үү гэхээс тэд нартай уралдаад хэрэггүй. Морин хуур бол уламжлалт болон сонгодог гэсэн хоёр замаар хөгжих ёстой юм байна гэж би ойлгоод байгаа юм. Зарим хүмүүс уламжлал гэж их ярьдаг. Зөвхөн уламжлалтайгаа зууралдаад байхаар ямар ч нийгмийн хөгжил зогсдог. Жишээ нь Японыг хар, уламжлалаа хадгалж маш өндөр хөгжилд хүрсэн байна гэж зарим хүн ярьдаг. Гэтэл нарийн яривал, Японы түүхээс харахад мейжийн хувьсгал гэдэг нь ерөнхийдөө уламжлалаа яг л хаясан байдаг. Самурай нараа ч байхгүй болгоод бүгд европ хувцас өмсөж дугуй унацгаасан. Тэгж явж хөгжлийн тодорхой түвшинд хүрчихээд эргээд уламжлалаа санагалзаад хөгжүүлсэн байдаг. Бид уламжлалаа хадгалж байна гээд өвөл нь учиргүй мах чанаж идээд, зун нь зөвхөн цагаан идээгээр амьдарч чадахгүйтэй адил хөгжим мөн л хүний хэрэглээ учраас нийгмээ дагаад хөгжиж байх ёстой юм. Хөгжөөд тодорхой цэгт хүрээд зогсохгүй бол хөгжүүлж байна гээд яваад байвал сүүлдээ утгаа алдчихна л даа. Нэг цэгт очоод зогсох ёстой. Үүнийг би сонгодог хөгжим дээр боддог. Сонгодог хөгжим өчнөөн зуун жил энэ нэг хэлбэрээрээ л байсаар байна. Суурин иргэншилтэй хүмүүс аль эртнээс хөгжүүлсээр байгаад үүнээс цааш явахгүй гэсэн тэр үедээ л тогтчихсон байгаа юм. Морин хуурын тухайд бид тэгж явж чадаагүй. Одоо бид хөгжиж урагшилж байгаа үедээ яг шаардлагатай үед нь зогсох хэрэгтэй.

-Хуур зогсох цаг нь болсон эсэхийг та хэрхэн харж байна?

-Одоо бол хуур маш өндөр түвшинд хөгжчихсөн. Үүнээс цааш явна гэдэг хэцүү. Гэхдээ морин хуур маань тоглолтын өөрийн гэсэн техниктэй, чавхдас нь багц байдаг гэхчлэн маш олон онцлог талууд бий л дээ.

-Гаднын морин хуур сонирхогчид таны харж байгаагаар ямархуу тоглож байна?

-Сүүлийн үед улам сайжирч байна шүү. Бид тусгаар Монгол Улс гэдэг утгаараа морин хуурын хийц, тоглолт, уртын дуу энэ бүгдийг багтаасан хөгжмийн соёлоороо бусдыгаа чирч явдаг л даа. Сүүлийн үед өвөр монголчууд морин хуурын сургалтад маш их анхаарч байна. СУИС, ХБК-д Өвөр Монголоос ч, буриадууд ч гаднаас олноороо ирж уртын дуу, морин хуур сурах болсон. Хуур урлал дээр ч гэсэн Өвөр Монголын урлаачид биднийг ерөнхийдөө дагаж явдаг юм. Үнэндээ бид цөм нь байж чадаж байна л даа. Бид ч эд нараас авсан сайн юм бий. Жишээ нь нум нь, чавхдас нь байна. Зөвхөн адууны сүүлээр чавхдас хийх нь хүндрэлтэй учраас сатуркийг нь авч байна. Гадныхан морин хуурыг яагаад ихээр сонирхоод байдгийг би хувьдаа ингэж боддог л доо. Өнгө тембрт нь татагдаад байдаг юм байна гэж. Италид сурч байхдаа би багшдаа нэг морин хуур аваачиж өгсөн юм. Багш маань “Морин хуур чинь яг л эр хүн шиг хөгжим юм байна. Дуу нь их гоё юм. Эр хүн шиг тембртэй, хүнд их наалдацтай юмаа” гэж надад хэлж байсан. Гэтэл хийл дээшээ өгсөхөөрөө чих рүү хатгаж байгаа юм шиг дуугардаг шүү дээ. Манай морин хуур өнгө дээшээ өгслөө ч, доошоо уруудлаа ч зөөлөн, наалдацтай. Үүгээр нь би морин хуурыг монгол үндэстний нүүр царай имиж гэж харж явдаг юм.

-Та Герман, Италид сурахаар явсан үеэ сонирхуулахгүй юу?

-Германд сурах ч юу байхав дээ. Сурсан нэртэй ажил хийгээд явж байсан. Ерэн зургаан онд явлуу даа. Тухайн үеийн нийгэм нь ч тийм байв. Нийтээрээ шахуу болсон болоогүй гадагшаа явж зүтгэж байсан цаг. Германд тэгж явахдаа би хийлийн мастер нэг еврей хүнд өөрөө сайн дураараа очиж тусалдаг байсан юм. Ажлынхаа хажуугаар тэр хүнийг хоёр жил хэртэй дагалдаж сурсан. Хийлийн мастер болохыг хүсч мөрөөдөж явсан учраас сүүлд нь Италид Антонио Страдиварийн нэрэмжит хөгжмийн зэмсэг урлаачдын сургуулийг хийлийн мастераар дөрвөн жил сурч төгссөн л дөө. Тэнд харин яс сурсан л даа. Тал нь италичууд, япон, солонгос, хятад, латин америк, англи франц, испани, грек гээд их олон орноос оюутан сурдаг байсан. Би гэхэд л гурван итали, нэг аргентин, нэг гректэй тавуулаа хаус түрээслээд амьдардаг байв.  Германд, Италид гээд арав гаруй жил Европт амьдарсан.

-Аав тань таныг эх орондоо ир гэдэггүй байв уу?

-Аав маань үр хүүхэд биднийхээ хүсэл сонирхолд нэг их оролцоод нөлөөлөөд байдаггүй байсан. Хүүхдүүдээ хүн болгоно гэж зүтгэж байснаас биш тийм ийм мэргэжилтэй ажилтай болгоно гэдэггүй байсан.

-Манай театр, урлагийн байгууллагууд хөгжимгүйн зовлонтой бас их учирдаг л даа. Хааяа нэг гадаадаас өндөр үнээр хөгжим авлаа гэж сонсддог. Та нарын хөгжим шаардлага хангадаггүй юм уу. Танайхаас гадна хөгжмийн зэмсэгийн компаниуд цөөн боловч бий байх?

-Өнгөрсөн 2008 оны үймээний үед Улсын филармонид бид нэлээн хэдэн хөгжим хийж өгсөн л дөө. Ер нь жишээ нь, миний хийж байгаа хийл гэхэд Европын дундаж мастерийн түвшинд байж л байгаа шүү дээ. Гэтэл манай улс өндөр хөгжилтэй орноос хөгжим авлаа гэхэд тэртэй тэргүй дунджаас дээш мастерын хөгжим хэзээ ч авч дийлэхгүй л байгаа. Дундаж юм уу тэрнээс дооших хөгжим л авч байгаа. Уг нь эндээ хийснээ авч байвал зүгээр л дээ.

-Таныг ардын жүжигчин Б.Дамчаа гуайн хүү гэдгийг зарим хүмүүс мэдэх, зарим нь мэдэхгүй байх. Та хэд ер нь хаагуур байцгаана?

-Бид зургуулаа тус тусын амьдралаа хөөгөөд үр хүүхдээ өсгөөд байцгааж байна. Манай өвөө их уран хүн байсан. Аав ч ур дүйтэй, тал талын авьяастай, хөгжмийн авьяастай байв. Өвөө, аав хоёрын гарын дүйг өвлөж авсан нь миний нэг эрэгтэй дүү, бид хоёр л байх шив дээ. Би хөгжмийн зэмсгээ хийгээд явж байна. Дүү маань уран дархан л даа.

-Та хөгжмийн зэмсгийн мастер хүн байна, бариад тоглочихдог хөгжим бий биз дээ?

-Чадахгүй хүний хажууд бол хэд хэдэн хөгжим тоглочихно. Гитар, төгөлдөр хуур, морин хуур жаахан тоглочихно. Бөмбөр нүдчихнэ.

Н.ПАГМА 

http://www.dnn.mn/publish/?vid=56637

Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Ц.БАТЧУЛУУН: АЗ ЖАРГАЛЫГ МӨНГӨ ГЭЖ ХАРАХ, ЭСЭХ НЬ ТАНЫ Л СОНГОЛТ

Батчулуун(3)

Ардын жүжигчин, профессор Цэндийн Батчулуунтай ярилцлаа. Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач тэрбээр 22 жилийн турш чуулгынхаа уран бүтээлийн төлөө сэтгэлээ чилээн, амралтын өдрийг ч ажилдаа зориулан яваа. Түүнийг Улсын филармонийн үүдээр орж ирэхэд тааралдсан хүн бүхэн л “багш аа” хэмээн хүндэтгэн дуудаж, мэнд мэдэх нь үнэхээр бахархам. Дэлгүүрийн лангуу хоосорч, хүн бүхний толгойд мөнгө хэрхэн олох тухай бодол л эргэлдэж байхад энэ хүн монголчуудын оюуныг хоосруулахгүйн тулд Морин хуурын чуулга байгуулахаар сэтгэлээ чилээн явсан. Одоо ч гэсэн урлагийн алтан тайзнаа алдраа цуурайтуулан гялалзаж яваа шавь нараараа бахархах хэдий ч тэднийхээ гэр бүл, үр хүүхэд, амьдрал ахуйд санаа зовниж сууна.

-Энэ өдрийг яаж эхлүүлж байна вэ. Шахуу ажилтай байна уу, эсвэл илүү тайван амгалан байна уу?

-Өнөөдөр манайхан амарч байгаа. Харин надад амрах эрх байхгүй ээ. Маргаашийн болон энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр хийх тоглолтын талаар хүмүүстэй уулзаж, ярилцах олон ажил байна даа. Чи намайг сая харсан байлгүй дээ. Өрөөндөө орж ирэхээсээ өмнө л хүмүүстэй уулзаж эхэллээ.

-Тийм ээ. Нэг үеэ бодоход та олон шавьтай болж, тэд таны хүсэж зорьж байсан ажлыг олон салбарлуулан хийж байх шиг санагддаг. Тухайлбал, Япон улсад ажиллаж, амьдарч байгаа таны шавь А.Бат-Эрдэнэ Дэлхийн морин хуурын холбоо байгуулан олон улсын уралдаан, наадмыг амжилттай зохион байгуулж байна. Удахгүй энэ наадам болно байх аа?

-Тийм ээ. Манай Бат-Эрдэнэ ХБК, дараа нь СУИС төгссөн. Аав нь ч морин хуурч, багш. “Алтай” чуулга, Өмнөговийн хөгжимт драмын театр болон Соёлын дээд сургуульд багшилж байсан, урлагийн гавьяат зүтгэлтэн Аюуш гэдэг хүнтэй би сайхан үерхэж явлаа. Бат-Эрдэнэ бол Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг. СУИС төгссөнөөсөө хойш Японд нэлээд олон жил амьдарч байгаа. Энэ хугацаандаа морин хуурыг Японы ард түмэнд таниулж, сурталчлах үйлсэд идэвхтэй зүтгэж явна. Токио, Осака, Хоккайдод клуб байгуулан морин хуурын сургалт явуулж байна. Түүнээс гадна Японы ерөнхий боловсролын сургуульд багшилж, морин хуурыг хөгжүүлэн сурталчлахын төлөө бүх авьяас, хөдөлмөрөө зориулж байгаа залуу даа. Дэлхийн морин хуурын холбоог байгуулан хоёр жил тутам Морин хуурын олон улсын наадам, уралдаан зохион байгуулж байгаа. Наадмын хүрээ жилээс жилд өргөжиж, оролцогчдын тоо нэмэгдэж байна. Манай чуулгынхан ч энэ ажилд ач холбогдол өгч, бүх сэтгэлээ зориулан ажилладаг.

-Та анх Морин хуурын чуулгыг байгуулахдаа ямар амжилтад хүрнэ, хэрхэн урагшилна гэж төсөөлж байсан бэ?

-Миний багш, алдарт морин хуурч Жамъянгийн боловсруулсан сургалтын дэг бий болсон байлаа. Тэр үед Ардын дуу бүжгийн чуулга болон хөдөө орон нутгийн театруудад морин хуурчид ажиллаж, манай багш шиг алдартай сайн хуурчид социалист орнууд болон Энэтхэг, Франц зэрэг улсад тоглож, ардын урлагаа сурталчилж байсан ч тусдаа чуулга байсанг үй. Би 1985 оноос ХБК-д багшилж эхэлсэн. Тэр үеэс чуулга байгуулахыг хүссэн ч хэрхэн байгуулж, юунд яаж хүрэх вэ гэдгээ тооцоолж чадахгүй нэлээд удсан. Ингэж явсаар 1989 онд “Алтан намар”- ын хүрээнд Морин хуурын наадам хийхээр боллоо. Тухайн үед Хөгжмийн зохиолчдын холбооны даргаар Н.Жанцанноров ажиллаж байсан юм. 1989 оны нэгдүгээр сард манай улсад Өвөрмонголын морин хуурч Чибулаг, хөгжим судлаач Баянжаргал нарын хэдэн хүн ирсэн. Бид Морин хуурын наадам хийх гэж байгаа тухайгаа тэдэнд хэлсэн. Гэтэл зургадугаар сард нь Хөх хот, Ордост биднийг урьж Чибулаг өөрийн гарын шавь нараа нэгтгэсэн “Тахь” хамтлагийн тоглолтоо үзүүлсэн. Жамъян багш, Жанцанноров бид гурав очиж үзсэн юм. Тэр үед л морин хуураа дэмжсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь сайн хэдий ч хүссэн хүсээгүй өрсөлдөөн бий болох юм байна гэдгийг ойлгосон. Морин хуурын анхны наадамд 100-гаад морин хуурч ирж оролцсон. Морин хуур урлаачдын уралдаанд “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийн захирал Байгалжав түрүүлж байлаа. Тухайн үед Хөгжмийн зохиолчдын холбоо бидэнд 20 мянган төгрөг зээлдүүлж, Морин хуурын төвийг байгуулсан. Захирлаар нь Жамъян багш, хариуцлагатай нарийн бичгийн даргаар нь намайг сонгосон. Төрийн бус байгууллагатай болсныхоо дараа юун түрүүнд чуулгаа байгуулна гэж байтал ардчилсан нийгэмд шилжиж эхэлсэн дээ. Гэхдээ бид их азтай. Өөрчлөн байгуулагдсан нийгэм болоод ардчилсан хүчнийхэн бидний үйл ажиллагааг дэмжиж, уламжлалаа сэргээхийг хүсэж байсан.

1992 оны долдугаар сарын 9-нд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар хамгийн сүүлчийн хуралдаанаараа Морин хуурын чуулга байгуулах шийдвэр гаргаж, дараа нь шинэ Засгийн газрын Соёлын сайд Н.Энхбаяр намайг хүлээн авч боловсон хүчний асуудлаа шийдэж, 1993 оны эхний хоёр улиралд багтаан чуулгаа байгуулж, тоглолт хийх үүрэг өгсөн. Авьяастай найз нөхдөө дагах, туршлагатай ахмад уран бүтээлчдээс суралцах, ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх учраас ХБК-ийн багш нартай нягт хамтран ажиллах гурван боломж байсан. Морин хуурын чуулгыг байгуулж улсынхаа нэрийг гадаад сурталчлах гэсэн ойр зуурын л хэдэн бодол толгойд эргэлдэж байлаа. Бодож төлөвлөсөн бүх зүйлээ эхний тоглолтоороо хэрэгж үүлсэн.

Нээлтийн тоглолтод Чулуун, Уртнасан, Зангад, Норовбанзад гээд томчууд уригдаж, тухайн үедээ алдаршиж байсан Сосорбарам, Эрдэнэбат, Нармандах, “Чингис хаан” кинонд тоглоод удаагүй байсан Энхтайван зэрэг уран бүтээлчдийг урьж оролцуулсан. Анхны тоглолтынхоо дараа уламжлалт болон орчин цагийн гэсэн хоёр чиглэлээр уран бүтээл хийх ёстойгоо ойлгосон. Энэ тоглолтоо гурван жил бататган бэлтгэж байгаад 1996 онд Улаан-Үүд, Хөх хотод тоглож, дараа жил нь Японы үзэгчдэд хүргэсэн. Энэ тоглолтууд л манай залуу уран бүтээлчдэд урам зориг хайрлан, Морин хуурын чуулгыг хөгжүүлэх хөшүүрэг болсон. Аргагүй шүү дээ, тухайн үед дэлгүүрийн лангуун дээр бор давснаас өөр зүйл байгааг үй. Би шавь нартаа түшиглэн чуулгаа байгуулсан. Тэдний бага нь наймдугаар ангийн сурагч, том нь дөрөвдүгээр курсийн оюутан. Төгөлдөр хуурын багш Уртнасан, ятгын багш Цолмон болон миний гэр бүлийн хүн, ёочин хөгжимчин Алтантуул нар маань бидэнтэй хамт байж, энэ хүнд үеийг давж гарсан.

-Цалин гэхээр зүйл ч бараг байгаагүй юу?

-П.Очирбат гуай дурсамжиндаа “Инфляц 325 болж байхад юун Морин хуурын чуулга байгуулах вэ” гэж бичсэн байдаг. Бид Морин хуурын чуулга байгуулна гээд Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүнтэй уулзаж л явсан. Тэд дэмжсэн тулдаа л байгуулсан. Хүний гэдэс өлсөхийн хажуугаар оюуны өлсгөлөнд нэрвэгдэж болохгүй гэж тэд үзсэн учраас Морин хуурын чуулгын эх суурийг тавихаар шийдсэн байх. Засгийн газрын тогтоол долдугаар сард гарч, манай чуулгыг үлдсэн хагас жилийн турш бүх зардлаа 500 мянган төгрөгт багтаах ёстой гэсэн. Ийм үед хэчнээн авьяастай хөгжимчин байлаа ч манай чуулга авч ажиллуулж чадахгүй. Учир нь тэдэнд гэр бүл бий. Ийм хүнд цагт гэр бүлээ тэжээх нь чухал шүү дээ.

-Хаана байрлаж байсан юм бэ?

-ХБК-ийн дотуур байрны нэг өрөөнд байлаа. Хичээл тарсны дараа 17.30-21.00 цагт тоглолтын бэлтгэлээ хийдэг байсан. Тэр үеийг манай хүүхдүүд одоо дурсаад “Яаж болж байсан юм бэ” гээд гайхдаг юм. Одоо манайхан гэр бүлтэй болцгоосон. Гэхдээ л амьдрал нь дээрдээгүй байна. Зарим нь орон сууцгүй, айлын хажууд амьдарч байгаа. Уран бүтээл сайн байгаа ч тэдний минь амьдрал ахуй сайжрахгүй болохоор их хэцүү юм. Урт бэрхшээлтэй энэ замын дундаас орхисон шавь нар минь ч бий. Энэ чуулгыг байгуулалцсан анхдагчдаараа би үргэлж бахархдаг. Орхиод явахад нь ч хориогүй. Тэр дундаа үнэнчээр галаа сахин үлдсэн 10 хөгжимчин бий. Анх 28 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм шүү дээ. 1997 оноос хойш уран бүтээл жигдэрч, бид жил алгасалгүй эх орныхоо нэрийг гаргаж, олон улсын тайзан дээр тоглосон. Өдийг хүртэл хийсэн уран бүтээл дунд дуунаас дуурь хүртэл, бий бийлгээнээс бүжгийн жүжиг хүртэл, морин хуурын татлага, уртын дуунаас бүхэл бүтэн концерт, сонат хүртэл тоглосон байна. Урлагийн байгууллагууд бүгд л ижил нөхцөл байдалд байгаа ч уран бүтээлчдийн цалин, хангамжид төр, засгаас анхаарах цаг нь болжээ. Манай улс спортоо дэмждэг болсон нь сайн хэрэг. Тамирчид ч Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнд ялалт байгуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж байна. Тэгвэл манай чуулгынхан ч гэсэн 1997 оноос хойш жил бүр дэлхийн алдартай тайзан дээр тоглосон.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар л уригдаж үг хэлдэг байсан НҮБ, ЮНЕСКО-гийн тайзан дээрээс бид Монголын урлагаа бахархалтайгаар танилцуулсан. Та нар хөгжимгүйгээр нэг өдрийг төсөөлөх гээд үз л дээ. Хэцүү биз дээ. Төрийн дуулал эгшиглэн өглөөг угтдаг. Баяр, гунигтай сэтгэлийн хөдөлгөөнөө бид хөгжмөөр илэрхийлдэг. Дээхнэ үед нэг цагдаа Мөрдорж багшийг танихгүй барьж аваад “Энгэртээ хоёр өлзий утастай тэмдэгтэй юм” гэж ярьсан байгаа юм. Тэгэхэд нь Мөрдорж багш “Та нар намайг танихгүй байна уу, би та нарыг өглөө сэрээж, орой унтуулдаг юм шүү” гэж хэлсэн гэдэг. Урлагийг ойлгож мэддэг улс орнууд аливаа бүтээлийг хөгжмийн зохиолчоор нь овоглодог биз дээ. Тийм учраас улсынхаа нэрийг алдаршуулсан урлагийн байгууллагаа төр нь, эсвэл тухайн улсын нэр хүндтэй компани нь хариуцан авч явдаг байх юм. Саяхан цалингийн нэмэгдлийн тухай яриа болж, анх удаа соёл, урлагийн ажилтнуудын цалинг 10 хувиар нэмнэ гээд чимээгүй боллоо. Үргэлж багш, эмч нарын цалинг нэмэх тухай ярьдаг ч ард түмний оюуны хэрэгцээг хангаж байгаа урлагийнхнаа мартдаг. Багийн спорт Монголд хөгжихгүй байна гэж ярьдаг. Тэгвэл багаараа тоглодог Төрийн их найрал хөгжим, Морин хуурын чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим гээд байна шүү дээ. Багаараа хэрхэн тоглож, амжилттай явж болохыг тэд харуулж байна. Уран бүтээлийн амин сүнс болсон хөгжмийн зохиолч, хөгжимчдөө үнэлэхгүй хэрнээ гоцлол дуучдаа л мэдэж, таньдаг нь харамсалтай. Ямар ч гоцлон тоглоочоос илүү оркестрант гэж бий. Найрал хөгжимд гайхалтай нийцэн тоглодог ийм уран бүтээлчдээ дэмжих л хэрэгтэй.

-Жирийн хөгжимчин, энгийн хүмүүсээс илүү тань шиг алдар хүндтэй хүмүүс төр, засгийн удирдлагуудад өөрсдийнхөө үгийг хүргэх боломжтой биз дээ. Та хааяа ч гэсэн тэдэнд энэ үгээ хэлдэггүй гэж үү?

-Тэгж ярьж, хэлэх тохиолдол байдаг ч царайг минь хараад “Тэгэлгүй яах вэ, дэмжинэ” л гэдэг. Олон жил ямар ч бодлогогүй явсан учраас зөвхөн яамтай болсноор, хэн нэг нь тус тусдаа үгээ хэлснээр үр дүн гарахгүй юм. Бодлого тодорхойлж байгаа яаманд нь урлагийн салбарынхныхаа зовлон жаргалыг мэддэг хүмүүс л ажиллах хэрэгтэй. Би залуучуудыг голоод байгаа юм биш шүү. Гагцх үү дадлагажиж, мэргэшсэн хүнийг олж ажиллуулаасай. Бас аливаа байгууллага, үйл ажиллагааг удирдаж байгаа хүмүүс хүний үгийг сонсдог байгаасай. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэж манай ард түмэн зүгээр нэг хэлчихээгүй. Манай багш ч гэсэн илжиг гэж хараадаг байсан юм. Тийм илжиг шиг биш ухаант хүн шиг байх хэрэгтэй юм.

-Өөрийн гэсэн байртай болох тухай Морин хуурын чуулгынхан мөн ч олон жил ярилаа даа. Бүтэх янз байна уу?

-Үүнийг дэмждэг, ойлгодог хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Манайд гадаадын алдартай, хамтлаг дуучдыг урихаар тайзыг нь голдог, олон улсын хурал цуглаан хийх гэхээр хурлын заал нь шаардлага хангадаггүй. Тэгэхээр бид нүүдэлчин маягаараа энэ зуунд сэтгээд байлгүй орчин үеийн техникийн бүх боломжийг харуулсан хурлын танхим, түүнийхээ дэргэд акустиктай сайхан тайзтай болж болно шүү дээ. Олон улсын хурлаа ч хийж, концертоо ч тогло ё. Тэгвэл улс төр, урлаг зэрэгцэн оршино. Тийм сайхан тоглолтын танхимтай болчихвол үзэгчид нь дагаж хөгжинө. Наанадаж гар утсаараа ярихгүй, хамаагүй хөдлөхг үй, шивнэж ярина биз дээ.

-Морин хуурын чуулгын байр, шавь нарынхаа гэр орон гээд таны санаа зовох зүйл даанч их юм аа.

-Хамгийн гол нь бид үндэсний бахархал болсон морин хуураа эзэмшээд дэлхий дахинд Монголынхоо нэрийг гаргаж сайхан амьдарна гэж бодсон. Шавь нар маань надад хүнд хэцүү байна гэж хэлдэггүй юм. Одоо хүртэл хамт зүтгэж байгаа багшийгаа гомдоочих вий гэж эмээдэг байх. Өндөр хөгжилтэй улсуудад аливаа асуудлыг ярихдаа уран зураг, сонгодог урлагтай холбон төлөөлөгчдийнх нь тухай ярьж байна. Харин манайх урлаг, уран бүтээлээ арай доогуур л үнэлж байна.

-Мөнгө, урлаг хоёр таардаггүй гэж та хэлж байсан. Тэгвэл зөвхөн мөнгөний төлөө шоу тоглолт хийдэг уран бүтээлчдийн тухай та ямар бодолтой байдаг вэ?

-“Ганц л удаа амьдрах юм чинь аз жаргалтай байх хэрэгтэй” гэдэг үгийг би залуусын амнаас олон удаа сонсож байна. Тэр үнэн. Гэхдээ тэр аз жаргалыг чухам юу гэж харж байгаа нь чухал. Мөнгө мөн үү, эсвэл алдар нэр үү. Хүн зорилготой бол он удаан жил амьдардаг. Залуу насны хамгийн сайхан оргилуун жаргал нь хайр. Дурласан хүнтэйгээ гэр бүл болж, үр хүүхэд нь төрж, дараа нь ач зээгээ хараад амьдрал баялаг болж үргэлжилдэг. Бид ардын уламжлалт урлагаа эзэмшин түгээж байгаа болохоор үгээр илэрхийлэгдэхгүй үнэт зүйлийг ч бас дамжуулан гавьяа байгуулж л яваа.

-Та аз жаргалтай хүн үү?

-Мэдээж, би аз жаргалтай амьдарч байгаа. Би нэг зүйлээр маш их бахархаж, бас ойрноос жаахан цэрвэж байгаа. Надаас бусад багш нар шавь нартаа мэргэжил эзэмшүүлээд төгсг өөд явуулчихдаг. Хамгийн аз жаргалтай цагт нь ирж баяр хүргэнэ, шавь нар нь ч багшийнхаа баяр хөөрийг хуваалцаж хааяахан уулзана. Гэтэл би үргэлж цуг байдаг. Архи уучих вий, хүнд зодуулчих вий гэж зовнино. Үргэлж хамт байдаг учраас тэднийг хүүхэд юм шигээр л төсөөлнө. Хэдэн жилийн өмнө гурав, дөрвөн шавь маань хаалга тогшин орж ирээд, ширээн дээр шил архи гаргаад тавьдаг юм байна. “Юу болж байгаа юм. Би та нартай архи хувааж уух юм болж байна уу. Тийм юм байхгүй шүү” гээд загнатал манай хэд нэг нэгнээ ёворч байснаа “Багш аа, та биднийг хүүхэд шиг л бодох юм. Эхнэр хүүхдийн маань дэргэд ч загнах юм” гэж хэлдэг байгаа. Үргэлж хамт байдаг болохоор би тэднийгээ хүүхэд шиг бодоод, харин тэд маань өсөж торнин, өрх толгойлсон байдаг. Түүнээс хойш их юм боддог болсон шүү. Одоо бол миний шавь нар намайг “Багш аа та эрүүл л байвал сайхан” гэж хэлдэг болсон. Байгалийн жам ч байна, хууль журам ч байна. Би хоёр, гурван жилийн дараа ажлаа шилжүүлж өгнө гэж бодоод бэлтгэлтэй байгаа. Эдэнтэйгээ хамт байхаар үргэлж аз жаргалтай, инээд хөөртэй байдаг юм. Манай ах дүүс намайг хөгшр өхгүй юм л гэдэг. Дүү нар тухтай юм ярих гэхээр нь би инээд наргиан болгочихдог юм шиг байгаа юм. Тэгэхээр манайд дүү нар “Ахтай юм ярьж болохгүй шүү. Тоглоом болгочих юм” гэдэг. Гэхдээ яриа болгоныг чухал царайлаад сонсох ёстой биш шүү дээ.

-Өнгөрсөн намар таны бие гэнэт муудаж, олон хүний санаа зовсон шүү. Гэхдээ юу болсон тухай мэдээгүй. Яг юу болсон юм бэ?

-Тэр миний хариуцлагагүйнх л дээ. 20 жилийн ойн баяраа тэмдэглээд нэлээд ачаалалтай ажилласны дараа Японд хоёр удаа тоглох байлаа. Эхний удаа тоглоод ирэхдээ нэлээд хүнд ханиад хүрсэн. Энд ирж долоо хоночихоод дахиад очоод их бүгчим танхимд тоглосон. Тоглолтын дараа таксины зогсоол хүртэл хол газар луу явган алхахдаа салхи авснаас болж хоёр уушги устчихсан. Токиогийн олон улсын эмнэлэгт ес хоног ухаангүй хэвтсэн.

-Ямар аймаар юм бэ?

-Би бол айхаа ч мэдэхгүй ухаан алдаад л оччихсон. Тэр ч бүү хэл сэрэнгүүтээ хүүгээсээ сүмо үзье гэж асуусан байгаа юм. Уг нь сүмогийн сүүлийн гурван өдрийн барилдааны үеэр ажилгүй байх учраас үзнэ гээд төлөвлөсөн байсан юм. Ухаан оронгуутаа л зурагт хайгаад эхэлсэн. Олон хүнийг сандаргасан. Хүү маань ч гэсэн эндээс явж очсон шүү дээ. Сайн эмчлүүлээд эдгэсэн. Бас намайг бие сайтай байна гэж тэндхийн эмч нар урамшуулсан. Намайг эргэж очсон хүмүүс “Та үхээд сэхсэн учраас илүү урт удаан амьдарна аа” гэж хошигнож байгаа юм. Манай Сосорбарам намайг тэнд эргэж оччихоод “Чиний жил орсон юм байна. Тэгэхээр одоо дахиад 12 жил айлтгүй ээ” гэсэн.

-Танай бага хүү Японд сургууль төгссөн бил үү?

-Тийм ээ. Золжаргал маань одоо хувиараа бизнес хийх гээд л явна даа.

-Та хэдэн хүүхэдтэй билээ. Ач, зээ олон болж байна уу?

-Таван хүүхэдтэй, гурван зээтэй. Том охин маань ХБК-ийн Уртнасан багшийн “баруун гар”. Төгөлдөр хуурч Чулуунцэцэг гэж бий. Удаах охин Алтанзаяа Америкт амьдарч байгаа. Дараагийн охин Золзаяа маань хоёр хүүхэдтэй. Бага нь миний бүх зүйлийг эзэлчихсэн хүн байна даа. Бага охины нөхөр нь зураглаач Ангараг.

-Гар утасны нүүрэнд тэр хүний зураг л дурайж байх шив дээ.

-Эхлээд эхнэрийнхээ зургийг түрийвчиндээ хийж явдаг байлаа. Дараа нь хүүхэд төрж, дараагийнх нь гэсээр үргэлжилж байгаад хүүхдүүд томорсон хойно бид хоёр нохой тэжээдэг болж, түүний зургийг авдаг боллоо. Тэгж байтал нэг хүн надад хөөрхөн унага бэлэглэж, түүнээс чухал амьтангүй болсон. Одоо бол зээ нар маань л бүгдийг эзэлж байна. Ялангуяа ой гарантай бага зээдээ амь шүү дээ. Эмээтэй нь зэрэгцэж суугаад “Алив нааш ир” гэхээр “Өвөө” гээд надад ирдэг юм. Сайн ярьж чадахгүй л дээ. Гэхдээ л “Өвөө” гэж хэлж байгаа юм. Хүн ер нь ажиллах цагтаа ажилласан шиг ажиллаад, амрах цагтаа ч гүйцэд сайхан амардаг байх хэрэгтэй. Үнэхээр одоо бол бидний амьдралын баяр баясгалан зээ нар минь л болоод байна.

 

Ж.СОЛОНГО

http://www.mongolnews.mn/w/51372

Улсын филармонийн Морин хуурын чуулгын морин хуурч, менежер Ж.УУГАНТУЯА: “МАЛГАЙ НЬ ЧУХАЛ БИШ, МАЛГАЙ ДОТОРХ НЬ ЧУХАЛ” ГЭЖ ААВ ХЭЛДЭГ

Улсын филармонийн Морин хуурын чуулгын морин хуурч, менежер Ж.Уугантуяаг зочноор урилаа. Тэрбээр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин бөгөөд Монголын мэргэжлийн анхны эмэгтэй морин хуурч юм. 

-Хөгжимчин, менежерийн албыг давхар хаших амаргүй. Хэр удаан ажиллаж байна вэ?

-Ардын жүжигчин, морин хуурч Ц.Батчулуун багшид 1990 онд шавь орсон. Морин хуурын чуулгыг 1992 онд байгуулахад багш маань шавь нараа оруулсан юм. Тэр үед би наймдугаар ангид сурч байлаа. Морин хуур бариад хоёрхон жил болсон намайг чуулгад оруулсан нь их итгэл хүлээлгэсэн хэрэг. Түүнээс хойш 22 дахь жилдээ чуулгадаа ажиллаж байна. Соёл урлагийн их сургуулийн Урлагийн менежментийн ангийг 2003 онд төгссөн. Сургуулиа төгс өөд менежерийн албыг давхар хашсан.

-Мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурласан болохоор л энэ их ажлыг амжуулдаг байх даа.

-Цагаа зөв зохицуулж, нарийн төлөвлөгөөтэй ажиллахгүй бол ажил амжихгүй. Энэ байгууллагыг үүссэн цагаас нь ажилласан болохоор гэр шиг минь санагддаг. Морин хуур хөгжимд сэтгэл зүрхээ зориулахгүй байхын аргагүй. Өнөөдөр нэг хүн “Би морин хуур сонсдоггүй байсан. Харин гадаадад амьдарч байхдаа нэг удаа хуурын аялгуу сонсоод өөрийгөө хэн болохыг мэдэрсэн. Түүнээс хойш үндэсний урлаг, спорт гээд Монголын гэсэн бүх зүйлд дуртай болсон” гэсэн. Монголоос явахаараа хүмүүс эх орныхоо ямар их үнэ цэнэтэй, эрх чөлөөтэй, сайхныг нь мэдэрдэг.

Биднийг гадаадад тоглолт хийхэд тэнд амьдарч байгаа монголчууд үнэхээр халуун дотноор хүлээж авдаг. Зарим нь уйлна. Тэгэхээр үндэсний урлаг хүний сэтгэлийг баясгахаас гадна тухайн хүнд хэн болохыг нь мэдрүүлдэг. Цалин хангамж гээд нийгмийн асуудлаас шалтгаалаад мэргэжлээрээ ажиллахг үй, дундаас нь орхидог хүн цөөнгүй. Энэ асуудлуудад бүдрэхгүй явсаар өнөөдрийг хүрсэндээ өөртөө их баярладаг.

-Урлагт амьдралаа зориулсан аав тань бас нөлөөлсөн юм болов уу?

-Би аавынхаа заасан амьдралын замаар явж байна. “Хөгжим бүжгийн коллежийн Морин хуурын ангид орох уу” гэхээр нь юу ч бодолгүй үгийг нь дагасан. Арав гаруйхан настай байсан болохоор ирээдүйн мэргэжлийн талаар мэдэхгүй шүү дээ. Аав надад зөвлөхөөс биш, шийдвэр гаргахад минь оролцдоггүй. Ааваас гадна багш, чуулгын хамт олон, морин хуур хамт сурсан Уянга маань үргэлж хамт байгаагүй бол өдий зэрэгт хүрэхг үй ч байсан юм бил үү. Уянга бид хоёр Монголын мэргэжлийн анхны эмэгтэй морин хуурч.

-Эмэгтэй хүн морин хуур тоглохоор хүмүүс хэрхэн хүлээж авдаг байсан бэ?

-Эмэгтэй хүн тоглодог юм байх даа гэсэн шиг гайхаж хардаг байсан. Магадгүй морин хуурыг заавал эрэгтэй хүн тоглох учиртай гээд эмэгтэйчүүдийг эсэргүүцсэн бол би хөгжмөө орхих ч байсан юм бил үү. Морин хуурын хөгжил дэвшлийн үед тоглож байгаадаа өөрийгөө азтайд тооцдог. Намайг анх сурч байх үед морин хуураар ихэнхдээ ардын дуу тоглодог байсан бол одоо рок поп, жааз гээд бүх урсгалын хөгжим тоглож байна. Манай чуулга гэхэд дэлхийн алдарт киноны хөгжмүүдээр тоглолт хийдэг.

-Н.Жанцанноровын охин гэдэг утгаараа өөртөө өндөр хариуцлага үүрүүлдэг үү?

-Аавынхаа нэрийг хугалж болохгүй нь охины үүрэг. Гэхдээ би Н.Жанцанноровын охин учраас тийм байх ёстой гэсэн цензур тавихгүй өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдлөөр амьдардаг. Бусад хүн ч намайг тэдний охин гэхээсээ илүү Ж.Уугантуяа гэдгээр нь үнэлэх насанд хүрсэн. Нэгэнт би морин хуурч гэдэг мэргэжил эзэмшсэн учраас чадварлаг хөгжимчин байхаас гадна уламжлалт тоглох арга барилаар нь хойч үедээ өвлүүлэх, бусдад мэдүүлэх, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх нь миний хүсэл зорилго. Одоо хийж байгаа бүхэн минь үүний нэг хэсэг.

-Урлагийн хүмүүс гэхээсээ илүү аав, охин хоёрын хамгийн их санаа нийлдэг зүйл юу вэ?

-Бид бие биенийхээ зөвлөгч, туслагч. Нэг нэгэндээ итгэдэг учраас бүхий л зүйлд санал нэгддэг. Мэдээж аав надаас бүх зүйлээрээ чадварлаг ч охиноосоо зөвлөгөө авах тохиолдол гардаг.

-Урмыг нь хугалсан үед хатуухан үг хэлнэ биз?

-Дуугаа хураачихдаг юм. Урам нь хугарснаа хэлдэггүй ч надад мэдрэгддэг. Хааяа л тэрийг тэгээд хийчихгүй дээ гэдэг.

-Та арав гаруй жилийн өмнөх нэг ярилцлагадаа дэлгүүр хэсэх зав гарахгүй юм. Тиймээс аав, ээж ийш тийшээ явахдаа авчирч өгсөн хувцсаар ихэнхдээ гангардаг гэсэн байна лээ. Тэр үед та оюутан байсан байх. Одоо өмнөхөөсөө өөрчлөгдсөн үү?

-Бараг хэвээрээ. Зайлшгүй шаардлага гарвал дэлгүүрт очдог. Урлагийн хүн ганган дэгжин, хүний нүдэнд сайхан харагдах хэрэгтэй гэдэг. Өөрийнхөөрөө л байх сайхан. “Малгай нь чухал биш, малгай доторх нь чухал” гэж аав хэлдэг. Аавынхаа хээгүй занг дуурайгаад нэг их гангарах дуртай биш юм байлгүй. Дэлгүүр хэсээд явах зав ч гардаггүй. Найз нөхөдтэйгөө уулзаад, дэлгүүр хэсээд явж буй хүүхнүүдэд заримдаа атаархдаг. Надад тийм чөлөөт цаг гарахгүй байгаа нь тоогүй ч, харамсдаггүй ээ.

-Таныг хамгийн их бухимдуулдаг зүйл юу вэ?

-Ер нь юу ч тохиолдсон тайван байхыг хичээдэг. Бүх зүйлд шалтгаан байдаг. Гэхдээ ажил төлөвлөчихөөд шалтгаанаа хэлэхгүй алга болох үед өөрийн эрхгүй бухимддаг.

-Хүн бүр тодорхой хэмжээний эд хөрөнгө, эрх мэдэл, нэр хүндтэй болохыг хүсдэг. Харин Та амьдралаас хүссэн зүйлээ авч чадаж байна уу?

-Хүн бүрт заяасан хувь тавилан байдаг. Нэр хүнд, эрх мэдэлтэй болох гэж хэчнээн хичээсэн ч чаддаггүй хүн бий. Хүний хүсэл хязгааргүй учраас өөрийнхөө хийж чадна гэсэн зүйлийг хүсэх хэрэгтэй. Явсан замаа эргээд харахад харамсахгүй байх нь миний хүсэл. Харамсаж байгаа зүйл санаанд орохгүйг бодвол хүслээ биелүүлээд байгаа юм болов уу.

-Хөгжимчид, бүжигчид дотогшоо зантай санагддаг. Сэтгэлээ үгээр биш хөгжим, үйл хөдлөлөөр илэрхийлдэг болохоор тэр байх. Харин Та харьцангуй нээлттэй юм. Зохион байгуулалтын ажил давхар хариуцдаг болохоор тэр юм болов уу.

-Магадгүй. Тухайн хүний хувийн зан төлвөөс шалтгаалдаг байх.

-Та бусдад хэр их боломж олгодог вэ?

-Боломж байхад алдана гэж үү. Бусдын хийж чадах зүйлийг би хорьж болохгүй. Би 30 гаруй хүнтэй хамтран ажилладаг. Олон жил хамт байхаар хэн нь хэн болохыг ерөнхийдөө мэднэ. Тиймээс энэ ажлыг тэр хүнээр хийлгэвэл илүү үр дүнтэй гэдгийг мэддэг. Манайхан ямар ч ажил зохион байгуулсан бүгд тэгш эрхтэй оролцдог учраас урамтай байдаг.

-Олон улсын морин хуурын наадмыг зохион байгуулах багт ажиллаж байгаа. Энэ удаагийн наадам юугаараа онцлог болох вэ?

-Дэлхийн морин хуурын холбоо 2008 онд байгуулагдаж, Олон улсын морин хуурын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар болсон. Ингэхдээ уралдаан, эрдэм шинжилгээний хурлыг ээлжлэн зохион байгуулдаг. Энэ жил морин хуурын уралдаан дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 1-нд болно. Морин хуур сонирхогчид болон морин хуур урлаачид гэсэн хоёр төрлөөр зохиож буйгаараа онцлог. Морин хуур сонирхогч олширч байгаа ч, уламжлалт арга барилаар ардын бүтээлүүдийг тоглох нь цөөн байна. Мөн морин хуурыг гарын дүйтэй хэн ч урладаг болсноор стандарт нь алдагдаж байгаа. Монголын морин хуур урлаачдын холбооноос энэ хөгжмийн стандарт ямар байхыг тогтоосон. Оролцогчдыг энэ стандартаар шалгаруулна.

 

П.ТУНГАЛАГ

http://www.mongolnews.mn/w/49960

Д. Гантөгс ”Дэлхий ертөнц даяарчлагдах тусам үндэсний өв соёл алдагдсаар байна”

2014 оны 1 сарын 25
Хүндэт Ганаа, тань шиг гайхалтай уран бүтээлчтэй ярилцаж байгаадаа би туйлын их олзуурхаж байна. Таны уран бүтээлүүдэд үндэсний хэв маяг шингэсэн, давтагдашгүй , Монголын бусад сүвенирүүдээс өөр  харагддаг.  Ширхэг бүр нь хосгүй шүү. Тухайн бүтээлийг нарийн технологиор бүтээснээс гадна Монголын түүх, ёс заншилыг цаана нь гүнзгий тусгасан ажиглагддаг.  Жинхэнэ шир, нарийн гар хийцийн торгийг материалдаа сонгосон байсан.

Би таны хэд хэдэн уран бүтээлийн үзэсгэлэнд очиж үзсэн. Тэндээс таны хүүхдүүдтэй хэрхэн ажиллаж, бэлэг дурсгалын болоод бусад  зүйлсийг хэрхэн хийх талаараа зааж сургаж байгааг ажигласан.
Хэзээнээс Үндэсний гар урлалын  чиглэлээр бүтээл хийх хүсэл төрж эхэлсэн бэ?

Дөнгөж дээд сургуулиа төгсөх үедээ би хүүхэлдэйн урлагаар дэлхийд тэргүүлдэг Япон хүүхэлдэйн урлагийг судлаж эхэлсэн. Би энэ төрлөөр бүтээлүүдээ туурвиж, ажлынхаа анхны гарааг эхэлж билээ.  Эхний үедээ гол төлөв бэлэг дурсгалын хэлбэр маягийн хүүхэлдэй хийдэг байсан бол одоо урлагийн хэлбэрлүүгээ илүү дөхсөн ART DOLL хийдэг болсон.  Би дээд сургуулийг чимэглэх урлагийн зураач мэргэжлээр төгсөж 1998-2004 он хүртэл чимэглэх урлагаар дамжуулан хүүхдүүдэд үндэсний гар урлал хийх аргачилал зааж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдүүдийн давтагдашгүй сэтгэмжийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан.Нилээн хэдэн шавь нар маань ирээдүйн мэргэжлээ дүрслэх урлагийг сонгож, одоо бол бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн гаргах чадвартай сайн уран бүтээлчид болоод явж байгаад багш хүний хувьд өөрийн хийсэн ажлаараа бахархдаг.  2004-2007 оны хооронд би НҮБ-ын үндэсний сайн дурын ажилтанаар элсэж, өөрийн мэдлэг, чадвараа амьжиргааны түвшин доогуур, сургууль завсардсан эсвэл огт сургуульд суугаагүй охидуудад заах болсон юм. Ингэснээр эдгээр охидууд маань зураг зурж, хэрэглээний болон бэлэг дурсгалын эд зүйлс хийж сурсанаас гадна гоо сайхны мэдрэмжтэй, урлагт хайртай, зөөлөн сэтгэлтэй зөв иргэн болон хүмүүжиж их өөрчлөгдөж ирсэн. Хийсэн ажлынхаа үр дүнг мэдрэх, бодитоор харах нь хамгийн том жаргал юм уу даа гэж би боддог. Энэ бүх хугацаанд өөрийн бүтээлээ давхар хийсээр л ирсэн.

Дэлхий ертөнцөөрөө даяарчлагдаад, харилцааны эд хэрэгсэл, техник технологи айдас төрөхүйц их хурдацтай хөгжиж байгаа одоо цагт харамсалтай нь үндэсний болон уламжлалт гэх нандин зүйлүүд гээгдэх аюул гараад байна л даа. Монгол туурагтан үе дамжиж, өвөг дээдсээсээ гэр бүл дотроо уламжлан аав нь хүүдээ, ээж нь охиндоо дамжуулан заадаг олон сайхан гар урлалын төрөл, ёс заншил, ам дамжсан үлгэр домгоор баялаг үндэстэн. Энэ нэг чухал хэлхээг алдалгүй дараагийн үедээ үлдээн дамжуулах нь миний хувьд надад дээрээс заяагдсан байж магадгүй нэг үүрэг даалгавар, амьдралын утга гэж би ойлгодог.

Өнгөрсөн арван жилд Монголын уламжлалт бэлэг дурсгалууд орон даяар үйлдвэрлэгдэж, олон чамин дурсгалын зүйлсийг худалдан авахад ойр, дэлгүүрүүдээр худалдаалах болсон. Гэвч, таны хийдэг шигийг олоход хэцүү байна. Та тусгай захиалгаар цөөн тоогоор бүтээлүүдээ хийдэгийх үү.. Үнэхээр онцгой болсон байдаг!  Тэр боловсруулалт, санаа  шийдэл нь маш дээд зэргийн чанартай болсон нь харагддаг. Ийм чанартай бүтээл гаргаж чаддаг болтлоо хэр удаан жил хичээллэж сурсан бэ?

Ийм сайхан үгсийг сонсож, миний хийдэг өчүүхэн зүйлүүдийг ингэж өндрөөр үнэлж байгаад би туйлын их талархаж байна. Баярлалаа. Юуны өмнө энэ эрдмийн суурийг надад заасан багшдаа их баярлаж явдаг. Дээд сургуулиа төгссөн цагаасаа авхуулаад л бага багаар миний туршлага зузаарч, чадвар маань хурцлагдсан байх. Хүүхдүүдэд хичээл ордог байсан маань ч их нөлөөлсөн, хүнд заах явцад багш хүнийн өөрийн мэдлэг, чадвар бэхжээд явдаг.

Танд гадаадын  олон худалдан авагч нар байдаг уу?

Гадаад хүмүүс үндэсний хүүхэлдэй их сонирхож худалдаж авдаг. Япон, Америк, Герман, Англи, Хятад улсаас ирсэн урлаг сонирхогч, цуглуулагч хүмүүс надаас авч байсан. Сүүлийн үед өөрийгөө, эсвэл хүүхдийнхээ нүүр царайтай хүүхэлдэй хийлгэх нь элбэг болсон. Захиалгат хүүхэлдэй гэх үү дээ. Энэ нь надаас илүү чадвар шаарддаг, учир нь тухайн хийх хүнийг яг байгаагаар нь хийж болохгүй. Тэр хүнийнхээ зүс царай, бие галбирын онцлого, донжийг тооцоолон cartoon маягт оруулж тэгсэн хэрнээ тэр хүнтэйгээ төстэй хийх шаардлагатай болдог.Би хүүхэлдэй болгоныхоо толгой гарыг зориулалтын шавраар тусгайлан барьдаг юм.

Хүүхэлдэйнүүд тань хөөрхөн байхаас гадна таны өөрийн бодол, дотоод сэтгэмжийг илэрхий тусгасан байсан. Дээр нь ихэнх бүтээлүүд тань  тодорхой зорилгоор хүнд хэрэгцээтэй байхаар бүтээгдсэн нь ажиглагддаг.  Яг ийм бүтээлийнхээ тухай бидэнд жишээн дээр ярьж өгөөч?

Би хэрэглээний зүйл хийхдээ заавал ямар нэгэн урлагийн элемент оруулахын сацуугаар үндэсний амт шимт , монгол үнэр шингэсэн зүйл хийхийг хичээдэг.  Заримдаа тэр хийсэн бүтээл маань зүгээр нэг хайрцаг биш art object болон хувирдаг. Жишээлбэл нэг архины хайрцаг хийхэд 4 тал бүр нь тус тусдаа нэг зураг байхаар шийддэг. Тэр хайрцагыг авч байгаа хүн зүгээр нэг хайрцагны эзэн болох биш 4 зурагтай болно гэсэн үг. Зориулалтаасаа шалтгаалаад дээр нь дүрслэх зураг, хээ угалзаа бодож хийдэг. Монголын нууц товчоо номны хайрцаг, ээмэг бөгж, гоёл чимэглэлийн хайрцаг,  архи, вискиний гэр, цүнх, түрийвч гээд олон янзын зориулалтын зүйлс захиалгаар хийж байсан. Нэг юмыг олноор нь хийх  тийм ч дуртай биш.

Бөө  мөргөлийн сэдэвтэй дурсгалын бүтээлүүд байсныг би харсан. Бөө мөргөл танд  их сэтгэгдэл төрүүлдэг учраас хийсэн үү?

Миний хийсэн нилээн хэдэн бүтээл бөөгийн сэдэвтэйг онцлон харсанд баярлаллаа.  Би яг одоо Хятад улсын Хөх хотод урлаг судлалын мэргэжлээр магистерд суралцаж байгаа. Хүн бүрт амьдралд нь сайхан аз завшаан таардаг, үүнтэй адил би нөхөртэйгээ Хятад улсдаа хадны сийлмэл зургаар /petroglyph/ алдартай ӨМӨЗОрны баруун хязгаараар сүндэрлэдэг Монь уулаар аялах хэмжээлшгүй үнэтэй завшаан боломж тохиосон юм. Энэ уулны систем нь явсаар Монголын нутгаар үргэлжилдэг. Хадны зургуудыг бодитоор, газар дээр нь очиж гараараа мэдэрч үзэх номноос фото зураг үзэх тэр ойлголт эрс тэс. Тэгээд энэ хадны зурагнуудын дийлэнхэд нь бөөгийн шашинтай холбоотой зурагнууд байсан, бидний өвөг дээдэс маань уул, ус, нар , сарыг шүтэн биширч, тэрийгээ маш энгийн мөртлөө маш оновчтой хад чулуун дээр дүрсэлдэг байсныг гайхан биширж билээ. Тэр үеийн “зураачид” одооны орчин үеийн зураачидтай ур чадвар, сэтгэмжээрээ өрсөлдөхүйц санагдаж байсныг нуугаад яахав. Тэр аялал надад их гүнзгий мэдрэмж төрүүлж, хадны зурагнаас сэдэвлэсэн хүүхэлдэй хийе гэсэн хатуу зорилготой буцсан юм. Эндээс эхлээд судалгаа хийгээд явхад зайлшгүй бөөгийн шашины тухай мэдлэг, бөөгийн хувцас, эд хэрэгсэл, зан үйл судлах шаардлага гарч, энэ урсгалын явцад бүтээлийн янз янзын санаанууд урган гарч ирж байсан. Ер нь аливаа бүтээл судалгааны үндсэн дээр хийгддэг. Их сонин мэдээллийг олж авдаг шүү, зарим бөө толгойныхоо зулайгаар дээд тэнгэртэйгээ холбогддог тул малгай өмсдөггүй, толгойн орой нээлттэй байдаг, зарим нутгийн бөөгийн дээлний суга онгорхой байдаг учир нь сугаар  нь онгод нь орж ирдэг гээд л энэ бүхнийгээ хүүхэлдэйндээ шингээнэ.

Таны нөхөр Монголын уламжлалт дүрслэх урлагийн професор, алдартай зураач уран бүтээлч хүн. Тэр таны уран бүтээл, сэтгэмжинд цаашлаад уран бүтээлийг тань  өсч дэвжихэд хэр нөлөөлсөн бэ?  

Би нөхөртэйгөө нэг мэргэжлийн бас хоёуулаа уран бүтээлч хүмүүс гэдгээрээ их баярлаж явдаг, энэ манай гэр бүлийн баялаг гэж хэлж болно. Анх гэр бүл болж байхдаа би ингэж боддог байсан: Жинхэнэ уран бүтээлч хүн бол энгийн хүнээс маш өвөрмөц сэтгэлгээтэй, зарим үед этгээд ч зан гаргаж болзошгүй, харь гаригийн шахуу хүмүүс, тиймээс нэг гэр бүлд нэг л ийм crazy хүн байхад болно, хоёрын хоёр хүн ийм байх юм бол too much гэж боддог байлаа. Одоо харин өөр шүү. Хэдий эхнэр нөхрийн хооронд үл ойлголцол гардаг ч яг уран бүтээлийн хувьд бид 2 harmony олдог. Нэг нэгнийхээ ажлыг их хүндэлж үнэлдэг. Болж өгвөл шүүмж өгөхгүйгээр урам өгч, заримдаа онгироох ч тохиолдол гарнаJ.  Хань маань их өндөр мэдрэмжтэй, сайн уран бүтээлч болхоор би түүнээсээ их зөвлөгөө авдаг. Хийж байх явцад бол нөхрөө оролцуулдаггүй, хийж дуусчихаад нөхрөөсөө ямар болсныг нь асууж, саналыг нь сонсож засах зүйл байвал засаж янзалдаг.

Танай хүүхдүүд та хоёрыг дуурайсан уламжлалт урлагийн хүмүүс болно байх гэж боддог уу ?

Манайх 2 хүүхэдтэй айл л даа. Том охин маань багадаа их сайхан зураг зурж, хээрийн дадлагад хамт явж этюд зурж аавтайгаа хамт үзэсгэлэн гаргаж байсан. Багш намайг будаг хооронд нь хольж өнгө гаргаж болохгүй, шууд наад будагаараа будах хэрэгтэй гэж загнасан гэсээр нэг өдөр цэцэрлэгээсээ уйлчихсан ирж байж билээ. Одоо 16 настай, зураг зурах сонирхол нь аяандаа замхраад одоо харин юм бичих сонирхолтой болоод байх шиг байгаа юм. Хүүхдийн сонирхол их тотворгүй шүү  дээ. Манай хүүд харин нэг онцлого байгаад байх шиг анзаарагддаг. Зураг зурахдаа зохиомж авалт нь өвөрмөц, дүрслэл нь бас их сонирхолтой харагддаг.Их орчин үелэг зурдаг. Цаас харандаа нийлүүлдэггүй өдөр гэж байхгүй. Нөхөр бид 2 хүүхдүүдийгээ заавал зуураач болгоно гэж төлөвлөдөггүй, бараг эсрэг бодолтой. Хүн ирээдүйн мэргэжлээ өөрөө сонгох хэрэгтэй гэж үздэг. Тэгэхдээ удмын ген гэж бас чухал хүчин зүйл байдгийг үгүйсгэж бас дийлэхгүй.

Монгол орны эдийн засаг уналтанд орж сүүлийн жилүүдэд огцом  сэргэн сайжирахын зэрэгцээ  улалжлалт урлаг, соёл их хөгжиж байна. Олон уран дархчууд ч өөрсдийн бүтээлээ гэнэт л зах зээл дээр гарган эрчимтэй худалдаалж байна. Хэдийгээр уламжлалт урлагийн бүтээлүүдийг арилжаалах нэг хэрэг ч, арилжихаасаа өмнө мэргэжилийн түвшинд арга, техникт нь суралцан, түүх гаралыг нь судлах хэр чухал байдаг вэ?

Commerce  болон жинхэнэ art хоёр уул нь их тус тусдаа том ойлголтууд гэж би боддог. Хүмүүс өөр бодолтой байж магадгүй. Тэгэхдээ уран бүтээлч хүнд ч гэсэн өдөр тутмын хэрэглээ, хүүхдүүдийн боловсролд зарцуулах зардал, гэр орон, унаа тэрэг гэх мэт хэрэгцээ гардаг тул заавал мөнгө бодох хэрэгтэй болдог. Үндэсний гар урлалд энэ нөхцөл жоохон муу талаар нөлөөлдөг, учир нь зах зээлдээ тааруулж гар урлалын бүтээгдэхүүнээ олноор нь олшруулахын тулд гараар хийх аргачилалаа багасгаад, техник хэрэгсэл түлхүү хэрэглээд, нарийн хийц, загвараа хялбаршуулаад эхлэхээр улалмжлалт үндэсний гар урлалын жинхэнэ утга, жинхэнэ чанар, уламжлагдаж ирсэн арга технологи нь алдагдаад эхэлдэг.

Та Италиас Монголд  айлчлах гэж байгаа хүмүүст зөвөлгөө өгөөч. Улаанбаатарт очоод хаанаас хамгийн сайн чанарын бэлэг дурсгалын зүйлс өргөн сонголттойгоор авах вэ?   Хэрэв үндэсний гар урлалыг тусгайлан захиалж хийлгэх бол  хэр хугацаа орох бол?

Монгол улсад зочилж ирсэн хүн мэдээжийн хэрэг Монголын үндэсний хэв маягтай, Монголын аж ахуйг харуулсан ч юм уу, нутагтаа хариад тэр зүйлийг хараад Монголруу аялсан дурсамжийг байнга сэргээж чадах тийм бэлэг дурсгалын зүйлс худалдаж авбал сайхан байх. Миний бодлоор уран бүтээлч хүний урлангаар нь очиж уран бүтээлчээс өөрөөс нь хийсэн бүтээлийх нь тухай түүх, тайлбарыг сонсож авсан уран бүтээл хамгийн сайхан бэлэг дурсгал болно. Одоо интернэтээр уран бүтээлчдийн вебсайт, хуудаснуудыг олж харж бүтээлийг нь авах боломж их болсон. Миний хувьд бол нэг хүүхэлдэйг хэрэв санаа нь олдсон, бэлэн бол 3-5 хоногт хийдэг.

Бидэнд сүүлийн үед гаргасан үзэсгэлэнгүүдийнхээ тухай ярьж өгөөч ?  ( хаана гаргасан гэх мэт) мөн өөрийн бүтээлийнхээ цуглуулгын талаар? Урлагийн бүтээл туурвихад юу чухам таны сэтгэлийг хөдөлгөдөг вэ?  Материалаа яаж авдаг вэ?        

Миний сүүлд оролцсон үзэсгэлэнгүүд дандаа Хятад улсад гарсан үзэсгэлэн байгаа. Дээр дурьдсан зөвхөн хадны зургийн сэдэвтэй 10-аад бүтээлээр эндхийн 2 хотод “Өвөг дээдсийн дуудлага”нэртэй  томоохон үзэсгэлэнд оролцсон. Одоо нөхөртэйгээ хамтарсан үзэсгэлэн гаргах гээд бүтээлүүдээ туурвиж эхэлсэн.

Хүннүгийн үеэс эхэлсэн урт удаан түүх бүхий Монголын нүүдлийн амьдралын өвөрмөц хэлбэр , баялаг угсаатны зүй, уламжлалт урлаг, үндэсний хувцас, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн эрхэм ёс заншил гээд энэ бүх зүйлээс би өөрийн  бүтээлүүдийнхээ санааг  авдаг л даа. Тиймээс ч миний бүтээлүүд үндэсний хувцас, хэрэгсэлтэй, Монголын үндэсний зан заншилтай холбоотой ч юм уу, нэг  өөрийн онцлог бүхий донж, хөдөлгөөнтэй бүтээлүүд хийдэг болсон юм. Заримдаа дараагийн хүүхэлдэйнийхээ санааг маш энгийн зүйлээс олоод хардаг, өхөөрдөм хөөрхөн нэгэн охин гэртээ мөрөөдөж хоёр гараараа толгойгоо түшин хэвтэж байгаа нь миний нүдэнд их дотно санагдангуут тийм хөдөлгөөнтэй хүүхэлдэй хийх бодол төрсөн жишээ байна. Тэгээд л тэр санаагаа толгойндоо ургуулан бодоод л, нүдэнд харагдтал жижиг деталиудыг сэтгээд л, хэрэгтэй бол ном, сэтгүүл эргүүлж хээ угалз харж байж сая нэг бодитоор хийж эхэлдэг.

Миний хэрэглэдэг үндсэн гол түүхий эд бол арьс л даа. Арьсаа сонгохдоо би заавал шинэ, өө сэвгүй арьс сонгож авдаггүй. Арьсны дэлгүүр ороод хамгийн цаанаас, хамгийн сонин фактуртай, заримдаа хамгийн хуучин, муухай, дефекттэй арьс сонгож авдаг тохиолдол их. Эртний жижиг эдлэлүүдийг цуглуулж хүүхэлдэйнүүддээ хэрэглэдэг. Арьс өөрөө натурал материал тиймээс ч натурал чулуу, мод, яс, зэс, гуультай их сайхан зохицдог. Яг миний хэрэглэдэг материалны төрөлд хязгаар гэж үгүй. Миний найзууд энийг мэддэг болхоор чамд хэрэг болж магадгүй гээд сонин содон зүүлт, жижиг гархи, чулуу, жижиг яс гэх мэтээр цуглуулаад аваад ирдэг.

Таныг монголын үндэсний хувцсанд дуртайг би мэднэ?

Тийм шүү, Монголын угсаатны зүй агуу баялаг.  Монгол ястан болгон өөрийн үндэсний хувцастай, тэр нь дотроо эмэгтэй эрэгтэй гэж хууваагдаад, эмэгтэй хувцас нь гэхэд хүнтэй гэрлэхээс өмнө өмсдөг, гэрлэх үедээ өмсдөг, гэрлэсний дараа өмсдөг, хөгшин болохдоо өмсдөг гэх мэтээр бүүр нарийн задраад явдаг онцлогтой. Тэр болгон нь гайхалтай сайхан нарийн хийцтэй үнэт эдлэл, чимэглэлийн зүйлсээр гангарсан бөгөөд тус бүрдээ монгол урчуудын нарийн ухаан шингэсэн гар урлалын мундаг бүтээл юм. Хүүхэлдэйгээ хийхдээ би аль болох үндэсний хувцасныхаа онцлогийг харуулахыг хичээдэг. Учир нь Монгол хувцасны деталь болгон ур хийц сайтай, өнгөний хослуулалт нь их зохицсон байдгаас гадна тэр болгонтой холбоотой сонирхолтой түүх, домог, үлгэр дагалддаг нь бүүр хачир нэмдэг юм.

Монгол гэрийн талаар? Мэргэжилийн уламжлалт урлагийн хүний хувьд Монголын үндэсний сууц болох гэрийг түүхэн талаас нь ярьж өгөөч?

Монгол үндэсний гэр бол нүүдэлчин амьдрал эрхэлдэг малчин ард түмний хэрэглэхэд хамгийн хурдан хурааж ба босгох боломжтой, хөнгөхөн бөгөөд хялбархан зөөврийн орон сууц гэдгийн бараг хүн бүр мэддэг байх. Тал нутгийн хүчтэй шороо , цасан шуургыг даван тэсхэд хамгийн зөв хэлбэр бол дугуй хэлбэр юм. Хүйтэнд хурдан халдаг, халуунд хурдан хөрдөг гээд  Монгол гэр бол манай газар зүй, цаг агаарын онцлогыг маш нарийн тооцож хийгдсэн, он цаг үеийн шалгуурыг давсан физикийн шинжлэх ухааны том бүтээл юм. Фэнг шүйн хувьд ч гэсэн монгол гэрийн энергийн эргэлт маш зөв хувиарлагдсан байдгийг төдийлөн хүн мэдэхгүй байх. Дөрвөлжин байшингийн булан тохойд муу энерги хуримтладдаг, тоос шороо, тортог цуглардаг асуудал монгол гэрт огт үгүй.Энэ бүгд дээр өөрийн цэвэр уран бүтээлч хүний хувийн бодлыг нэмэж хэлхэд хүнд хамгийн тав тухтай, эерэг санагддаг хэлбэр бол дугуй хэлбэр юм. Учир нь хүн гэдэг амьтны өчүүхэн амьдрал нь үүсэж, өсөж торнидог эхийн хэвлий нь дугуй хэлбэртэй, тийм болхоор гэрт амьдрах нь хүнд цаанаа л нэг их тохилог, тав тухтай санагдана. Нэгэн бяцхан нууцыг дэлгэхэд би ойрын үед зураг зурж эхэлсэн байгаа, тэгээд гэртэй холбоотой өмнөх санааг дүрслэнэ гэж бодож байгаа.


Маш их баярлалаа. Ярилцлага өгсөн тань олзуурхууштай байлаа!

Уран бүтээлийн өндөр амжилт хүсээд, дахин таньтай ярилцах завшаан олдоно гэж найдаж байна.

“Домог” хамтлагийн ахлагч, үүсгэн байгуулагч Б.Бат-Орших”Канадын амбан захирагчийн алтан медаль их урам өгсөн”

“Домог” хамтлагийн амжилтын талаар бүгд мэдэх болсон. Энэ нэрийн цаана чухам хэн хэн байна вэ, хамтлагийг хэн хэзээ үүсгэн байгуулж, ямар ямар уран бүтээл туурвиж явна вэ, туулсан зам, замнал нь ямар юм бол. Ф.Шубертын нэрэмжит уралдаанд түрүүллээ гэж шуугьсан, дэлхийн аварга боллоо гэж хэн хүнгүй баяр хүргэсэн. Тэд тэгээд хэн юм бэ. Энэ асуултад хариу хайж тус хамтлагийн ахлагч, үүсгэн байгуулагч Б.Бат-Оршихтой ярилцсан юм. Дашрамд дуулгахад “Домог” хамтлаг ирэх сарын 4-нд УДБЭТ-т болох шилдэг уран бүтээлчдийн “VIRTUOSO-2013” гала тоглолтоор уран бүтээлээ толилуулна.

-Танайхыг хүмүүс хамтлагийн нэрээр таньдаг. Харин гишүүн тус бүрээр нь бол сайн мэддэггүй хэвээр, хэн хэн гэж уран бүтээлч байдаг вэ?

-Аргагүй ээ, хамтлаг гэдэг баг. Амжилтыг багаараа гаргаж ирлээ. Би хамтлагийн гишүүдээ танилцуулъя. Нэгдүгээр морин хуурч маань Д.Шинэцог Гени. Уран бүтээлдээ зүрх сэтгэлээ өгсөн, мэргэжлийн өндөр түвшний тоглооч залуу. Хоёрдугаар морин хуурч Б.Энхсайхан маань одоо СУИС-д сурдаг. Баянхонгор аймгийн уугуул, жинхэнэ монгол сэтгэлгээтэй, хамтлагаа үндэсний шинж чанартай байлгах талд санаа их тавьдаг бүтээлч залуу. Их хуурчаар миний дотнын найз, Германд цуг бүтэн жил хамт амьдарч зовлон жаргалаа хуваалцаж ирсэн нөхөр Г.Пүрэвдорж маань ажилладаг. УДБЭТ, Улсын филармонид их хуур тоглодог. Цохивор хөгжимчин маань Т.Оюунбат. Хөвсгөлийн уугуул, уужуу тайван, аливаад хүлээцтэй, тэвчээртэй ханддагаараа шалагарсан сайхан залуу. Энэ найз маань УДБЭТ-т харьяалагдаж ажилладаг. Миний бие морин хуурч, өөр бусад зэмсгээр бас тоглоно оо.

-Та үүсгэн байгуулсан юм билээ. Их сонирхолтой түүх байгаа даа?

-Европт байхад санаа төрсөн. Хамтлаг байгуулагдаад олон жил болоогүй ч бид их юм үзсэн. Одоо бол харин амжилтын зах зухтай болоод байна. Амжилтад сайн хүмүүсийн оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагааны дүнд хүрч байна. Энэ талаар сүүлд нь ярья. Би Европт үйл ажиллагаа явуулдаг “Хөх Монгол” хамтлагт тоглодог байсан юм. Гурван ч жил болсон. Манай хамтлагийн Г.Пүрэвдорж бид хоёр цуг байсан л даа. “Хөх Монгол”-ынхонтойгоо сайхан л ажиллаж байсан. Гэсэн ч өөрөө хамтлаг байгуулмаар санагдаад байдаг байлаа. Тоглолттой үедээ уйдах завгүй хүмүүс байдаг. Бусад цагт нь хийх юмгүй болохоор юу эсийг бодож цаг нөгцөөх вэ. Нэг удаа осолд ороод хөл хугархай хэвтэж байхдаа бүр олон юм бодож байлаа. Өөрийн гэсэн хамтлагтай болоод сүнгэнүүлж байхсан гэж бодогдоод болдоггүй. Тэгээд шийдлээ дээ. Энэ тухайгаа найздаа хэлтэл мань хүн дэмжиж байна. Тэгээд бид хоёр хамтрахаар болоод эх орондоо ирлээ. Онгоцноос өглөө нь буугаад өдөр нь гэхэд Д.Шинэцог, Г.Пүрэвдорж, Цогтгэрэл бид дөрөв нэгдэх тухай яриад сууж байлаа. Ердөө маргааш нь ноот цуглуулж аваад нөгөөдөр нь ХБК-ийн морин хуурын гавьяат багш Ё.Батбаяр багшийн өрөөнд хамтлагаа байгуулж байлаа.

-Их яарчээ?

-Өдрийн бодол, шөнийн зүүд байсан юм чинь. Уран бүтээлчид нэгдэж чадлаа. Харин хөрөнгө байдаггүй. Хувцас ч байхгүй. “Эгшиглэн”-гийн Түмка ахад учраа хэлж ивээн тэтгэгч олоход туслаач гэхэд “History” компанийн захирал Н.Ганбаатар ахтай уулзуулсан юм. Учир байдлаа хэлэхэд захирал ах чухал арга хэмжээндээ тоглуулахаар боллоо. Тэгж сонсъё, харъя гэж байна шүү. Бид ч хичээлээ.  Тэгсэн Н.Ганбаатар ах зочдод хандаж үг хэлэхдээ “Манай компанийн дэргэдэх хамтлаг” гэж зарлалаа. Түүнийг нь сонсоод бид “Yes, биднийг дэргэдээ авчихаж байгаа юм биш үү” гэж үхтэлээ баярлаж байлаа. Тэр мөчөөс эхэлж тус компаниас бидний таван хүнийг цалинжуулж, өрөө байраар хангаж, хооллож, сүүлдээ машин хүртэл авч өгч уран бүтээл хийх нөхцөл бололцоогоор хангаж байлаа. Н.Ганбаатар ахыг манай хамтлагийн загалмайлсан эцэг гэж хэлж болно. Яагаад гэхээр тэр хүн биднийг гаргаж ирсэн.

-Ингэж ивээн тэтгүүлэх нь шинээр гарч ирэх гэж ядаж байгаа залуусын мөрөөдөл байх шүү?

-Тэгэлгүй яах вэ. Бид “History” компанитай 2006 оноос эхэлж гурван жилийн гэрээтэй ажилласан. Манай залуус гэрээний үүргээ сайн биелүүлсэн гэж боддог. Н.Ганбаатар ах томоохон арга хэмжээнүүдэд үнэ төлбөргүй тоглож олонд танигдах менежментийг эхлүүлсэн хүн. Бид эхний нэг жилдээ “Legend” гэдэг нэртэй байсан юм. Нэг л амжилт олохгүй, хүмүүс хүлээж авахгүй байх шиг болохоор нь ярилцаж байгаад сүүлд монголоор “Домог” гэх болсон. Эхэндээ их олон газар үнэгүй тоглолт хийсэн. Түүний ачаар олон ч хүн мэддэг болсон. Дөнгөж “Домог”-оороо нэршиж  явах болоод байтал инээдтэй юм болоод. Нэг байгууллагын арга хэмжээн дээр тоглох боллоо. Тэгсэн дарга нь “Аа, танайх “Домог” гэдэг хамтлаг юм уу, түрүү жил манайд бас үндэсний урлагийн “Legend” гэдэг хамтлаг ирж тоглосон. Гоё тоглодог залуус байсан. Одоо та нар илүү байна шүү, за, алаад өгөөрэй” л гэж байна. Бид ч за гээд тоглолоо. Тэгсэн тайзнаас буугаад ирмэгц баяр хүргээд “Миний дүү нар сайн тоглодог юм байна. Та нар “Legend”-ээс илүү юм байна” гэдэг байгаа. Тэгэхэд нь бид “Ах аа, тэр “Legend” чинь бид шүү дээ. Нэрээ “Домог” болгосон юм” гэж хэлж бөөн инээдэм болж байлаа. Таван жилийн ойн тоглолтоо хийх хүртлээ улсын болоод олон улсын чанартай нэлээд олон томоохон арга хэмжээнд тоглосон. “Шанхай экспо”-д хоёр сарын хугацаанд тоглосон маань дээд амжилт байлаа. БНХАУ-ын Засгийн газрын том шагнал авсан маань их урам болсон. За тэгээд нэрлээд байвал олон. Таван жилийн ойгоороо дахин нэг үсрэлт хийхээр шийдэж сайн бэлтгэсэн. Тоглолтыг Н.Ганбаатар ах маань өөрөө найруулж, Со ахыг хөтөлж өгөөч гэж урьсан. Тэр хамгийн оновчтой шийдвэр байлаа. Тоглолт, CD, тайз засалт, цомгийн нүүр гээд бүх юм гоё болсон. Харамсалтай нь тэр бүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн, бидний хайртай анд зураач найз маань хүндээр өвдөөд бурхны оронд явчихлаа. Бид маш их харамсч байна. Бидний амжилт бүхэн найзтай маань холбоотой. Ер нь “Домог”-ийн амжилт их олон хүнтэй холбоотой доо. Тэр тоглолтоор Со ахтайгаа учирснаа аз гэж боддог. Манай тоглолтыг хөтөлж байхдаа этно жааз хэлбэрээр тоглодог долоон хамтлагийн тоглолтыг зохион байгуулъя, улмаар гадаадад тоглуулъя гэсан санаа орж ирсэн гэж ярьдаг. Со ах тэр санаагаа хэрэгжүүлж байгаа. Саяхан долоон хамтлаг БНХАУ-ын нийслэл Бээжингийн “Сувдан” театрт тоглоод ирлээ. Австрийн Ф.Шубертийн нэрэмжит язгуур урлагийн олон улсын уралдаанд манайх хамтлагийн төрөлд гран при авч, Д.Шинэцог маань гоцлол хөгжмийн төрөлд тэргүүлж, төгөлдөр хуурч Д.Баярцэцэг эгч шилдэг концертмейстер болсон нь Со ах, “АртЛар хаус” төвийн менежер Б.Цацрал эгч нарын хичээл зүтгэлтэй холбоотой. Дараа нь Болгарт болсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд бид чуулга болж ороод, “Домог” хамтлагийн төрөлд Гран при шагналын эзэн, чуулгаараа Дэлхийн үнэмлэхүй аварга болж, Со ах шилдэг найруулагчид олгодог “Маэстро”цол хүртсэн нь мөн Б.Цацрал менежерийн ажил, ур чадвартай холбоотой. “Домог”-ийн таван залуу ингэж л нэг айлын таван хүү шиг бие биедээ уусч ажиллаж хөдөлмөрлөж явна даа. Энэ бүхний талаар дэлгэрэнгүй яриулахаар ярилцлага авч байгаад танай сониныхонд талархаж байна. Энэ завшааныг ашиглаад аав ээж, эмээ өвөө, гэр бүлийнхэндээ маш их хайртай, хаана ч явсан та хэдийгээ бодож, санаж, хайрлаж явдаг шүү гэж хэлэхийг хүсч байна. Аав маань бурхны оронд яваад удаагүй байна. Биднийг Австрид Ф.Шубертийн уралдаанд амжилт гаргаадэх орондоо ирснээс хойш гурав хоногийн дараа аав минь өөд болсон. Би, бид нар тэр уралдаандхэрхэн оролцсон, яаж ялалт байгуулсан тухайгаа ярьж, цомоо үзүүлж, баярлуулж чадсан л даа. Удахгүй хүү нь хамтлагтайгаа дэлхийн аваргын төлөө үзнэ, чадна аа гэж хэлсэн юм. Тэгэхэд миний аав “Та нар чадна аа, сайн хүүхдүүд” гэж байсан. Одоо ч тэр төрх нь нүдэнд минь харагдаж байна. Бид Болгар явсан, өрсөлдсөн, Дэлхийн үнэмлэхүй аварга болсон. Бидэнтэй чуулга болж нэгдсэн уран бүтээлчдийнур чадвар үүнд их нөлөөлсөн. Чуулгаараа дэлхийн үнэмлэхүй аварга болсноо мэдэх тэр агшинд монгол хүн болж төрснөөрөө, монгол ахуй соёл, түүх, уламжлал, урлаг, өвгөдийнхөө оюун, ухаанаар бахархаж байлаа.

-Тийм юм байна. Та түрүүн яриандаа өөрийгөө “Би чинь ямар нэг дипломгүй, унаган сурснаараа хуураа тоглож яваа нөхөр шүү дээ” гэсэн. Энэ тухай тодруулбал ямар вэ?

-Дундговь аймгаасаа ахлах ангидаа ирж нийслэлийн 50 дугаар сургуулийн урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай, одоогоор бол Соёлын коллежийн лицей ангид сурч төгссөн юм. Соёлын коллежийн гуравдугаар курст сурч байхдаа яараад гэх үү, СУИС-д орчихсон. Тус сургуулийн гуравдугаар курсээс Герман яваад. Тэгээд л аль ч сургуулийг нь төгсч чадаагүй юм. Одоо ХААИС-д эдийн засгийн мэргэжлээр сурч байна, одоо хоёрдугаар курс. Үүнийгээ бол яг төгсөнө. Яагаад гэхээр эдийн засагч мэргэжил чухал гэсэн ойлголт, үзүүлэлт гэхээсээ илүүтэй хамтлагаа удирдаж авч явахад энэ мэргэжил хэрэг болно. Мөн Монголын соёл урлагт дутагдалтай байгаа бүхэнд шүүмжлэлтэй ханддаг болохоортэр бүхнийг мэдэж шүүмжлэх, зохицуулалт, менежментэд гар бие оролцох ирээдүйн төлөө би эдийн засагч мэргэжлийг заавал эзэмших ёстой.

-Та бас талд өссөн монгол, малчин заяагаа дээдэлж амьдардаг гэсэн…

-Үнэн. Би хөдөөний хүүхэд. 13 нас хүртлээ хурдны морь унасан, адуутай ноцолдож хүүхэд насаа үдсэн. Одоо ч суурин амьдралыг төдийлөн таашаадаггүй. Манайх хотын баруун захад байдаг. Өлзийт хороололд хөгшчүүдээ тойруулчихаад амар сууж байдаг даа. Хэдэн үхэртэй. Найз нар маань одоо хот руу орж ирэх юм биш үү л гэдэг юм. Надад тэгж бодогддоггүй. Орой болохоор настангуудаа хэсч  гангар гунгар гэж явдаг. Заримдаа хэдэн цагаар яриад суучихна. Хааяа эхнэр араас ирээч, унтаач  гэж дуудаж байдаг юм.

-Малчин заяагаа дээдлэх монгол залуу хүн ховордсон гэж бодогддог…

-Бид малчин монголчуудынхаа, өөрсдийнхөө урлагийг дэлхийд таниулж явна. Морин хуур, хөөмий, цуур, товшуур, дээл хувцас, зохиол бүтээл маань тэр чигээрээ монгол ахуй, соёл, урлаг юм. Тэгэхээр малчин заяатай монгол хүн болж төрснөөрөө бахархахгүй гээд яах билээ. Мэдээж дэлхийн урлаг, сонгодог урлаг агуу л даа. Гэхдээ миний шүтээн бол дуучин Адарсүрэн гуай. Жаахан хүүхэд байхдаа хэн ч байхгүй хээр талд тэмээний бөхнөөс радиогоо дүүжилчихээд алхуулж явахад Адарсүрэн гуай л “Соньхон зэрэглээт говь минь…” хэмээн уран тансаг хоолойгоороо дуулж сэтгэлд гал нэмдэг байлаа. Морин хуураа ч гэсэн малчин монголчуудаасаа, өвгө дээдсээсээ л сурсан. Хуур тоглож сурсны хэргээ нэг удаа сүрхий гаргаж билээ. Манайх Дундговиос Төв аймагт отроор ирээд байсан юм. Нэг удаа шинэхэн танилцсан найзтайгаа алдагдсан морьдоо хайхаар гарлаа. Өлсөж цангаж яваа гэж жигтэйхэн. Тэгсэн найрлаж байгаа айл таарлаа. Ортол айраг цагаахан хийж өгөөд олигтой идүүлж уулгадаггүй шүү. Хойморт нь хуур байхыг анзаараадхалаа. Гадаа бие засч байхдаа найздаа хэллээ. “Би одоо энэ найрыг, айлыг тараана за юу, харж байгаарай” гэчихээд орж явчихлаа. Дуу дуулах ээлж дөхөж байсан болохоор бардам байсан нь тэр л дээ. Ээлж ирэхэд нь гэрийн жавар үргээж өгье, хойморт байгаа хуураа аваад өг дөө гэлээ. Тэгсэн найз маань хажуунаас бөөн юм болж байна аа. Хөлөөрөө доогуур сэм өшиглөж үзэж байна. Тараана гээд хэлчихсэн чинь сүйд хийх нь гэж бодоод айсан байх. Хуураа татаж эхлэхэд л сая санаа нь амарсан биз. Тэгсэн чинь өнөө айлын хүмүүс, гэрийн эзэн сүйд болж, намайг дээш залж, найз маань дунд багана хавьцаа суудалтай болохгүй юу. Эхэндээ ч бол “Өнчин хүүгийн цэцэлсэн шашдир”-т гардаг хүү аятай хатавчинд сууж байсан юм чинь. Дуутай, хууртай монгол хүн хаана ч газардахгүйн энгийн жишээ энэ болов уу гэж санаад ярьчихлаа.

-Сонирхолтой түүх байна. Хийсэн бүтээснээ үнэлүүлж дүгнүүлэх бас сайхан байдаг даа. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Шууд нэг юм санаанд орж байна. Канадын амбан захирагчийн цайллагад уригдлаа. Тоглох л юм байх гэж бодсон чинь үгүй юм аа. Тэр бүү хэл гавьяат Түвшинжаргал ах, соёлын тэргүүний ажилтан Батмэнд ах бид гурвыг Канад, Монголын соёлын харилцаанд чухал ач холбогдолтой  удаан хугацааны төслийг тус улсын уран бүтээлчидтэй хамтарч сайн хэрэгжүүлсэн гэж баяр хүргэж, алтан медаль гардуулж өгөөд. Тэгэхэд их баярлалаа. Хийсэн ажил үлддэг, цаг хугацааны дараа ч гэсэн ул мөр нь байж л байдаг юм байна гэж бодогдоод маш их урамшиж байлаа.

Р.ОЮУНЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

МУГЖ, уртын дуучин Д.Түвшинжаргал: Би олимп, дэлхийгээс медаль хүртсэн бол хэзээ ч урлаг руу орохгүй байсан

8 цаг 6 минутын өмнө.

МУГЖ, уртын дуучин Д.Түвшинжаргал гуайг төрсөн нутгийнхаа залуустай  халуун яриа өрнүүлж байх үеэр уулзлаа. Тэрбээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шаргын голд малчин айлд төрж, хурга тугалын бэлчээрт дуулж, хурдан морины нуруун дээр гийнгоолж өсчээ. Энэ нь түүнийг уртын дуучин хэмээх алдар хүндийг ард түмнээсээ хүртэхэд нөлөөлсөн хамгийн чухал зүйл үздэг. Мөн түүнийг “Хүч” спорт хороонд самбо, жүдо бөхийн шигшээ багт 10 жил хичээллэсэн, улсын болон олон улсын тэмцээнд олон удаа амжилт гаргасан чамгүй сайн тамирчин гэдгийг манай уншигчид мэдэх биз ээ. Ингээд түүнтэй спортын дэвжээнээс урлагийн тайзнаа гарсан түүх болон уртын дуу, хувь хүнийх нь тухай  хөөрөлдлөө.

1

-Та хэдэн онд “Хүч” нийгэмлэгт орсон бэ. Цэрэгт байхдаа л тус нийгэмлэгийн тамирчин болсон гэдэг?

-Би чинь хот мэдэхгүй шахуу хүн Баянхошууны 0119 дүгээр ангид цэрэгт татагдан ирж байлаа. Тэгээд 1974 онд 300 цэргийн барилдаанд түрүүлснээр карантинд яваагүй. Ангийн даргатайгаа хамт наадамд оролцоод ирэхэд манай карантинд явсан цэргүүд танигдахын аргагүй болчихоод ирсэн байж билээ. Тэр үед цэргийн дэглэм хатуу байж дээ. Харин би цэргийн форм бараг өмсөөгүй. Цэргийн ангийнхаа хөгжмийн тасагт байдаг байсан. 1975 онд “Хүч” нийгэмлэгийн тамирчин цэрэг болсон.

1

-Улсын шигшээ багт 10 жил хичээллэхдээ гурван удаа улсын аварга болсон ч олимп, дэлхийн тэмцээнд оролцоогүй нь ямар учиртай юм бол?

-Харин тийм, их сонин. Би улсын шигшээ багт 25 нас хүртлээ явсан. Ингэхдээ Москвагийн олимпийн жил буюу 1980 онд түрүүлсэн. Мөн Мадрид, Голландын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жил аварга болж байсан. Гэхдээ алинд нь ч яваагүй байгаа юм. Уг нь би Москвагийн олимпод явна гэсэн зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа хийдэг. Архи дарс ууж бэлтгэл сургуулилт тасалдаггүй, зорилгодоо хүрэхийн төлөө хөдөлмөрлөдөг байлаа. Миний оронд Ц.Дамдин явсан. Харин би олимп юм уу дэлхийгээс нэг хүрэл медаль л хүртсэн бол хэзээ ч урлаг руу орохгүй байсан.

1

-Ц.Дамдин гуай тус олимпоос мөнгөн медаль хүртсэн. Харин та би түүний оронд явсан бол гэж бодож байсан уу?

-Бодогдож байсан. Ер нь тэгээд хүний хувь зохиол л мэднэ шүү дээ. Н.Түвшинбаярыг олимпоос медаль авна гэж тооцоогүй байсан, түүн шиг. Үнэндээ тэнд Ц.Дамдин ЗХУ-ын бөх Н.Солодухиныг ялсан. Тэр хоёр тус бүр нэг “коко” үнэлгээ аваад байхад Япон шүүгч Н.Солодухиныг “шидо”-оор торгосон. Гэтэл оноог нь өлгөдөг орос нөхөр эсрэгээр нь нөгөө торгуулийн оноог Дамдиных болгоод өлгөчихсөн байхгүй юу. Ер нь Олимпийн аварга 1980 онд жүдогоор төрчихсөн. Одоо үүний бичлэг нь байдаг. Тухайн үед хэнд ч үзүүлэлгүй, 20 жил хав дарчихсан байсан.

1

-Таныг уртын дуучин “Жаахан шарга”-ын гэж олонд нэрлэгддэг гавьяат жүжигчин Лхамжав гуайн хараанд өртөж урлагтай холбогдох гараагаа эхэлсэн гэдэг. Энэ тухай. Та хоёр анх хэзээ хаана тааралдаж байв?

-Тухайн үеийн хамгийн агуу шинэ жил бол Спортын төв ордонд болдог “Тамирчдын шинэ жил” байлаа. Салбар бүрийн спортынхон урлагийн тоглолт үзүүлдэг. Гэтэл манай ээлж болоход самбо, жүдогийнхон намайг түлхчихсэн, би гараад хөгжим ч үгүй л уртын дуу дуулаад л, манайхан алга ташиж дахиулаад хөгжилтэй байж дээ. Оноо авах гэж л тэр шүү дээ. Харин УАДБЧ-ын Лхамжав гуай хэсэг хүмүүстэй хамт шинэ жилд очиж тоглолт хийдэг байсан байна лээ. Түүний дараа манай нутгийн Ч.Насантотох багш “Чамтай гавьяат жүжигчин Лхамжав гуай уулзъя гэж байна лээ” гэхээр нь бэлтгэл рүүгээ явах замдаа цүнхээ үүрээд л очсон. Урлагт сонирхолтой юу гэж асуухад нь тиймээ л гэлгүй яахав. Тэгээд дуулуулж үзээд чи хэдэн төгрөгийн цалин авдаг юм гэхэд нь 550 гэсэн чинь чи 300 төгрөгийн цалин аваад дуучин болох уу гэж асуухаар нь “үгүй” л гэсэн. Тэр үед чинь 24 настай ид үедээ тамирчин байлгүй яахав. Түүнээс дараахан 60-аад орон орсон олон улсын тэмцээнд жүдогоороо Унгар яваад мөнгөн медальтай ирсэн. Энэ тэмцээний дараа бид нарыг амраасан. Тэгээд нутаг яваад ирэхэд нөгөө Лхамжав гуай, хамаатны ахтай маань цуг айраг уухаар манайд ирсэн. Юм гэдэг цаанаасаа л учиртай байдаг юм шиг байгаа юм. Дахиад намайг дуудсан юм. Тэгэхэд Батсайхан морин хуурчийг дуудсан байсан. Би ч өнгө зэргийг мэдэхгүй хөрөөдөнгүүт нь л дуулчихсан чинь ёстой нэг “зэрлэг” хүн юм гээд инээлдэцгээгээд л. Тухайн үед “Хүч” нийгэмлэг НАХЯ-нд харьяалагддаг сайд нь Б.Дэжид генерал, харин Соёлын яамны сайдаар Сумьяа гуай байсан. Тэд хоорондоо ярилцаад намайг чуулгад авчихсан байж билээ. Ингээд би 450 төгрөгийн цалинтай дуучны ажилд орсон доо.

1

-Дэвжээ, тайз хоёрын ялгаа юу байв?

-Би 17 настай байхдаа ганцхан медаль авч үзэх юмсан гэж боддог байсан. Тэгээд 1977 онд Залуучуудын аваргад ороод алт авсан. Анх чуулгад ороод “Ая дууны найман эгшиг” тоглолтод оролцож тайзан дээр гарсан. Надад ногоон өнгөтэй, франц хилэнгээр дээл хийж өгөөд, хэт хутга зүүлгээд л тайзан дээр гарч “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулж байлаа. Дэвжээ чинь бас л тайз шүү дээ.

1

-Спортоор нэлээн амжилт үзүүлчихээд, урлагт дагалдангаас эхлэхдээ шантарч байв уу?

-Норовоо багш, Түмэндэмбэрэл, Дорждэрэм, Цэцэгээ гээд дандаа гавьяат эгч нартай баруун, зүүн аймгуудаар тоглолтоор явсан. Би тэдний дээлийг зөөнө. Уг нь спортод бол дүү нар хувцастай цүнх үүрээд л гүйдэг байлаа. Тоглолтод бичигдэхгүй. Дуучдын дээл зөөгчөөр орсон юм шиг санагдаад больё гэж бодоод багшдаа хэлж үзсэн. Гоцлол дуучин болж байж тоглолтод орох ёстой. Би бүр гутарч байсан шүү.

1

-Гутралаас хэрхэн гарч, уртын дуунд ингэтлээ их хайртай болов?

-Аз  тохиосон. Дэлхийн ардын урлагийн төв Францад байдаг. Тэндээс нэг хүн ирж манай дуучдаас Францад тоглох хүмүүсийг сонгохоор болсон. Чуулга найман дуучинтай би нэмэгдээд ес. Гэтэл Банзрагч, Самбуу хоёр бас дуулж шалгуулахаар болоод 11 хүнээс тэр хүн шар, ногоон дээлтэй хоёр хүнийг сонгоё гэсэн байгаа юм. тэр нь Нэргүй бид хоёр. Ингээд гадаад явсан урлагаар гадаад явах үнэн “ганган” бүх зүйл өөрийн хүсснээр. Тамирчид гадаад явах хэцүү, очиж идэх уух нь хориотой, нэг байшинд хэвтчихнэ. Жин хасаж байгаа юм чинь. Тэмцээндээ оролцож, медаль авч бөөн ус залгилаад хавагнасан нүүртэй юм онгоцондоо сугаад ирж байгаа байхгүй. Тэр тоглолтоор уртын дууг гадаадынхан хэрхэн хүлээж авч байгааг хараад үнэхээр нандин зүйл гэдгийг мэдэрсэн. Тэнд чинь начигнатал алга ташаад л харин манайхан ойлгодоггүй, ганц хоёр удаа алга таших нь муу дуулчихсан юм болов уу гэж бодогдмоор.

1

-Та багшаа болоод анх сурч байсан дуугаа дурсвал?

-Норовоо багшийн багш Дорждагва гээд алдарт уртын дуучны гэрт нь очиж дуу заалгаж байсан. Тэр үед багш маань 82 настай байсан. 25 жилийн чинь хоол гээд надад таван дуу зааж өгч байлаа. Тэр үед би 50-ыг сурах юм чинь гэж бодсон. Гэтэл амьдрал дээр багшийн хэлсэн шиг л байдаг юм байна. Багшийнхаа зааж өгсөн “Эртний сайхан”, “Түмэн эх”, “Дуртмал сайхан”, “Өвгөн шувуу хоёрын шувууны дуу”, “Эр бор харцага”-аар би 33 жил хоолоо олж идэж явна шүү дээ. Айлд очоод, тайзан дээр гараад тавууланг нь дуулалтай биш. Миний багш “хүнийг хайрла, тэгэхээр чамайг хайрлах болно. Бусдыг дээд, доод гэж ялгаж үзэж болохгүй гэдэг байсан. Харин спортын багш гавьяат дасгалжуулагч, хурандаа н.Гэлэг маань өөрийгөө ялж чадвал өрсөлдөгчөө ялна гэдэг үгээр сургасан.

1

-Та шавь нартаа юу гэж сургадаг вэ?

-Өөрийгөө тань, үсээ ширхэглэн тань л гэж хэлдэг дээ. Хүнд өөрийгөө танихаас өөр зам байхгүй. Хүн сайхан санаа, зөв шийдэлтэй явахад болдог л юм байна. Би шавь нар, хүүхдүүддээ эхлээд мөнгө тэгээд машин, байшин гээд л баахан юм битгий бод. Аливаа нэг юманд өөрийгөө хөгжүүлээд өөрийгөө, замаа олчихсон нөхцөлд энийг аваач гээд нөгөө мөнгө, байшин, машин араас чинь гуйж байдаг гэдэг юм.

1

-Гарын шавь бэлдэж байна уу?

-Гарын шавийн хувьд 20-иодтой болж байна. Эднээс гайгүй дуучин гарч ирнэ ээ. Тэр их том тогоо руу ямартай ч нэг шанага бариулаад оруулчихаж байгаа юм. Хэдий хэмжээгээр хутгах нь тэднээс шалтгаална. 1000 багш бэлдэхийн тулд төдий тооны хүүхэд сургаад л бүгд багш болоод гараад ирнэ. Харин уртын дуучин бол тийм биш төдий чинээ хүнээс хоёр л дуучин болдог. Байгалиасаа заяасан нэг юм байна. Ер нь манай Соёл урлагийн бодлого замаа алдчихсан байна ш дээ, баахан л юм төгсгөөд байдаг ганц дуурийн театртай байж. Тэднийг одоо юу хий гэж байгаа юм бүү мэд.

1

-Монголын бахархалыг дэлхийд өртөөлж байгаа хүний хувьд бахархах омогших тохиолдлууд олон байсан байх. Түүнийхээ онцгойгоос хуваалцвал?

-Спортоор хичээллэж байхдаа олимп л явж үзье, ялсан, ялагдсан хамаагүй гэж боддог, үзэж чадаагүйдээ их гутарч байсан. Гэтэл би урлагаар өвөл, зуных хоёуланг нь үзлээ. Бээжингийн зуны олимп, Канадын Ванкуверын өвлийн олимпийн урлагийн тоглолтыг нээсэн. Сая амбан захирагч нь ирэхдээ надад алтан медаль өглөө шүү дээ. Спортоор явсан бол өвлийн цагаан олимп мөн үзэж харагдаач, явбал муу жүдогоороо л явна шүү дээ/инээв/.

1

-Уртын дууны гайхамшигт чанар нь юундаа байна вэ?

-Би 33 жил дуулж явна. Бэсрэг, суман, айзам дуу гэж гурав хуваагддаг.  Хуваагдаж байгаа. Бэсрэг дуу бол морь унаж яваа мэдрэмж. Тухайлбал, Эрдэнэ засгийн унага Эрвэлзүүлэнхэн жороо Элст манхан нутагтай Эмгэн буурал ээжтэй шүү гэхээр уул ус нь харагдаад, бодитойгоор харагдаж байгаа биз дээ. Ингээд зүрхнээс гарсан юм чинь мөнх болчихож байгаа юм. Зүрхнээс зүрхэнд очиж байгаа айзам уртын дуу бол чанадын чанадаас ирсэн аялгуу. Хүн зохиохын аргагүй. Мөрдорж, Гончигсумлаа, Жанцанноров гээд ари романс, дуурь бичсэн хөгжмийн зохиолчдод ганц ч уртын дуу байхгүй л байна.

1

-Орчин үед уртын дууг зохиох боломж бий юу?

-“Хэрлэн баян улаан”, “Алтан говийн унага” гэх бэсрэг уртын дуунууд байна, сүүлийн үед зохиогдсон. Айзам дууг зохиоход хэцүү л дээ. Гэхдээ зохиох хүн гарч ирнэ л дээ. Одооны хүмүүс монгол үгээ мэдэхээ байчихсан. Дуртмал гэхээр ойлгохгүй, тунамал эгүүлэшгүй гэхээр бүр мэдэхгүй ингэхээр чинь хэцүү болчихсон байгаа биз дээ. Монгол хэл, бичгээ авч явах хүмүүс бол бид нар. Их л олон орноор явахад манайх шиг мал нь өвсөө иддэг, өвс идсэнийг нь бид идэж, сүүг уудаг орон байхгүй. Махыг нь хичнээн зажлаад манайх шиг биш, нутагтаа очиж нэг сайхан хавирга идэх юмсан л гэж бодогдож байгаа юм чинь /инээв/. Гэхдээ өнөөдөр уртын дууг дэлхий сонсох гэж байна. Бид байгаль дэлхийгээ хайрлаж, монгол орноо таних хэрэгтэй.

1

-Та уртын дуунаас гадна богины дуу дуулдаг уу?

-Багш маань чи уртын дуучин болох гэж байгаа бол богино дуу битгий дуулаарай гэж байсан. Энэ чинь амьсгааны урлаг. Би өөр дуу дуулдаггүй. Уртын дуу гэдэг хязгааргүй. Уртын дуучин гэдэг нэрийг ард түмэн л өгсөн болохоос би уртын дуучин болж амжаагүй байна. Бидний үед чинь тэр зурагт ч байдаггүй байлаа. Адарсүрэн, Банзрагч, Нансалмаа нарыг бригадаар явахад сүйд болдог. Н.Норовбанзад багшийг нэг айл цай уу гээд оруулчихвал бүтэн жил тэр голоор нэг яригддаг байв. Тийм л гоё үе. Харин одоо бол бүгд өдөр болгон “марлайтал” зурагтаар гараад би дуучин болохоосоо өмнө гээд ярьж байгаа хүүхдүүдийг хараад бүр ичиж үхэх юм. Би чинь Банзрагч гэдэг хүнийг амьдаар нь харах юмсан гэж хонь хариулж явахдаа л боддог байлаа шүү дээ.

1

-Энэ цагийн хамгийн мундаг уртын дуучныг нэрлэвэл?

-Мундаг гэж хэлж болохгүй л дээ. Би одоо судалж байна өөрийгөө ч бас. Ер нь өөдтэй юм алга. Уртын дуучид ингэж хэлэхээр уурлах л байх даа. Гэхдээ “би” гэсэн хүн алга дандаа дуураймал болчихоод байна. Дорждагва багшийн 300 гаруй дуу, Норовоо багшийн 140-150-иад дууг л дуулж байна. Яг тэр хүн яаж дуулсан байна түүнийг нь сонсоод дуурайгаад.

1

-Таны амьдралдаа бий болгосон хамгийн том бүтээл юу вэ?

-Гурван хүүхэд бүтээж, энэ хамгийн том бүтээл/инээв/. Бага хүү Т.Энхбат гэж Ленинградын Консерватурыг ирэх жил төгсөнө. Нэг охин Хөгжим бүжигт сурдаг, хоёр жилийн дараа төгсөнө. Баясгалан байна. Дандаа дуучин. Тэгээд хэдэн сайхан шавь нар минь байна.

1

-Та жинхэнэ эр хүн мөн үү. Таны бодлоор ямар хүнийг хэлэх бол?

-Би биш ээ. Мөр-Ренчин аварга, Сайн ноён хан Намнансүрэн гуай хоёрыг жинхэнэ эр хүн байсан гэж боддог. Хэн ч эр хүн байж чадна. Жинхэнэ эр хүн өөрийгөө таньсан, болох болохгүй мэддэг. Түүний бүх зүйл ил юм шиг мөртлөө далд, далд мэт боловч ил байдаг.

1

-Спортоор хичээллэж байна уу?

-Зав олдохгүй юм. Үеийнхээ хэдэн юмтай түшилцээд байж байх сайхан шүү дээ. Нэг их хөл гараа хугалчих гээд ноцолдоод байхгүй. Одоо энэ муу яс чинь хачин болчихсон байгаа шүү дээ.

1

-Та түүхэн ном их уншдаг юм шиг санагдлаа?

-Тийм. Түүхээ уншиж, судлах ёстой. Гэхдээ яг уншсанаараа ойлгоод байж болохгүй. Хэрэгтэйг нь авч, хэрэггүйг гээдэг байх хэрэгтэй.

1

Б.Буд

http://www.shuud.mn/?p=297330

Follow

Get every new post delivered to your Inbox.