• Categories

  • Traffic

П.Баясгалан : Залуу хүн өөрийгөө сорьж байх хэрэгтэй

2009-11-16 13:21:28

ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийн VI дамжааны оюутан, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүн П.Баясгаланг урилаа. Тэрбээр саяхан “Залуу хүний ширээний ном” нэртэй ном гаргасан юм.
-Таны ном нэрнээсээ эхлээд л сонирхол татаж байна.  Бичих санаа хэрхэн төрөв?
-Ахмад хүмүүс бидэнд зааж зөвлөх нэг хэрэг. Тухайн нөхцөл байдлыг хамт туулж яваа залуу хүн залуу хүндээ зөвлөх нь бас нэг өөр хэрэг. Манай найзууд сардаа нэг уулздаг юм. Уулзах болгондоо Монголын нийгэм, эдийн засгийн байдал хэцүү байна, Монголд амьдрах арга алга гээд л ярьцгаадаг байлаа. Бид ярьдаг, шүүмжилдэг л болохоос бодитой юу ч хийдэггүй байж. Нэг удаа бид “Тэгвэл энэ хэцүү байдлаас гарахын тулд бүгдээрээ ямар нэг юм хийе, залуустаа зориулсан ном гаргая” гэж шийдсэн. Бидний ном анх “Дэлхийн иргэн” нэртэй байсан юм. Бид дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай болохын тулд эхлээд бэлтгэгдэх ёстой. Тиймээс би залуустаа өөрийгөө бэлтгэхэд нь зориулж “Залуу хүний ширээний ном”-ыг санал болгож байгаа юм. Энд залуу хүний заавал мэдэх ёстой ном, кино, сонгодог хөгжим, суут хүмүүсийн намтар, дэлхийн шилдэг сургууль гэх мэт тус бүр 100 зүйлсийн жагсаалт, томчуудын залууст хэлж үлдээсэн захиас, манайд зарлагддаг бүх тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл, бүрдүүлэх материал зэрэг олон хэрэгтэй зүйл бий.
-Харин чиний ширээний ном юу вэ?
-Багадаа үлгэрийн ном унших дуртай байлаа. Юмыг ургуулан бодож, өөрийн гэсэн төсөөллийн ертөнц үүсгэх нь надад таатай санагддаг байсан. Ширээний ном гэвэл Б.Ринчений “Монголын За-андагаар буй заа” байна. Ялангуяа энэ номонд орсон “Боржигон Нацагдорж”,  “Ард түмнийхээ нэрийг нэрлүүлэгтүн”, “Монголын залуучууд эрдэмтэй байх ёстой” өгүүллүүд монгол гэж цээжээ дэлдэхдээ биш, наад зах нь ёс уламжлал, түүхээ мэдэх хэрэгтэйг надад сануулсан. Яг одоо бол өрсөлдөөний хавтгай ертөнцөд хэрхэн амьдрах ёстойг өгүүлсэн Т.Л.Фрийдмэний “Дэлхий бөөрөнхий биш” номыг уншиж байгаа.
-Сүүлийн үед залуусын мэдлэг, ёс суртахуун доройтсон гэж шүүмжлэх болсон. Чинийхээр залуу хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Би хүнд зөвлөгөө өгөхөөр мундаг хүн биш л дээ. Залуу нас бол амьдралын хамгийн хариуцлагатай, нөгөө талаар боломж дүүрэн үе гэж би боддог. Ирээдүйд элбэг хангалуун, аз жаргалтай амьдрах эсэх нь чухам энэ л насандаа юу хийж, толгойгоо юугаар цэнэглэснээс шууд  хамаарна. Залуу хүн ямагт өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө бодитоор үнэлж үеийнхэн дундаа хаана яваа, юун дээр сул дутмаг байгаагаа мэдэрнэ.
-Амжилтад хүрэх, эрүүл амьдрах , хэл сурах нууц гэсэн номууд их гарах болж. Үнэхээр эрүүл амьдрах, хэл сурах зэрэгт нууц байдаг болов уу?
-Байхгүй гэж бодож байна. Жишээ нь англи хэл сурах тусгай нууц арга байгаад, олон жил нууж байсан тэр аргыг нь бидэнд зааж өгч буян болж байгаа мэтээр ярьж бизнес хийгчид сүүлийн үед олширсон юм шиг санагддаг. Долоо хоногийн дотор тэр эрхмийн гаргасан номыг эргүүлээд л хэл сурж болно гэхчлэн залуусыг төөрөгдүүлж, эрдэм мэдлэгийг “ТҮЦ”-нээс талх худалдан авч байгаа мэт хялбар сурч болох юм шигээр сурталчилж байгаа нь эмгэнэлтэй. Хүн гагцхүү өөрийн асар хөдөлмөрийн дүнд л  үнэт зүйлсийг бий болгодог.
-Өдрийн тэмдэглэл хөтөлдөг үү? 
-Анх уншсан номынхоо сэтгэгдлийг дэвтэртээ буулгадаг байлаа. Яваандаа өдөр тутам тэмдэглэл хөтлөх болсон. Өөрийгөө үнэлэх, дүгнэх, цэгнэх, ажлаа төлөвлөхөд хамгийн их хэрэг болдог зүйл гэж боддог. Миний өдрийн тэмдэглэлд шинэ санаа дүүрэн бий. Хүн бүхэнд энэ зуршил нээлттэй шүү дээ.
-Хүн өөрийгөө болон бусдыг шударгаар үнэлж чаддаг байх ёстой гэдэг. Чиний бусдаас ялгарах давуу тал юу вэ?
-Би их уншдаг. Урлаг, уран зохиол, эдийн засаг, шинжлэх ухааны гээд төрөл бүрийн ном уншиж, олон зүйлийн тухай мэдэхийг хичээдэг. Хүн ер нь залуу байгаа дээрээ соёлын олон хэлбэрийг судалж үзэх хэрэгтэй.  Бүх цаг үеийн суут эрдэмтэн Алберт Эйнштейн “Би суут хүн биш ээ. Харин ер бусын сониуч хүн” гэж хэлсэн нь зүгээр ч нэг даруухан загнах гээгүй. Залуусыг аливаад сониуч, идэвхитэй амьдрахыг чухалчилсан болов уу. Би Монгол Улсын шилдэг оюутнаар гурван жил дараалан шалгарч байлаа. Бас Жанжин Д.Сүхбаатарын цалин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт шалгарч байсан. Гайхуулах гэсэн юм биш шүү. Хөдөлмөрлөж чадвал залуу хүнд олон боломж байгаа гэдгийг л залуустаа хэлмээр санагддаг.
-Хичээлдээ сайн, номын мөр хөөсөн нэгнийгээ залуус “хэнээт” гэх зэргээр л хочилдог. Чамд тийм хоч бий юу?
-Шил зүүж эхэлснээс хойш Оросын киноны баатар “Шурик” гэсэн хочтой байлаа. Дараа нь “электрон жаал” гэдэг шинэ хочтой болсон. Арван жилд байхдаа математик, одон орон сонирхдог байсан юм. Гэхдээ би энэ хочнууддаа дуртай шүү. “Архичин, сайхан гар”, “Шоучин” гэж цоллуулахаас л дээр гэж боддог.
-Бидний амьдралд далдаас ямар нэг зүйл нөлөөлдөг гэдэгт итгэдэг үү?
-Би аливаад шинжлэх ухаанч ханддаг болохоор нэг их “далд”, “нууц” зүйлд итгэдэггүй. Харин зүүд бол өөр хэрэг шүү. Хэдхэн сарын өмнө номоо хэвлэлтэд өгчөөд зүүрмэглэтэл “олон хүний өмнө юм яриад л тэд миний яриаг маш их шимтэн сонсож байна” гэж зүүдэлсэн. Одоо бодохоор миний ном богино хугацаанд залууст маань хүрэхийг зөгнөсөн байх.
-Туршлага гэж чинийхээр юу вэ?
-Аливаа зүйлсийг хийж байж дадлага, туршлагатай болдог. Тэрнээс уран илтгэх тухай ном уншаад суугаад байдаг, хүмүүсийн өмнө гарч ярихгүй бол хэзээ ч уран сайхан илтгэж чадахгүй шүү дээ. Үүний адил аливаа зүйлд оролдлогтой мэрийлттэй байж л амжилт гаргана шүү дээ. Тэгээгүй бол энэ олон суут эрдэмтэд төрөхгүй байсан. “Зөв туршилт бол түм буман алдан дундуур явж буй нарийхан жим юм” гэж нэгэн суут эрдэмтэн хэлсэн байдаг.
-НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороонд ажилладаг гэсэн. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
- Дэлхийн хамгийн том олон улсын байгууллага болох Монгол дахь НҮБ-ын шийдвэр гаргах түвшинд залуусын санаа бодлыг хүргэх зорилгоор 15 гишүүн байгууллагатай Залуучуудын Зөвлөх Хороо 2006 онд анх байгуулагдсан. Залуусыг нийгмийн ажилд идэвхитэй оролцуулах, эрүүл хариуцлагатай иргэд, манлайлагчдыг төлөвшүүлэх зорилготой. Монголоос цөөнгүй төлөөлөл байдаг. Би НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцож Монголын залуусыг төлөөлж үг хэлэхийг мөрөөддөг. Энэ мөрөөдөл маань ч удахгүй биелнэ гэж найддаг.
-Хичээлээс гадуур ямар арга хэмжээнд оролцдог вэ. Залуустаа хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Түрүүн хэлж байсан “Дэлхийн иргэн” гэдэг номоо бичиж эхэлсэн. Мөн анагаахын хичээлийнхээ хажуугаар Ардын эмч Ж.Баасанхүү багшийнхаа өдөр тутмын эмчийн үйл ажиллагаанд оролцож олон зүйлийг сурч мэдэж авч байна. Мөн “Хеликобакерын шалтгаант ходоод, гэдэсний эмгэгтэй” холбоотой судалгааны ажил дээр гурван жилийн турш ажиллаж байна. Залуустаа хандаж хэлэхэд эрдэм ном, аливаа оюунлаг бүхнийг үнэт зүйлээ болгох хэрэгтэй шүү гэж захия. “Нэг цагийг яаж өнгөрөөхөө мэдэхгүй байгаа хүн нэг насны амьдралыг яаж өнгөрөөх юм бол доо” гэж нэгэн ухаантай хэлсэн байдаг. Нээрээ л залуу насны хором, мөч бүрийг сурч мэдэхэд зориулж, хөдөлмөрлөж чадвал таны эх орныхоо хүү нь, охин нь болж төрсний бахархал юм шүү гэж хэлье дээ.

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: