• Categories

  • Traffic

Х.Хатанбаатар: Мянга гаруй цифрийг 30 минутын дотор цээжилж байлаа

 
2013 оны 8 сарын 16
Х.Хатанбаатар: Мянга гаруй цифрийг 30 минутын дотор цээжилж байлаа
Харахуй, бодохуй, сэтгэхүй, ой ухаан… Энэ бүхнээс тэр зөвхөн ганц л зүйлийг шаарддаг. Хурд. Тийм ээ, эрхэм зочинд маань хамгийн чухал зүйл бол хурд юм. Аливаа бүхнийг хурдаар хэмжиж буй эрин зуунд хүний уураг тархийг оюуны спортоор хөгжүүлж яваа залууг монголчууд маань сайн танина. Олон улсын ой тогтоолтын мастер Хандсүрэнгийн Хатанбаатарын ярианд анхаарлаа хандуулна уу.  

-Монголчууд аливааг цээжилж тогтоохдоо авьяастай хүмүүс. Харин та үүнийг оюуны спорт болгон хөгжүүлэхдээ математик арга барилд тулгуурладаг уу. Аль эсвэл монгол ахуйд түшиглэж байна уу?
-Тантай санал нийлж байна. Монголчууд маань ой тогтоолт үнэхээр сайтай. Үүнийг нотлох энгийн жишээ олон бий. Жирийн нэгэн малчин өөрийн болон өрөөлийн малыг зүс, тоогоор нь түвэггүйхэн ялгаж чаддаг. Миний хувьд, Туркт оюутан байхдаа ой тогтоолтыг сонирхон судалж эхэлсэн. Оюуны спорт гэхээр ихэнх хүн шатар, даам зэрэг хязгаарлагдмал хүрээнд ойлгодог. Гэвч оюуны спорт нь дотроо маш олон төрөлтэй. Судоку бөглөх, рубикийн шоо эвлүүлэх, ой тогтоолт, хурдан унших, цээжээр тоо бодох ч бас оюуны спорт юм. Эдгээр төрлөөр багагүй хугацаанд хичээллэж, амжилт гаргалаа. Ой тогтоолтоо хөгжүүлэхийн тулд төсөөлөх чадварыг дээд зэргээр эзэмшсэн байх ёстой. Хүн төсөөлж л чадвал тухайн зүйлийг цээжилж чадна гэсэн үг. Хүмүүс ингэж чадах учраас ой тогтоолтоо өндөр хэмжээнд хөгжүүлэх бүрэн боломжтой. Тиймээс би Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулаад багшилж байна. Энэ хугацаанд ой тогтоолтын аргачлалуудыг монголчууддаа хялбар болгох үүднээс өөрчилсөн.

-Таны хувьд 1000 гаруй цифрийг богино хугацаанд цээжилсэн гэв үү?
-Ой тогтоолт сайжруулах аргачлалд би суралцаж, бас судалсаар яваа. Олон ч тэмцээн, уралдаанд оролцлоо. Өнгөрсөн жил болсон олон улсын тэмцээнд би 1000 гаруй цифрийг 30 минутын дотор цээжилж, ганц ч алдалгүй бүгдийг нь нэрлэх төрөлд түрүүлсэн юм. “Асар олон цифрийг яаж ингэж цээжлэв” гэж та гайхах байх. Би өмнө нь “Төсөөлж л чадвал юуг ч цээжилж чадна” гэж хэлсэн шүү дээ. Гэвч цифрүүдийг төсөөлөх гэхээр болохгүй байгаа биз. Тэгэхээр бид яах ёстой вэ гэвэл, хийсвэр зүйлсийг төсөөлж болох хэлбэрт оруулах чадвартай болох хэрэгтэй. Тийм учраас тэр олон цифрийг төсөөлөх хэлбэрт шилжүүлж, дотроо хошин төсөөллүүдийг бий болгон инээгээд л цээжилнэ гэсэн үг.

-Энэ олон цифрийг харахад нүд эрээлжилж байна шүү. Үнэндээ юун хошин мэдрэмж төрөхтэй манатай санагдлаа. Тэгэхээр та хошин мэдрэмжээ яаж өдөөдөг вэ?
-Ой тогтоолтын маш олон зарчим бий. Эдгээрийг л баримтална. Зарчмаа баримталснаар тухайн мэдээлэл хүссэн, хүсээгүй хошин мэдрэмж төрүүлдэг. Ер нь хүн сэтгэл хөдөлгөсөн зүйлсээ хэзээ ч мартдаггүй. Төрсөн өдөр, баярт үйл явдал, аль эсвэл гуниг, зовлонг хүмүүс ямагт санадаг. Учир нь тэр болгонд сэтгэл хөдлөл оролцсон байдаг шүү дээ. Тийм учраас ямар ч тохиолдолд сэтгэл хөдлөлийг оролцуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дадал зуршил болгох нь чухал. Ямар нэгэн мэдээллийг ухамсартайгаар хүлээж авахын тулд сонирхолгүй мэдээлэлд ч гэсэн хошин мэдрэмж оруулах хэрэгтэй. Ингэж чадвал мэдээллийг бид маш амархан хүлээж авна.

-“Монголын хоёр сая 700 мянган иргэний нэрийг цээжил” гэвэл танд ямар хошин мэдрэмж төрөх бол?
-Хоёр сая 700 нь ч юу юм бэ. Би маш олон арга хэмжээнд оролцдог. Тэр үеэр ой тогтоолтын шоу үзүүлбэрийг үзүүлдэг л дээ. Өнгөрсөн жил гэхэд л шинэ жилийн 16 орчим арга хэмжээнд оролцсон. Залуус намайг хөзөр цээжилдэг гэдгээр маань гадарладаг. Нэг багцад 52 ширхэг хөзөр бий. Би нэг цагийн дотор 15 багц хөзөр цээжилж байлаа. Телевизийн нэвтрүүлгийн үеэр саяхан 20 минутад найман багц хөзөр цээжилсэн. Ой тогтоолтын маань өөр нэгэн үзүүлбэр гэвэл, шинэ жилийн арга хэмжээний үеэр би үүдэнд зогсч, 50-80 хүний нэрийг асуугаад оруулдаг. Харин дараа нь тайзан дээр гарч “Надтай сая танилцсан хүмүүс босно уу” гээд бүгдийнх нь нэрийг хэлэхэд гайхдаг л даа. Гэхдээ энэ бол маш энгийн зүйл. Яагаад гэвэл, би хошин төсөөллөө тодорхой хэмжээгээр хөгжүүлж байгаа учраас тухайн хүний нэрийг энэхүү төсөөлөлтэйгөө холбож өгдөг.

-Яаж?

-Хүмүүсийн нэрийг дотор нь гурав хуваадаг. Эхнийх нь олны танил ба ойр дотныхны нэрс. Дараачийнх нь тодорхой утга агуулсан. Харин гурав дахь нь утга агуулаагүй нэр юм. Эдгээрийг л би анзаарч байна гэсэн үг. Үүндээ тулгуурлаж, хошин төсөөллийг бий болгоно. Мөн тухайн хүнийхээ зүс царай, онцлог шинжүүдийг холбочихоор хошин мэдрэмж төрдөг. Энэ нь нэг ёсондоо төсөөлөл. Тийм учраас тэр хүнийг хармагц холбосон орчин, төсөөлөл толгойд орж, нэрийг нь шууд санадаг. 
  
-“Ой тогтоолтыг оюуны спорт болгон хөгжүүлнэ” гэхээр хүмүүс хэр хүлээн авч байна вэ?      
-Ой тогтоолт, цээжээр тоо бодуулах тэмцээн, уралдааны талаарх ойлголт өмнө нь тун бага байлаа. Би эх орондоо 2008 оны эцсээр ирсэн. Телевизээр дээрх зүйлсийн талаар анх тайлбарлахад хүмүүс их гайхдаг байсан юм. Ямар ч мэдээлэлгүй хүмүүс гайхах нь аргагүй шүү дээ. Тэд намайг “Ганцаараа л ингэж чаддаг” гэж ойлгодог байлаа. Гэвч тэр цагаас хойш 13-73 насны 260 орчим хүн манай академийг төгссөн. Үүнээс эхэлж, хүмүүс миний ярьдаг зүйлийн талаар өөр ойлголттой боллоо. Суралцагсад маань шүлгийг нэг удаа сонсоод л цээжилнэ. “Энэ хуудасны 25 дахь мөрөнд ямар өгүүлбэр байна вэ” гэхэд хэлдэг. Нэгхэн цагийн дотор гадаад үг 100-г цээжлэх чадвар эзэмшсэн. Сэтгүүлийг хуудастай, юутай хээхэнтэй нь цээжлэхээрээ хүмүүс “Ой тогтоолтыг хөгжүүлж болдог юм байна” гэсэн сэтгэгдэлтэй болдог. Би яг одоо юу гэж бодож байна гээч. Оюуны спортын төрөлд олон хүнийг хамруулахыг л хүсдэг. Энэ бол хүмүүст насан туршид нь хэрэг болох маш том хөрөнгө оруулалт юм. Өнөөдөр хүн бүрт шинэ мэдээлэл цээжлэх хэрэг өдөр тутам гарч байна. Утасны дугаар, хүний нэр, зүс царай, уншсан, сонссон зүйлсээс гадна дэлгүүрээс бараа худалдан авахаар явахдаа авах зүйлсийнхээ нэрийг бичих тохиолдол бий. Зарим хүн таван секундийн өмнө тавьсан зүйлээ хаана тавьснаа мартчихаад хайдаг. Зуухан дээр цай тавьчихаад тэр чигт нь мартдаг. Иймэрхүү байдлаас маш амархан гарч болно.

-Ер нь марталт гэж юу юм бэ?
-Насанд хүрсэн хүний уураг тархи ойролцоогоор 100 тэрбум орчим мэдрэлийн эсээс бүрддэг. Хүний мэдрэлийн эс цаг тутамд үхждэг. Мэдрэлийн эс буюу неорон хэзээ ч нөхөн төлждөггүй. Бид энэ талаар энгийн тооцоо хийж болно. Хүний мэдрэлийн эс жилд 100 мянгаар үхжлээ гэхэд, хэрэв тухайн хүн 100 насалсан бол 100 сая эс үхсэн болж таарна. Тэгэхээр насанд хүрэгчдийн мэдрэлийн эсийн 10 мянганы нэг хувьд хүрэхтэй үгүйтэй нь үхсэн гэсэн үг. Тиймээс бидний мэдрэлийн эс насан туршид маань хангалттай. Гэхдээ мэдрэлийн эсүүдийн холбоос суларснаас аливааг амархан мартаж эхэлдэг. “Нас ахих тусам ой тогтоолт муудаж байна” гэж зарим хүн буруу ойлгодог. Энэ нь хүмүүс хувь заяатайгаа эвлэрч байгаатай адил юм. “Юм цээжил” гэхээр “Яах юм бэ. Тэртэй, тэргүй мартчихна” гэдэг. Нэг ёсондоо мэдээллийг ухамсартайгаар хүлээж авахаа больж байна. Мэдрэлийн эсүүдийнх нь холбоос нэмэгдэхээ больсноос марталт үүсдэг. Бид мэдээллийг системтэйгээр хүлээн авч, өдөрт дор хаяж 30 минут ном унших ёстой. Оюуны чадварыг хөгжүүлэх оньсон тоглоом, рубикийн шоо зэрэг олон зүйл бий. Эдгээр нь мэдрэлийн эсүүдийн холбоосыг сайжруулах агуу ач холбогдолтой. Ийм холбоосыг сулруулах маш олон хүчин зүйл байна л даа. Архи, тамхи хэрэглэх, стресстэх, нервтэх зэргээс бид энгийн аргаар гарах боломжтой.

-Македоны Александр, Наполеон Бонапарт нар цэргүүдийнхээ нэрийг бүгдийг нь мэддэг байсан бол Моцарт хөгжмийн нотыг маш хурдан цээжилдэг байсан гэсэн. “Суут хүмүүс төдийгүй энгийн хүн ч ийм чадвартай байх боломжтой” гэдэг нотолгоог та хайж яваа байх, тийм үү?

-Би ч гэсэн багадаа тэр тухай сонсоод “Суут хүмүүс юм чинь аргагүй шүү дээ” гэсэн ойлголттой байсан. Ой тогтоолтын олон улсын тэмцээнд оролцсон хүмүүсийг “Төрөлхийн авьяас чадвартай” гэж үздэг байлаа. Миний хувьд, оюуны спортоор яагаад хичээллэх болсон бэ гэвэл телевизийн нэвтрүүлгээс “Хүн бүр үүнийг хөгжүүлэх боломжтой” гэж сонссон. Хожим нь ийм төрлийн тэмцээнд анх оролцоход ой тогтоолтоо дээд зэргээр хөгжүүлсэн олон хүн байлаа. Ип гэдэг хятад залуу Оксфордын толь бичгийн 57 мянган үгийг бүгдийг нь цээжилчихсэн байсан. Тэр хүнээс “1206 дугаар хуудасны 29 дэх үг юу вэ” гэж асуухад шууд хариулдаг. Бид тэрхүү тэмцээний нээлтийн үеэр тэрүүхэн тэндээ уралдаан хүртэл зохиож байсан. Манайхан гурван толь бичигтэй, Ип зөвхөн бал, цаастай гарч ирэхэд үзэгчид 10 үг хэлэх ёстой байсан юм. Ип тэдгээрийг сонсоод “Төддүгээр хуудасны төд дэх нь тийм үг” гэж бичиж билээ. Харин бид толь бичгээсээ тухайн үгийг хайж байгаа юм. Ингээд Ипэд хугацааны хувьд 10 удаа ялагдсан удаатай. Энэмэтчилэн олон жишээ бий. Бернетт Орландо гэдэг 12 настай энэтхэг хүү рубикийн шоог хоёр гараараа 10-хан секундэд эвлүүлдэг. Нэг гараараа 20 орчим секунд, холиод өгөхөд 10-15 секунд ажиглаж, нүдээ боолгон 30-40 секундийн дотор эвлүүлж байна. Харин хөлөөрөө нэг минут 30 секундэд эвлүүлдэг. Түүнээс гадна Ульрих гэдэг 68 настай герман хүн байлаа. Тэрбээр дэлхийд Pi man гэдэг хочтой. Өөрөөр хэлбэл, Pi тоо буюу 3.14 гэж байдаг. Таслалаас хойшхи 20 мянган оронг цээжээр мэддэг. “17856 дугаар цифр юу вэ” гэхэд “Гурав” гэж хариулдаг. Компьютер дээр түүнийг нь шалгахад гурвын тоо яг гарч ирнэ. Ерөөсөө суут хүмүүс маш олон оронтой тоог ийнхүү цээжээр хэлдэг. Онцлог нь үүнийг хүмүүс “Төрөлхийн” гэж ойлгох нь олонтаа. Гэвч энэ “тогоо”-нд орж ирмэгц “Хүн бүр ингэх боломжтой” гэдэг сэтгэгдэл надад төрсөн. Оюуны спортын төрлөөр багагүй амжилт гаргасандаа хувьдаа баярлаж явдаг.

-Японд оюуны спортыг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулсан юм билээ. Та энэ тухай хэр мэдээлэлтэй байна вэ?
-Ой тогтоолтыг хөгжүүлэх аргачлалыг ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулж эхэлсэн. Англи, Германд анх 1990-ээд онд түлхүү хөгжсөн байлаа. Тэр цагаас хойш ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх зохиоход 5-6-хан улс оролцож байсан. Гэтэл өнөөдөр 148 оронд энэхүү спорт хөгжиж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд ч гэсэн маш өрсөлдөөнтэй болж байгаа. Янз бүрийн сургалтууд бий. Японд хүүхдүүд 4-13 настайдаа сампингаар тоо бодох аргад гуравхан жил суралцсан тохиолдолд насан туршдаа хэдэн ч оронтой тоог цээжээр бодох чадвартай болно. Өнгөрсөн зургадугаар сард Германд цээж тооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Хоёр жил тутамд зохиогддог дөрөв дэх удаагийн энэхүү тэмцээнд би оролцож, 120 орчим хүнээс 11 дүгээрт орлоо. Уг тэмцээнд 11 настай энэтхэг охин түрүүлсэн юм. Уг нь Гиннесийн номонд орсон зургаан хүн байлаа. Тэднийг түрүүлэх нь тодорхой гэж бодож байсан ч энэтхэг охин түрүүлсэн нь биднийг гайхшруулсан. Мөн 73 настай америк өвгөн гуравдугаарт орж, хүн болгоныг алмайруулсан удаатай. Тэгэхээр насны хязгаар ерөөсөө байхгүй байгаа биз.

-Та сая нууцаа санамсаргүй дэлгэлээ. “Гиннесийн амжилт тогтоохоор монгол хүүхдүүдийг бэлтгэж байна” гэж. Бэлтгэлээ хэдийнээс эхэлсэн бэ?
-Монголын оюун ухааны академиас өнгөрсөн аравдугаар сард цээж тоо, рубикийн шооны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Энэ үеэр 15 минутад 110 хүний зургийг харж, овог нэрийг зүс царайтай нь цээжлэх тэмцээн явууллаа. Хольсон 52 ширхэг хөзрийг таван минутад дарааллаар нь тогтоож, дараа нь бүгдийг санах төрөл ч тэмцээнд багтсан. Зарим хүн “Утга учиргүй олон тоо цээжилж яах юм бэ” гэдэг л дээ. Гэвч тоо цээжилнэ гэдэг оюуны асар том дасгал юм. Утсан дээрх бүх хүний нэр, утасны дугаарыг нэгхэн өдөрт цээжилдэг болно. Номонд ямар ч тоон мэдээлэл байсан тэр дор нь тогтооно. Рубикийн шоо нь оюун ухааныг задлахад ихээхэн тустай. Үүнийг задалж, эвлүүлдэг хэдэн зуун аргачлал байдаг. Дээрх тэмцээний үеэр 150 хүүхэд нэгэн зэрэг маш богино хугацаанд рубикийн шоо эвлүүлж, Гиннесийн амжилт тогтоох туршилт хийлээ. 
  
-Тантай хэр баргийн хүн хөзөр, шатар тоглоод хожихгүй юм байна гэж ойлголоо?
-Манай академид шатар, даамыг харахгүйгээр хоорондоо ярилцаж тоглох хичээл заадаг. Энэ нь маш олон аргачлал бүхий ой тогтоолтын чадвар шаардсан сургалт юм. Би шатар нэг их тоглодоггүй ч хөзөр тоглодог. Хүмүүстэй хөзөр тоглох үеэр надад ямар нэгэн давуу тал үүсдэг. Хэнд ямар “мод” очиж, ямар “мод” үхэж байгааг мэднэ. Хамгийн сүүлд хамт тоглож буй хүмүүстээ “Чамд ийм, ийм “мод” байна” гэдэг. Иймээс надад хожих магадлал маш өндөр. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2008 онд оролцоход 44 хүний 20-оод нь казинод бүртгэгдсэн байсан. Учир нь тэд дан тоглоом тоглох тал руу чадвараа хөгжүүлсэн нь ажиглагдаж билээ.   
 
-Хүмүүсийн IQ, EQ-г нэгэн зэрэг хөгжүүлэхийг та зорьж байгаа бололтой. Ийм боломжтой юу?
-Дэлхийд зөвхөн IQ-ээр хүний чадварыг тогтоох нь ач холбогдлоо алдаж байна. Учир нь оюуны олон талт чадварын тухай ярьж эхэллээ. “IQ, EQ-г хослуулах ёстой” гэж байгаа юм л даа. Хүн хэчнээн мундаг төсөөлж чаддаг ч амьдрал дээр өөрийгөө ойлгуулж илэрхийлэх EQ муутай бол амжилтад хүрэхгүй. Тэгэхээр энэ хоёрыг хослуулах ёстой. Оюун ухааны суурь бол яалт ч үгүй ой тогтоолт. Төсөөлөх чадвараа хөгжүүлэхэд IQ бодлогуудыг бодоход хялбар болдог. Тухайн дүрснүүдийг янз бүрээр харах чадвартай болж байна. Асуудлыг олон талаас нь харах чадвартай болно гэсэн үг.

-Таны хувьд, хурдан цээжлэх чадвараа хэзээ анх нээсэн бэ. Танай удамд ийм хүн олон байдаг уу?
-Миний хувьд, дунд сургуулийн сурагч байхдаа аливааг хурдан тогтоодог байсан. Гэхдээ маш богино хугацаанд мартчихдаг. Жишээлбэл, багшийн заасан хичээлээр завсарлахаас өмнө асуугдаж, дүнгээ авдаг. Гэвч энэ нь дан механик цээжлэлт байсан. Механик цээжлэлт гэдэг нь тухайн үедээ тогтоочихоод амархан мартахыг хэлнэ. Судалгаанаас харахад, хүн уншсан, сонссон зүйлсийнхээ 80 хувийг 24 цагийн дараа мартдаг юм билээ. Тэгэхээр цээжилснээ урт хугацааны туршид яаж санах ёстой вэ гэдэгт би 2007 оноос сэтгэл зүрхээ зориулж эхэлсэн. Энэ маань надад давуу талыг бий болгон өгч байна. Ямар ч зүйлийг тогтоосон хэр баргийн мартдаггүй. Манай гэр бүлд мундаг цээжилдэг хүн байхгүй. Аав маань инженер хүн байсан. Ээж эмч.

-Гадаад хэл хурдан сурах хүсэлтэй хүмүүс танд их ханддаг байх аа?
-Манай академи гадаад хэл заадаггүй. Хамгийн гол нь үг яаж цээжлэх вэ гэдгийг заадаг. Нэг сарын дотор 2500 үг хэрхэн цээжлэх вэ гэхмэтчилэн олон зүйл бий л дээ. Намайг хичээл дээр нэг дор 80 үг тайлбарласны дараа асуухад хүмүүс бүгдийг нь тогтоосон байдаг. Хошин төсөөллүүд санаанд нь ордог учраас тэр. Манайд TOEFL, IELTS-ийн 1500 үгийг хаанаас нь ч асуусан хэлдэг хүүхдүүд байгаа. Мөн 600 орчим шүлэг цээжилсэн хүүхэд байна. Түүнээс ямар ч шүлгийн хэд дэх ч мөрийг асуусан шууд хэлж чаддаг. Аргачлалыг нь мэдсэн боловч өөрийгөө хөгжүүлдэггүй хүмүүс бас бий. “Мэддэг” гэчихээд хөгжүүлэхгүй байвал ямар ч хэрэггүй шүү дээ.

-Оюуны спорт эрүүл мэндэд хэр тустай вэ?
-Ой тогтоолт гэдэг нь аливааг хөгжилтэйгөөр төсөөлөх юм. Хүн дотроо инээж байна гэдэг стрессээ тайлахын нэг хэлбэр. Гэхдээ яг юуг стресс гээд байгаа юм бэ хэмээх тодорхойлолт одоохондоо алга.    

-Олимпийн төрөлд хэзээ багтах бол?
-Оюуны спортын анхны олимп буюу “Memoriad”-ыг 2008 онд Туркт зохиосон. Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1991 оноос хойш жил бүр болж байна. Цээж тооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2004 оноос эхлэн хоёр жил тутамд зохиогдож байгаа. Харин хурдан уншлагынх гурван жил тутамд явагддаг. Оюуны олимп нь энэ гурвыг нэгтгэж, дөрвөн жилд нэг удаа болж байхаар болсон. Лас-Вегас хотноо 2012 онд уг олимпийг хийхээр төлөвлөж байгаа.                                

С.ТУЛГА

Эх сурвалж http://www.info.mn

 

http://www.info.mn/news/35507.htm

 

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: