2011-10-12 өдөр 08:37
Bookmark and Share
Боржигон овогт Шагдарсүрэнгийн Гүрбазар Дорноговь аймгийн Алтанширээ сумын Өнгөт ногоон толгой гэдэг газар төрсөн. Арван жилийн дунд сургууль /1973/, УБДС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр /1977/ тус тус дүүргэсэн.
1979 он хүртэл МЗЭ-ийн дэргэдэх Үлгэрийн танхимд ажилласан. Монгол телевизэд сэтгүүлчээр ажилласнаас хойш МҮОНТВ-д 32 дахь намраа үдэж буй. 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж, яруу найргийн “Дугуй хээтэй наадам” /1992/, “Шилмэл шүлгийн цоморлиг” /2008/ түүврүүд, “Цэргийн ар гэр”, “Сэрүүн зүүд”, “Хүний хань”, “Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаггүй”, “Чамайгаа алдмааргүй байна” тэргүүтэй 20 шахам жүжгийн зохиол бичиж, тайзнаа тоглуулсан.
Мөн зохиолын олон арван дууны шүлэг бичсэн нь аялгуу хийгдэж Монгол даяар эгшиглэн түгжээ. 1993 онд “Сэрүүн зүүд”, “Шөнийн сүүдэр” жүжгийн зохиолоороо МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 2004 онд дууны шүлгийн төрлөер шилдэг туурвилын “Алтан өд” шагналыг тус тус хүртжээ.
Монголын шинэ үеийн утга зохиол, сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь Монголын төрөөс өндрөөр үнэлж 2005 онд “Соёлын гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм дээд цолыг соёрхсон юм. “Утгын их хоймор” булангийн энэ удаагийн зочноор Монголын их утга зохиолын XX зууны 80-аад оны үеийн томоохон төлөөлөгч, зохиолч-сэтгүүлч Ш.Гүрбазарыг ийн урин залсан болой.
-…Хаагуур, яаж яваад “Мэргэжилтний 20″-ийн өмнө хүрээд ирэв ээ?
-Хуучин Дэлгэрхэт чинь миний нутаг л даа. Тэнд түмэн агтны баярт оролцлоо. Энэ зун өөр сүйдтэй хөдөө гадаа явсангүй. Зуншлага сайхан байна лээ. Зунаа дагаад монгол хүний сэтгэл их сайхан байна лээ.
-Уран бүтээлийн олз омог гэвэл урьдын адил ойгүй их л биз дээ?
-Хүн өөрийгөө голохгүй юм. Хайр сэтгэлийн сэдэвт “Шар гэгээ” гэдэг шүлэглэсэн роман дээрээ сууж байна. Монгол ахуйн нэвт шингэсэн, цацаа цалгиатай туурвил гэж хэлж болно.
-Гэргий хилэгнэхгүй гэж үү?
-Хилэгнэхгүй. Толгой тасдахгүй.
-Та бол аман билгийн том авьяастан. Энэ чанар “Дугуй хээтэй наадам” дээр ч их тод илэрдэг. Тэрнээс хойш ном гаргав уу?
-Нэг л шилмэл түүврийн номоо гаргасан. Нэг мэдэхэд л 20 жил өнгөрчихөж. Өөрийнхөө гайгүй гэсэн бүх юмаа түүгээд өнгөрсөн жил хоёр дахь түүврээ гаргах шив дээ.
-Нөгөө гавьяат Балхжав гуайтай та дууны чиглэлээр их хамтарч ажиллах юм. Та хоёрын дуу хуур үдэш бүр л телевиз, радиогоор цацагдаад л… Ноосны фабрик гэдэг шиг Монгол дууг үйлдвэрлэх шиг л болж байх шив.
-Нэг зовлон байдаг юм. Би гэдэг хүн 2000 оноос өмнө ердөө гурван дуутай л байсан. “Санаанд илхэн хань” тэргүүтэй гурван дуу. Одоо хүртэл дуулагдаж л байгаа. 1999 онд ижий минь бурхан болсон. Буян ч гэмээр юм уу даа, ижийдээ зориулж хэдэн сайхан дуу хиймээр санагдаад “Мөнхөд дэргэд ижий минь”, “Ижий минь байвал жаргалтай” гээд хэдэн дуу хийсэн.
Сүүлдээ ширүүсээд “Салхины хээ”, “Санааны чимэг” гэсэн дуунууд гараад ирсэн. Зарим нь үг нь ч тэр, ая нь ч тэр, ярих юмгүй сайн. Эднээс хайртай нь гэвэл “Ижий минь байвал жаргалтай”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” гуравтаа их хайртай.
-Одоо дуу тань бараг 200 гарчихсан уу?
-Үгүй ээ. 80 шахам юм байгаа байх.
-Нөгөө дуучид гэдэг босоо ороолонгуудаас татвар хишгээ авч байгаа юу?
-Саяхан МЗЭ, Хөгжмийн Зохиолчдын холбоо, Дууны уран бүтээлчдийн үндэсний нийгэмлэг гурав нэгдэж, асуудлыг цэгцэлж байх шиг байна. Түрүүчээс нь 100 мянган төгрөг гap дээр тавьж эхэлсэн шүү. Та түрүүн дуу үйлдвэрлэдэг гэлээ. Хэд хэдэн дуу сүрхий хит болоод ирэхээр хандах хүн их олон болдог юм байна.
Бодож байж болъё гээд томроод байлтай биш. Зарим нь ая биччихсэн хүрээд ирнэ. Захиалгаар юм бичнэ гэдэг бол уран бүтээлд хортой. Миний дуунууд дотор огт болохгүй дуу явж л байгаа. Нэг хүний зовлонг би харж байна. УАДБЧ-ын Утга зохиолын дарга байсан “хар” Дагвадорж гэж сайхан бодь зохиолч байлаа.
Маш олон дуу хийсэн. Ёстой 300 хүрсэн байх. Дуу захиалагчид бүгд л яруу найрагчдаас бэргэдэг ч юм уу, нөгөө муу Дагваа ах дээр л очдог. Сүүлдээ дуу бүхэн түүнийх болсон. Тийм зовлон өнөөдөр яг над дээр ирээд байна. Энэ бол сайн ёр биш.
-Дууны үгийг наадамд бараан зүсмийн морьд өнгөлдөг гэдэг шиг нэг тийм хүрэн бор хүмүүс их бичих юм. Бичсэн болгон нь амжилтанд хүрээд байдаг бололтой юм.
-Тийм тал бий. “Хар” Дагвадорж, “Хар” Түмээ, “Хар” Гүрээ, “Хар” Бавуу… гээд л явж өгнө дөө. Бараан хүнээс сайн дууны үг төрдөг юм. Мэдэж ав!
-Өөрөө их элдэвтэй. Бичнэ, зурна, жүжиглэнэ, найруулна, хөөрөлдөнө. Дээхнэ “Хүний амь” киноны гол дүрийг чадварлаг бүтээсэн. Олон кинонд дүрээ мөнхлөө байлгүй дээ?
-”Эх бүрдийн домог”, “Тэнгэрийн муухай арилдаг”, “Өнөр бүл” гэдэг дөрвөн кино байдаг юм. Уржнан бил үү, “Төрийн дайсан” гэдэг кинонд тоглосон.
-Яруу найргийн хувьд хамгийн хайртай бүтээл гэвэл та ямар шүлгээ нэрлэхсэн бол?
-Хүн ер нь олон юм хийдэг юм уу? Би гайхдаг юм. Яахав уран бүтээлчид тоо гүйцээх ч гэдэг юм уу есөн зүйлийн юм хийдэг л байх. Их олон шүлэг бичсэн байна. Яг хайртай шүлэг гэвэл “Дугуй хээтэй наадам”, “Би Монголоороо гоёдог”, “Хоршоо Дэрэм”, “Ардын дууны Хандармаа” гэх мэтийн хуруу дарам юм л байдаг байх.
Уран бүтээлийг тоо, жингээр биш зүрх, тархинд хүрснээр нь хэмждэг бололтой юм. Ухаандаа Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайд хичнээн олон самхан шүлэг байна. Яг ингээд харахаар “Боржигины бор тал” тэргүүтэй хэдхэн шүлэг л хүмүүст үлдэж байгаа байхгүй юу. Он жил ч өөрөө шигшдэг юм шиг байгаа юм.
-Дээр үед багшгүйгээр яруу найрагч хүн тодрох боломжгүй байсан цөвтэй үе бий. Таны хувьд багш гэвэл Ж.Дансранжав гуай юу?
-Үгүй ээ. Б.Лхагвасүрэн гуайг 16 наснаасаа дагасан нь би байхгүй юу. Чойрт суудаг Р.Батжаргал гэдэг зохиолч надад долдугаар ангиас уран зохиол заасан хүн шүү дээ. Анхны багш юм уу даа.
-80-аад оныхон гэгдэх нэг үеийнхэн хэр их бужигнуулж байв даа?
-О.Дашбалбар, Д.Цогт, З.Саруулбуян, би, Ү.Хүрэлбаатар, Г.Мэнд-Ооёо гэдэг юм уу. Данзангийн Нямсүрэн чинь бидэн дээр арай сүүлд орж ирсэн юм шүү дээ. Одоо бид нэг их ойртоод ярьж суухаа больж дээ. Цаг хугацааны юм байдаг бололтой юм. Мэдээж сэтгэлийн чанадад бие биедээ хайртай л байдаг байх.
Ямар ч байсан бие биедээ атаархана гэж үгүй. Тэгсэн атлаа нэг нэгнээсээ жоохон алсраад байдаг юм байна. Чухам яагаад гэдэг тухайд бодож үзээгүй л явна.
-Мэдээж ууж идэхийн ар дээр сайхан дурсамж бишгүй л мөнгөрч үлдээ байлгүй дээ?
-Томорч од болно. Алаад өгнө. Монголын утга зохиолд цоо шинэ юм хийцгээнэ гээд л өвчигнөдөг байлаа. Их өргөн, олон шүлэгч дарвидаг байлаа. Би чамд ганц сонин юм хэлэх үү. Одоо энэ Г.Мэнд-Ооёог үйлдвэр комбинатад зодолдоод пиджакныхаа хааг ханз татаж байсан гэвэл чи итгэх үү.
Шар Мийгаа, Б.Сундуй энэ тэр зодолдсон гэвэл хамаа алга. Их дарвиж уудаг байж дээ.
-Уудаг гэснээс сэтгэл зөөлрөхөөр нутаг ус мэлмийд их торолздог. Алтанширээ ч гэсэн таны нүдний аяганд алтран цалгидаг л байх даа?
-Би Эрдэнэцогт гэдэг хайрханы энгэрт унасан хүүхэд. Ижий минь “Өлзийт булаг, Өнгөт ногоон толгойдоо байнга залбирч байгаарай. Алзахгүй ээ” гэж захиж хэлсэн сэн. Төрсөн бууцны маань тэнд уурхай байгуулагдаж байгаа сураг байна. Дэлгэрэхэд бас уурхай нээгдэж байгаа гэнэ.
Зохиолчдыг эд нар мэдэмхий, онгироо, хөөрүү гэж боддог юм шиг байгаа юм. Үгүй дээ, чин үнэнээ хэлэхэд энэ уурхайнуудад би яснаасаа дургүй. Энэ бол аюул. Монголын маань аймшиг. Уул уурхай гэдэг нүүдэлчдийг мөхөл рүү н ь явуулж эхэллээ. Монголыг байхгүй болгоно. Дээдсүүд үгүйрлээ хөгжил гэдэг зүйлээр хулдаж байна.
-Энэ улс төрчид, газар шороогоо самарсан бизнесменүүд үнэхээр аймаар юм билээ. Би дэргэдээс нь ганц хоёр хүнийг харсан. Нүд нүд нь улаанаар эргэчихсэн, амьсгал нь чихэлдээд бүр улайрчихсан байдаг юм билээ.
-Мөхөж болох хоёр шалтгаан өнөөдөр буй. Р.Чойном найрагч “Энэ хэдэн хүмүүс улс болж тоглохыг харлаа” гэж хэлж байсан. Тэр үед бас чиг гайгүй. Улс болоод тоглож байж. Одоо бол энэ төрийн эрх дархтнууд шууд улсыг нурааж байгааг ард түмэн нүдээрээ хараад зогсож байна.
Ийм богинохон хугацаанд бүхэл бүтэн үндэстэнг элгээр нь сөхрүүлнэ гэдэг гайхмаар. “Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэж агуу их Намдаг багш маань хэлж байсан. Үүн лүгээ хүн гэдэг мэдэхгүй юм руугаа орох нь мөхөл байдаг юм байна. Манай улс төрчид, наймаачид маань уул уурхайн “А” ч үгүй байж зүгээр л сургаар шаачихсан байхгүй юу.
Нөгөө талаар их шуналын үүднээс эд бүгдийг харж байгаа нь мөхөл сүйрэл юм. Төрийн томчуудыг сайн хараарай. Нүд нь эргэлдээд ерөөсөө тогтохоо больчихсон байна лээ. Аймаар.
-Эд монгол эцгийн генээр бүрэлдэж, монгол газар шороон дээр унаж, монгол эхийн цагаан сүүг хөхөж өссөн улс үнэхээр мөн үү, эсвэл биднийг орос, хужаа, солонгосууд удирдаад байна уу?
-Сонгуулиар сурталчилгааг нь хараад байхад хөдөө галаа түлсэн монгол л хүн байх шиг байгаа юм. Нутаг ус нь хөдөө. Бүр лам мамын төрөл садан ч байх шиг. Эдэнд монголоо гэсэн сэтгэл үнэхээр алга байна.
-Хөөрхийс минь тэнэгрээд толгой тархи нь төр барихад хүрдэггүй юм болов уу?
-Мэдрэмж байгаа цагт толгой нь хүрэхгүй байх хамаагүй. Мэдрэмж мэдрэхүйн хувьд эд бүр тас хол. Яриад ч хэрэггүй. Ийм ядуурал бол мөхөл юм. Ер нь нийгмийн сэтгэлгээ унахаар улс бүр унана.
-Ядахдаа өнөөдөр манай алдар цуутай сэхээтнүүд, зохиолчид үхсэн мэт аж төрцгөөх юм. Эсвэл одон медаль, цол гуншин тийм болгочихдог юм болов уу?
-Надад л лав Соёлын гавьяат өгөхөд тийм болзол тавиагүй. Одоо дуугарч эхлэх байлгүй дээ. Ядууралтай холбоотой ч байж магад. Би нэг сонин юм анзаардаг юм. Монгол ардчилсан нийгмийн байгуулалд ороод 22 жил болж байна. Энэ хооронд ардчиллын тухай бичсэн нэг ч зохиолч байдаггүй юм.
Бүгдээрээ залхуу, мэдрэмжгүйдээ биш юм. Ямар ч гэсэн зүрх сэтгэл үр дүнг нь харзнасан байх. Харин одоо зохиолчид дуугарах байх. Үнэхээр зохиолчид цаг үеэ дагаад далдганах ч юм уу, тухайн цаг үеийн бүтээгдэхүүн байсан бол өдийд ардчиллын тухай сайн муугаар гөвж өгөх ёстой биз дээ.
Гэтэл тийм юм алга. Нэг ч зохиолч нэг ч бадаг шүлэг бичээгүй шүү. Урьд нь соц нийгмийн үед даалгавраар бичдэг гэж байсан гэж бодъё. Гэтэл одоо эрх чөлөөтэй байгаа. Ёстой тууж өгч болно оо доо. Сонин шүү.
-Мартсанаас та чинь “Болор цом” дээр зодог тайлснаа албан ёсоор зарласан. Хааяа унших сан гэж бодож шаналдаг байх даа, тийм үү?
-Яруу найргийн баярт би шүлгээ унших дуртай. Сүүлийн Цирк дээр явагдсан “Болор цом” дээр нэг юм бодогдсон. Хүний сэтгэхүй их анзаарамтгай. Гүрээ “Болор цом” авах гээд улайраад байх юм. Зарим нь “Зүтгээд байвал чи нэг өдөр авна. Авч л таараа. Шаагаад бай” гээд л хөөргөөд л…
Тэгсээр 20 гаруй жил энэ наадамд шүлгээ өргөж. Би наадах дуртай байсан. Авах хүсэл ч байсан. Гэтэл нэг харсан чинь манай үеийнхэн авдаг нь аваад, сүүлдээ орох ч хүн байхгүй болоод, би л ганцаараа хөгшин ухна шиг үзээд байдаг. Хүмүүст болохоор Гүрээ нэг юм авах гээд байгаа юм шиг.
-Тэр “Болор цом”-ын хоёрын даваан дээр та их дажгүй шүлэг уншиж байсан нь миний санаанаас гардаггүй юм. Тэгээд л тунирхаад явж одсон доо.
-Би шүлгээ шигшээд нэг сайн CD хийж байгаа. Арваад жилийн өмнө нэг CD гаргасан. Түүнээс хойш гаргаагүй. “Уянгын гишгэгдэл” гэдэг нэртэй. Нэр нь өөрчлөгдөж магадгүй. Би гэдэг хүн хөтөлдөг, шүлэг бичдэг, кинонд тоглодог, зурагтаар гардаг, дуу, жүжиг бүр их бичдэг… гээд баахан юм бий.
Тэгэхээр хүмүүс “Гүрээ хангалттай уран бүтээлч. Болор цом авах л дутаж гэнэ” гэж боддог юм билээ.
-Чухам алинд нь илүү элэгтэй хүн бэ?
-Би жүжгийн сайн зохиолч. Жүжгийг бол сайн бичиж чадна шүү. Ардын жүжигчин Н.Жанцанноров гуайтай хамтарч Лигдэн хааны тухай дуурийн цомнол хийж байгаа. Гайгүй шүү. Би онгод хөгтэй явахын тулд шүлэг бичдэг. Шүлэг бичээд 40 жил болж.
Шүлэг бичсэндээ би тэнхээлэг, онгодтой, хийморьтой явдаг юм. Яруу найрагч учраас л би юм хөтөлж, жүжиг бичиж, цомнол хийж чадаж байгаа юм. Яруу найраг гэдэг бол уран бүтээлчийн язгуур юм.
-Яруу найраг гэснээс янзтай гоё дурлаж байна уу?
-Ний нуугүй хэлэхэд авгай хүүхдээс гадна ач зээтэй болсон хүн. Амьдралаа орвонгоор нь эргүүлчих хэмжээнд хайр бодогдохгүй байна. Гэхдээ амьд хүн дурлалгүй яахав. Бид чинь гараад л дурлана.
-Хайр дурлалын ангалд бүдэрч унаад босох гэж мунгинах зуураа гэргийдээ үзэгдсэн тал байна уу, үгүй юү?
-Нэг удаа нэг тийм юм болсон шүү. Нэг л удаа шүү дээ. Өдий насанд юугаа нуухав дээ. Хүн гэдэг амьтан өдий наслахдаа сайхны өмнө бүдрэхгүй яахав.
-Баяр гунигтай хорвоо гэж… Гүрээ гэдэг хүн онц ноцтой гэмт хэрэг үйлдэж чандармын мөглөнд илгээгдэж сүйд болох шахаа биз дээ. Хэвлэлүүд дуу дуугаа авалцаж бичээд л…
-Яахав дээ, зээл аваад хоёр кино хийсэн юм. 12 саяар нь “Икар” гэдэг өргөн дэлгэцийн уран сайхны кино хийсэн юм. Дэлхий сөнөж буй сэдвээр. Одоо ч надад байгаа. Сайн кино. Үлдсэн долоон саяар нь нэг баримтат кино хийж “NHK”-д өгсөн юм. Энэ хоёрын балаг л дээ.
Нэгийг нь Монгол телевиз төлчихнө. Нөгөөг нь киногоо дэлгэцэнд гаргахаар болчих ч юм шиг бодоод. Тэгээд л шатахгүй юу. Энэ цагийн өнгөн дээрээс харахад яалт ч үгүй миний буруу байсан юм. Цагдаа хүчнийхэнд долигнож байгаа юм биш. Тэд үүргээ л гүйцэтгэсэн.
-Өчиггүй л аваачаад хийчихэж байна уу?
-Дуудаад байхад нь очоогүй юм. Зээлтэй хүн зээлээ өгөхгүй болохоор нэхнэ биз дээ. Хоёр ч удаа дуудахаар нь очихгүй болохоор нь цагдаад хэлнэ биз дээ. Цагдаа нь хоёр дуудахаар очихгүй болохоор “Та байдаг газар нь байж бай” гээд “Ганц”-д дөрөв хонохгүй юу.
-Шорон уран бүтээлч хүний зүрх сэтгэлд маш их эмзэглэл, хөндүүршил авчирч овоолоо байх даа.
-Надад айдас хүйдэс гэдэг ойлголтын тухайд эсрэг байсан. “Нарны саам амсах заяа минь хазайгаагүй цагт намайг гутаана чинээ бурхан ч горьдсоны хэрэггүй” гэж би шоронгийн ханан дээр хөөгөөр бичсэн юм. Тэр үе, дараа үеийнхэн цээжилж ярьдаг байсан юм гэнэ лээ.
Би их хэрэг хийгээгүйгээ мэдэж байсан. Шоронд орох нь сонин байсан. Прокурор хүртэл “Та болох юм уу даа. Нэр хүндэд чинь халтай шүү дээ” гэхээр нь “Наад тамгаа дарчих дарчих. Тэнд чинь би очъё” гэж солиорч байгаад яваад орчихсон хүн шүү дээ. Сонингууд дээр “Гүрбазар “Ганц”-ын хана туургыг нурааж байна” гэж баахан зүйл бичигдсэн.
-Яасан юм, орилж чарлаад байсан юм уу, эсвэл мөчөөрөө бөмбөрдөөд байсан хэрэг үү?
-Хоригдлууд тийм дуртай биш байсан. “Гүрээ ах аа, таныг энд оруулаад байхдаа яадаг юм” гээд л. Тэд хүн л юм болохоор уран бүтээлч хүнийг бас их хайрлаж хүндэлдэг юм билээ. Нэг орой арав өнгөрч байхад хянагч нар нь ирээд “Гүрбазар гуай, энд байгаа улсууд таныг ирсэн гэж шуугилдаад байна. Бид камерны цонхнуудыг онгойлгоё. Та сайхан шүлэг уншаад өгөеч” гэсэн.
Тэд намайг сонсож байна хэмээн дээр дооргүй л шуугилдаад явчихсан. Яг уншаад эхлэхээр нам гүм болцгоосон. Гучаад минут харин ч сайхан шүлэг уншиж өгсөн дөө. Би тэндээс нэлээд олон санааны олзтой гарсан. Нэг хэсэгтээ чимээгүй явлаа. Одоо бичнэ.
Гарсан даруйдаа шоронгийн тухай бичээд унавал уншигчид юу ч гэж бодох юм билээ. Үнэхээр сонин сонин юмнууд сонссон, харсан, мэдэрсэн.
-Кино урлагт та дахиж хүчээ сорих уу?
-Сайн зохиолоор баримтат уран сайхны кино хийнэ. Сүүлийн үед энэ залуус маш их кино хийж байна. Урлаг талаас нь гэхээс илүү техникээр их зодож байна. Дэндүү хялбарчилж байна. Ингэж болохгүй. Урлагийг хэзээ ч хүчилж болдоггүй юм. Ер нь Монголын урлаг сүүлийн хорин жилд их доошоо унасан. Бүх чиглэлээр.
-Одоо тэгээд ч юм хийгээд ч хэрэг байна уу даа. 2012-2013 оныг жаахан харзнавал дээр байх аа. Дэлхийн хэм шилжиж, иргэншил мөхнө гээд хаа сайгүй л хүн төрөлхтөн түгшиж байна шүү дээ.
-Би энэ тухай “Та хариулахгүй ч байж болно” гэсэн нэвтрүүлгээр их олон эрдэмтнээс асууж лавласан. Хөшигний ард шүү дээ. Хүмүүс дэлхий сөнөхөд монголчууд л үлдэх юм шиг их ярих болж. Яах аргагүй галактикийн урсгал туйлын нэг цэг дээрх давхцалтай сүлрэх нь оргүй биш. Дэлхийд том өөрчлөлт гарна гэдэг нь тодорхой.
-1968 оны үйл явдлыг та бол тод санадаг биз?
-Миний тэр хийсэн “Икар” гэдэг кино чинь яг тэр тухай үгүүлсэн бүтээл байхгүй юу. Маргааш дэлхий сөнөнө гэхэд өнөөдөр хүмүүс яах тухай. Их сайн кино. Шаравдорж гуай зургийг нь авсан. Ардын жүжигчин Жамсранжав гуай энэ тэр томчууд цөм тоглосон.
-За за, билиггүй юм яриад яахав. Нөгөө үр нялхас гүнжүүд гар нь ганзаганд хэдийнэ хүрсэн байх. Нэг нь шүлэг бичээд байсан байх шүү.
-Манай том охин Германы Эфуртын их сургуулийн англи хэл-утга зохиолын ангийг дүүргэсэн. Мэргэжлээ дээшлүүлэхээр буцаад явж байгаа. Ер нь их сайн бичиж байгаа шүү. Би ч охиндоо их найдаж байгаа. Жижиг нь яахав, өөр чиглэлээр. Италид хэлний сургуульд сурч байгаа.
-Асуугаад л байвал та бидэн хоёрын яриа үл дуусна. Хүмүүс хүлээгээд байх шиг байна. Эл хөөрөлдөөнийг жаргаан та манай сонины нийт уншигчдад хандаж нэг аминч сэтгэлийн үг хэлэх үү?
-Оросын “Единственная” гэдэг нэг кино байдаг юм. Манайх “Заяаны хань” гэж орчуулсан даа. Түүн дээр Золотухин гэдэг алдартай жүжигчин тоглодог юм.
Маш их сэтгэлийн хямралд орчихоод номын мухлагуудаар “Достоевский байна уу” гээд л яваад байдаг юм. Тэр нь олдохгүй. Уул нь өөрийнх нь зовлон жаргалд Достоевский хариу өгөх гээд байгаа хэрэг л дээ. Санаа нь энэ. Түүн шиг Монгол маань ийм их хямарч байгаа үед хүмүүсийг ном сайн уншаасай л гэж бодож байна.
Хүний сэтгэлд сайн сайн номууд хань болохоос Солонгос, Америкийн кинонууд хань болохгүй шүү. Манай оюунлаг хүмүүс сайн сайн номнуудыг бичиж байна, бас орчуулж байна. Сав л хийвэл ном хараад байх хэрэгтэй. Тэгвэл жаахан уужирна. Бас гэгээрнэ. Бид гэгээрэхгүйгээс болоод их унаж байна. Бухимдаж байна. Уул нь монголчууд жаахан өөдрөгхөн байхад урагшаа гарна л даа.
-Зав гаргаж хөөрөлдсөн танд гялайлаа. Цаг бачуу байлаа ч хоёулаа амжуулчихлаа шүү. За танд эрүүл энх, уран бүтээлийн олз омог хүсье!
Жа.Баяраа
Эх сурвалж: “Утга зохиол урлаг”
Filed under: Ахмадын үг алт, Сонирхолтой хүмүүс, Сонирхолтой ярилцлагууд, Уран бүтээлчид, Хугараагүй ноён нуруу, Үнэн үг