• Categories

  • Traffic

Ц.Лоохууз: Монгол хүний оюун, тархи Оюутолгойгоос илүү баялаг шүү

Зууны Мэдээ

2007 оны 02-р сарын 17, 15:01

1964 онд намын эсрэг бүлэг байгуулав, социализмыг шүүмжлэв гэсэн нэрийдлээр хэлмэгдэн цөлөгдөж асан Цогт-Очирын Лоохууз гуай эдүгээ 84 насыг зооглон энх тунх амьдарч буй. Манай сонин Цагаан сарын баярын өмнөхөн өндөр настнаа хоймортоо урьдаг уламжлал ёсоороо түүнийг урилаа. Түүнтэй уулзах гэж бүтэн өдөр утас цохив. Завгүй л яваа бололтойдог. Эцэст нь гэрт нь үдэш оройхон очлоо. Гэргий Ж.Бүрэнжаргалын хамт ач, зээ нартайгаа амьдран суудаг ажээ. Өдөржин таныг чилээв хэмээн надаас уучлал гуйж байна. Гэргий нь манай хүн бүтэн өдөр гадуур “тэнээд” дөнгөж 30 литр айраг, хонины махтай ирэв. Цагаан сарын бэлтгэлээ дутуудуулсан байна шүү гэж зөөлхнөөр аашилж байна.

- Сайхан өвөлжиж байна уу, та. Ойрд ямар ажил амжуулж байна вэ?

- Сайхан өвөл боллоо доо. Монголчууд эртнээс цагаан сарыг ёслон тэмдэглэдэг жаяг ёсоор үндэсний баяраа угтах гээд хөл хөдөлгөөнтэй л сууж байна. Алтан гахай жил айлчлан ирэх нь. Хүн бүр л аз хийморьтой явахыг бодож суугаа нь лавтай. Урин хавар болно биз ээ.

- Цагаан сарынхаа бэлтгэлийг хэр базаав даа?

- Бусдын адил чармайж л байна. Бараг базаачихлаа. Харин өнөөдөр ганц нэг зүйл дутуу авчээ. Дарга загнаад байна. (инээв. Эхнэрийгээ хэлж байна).

- Та оны өмнө UB паласт хэрхэн мөнгөтэй болох талаар лекц уншсан. Олон хүн таныг 84 настай атлаа ингэж буй нь маш гайхамшигтайяа гэлцэж байна?

- Миний ярьсан зүйл эдүгээ үеийнхэнд, ирээдүй минь болсон залуучуудад, тэдний амьдралд тус болохуйц ганц нэг зүйлийг сэтгэлд нь үлдээсэн бол миний санасан санааны биелэл болж буй хэрэг. Эдүгээ хүртэл алдсан оносон, амьдралынхаа тухай дүгнэлтээ хэлье гэж бодсон. Бэрхшээл зовлонг мөн ч их туулжээ. Гэхдээ үүнд сөхөрч болдоггүй юм. Бэрхшээл нь хүнийг ухааруулах, сэрээх, цаашдаа амжилт олох, бага алдахын дохио болдог.

- Цаашилбал?

- Өнөө үед шатна гэдэг үг гарчээ. Ямарваа том жижиг компани, наймаа эрхлэгчид алдахгүйгээр урагшилна гэж үү. Алдана гэдэг унахын нэр биш. Цаашид сэхэхийг сануулж байдаг. Үүнийг ухаарсан нэгэн бэрхшээлийг ардаа орхиод зогсохгүй, баялгийн эзэн болдог. Энэ замаар бүгд алхаасай Зах зээлийн нийгмийн үед бүх зүйл өрсөлдөөнтэй. Энэ дундаас тэмцэж гарах нь чухал. Ганц удаа алдчихаад сэтгэл санаагаар унавал юу болох вэ. Тэмцээд л бай. Ингэж байж л өөдөө өсөх болно гэдгийг хойч үеийнхэндээ захихыг чухалчилдаг. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхээс бүх зүйл эхэлнэ.

- Энэ талаар монголчууд өөрийн философитой даг?

- Хүн бүр өөрийн ухаантай төрдөг. Энэ нь гурван хэмжүүртэй. Дээд, дунд, доод гэж байх. Тэмцэлтэй, эрмэлзэлтэй байх юм бол дунд ухаантай ч дээдийн хийгээгүйг бүтээж чадна. Үр хүүхдээ зөв эрмэлзэлтэй, хор шартай өсгөвөл тун сайн. Иймгүй бол дээд ухаантай ч дунд ухаантны хаана нь ч хүрэхгүй байх жишээтэй. Манай улс орны ирээдүй хүүхдийн гарт буй шүү. Тэднийгээ зөв хүмүүжүүлж чадаагүй гэр бүл, улс үндэстэн сайн сайхныг үзэхгүй. Иймээс хамаг анхаарлаа тэдэнд зориулаасай билээ. Сайн хүн болох тэмүүлэлтэй болгох нь сайнсан. Миний аав намайг ингэж хүмүүжүүлсэн. Үүний ачаар л би тэмцэж, ажиллаж яваа нэгэн.

- Энэ бүхнийгээ хүргэе гэж та лекц уншсан байх. Та ахиж лекц унших уу?

- Тийм. Манай лекцийг 2500 хүн сонссон шүү. Үүгээр зогсохгүй өөрийнхөө амьдралын туршлагыг бусдад бэлэглэх бололцоо надад бий гэж боддог. Ганц хоёр лекцийг энэ онд багтааж уншина аа.

- Таны уншсан лекц “Мөнгө олох тийм хэцүү гэж үү” гэсэн нэртэй байсан санагдана?

- Мөнгөтэй болох амархан. Хүмүүс бизнес гэж яриад л байна. Чухамдаа үйлдвэрлэл, ажил хэрэгч байдал, наймаа гэсэн үг юм билээ л дээ. Эдүгээ гадаадаар яривал хүн, өөрийн хэлээр яривал хүн биш болчихдог төөрөгдлийн үе байгаа юм. Манай өвөг дээдэс үйлдвэрлэл эрхэлж, арилжаа наймаа хийж л байсан. Илүүдэл юмаа бусдад борлуулах, дутуугаа авах солилцооны нийгэм шүү дээ. Энэ нь өнгөрсөн үед ч байсан, одоо ч мөн адил. Цаашдаа ч ийм замаар явах болно. Би ч энэ маягаар амьдарч явна. Бүх зүйлээ бусдаар хангуулаад амьдардаг үе ард хоцров. Хүн бүр, айл өрх бүр үйлдвэрлэл эрхлэх нь хүн төрөлхтний жам боллоо шүү дээ. Би сүүлийн 40-50 жилийн турш хувийн үйлдвэрлэл эрхэлж, чөлөөт арилжаа наймаа хийж явна. Ингэсний хүчинд өөрийгөө, үр хүүхдээ өлсгөлгүй, эд зүйлээр дутагдахгүй яваа.

- Та хэчнээн үр хүүхэд, ач зээтэй вэ?

- Хоёр хүү, хоёр охин, 13 ач зээтэй. Манай хүүхдүүд сургууль соёлыг сүйдтэй дамжсангүй дээ. Биднийг хэлмэгдэж явах үед үр хүүхдийг маань сургуульд суралцуулдаггүй, хасдаг, хавчдаг байлаа. Үүний улмаас өнөөгийн төвшний боловсролыг тэд маань эзэмшиж чадсангүй. Гэхдээ тэд бүгд хувийн үйлдвэрлэл эрхэлдэг. Өлсч цангасан нэгээхэн ч үгүй явна. Зах зээлийн нийгэм байгаа цагт тэд маань юухан хээхнээр дутахгүй байх гэж боддог шүү.

- Хүмүүс алтан гахай жил морилж ирэх нь хэмээн гуяа алгадацгааж байна?

- Өгөөжтэй сайхан жил болох байх. Гэхдээ энэ жил надад юм хайрлана гээд унтаад, идээд л суугаад байвал алтан гахай жил юу хайрлахав дээ. Тэр хүн өлсөнө, уруудна. Ажилласан, хөдөлмөрлөсөн хүнд л мөнгө, аз жаргал ирдэг. Эрмэлзэл, тэмцэлгүй хүнд алтан гахай жил туслахгүй байх аа. Алт өгнө гэж унтаж байгаад өлсч үхэвзэй гэж хэлье. (Инээв)

- Таныг оюун ухааны хаттай хүчтэй нэгэн гэцгээдэг. Үүнд голлон юу нөлөөлсөн байх вэ?

- Надад хүнээс илүү ухаан заяагаагүй. Миний аав хөдөлмөрч, шудрага, амьдралын бэрхшээлийг даван туулах чадвартай бай гэж сургасных болов уу. Үүнд миний үзсэн ном, сурсан сургууль нэмэрлээ биз ээ. Өөртөө итгэх хэрэгтэй. Бусдын чадсанаас илүүг хөдөлмөрөөр бий болгоно гэсэн үзэлтэй байх хэрэгтэй л дээ. Би хүнээс илүү бодож, дутуу унтсан байж магадгүй юм. Түүнээс биш ид шид надад үгүй, жирийн л нэг монгол хүний хүүхэд дээ.

- Таны аав малч удмын нэгэн байсан биз?

- Говь-Алтай аймгийн Алтайн нурууны урд үзүүр дэх Гичгэний нуруунд төрж өссөн малч удамтан байлаа. Баян тарган болно гэж худал хуурмагаар бодолгүй, өөрийн хөдөлмөрт итгэсэн хүн байсан юм. Хүн болж төрсний гол ноён нурууны нэг энэ байх. Шударга бус замаар мөнгө олох гэсэн хэн ч болов эцэстээ нурдаг шүү.

- Таныг би хугараагүй ноён нуруу гээд нэрлэхэд зөвшөөрнө биз дээ?

- Тэгж хэлж болно л доо. Хавчлага, шахалт, дарамтын дор байхдаа би зах зээлийг шударгаар мөрөөддөг байв. Ер нь зах зээпийн нийгэм гэдэг бол шударга байхыг шаарддаг. Хамгийн чухал зүйл бол хүний оюун ухаан шүү дээ. Тархи, толгой хүнийг авч явдаг болохоос бус хөл гар нь толгойг авч явдаггүй. Оюун ухаанаа цэнэглэж, байнга ажиллуулж байвал юунд ч хүрнэ. Асар их нөөцтэй уурхай. Үүнийгээ хаалттай болгосонд манай МАХН-ын буруу оршдог. Толгойг нь баглачихаад дөрвөн мөчийг нь зогсоо зайгүй хөдөлгөх маягаар ажиллуулж байв. Харин зах зээлийн нийгмийн үед хүн бүр өөрсдөө бие даан бодох эрхтэй болов. Хүн ажилгүй, арчаагүй байгаа нь тархи толгойноос нь болж буй хэрэг. Хүний баялгийг эд хөрөнгөөр нь бус тархи толгойгоор нь үнэлэх ёстой. Зах зээлийг таних, ойлгох түлхүүр энэ болов уу. Бид 1992 оны Үндсэн хуулиар баталсан эрх чөлөөгөө хайрлаж хамгаалах хэрэгтэй. Зах зээлийн хуулийг ч хурдан ойлгох ёстой. Дэлхийн зах зээл дээр Монголын нэрийг гаргах оюун ухааныг бидэнд байгаль дэлхий заяасан юм.

- Та бараг л гурван төрийн нүүр үзсэн хүн. Өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад алдсан, оносон зуйл арвин байж таараа?

- Хүн ямар нийгэмд өсч бойжно, тэр үеийнхээ араншинг дагадаг. Би насныхаа талаас илүүг социализмын үед өнгөрөөлөө. Ардын хувьсгалаас хоёрхон дүү хүн дээ. Аливаа юм хоёр талтай. Өнгөрсөн нийгмийн буян ч их. Нөгөөтэйгүүр Монголын ард түмнийг оюун ухааны нөөцгүй болгосон. Төрийн томчууд, Зөвлөлт гүрэнд үнэнч л зүтгэж байвал барав гэсэн аюултай сэтгэлгээтэй болгосон нүгэл бий. Харин хүн ардыг цагийн араншингаар дэлхийн, Европын соёлд суралцуулсан, эрүүлжүүлсэн сайн тал бий. Үүнийгээ хүчээр хийсэн. Гайгүй хэд хэдэн бүтээн байгуулалт ч бий. Өнгөрсөн нийгмийн гол аюул нь хүн өөрийн оюун ухаанаа чөлөөтэй ашиглах үүд хаалгыг хаасанд оршино. Үүнийг одоо давтаж болохгүй. Эрдэнэт, Оюутолгойн уурхайгаас илүү баялагтай уурхай хоёр сая гаруй монгол хүний толгойд бий. Энэ уурхайг ашиглаад барахгүй шүү. Идээд барахгүй энэ хоолыг нээмээр байна. Эрдэнэтийн уурхай шиг дуусахгүй. Маш олон үйлдэлтэй компьютерийг хүн зохиосон биз дээ. Үүнээс илүү хоёр сая зургаан зуун мянган толгой байна. Үүнийгээ л нээвэл монгол хөгжинө, дэвшинэ.

- Хувийнхаа амьдралд алдсан, оносныг чинь асуумаар байна л даа?

- Би өөрийгөө алдсан гэж боддоггүй. Коммунизмыг зөв хэмээх суртал ухуулгаар ажил амьдралаа эхэлсэн минь үнэн. Энэ нь амьдрал дээр хад мөргөв. Би улсын сангийн аж ахуйнуудыг зургаа, долоон жил удирдсан. Олон мянган хүнийг ажиллуулж байв. Шахаж шаардахгүйгээр сайн ажиллана гэж үгүй. Хэзээ эд нар маань нийгэмд шударгаар ажиллаж, хэрэгцээтэй бүхнээ авдаг болно доо гэж боддог байв. Энэ нь биелнэ гэдэг сэтгэшгүй мэт байлаа. Миний үзсэн онол, практик харшилдаж эхэлдэг юм байна. Эргэлзээ ч төрж эхэллээ. Айлгаж, хавчиж, мөнгөөр тэтгэвэл сайн ажиллахаас бус ухамсраараа ажиллана гэж үгүй. Ер нь хүний ходоодонд олигтойг хийж байж хөдөлгөдөг юм билээ л дээ, энэ нийгэм чинь. Энэ бүхнийг тухайн харанхуй нийгэмд илэн далангүй хэлсэн. Энэ миний алдаа биш байсан юм.

- Намын эсрэг бүлэг гэгч зохиомол хэрэг чинь 1964 онд гар луу?

- Тийм. 1957 онд гарсан сэхээтний төөрөгдөл хэргийн үргэлжлэл байсан юм. 1964 оны арванхоёрдугаар сарын намын бүгд хурал дээр Ц.Нямбуу, Б.Сурмаажав бид гурав Ю.Цэдэнбалын ажлыг зорилго, чиглэл, арга буруу байна гэж шүүмжлээд буруудсан даа. Түүний нэг буруу арга бол төрийн өндөр дээд албан тушаалд нутаг нугыг харгалздаг байсанд оршино. Мөн өөрийг нь магтан сайшаасан нэгнээр өөрийгөө тойрон хүрээлүүлж, авьяас чадвартныг түр ашиглаад золигт гаргадаг байв. Энэ аргаа Бал дарга та өөрчил, үгүй бол боль доо гэж бид гурав хэлсэн хэрэг. Ингээд л хэлмэгддэг юм байна. 25 жил тамлагдсан даа. Гэхдээ одоо юунд ч гомдохов дээ. Бидний санаж бодсоныг олон хүн төсөөлж байсан ч хэлж чаддаггүй нь харамсалтай байлаа.

- Ю.Цэдэнбал даргатай та үзэл бодол нийлээгүй нэгэн. Гэхдээ нам төрийн удирдагч байсан түүнд сайн зан чанар байсан биз. Үүнийг дурсвал ямар вэ?

- Ю.Цэдэнбал хөөрхий, ялгаагүй л монгол хүн. Түүнд улс, эх орондоо хийсэн зүйл байлгүй яахав. Нойр хоолгүй 40 гаруй жил ажилласан гэж болно. Ард түмнийхээ  эрх ашгийг дутуу бодож байсан тал бий. Зөвлөлтийг хэт шүтэж байв. Хийсэн ажилдаа алдаа гаргаснаа ойлгоогүй нь л хамгийн харамсалтай. Алдааг хэн ч хийдэг. Үүнийгээ ойлгож ухамсарлах чухал шүү дээ. Тэгж чадаагүй нь гутамшигтайгаар дуусдаг л даа. Түүнийг юу ч бүтээгээгүй нэгэн гэж өнөө үеийнхэн хэлж болохгүй.

- Яриагаа өөрчилье. Монгол хүний хувьд та өндөр насыг зооглоод байна. Мартах, санахгүй байх явдал тохиолддог уу?

- Хүний байгалийн хөгшрөлтийг хэн ч зогсоож чадахгүй. 50, 60 настай залуухан үеийг 84 настай минь зүйрлэж болохгүй. Харин оюун ухааныг хүн жолоодож болно шүү. Сэтгэлээ сэргэлэнээр жолоодож явбал гайхамшгийг эс бүтээсэн ч гутамшгийг үл үзэх нигууртай. Нас дээр гарсан ч оюун ухааны нөөц барагддаггүй юм. Миний санах, сэрэх алга болох цаг ч арай болоогүй ээ. Хүн ажиллаад, хөдөлмөрлөөд, сэтгээд байвал хэвээрээ л байх болно.

- Өөр юу нөлөөлнө гэж?

- Биеийг эрүүл байлгах хэрэгтэй. Бие доройтвол эд баялаг, оюун ухаан талаар болно. Биеэ мэдэж, өвчинтэй тэмцэх хэрэгтэй. Байнга дасгал сургууль хийхийг зорь. Эрүүл байх гурван нөхцөл байдаг.

- Нэрлэнэ үү?

- Зөв хооллох, зөв орчин, цэвэр агаарт амьдрах явдал. Эцэст нь өгүүлэхэд байнгын хөдөлгөөн хэрэгтэй. Хөдөлгөөн зогсвол бүх булчин шөрмөс, оюун ухаан сулардаг.

- Таны өдрийн дэглэмийг сонирхож болох уу?

- Би сүйдтэй хатуу дэглэм барьдаггүй. Бага унтдаг, эрт босдог л хүн.

- Хоолны дэглэм гэж бий байх?

- Би өглөө босоод витаминлаг маягийн бага зэргийн хоол иднэ. 11 цагийн үед биеийг сэргээх чанартай кофе, байхуу оочно. Өдрийн 13-14 цагийн үед шөлтэй сайн хоол иддэг. Оройн 17 цагийн орчимд биеийг сэргээх хөнгөн зууш, цай хэрэглэдэг. үдэш 19-20 цагийн үед нүүрсхүчил бүхий хоол хэрэглэдэг. Ер нь хоолны 70 хувь уураг, үлдсэн нь нүүрсхүчил, эрдэс бодис, витамин байвал зүгээр л дээ. Ингэж л хооллох хэрэгтэй. Эдгээрийг яс биелүүлэхгүй ч бодож явах нь зүгээр.

- Монгол хүн учраас мах, өөхийг дажгүй цохичихно биз?

- Залуудаа мах идэж явлаа. Нас ахих үед бие организм маань хүлээж авах нь өөр болчих юм. Махыг төлөөлдөг уураг зөндөө байна шүү дээ. Шоколад, вандуй, буурцагт ургамлууд байна. Махнаас авдаг уургыг ургамлын гаралтай, шингэц сайтай, хөнгөн хоолоор нөхөж болдог. Манай гэр бүлийнхэн зөв хооллосны үрээр сүүлийн арван жилд эмнэлэгт очихоо больсон дог. Дэлхийн хөгжилтэй улс оронд хүн нас барахаа байх нь. Дундаж наслалт 80-90 байна. Зөв хооллосны хүч. Үүнийг төрийн бодлого болгон явуулсан байхгүй юу. Бие ухаан саруул ийм хүмүүс улс орондоо асар их хөрөнгө оруулалт хийж байна. Манайд болохоор 60 нас хүрэнгүүт нь хэвтүүлэх юм. Дандаа юу ч мэдэхгүй хүүхдүүд гарч ирэхээр улс орон яаж ч хөгжихөв дээ. Сүүлийн үеийн манай МАХН-ын нэрээр гарч ирсэн удирдах нөхдүүд хүмүүсийн харанхуй, бүдүүлэг байдал дээр түшиглэж, ам руу нь мөнгө чихэж байгаад өндөр албан тушаалд гарч ирэх боллоо. Юм мэддэг нэгийгээ хог дээр хаяж байгаа нь өнөөгийн төр засгийн гутамшиг. Хоцрогдоп дээр тулгуурлан гарч ирсэн зальхай хэдэн түшмэдүүд төрийн баялгийг эзэмшиж эхэллээ. Олон түмэн тоглоомын хүүхэлдэй шиг төрд ашиглагдах болов.

- Та бухимдаж байх шиг байна. Бид ч мөн адил. Түрүүн ярьснаа үргэлжлүүлье. Та хэр гүйдэг вэ. Хөнгөн шингэнбайдал тань ингэж асуухад хүргэлээ?

- Онцгой их гүйгээд, гимнастик хийхдээ гол бус. Явган явах л их чухал. Өдөрт 5-15 км явган явбал маш сайн. Бүх төрлийн гимнастикийг орлоно. Би 40 наснаасаа хойш явган явахыг хичээх болсон. Болж өгвөл өглөө 5-6 км явган явдаг. Өдөр, орой ч гэсэн. Би шоронд таван жил  байсан. Өдөр бүр 15-25 км явган явдаг байжээ. Бүх хөдөлгөөнийг нөхдөг эд шүү дээ.

- Урлаг спортод хэр вэ?

- Ажлаасаа шалтгаалаад гүн шимтээгүй. Гэхдээ ихэд хүндэтгэдэг, бас сонирхдог. Урлаг хүний оюун ухааныг гойд хөгжүүлдэг увидастай. Хүнийг аашлуулж, уйлуулж, уярааж чаддаг биз дээ. Харин утга учиргүй орилж дуулахыг манай дээр үеийнхэн сайшаадаггүй байв. Зөвхөн баяр ёслол дээр дуулах ёстой, бусад цагт дуулбал ажилгүй хүний явдал болно гэлцдэг байв. Одоо манайхан ухаанаа гээгээд булчингийн хүчний бөх, дуучин хоёрыг л үнэлдэг болжээ. Оюун ухааны хүн үнэлгээгүй байна. Энэ явдлыг эргүүлж солих хэрэгтэй.

- Гэхдээ бөх сонирхоно биз?

- Тэгэлгүй яахав. Шашныг ч хүндэтгэнэ. Манай хоёр Мөнх аварга байна. Эдүгээгийн сүмогийн их аварга Дагвадорж байна. Эр биед олдсон бяр чадлаа оюун ухаанаар тэтгэсэн нь ийм амжилтад хүргэж буй хэрэг. Ухаангүй хар хүч хаа явахав дээ. Д.Хадбаатар аварга ухаан дутсанаас хоёр Мөнхийн зиндаанд хүрээгүй л дээ.

- Та хэр шүтлэгтэй вэ?

- Би бурхны шашин шүтдэг гэр бүлд төрсөн хүн. Энэ шашныг амьдрал дээр бишрэх, шүтэх тохиол болсонгүй. Шашингүй нийгэмд амьдарч явсны минь та бүхэн мэднэ. Бид шашин хүнийг бий болгоогүй, хүн шашныг бий болгосон гэдгийг санах хэрэгтэй. Манж хятадууд Монголыг мохоох, дайчин эрэмгий чанарыг нь үгүй хийх гэж улс төрийн бодлогоор шарын шашныг нэвтрүүлсэн. Түүх, ёс заншил, ард түмний сэтгэлгээ энэ шашнаар дамжиж ирсэн болохоор ор үгүйсгэж болохгүй.

Энэ шашин эцэстээ зүгээр сууж байгаад мөнгө олдог лам нарын арга болох нь. Алгаа пад, хормой дүүрэн мөнгө, мөн үү (инээв). Энэ ч болохгүй байх аа. Өмнө нь Монгол улс сөнөхийн ирмэг дээр очсон. 700 гаруй сүм хийдтэй. Олонхи эрчүүд нь сүм хийдэд суугаад ажил хийх хүнгүй, хүн амын өсөлт доод төвшинд очиж байсныг мартаж болохгүй. Социализмын үеийн гавьяа бол энэ бүхнийг арилгаж, хүн амыг өсгөсөнд оршино. Одоо шашнаа сэргээж буй нь энэ гээд газар сайгүй суварга, сүм хийд босгох боллоо. Хайран мөнгийг дэмий шавар босгоход цацах юм.

- Ингэж хэлэхээр танд олон хүн дургүйцах байх даа?

- Суврага босгохын оронд үйлдвэр байгуулах хэрэгтэй. Орон сууц, байшин босго л доо. Амьдралд бодитой хандья.

- Таныг гэргийн хамт алаг салат хийж борлуулдаг гэж сонссон?

- Өнөөдөр ном сонин дээр гарсан технологийн дагуу нь энэ салатыг хэн ч хийж болно. Даанч санаачилга алга. Би дөрвөн жил гаруй салат хийж байна. Оны өмнө уншсан лекцийнхээ үеэр 300 гаруй салат борлуулсан. Цагаан сарын үеэр дандаа мах идвэл сонирхолгүй биз дээ. Ногоо холих хэрэгтэй. Өнгөрсөн амралтын өдрүүдээр 100 салат хийгээд бэлдчихлээ.

- Ямар үнэтэй борлуулдаг хэрэг вэ?

- 1000 төгрөгөөр. Манай Монголын ногоо бусад орныхоос хамаагүй давуу амт чанартай. Далайн төвшнөөс дээш 1500 метрийн өндөрт, хуурай орчинд ургасан болохоор тэр. Бид өөрийн Сэлэнгийн ногоогоор хийж болно. Миний ногоог идээд амтархсан хүн захиалгаа өгдөг л дөө. Монгол хүн, айл бүр ингэж болно. (Тэрээр надад алаг салат бэлэглэв. Тавган дээр нь “Өөрсдийнхөө хийсэн зүйлийг хэрэглэж байж өөрийн эх орноо хайрлах болно” гэж бичсэн байлаа).

- Хаанахын технологиор алаг салатаа хийв?

- Болгарын үйлдвэрийн технологиор. Энэ салат дээр миний нэр, утасны дугаар бий. Хүмүүс хордвол үүгээр баримтлаж намайг цагдаад өгч болно шүү (инээв). Хэрэглэгчээ хүндэтгэж буй минь энэ.

- Таныг цөллөг, шоронд байхдаа элдэв гөлөм, эмээл хийдэг байв гэж сонссон юм байна?

- Би нэг сард 1500-2000 төгрөгийн цалинтай нэгэн байснаа огт цалингүй хөдөөний хүн болж хувирав. Амьдрахын тулд хүний газар, гүний хошуунд янз бүрийн зүйл хийж байлаа. Одоогийн зах зээлийн хүмүүс хүний хэрэгцээг л мэдрэх, судлах хэрэгтэй. Би эхлээд хурганы арьс элдсэн. Дараа нь гөлөм хийв. Сүүлдээ эмээл, алт мөнгөний дархан, будаг шунх юу эсийг хийсэн гээч. Би уран удгандаа бус амьдрах гэж хүнд хэрэгтэй болгоныг хийж явлаа.

- Хотод орж ирээд хэдэн жил жолоо мушгисан байхаа?

- 1990 онд Ц.Нямбуу, Б.Сурмаажав нарын бидний хэдэн нөхөд цагаадав. Засгийн газрын баазаас бидэнд хар өнгийн 24 машин худалдлаа. Түүгээр нь зургаан жил өдөр шөнөгүй халтуур хийж байсан юм. Тэр үед машин цөөхөн байсан болохоор овоо мөнгө олж байсан.

- Цагаан сар ч дөхлөө дөө?

- Дээр үед цагаан сарыг баян хүний бахдал, хоосон хүний хохь гэдэг байв. Энэ байдал одоо давтагдах нь. Цагийн аясаар энэ их баяраа шинэчилэхсэн. Ураг удмаараа цуглардаг, төр ёсоо дээдэлдэг үндэсний баяр л байхад болно. Учиргүй их ууж идсэн, бэлэглэсэн байх нь зохимжгүй.

- Та ууц тавьдаг биз дээ?

- Энэ жилээс ууц тавихгүй. Хоньгүй байж ууц тавиад юу хийхэв. Хоньтой үедээ тавьж л байв. Ууцанд хүмүүс хутга бариад ойртож чаддаггүй, огтлоод иддэггүй. Үүний оронд би адуу, үхэр, хонь, гахай, тахиа, загасны мах чанаж бэлтгэнэ дээ. Ногоо цагаатай хольчихно.

- Цагаан сарын босгон дээр бусдад юу захих вэ?

- Сайхан шинэлээрэй. Цагийг хайрлаж яв. Хамгийн үнэтэй зүйл энэ. Оюун ухаанаа хөгжүүлэхэд цагийг зөв ашиглавал өнөөдрийн гачигдлыг даван туулах болно.

Ярилцсан Б.Цогнэмэх

Ээж уургүй, аав архи уугаагүй байгаасай

Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ (2009-05-19)
-Энэ бол найман настай Ганаа хүүгийн мөрөөдөл-
Бидний амьдралын хэв маяг, амьдрах арга ухаан өөр өөр. Нэг нь баян, нөгөө нь ядуу, зарим нь ухаантай, овсгоотой байхад нэг хэсэг нь арчаагүй байх юм. Ийм л нөхцөлөөс шалтгаалан нийгэм бүрдэж амьдрал өрнөсөөр.

Үр хүүхдээ тэжээж, хайраар дутаалгүй өсгөн хүмүүжүүлэх нь эцэг, эхийн гол үүрэг. Харамсалтай нь ядуусын давхаргад энэ үүрэг эсэргээрээ үйлчилдэг. Хүүхдийн мөнгө олгож эхлэхээс өмнө дөнгөж төрсөн үрээ гудамжинд хаях нь элбэг байлаа. 1990 оны үед бүр ч их байсан. Харин төрөөс сар бүр 3000, улиралд 25000 төгрөг олгох болсноор ядуус хайрлах сэтгэлээр бус бээлийн чинээ амьтнаар тэжээлгэх гэж тэднийгээ хажуудаа үлдээх болсон нь нууц биш. Тиймээс төрийн хишиг эзэндээ хүрэх нь бага. Тэд сар бүр авах ёстой мөнгөө  аав, ээждээ төлөөс болгон өгдөг ч байж болох. Ингээд зогсохгүй  энэ хүүхдүүд багаасаа хөдөлмөр эрхэлж амьдралын хар бараантай дэндүү эрт танилцдаг. Ийнхүү олсон мөнгөөр нь бор хоног, шар нарыг аргацааж буй өрх цөөнгүй. Өглөөнөөс үдэш болтол шил, лааз түүж, гудамжинд дуу дуулж, зах дээр телевизийн мэдээ, өндөг зардаг тэд мөнгөний үнэ цэнийг томчуудаас дутахааргүй мэдэрсэн байдаг. Ийм жаалуудын нэг нь Ганаа. Улсын их дэлгүүрийн зүүн хойно дүүгээ тэврэн өдөржин дуу дуулж, гуйлга гуйна.

Түүний амьдралын нэг өдөр гуйлга гуйснаар эхэлж мөн үүгээр өндөрлөнө. Өөрийгөө болоод өрөөлийг /аав, ээж, дүү/ тэжээх ганцхан арга нь энэ болохоор яалтай.
Эцэг, эхийнхээ гараас хөтлөөд сургуульд явж, амттанд бялуурсан  үеийнхэндээ тэрбээр битүүхэн атаархдагаа нуугаагүй. Хүү сургуульд сурах нь битгий хэл энэ үгийг гэртээ хэлэх ч хориотой. “Айлын том хүү байж чи гэр бүлээ тэжээх ёстой” гэж ээж нь загнана. Тэр дөнгөж наймхан настай. Гэрийнхнээ тэжээхийн төлөө бие, сэтгэлээ зовоож явах нас нь биш. Хайранд өлгийдүүлж, халамж хүртэн, сурч боловсрон, эх орноо сайхнаар төсөөлж гэнэн томоогүй мөрөөдөлдөө хөтлөгдөж явах насандаа хүү дэндүү хүнд ачаа үүрчээ.

Өмнөө тавьсан хайрцагныхаа ёроолыг ширтэн хоолойгоо сөөтөл өдөржин дуулна. Хоолой нь өвдөөд бүр сөөнгөтчихж. Гэсэн ч ажрахгүй дуулсаар л. Тэгснээ хажууд нь ажиж зогссон намайг харан жаахан гайхаснаа “Хэд хоног дуулахгүй байж байгаад дуулахаар ингээд хоолой сөөчихдөг юм. Маргааш гэхэд зүгээр болчихно” гээд инээв.

“Аав намайг аавын хүү гэдэг
Ээж намайг ээжийн хүү гэдэг
Аавын ч хүү, ээжийн ч хүү мөн дөө би” гэж дуугаа үргэлжлүүлэв. Инээмсэглэл түүнд хэчнээн их үнээр олдоно вэ.
Гудамжаар холхих хүмүүс түүний хайрцганд мөнгө хийх нь цөөн. Хийлээ ч хамгийн ихдээ 100-тын дэвсгэртээс хэтрэхгүй. Зарим нь зүгээр л шидэж орхино. Салхинд мөнгө хийсэж унахын завдалгүй Ганаа түүнийг шүүрч амжина. Мөнгөө авангуутаа “Баярлалаа ах аа, эгч ээ” гэхээ мартахгүй. Гэвч баярлалаа гэх тэр үг хүмүүст юу ч биш нь илт. Хайрцган дахь мөнгө нь 500 дөхөөд ирүүт тэрбээр хамж халааслаад аравт хорьтын задгай төгрөгөө үлдээнэ. Энэ нь түүний мөнгө олох нэг арга нь. Ийнхүү том дэвсгэртүүдийг нь түүгээд авчихаар хүмүүс “хэн ч мөнгө хийгээгүй юм байхдаа гээд намайг өрөвдөж мөнгө  өгдөг байхгүй юу. Гэхдээ би хүмүүсээр өрөвдүүлж, гуйлга гуйх дүргүй ээ. Сургуульд сурч эрдэм номтой хүн болоод сайхан амьдармаар л байна. Даанч манайх намайг сургуульд явуулж чадахгүй. Эхэндээ ээж “Хүүгээ сургуульд оруулна гэдэг байсан. Харин одоо бол сургуульд оръё гэж хэлэхээр уурлаад, сургууль гэж битгий ярь. Бидэнд чамайг сургах мөнгө битгий хэл өнөөдөр идэх хоол ч алга гэдэг. Түүнээс хойш би ээжийгээ зовоохгүй гэж бодоод юу ч ярихаа  байчихсан” гэж хэвлүүхэн ярих хүү өлсөж байгаа нь илт. Өглөөнөөс хойш юу ч идээгүй бололтой. Түүнтэй хэдхэн хором ярилцав.

-Чи энд /Их дэлгүүрийн зүүн талд/ өдөр бүр ирж дуулдаг уу?
-Үгүй ээ. Хааяа л ирнэ. Заримдаа Төв шуудангийн тэнд суудаг юм.

- Өдөржин суугаад хэдэн төгрөг олдог вэ?
– 4000 гаруй л.

– Яг одоо хэчнээн төгрөгтэй болчихов /12.30 минут/.

-100-тын дэвсгэрт ес байна. Тэгэхээр …/жаахан бодлоо/

-900 болно.
-Өө нээрээ тийм. Би уг нь 2000-ын дотор тоо бодож чадна.

-Чи өдөрт олсон мөнгөө юунд зарцуулдаг вэ?
-Гэртээ талх, масло, элсэн чихэр, мах, будаа гээд мөнгөндөө тааруулаад л юм авдаг. Заримдаа мөнгө илүү гарвал дүүтэйгээ чихэр, ундаа авч уудаг. Тэр өдөр бол нар гарлаа л гэсэн үг.

- Яагаад нар гарлаа гэж?
– Яахав дээ. Өдөр бүр чихэр идэх биш /инээв/.

-Чамаас өөр гэрт чинь хоол унд авчирдаг хүн бий юү?
-Байхгүй ээ. Ээж өвчтэй болохоор гадуур гарч чаддаггүй. Миний аваачсаныг л идээд унтдаг.

- Ингээд гуйлга гуйгаад дуулж байхад хүмүүс яаж ханддаг вэ?
-Эмээ нар ач зээгээс минь юуны ялгаа байх вэ гээд идэх юм, мөнгө өгдөг. Бас миний үеийн хүүхдүүд хажуугаар өнгөрөхдөө хайрцганд мөнгө хийнэ. Харин зарим хүн гудамжны золбин юмнуудад яасан гэж мөнгө өгөх юм бэ гэж уурладаг. Ер нь янз янз даа.

- Ингэхэд чиний мөрөөдөл юу вэ?
-Гэртээ ороход ээж уургүй, аав архи уугаагүй л байгаасай гэж боддог. Энэ л миний мөрөөдөл.

- Үүнээс өөр  мөрөөдөл байхгүй гэж үү?
-Урд нь сургуульд л явахсан гэж мөрөөддөг байсан. Одоо бодохоо больсон.

-Ингэхэд аав, ээж чинь юу хийдэг вэ?
-Юу ч хийдэггүй ээ. Ажил олдохгүй болохоор гэртээ байдаг.

- Чи ийм жаахан байж дүүгээ авч яваад, унагавал яана.
-Гайгүй ээ. Би өдөр өдрөөр өсч байгаа. Арай унагачихгүй байлгүй дээ.

- Ямар зоригтой юм бэ?.
– Эр хүн аймхай байвал эр хүн биш болно гэж манай найзууд хэлдэг.

-Тийм үү. Чамтай адилхан дуу дуулж мөнгө олдог хүүхэд хэр олон бол?
-Олон байдаг байх аа. Би сайн мэдэхгүй. Энд тэнд тааралдаж л байдаг. Би өөрөөсөө ах хүүхдүүдээс айдаг. Зугтахгүй бол мөнгө булаадаг.

-Гэр чинь хаана байдаг вэ. Эндээс хол уу. Та хоёрыг хэн нэгэн ирж авдаг уу?
-Гэр тийм ч хол биш яг хаана байдгаа хэлмээргүй байна.

“За би явлаа та зөндөө юм асуулаа шүү дээ” гэж цааргалснаар бидний яриа өндөрлөв.
Ганаатай адилхан хувь заяатай хүүхэд олон бий. Жаахан биедээ дэндүү ахадсан ачаа үүрсэн тэд ганц олдох амьдралаа хэний ч үл хайхрах тэр ертөнцөд өнгөрүүлж байгаа нь дэндүү харамсмаар.
Тэр зам хөндлөн гарахдаа хоёр тийшээ болгоомжилж харсаар дүүгээ тэврэн гүйв…

Ядуу амьдралд хөл тавиад арваад жил боллоо. Одоо нэг сайхан амьдарч үзэх юмсан

Бэлтгэсэн Г.БАТЦЭЦЭГ (2009-05-17)

Өнөө цагийн нийгмийн ороо бусгаа амьдралд хөлөө олж чадахгүй ядруухан амьдарч яваа гэр бүл олон бий. “Ийм нэгэн амьдрал” буландаа урьсан хүмүүс тэдний л адил. Энд тэндхийн хог түүж, олсон мөнгөөрөө амиа зогоосон олон хүнийг хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөв. Тэр өдөр би тэдний дунд байж, амьдралыг жинхэнэ бодитоор нь мэдэрч, өөрийн нүдээр харж, бичихийг хүслээ.

Зарим нэг нь амьдралдаа гутарч, амьдарч буй энэ нийгэмдээ бухимдсандаа архи уун орилж, хашгирч, агсам тавьж, уйлах юм. Хэн ч тэднийг тоосонгүй ээ. Даанч өрөвдөлтэй. Өмссөн хувцас нь хиртэй, зүс царай нь гундуухан хөөрхийллтэй.  Амьдарч байгаа оромж нь хамар сэтлэм жигтэйхэн өмхий үнэртэнэ.  Даанч  дээ нэгэн зуунд дэлхийн хагасыг донсолгож явсан Чингис хааны минь байгуулсан хүчирхэг Монгол Улс өнөөдөр иймэрхүү дүр зурагтай Азийн цээжинд оршиж байна гэж үү дээ гэж бодохоос гутрах сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Тэднээс хэдхэн алхмын цаана хангалуун амьдрал  үргэлжилж байх юм.

Олсон мөнгөндөө баяжиж цадсан, цатгалан цамаан хүмүүс ярвайн  дэргэдүүр нь дээгүүр харан өнгөрнө. Яагаад ч юм, тэдний дунд ярилцаад сууж байхдаа хүйтэн харц, доромжлол амсан гадуурхагдаж, ад шоо үзэгддэгийг мэдрэв. Тэр олны дундаас зах зээлийн хүнд хэцүү амьдралын шуурганд өртөж, орон гэргүй болж, аргагүй эрхэнд хүсмээргүй  “дорд үзэгсэд”-ийн ийм амьдралд хөл тавьсан нэгэн гэр бүл сонирхлыг минь татав. Тэр гэр бүлтэй ярилцмаар санагдсан хүсэл минь намайг хатгаад ер зүгээр суулгасангүй.

“Бидний амьдралаар бах таваа  хангах гэж ирээ юу, чи” гээд зодож нүдээд, хөөх вий гэж айж байсан айдас минь аажим аажмаар ул мөргүй алга болов. Гайхмаар шүү. Оромжиндоо намайг уриалгахнаар урилаа. Нүдээрээ анх удаа харсан хамгийн хэцүү амьдралтай айлын босгоор анх удаа сэтгүүлч би вээр хөл тавьж, зочиллоо. Үнэн бодит амьдралаа тэд надаас огт нуусангүй.  Гэрийн эзэнтэй амар мэнд мэдэлцэж, жаал ярьж суув. Дараа нь дотор сэтгэл рүү нь өнгийлөө.

Тэдний сэтгэлийн тулганд амьдралын төлөө зүтгэсэн итгэлийн гал асч, нүдэнд нь  аз жаргалтай, сайхан амьдралыг хүссэн хүсэл байгааг  гунигтай харцнаас нь олж харсан шүү. Төсөөлж, бодож байснаас минь огт өөр сэтгэлтэй хүмүүс байсанд баярын нар цээжинд минь гийгээд ирэв.

“Ямар нэгэн байгууллага биднийг муу гэж гололгүй орон гэртэй болгоод, ажил төрөлд авбал итгэлийг нь дааж, үнэнчээр ажиллаж чадна. Охиноо ухаан орохоос өмнө өөрсдийнхөө ядуу зүдүү амьдралыг харуулахгүй юмсан. Бид охиныхоо ирээдүйн сайн сайхны төлөө ямар ч ажил байсан гололгүй хийнэ” хэмээн нэгэн зэрэг хариулсан тэднийг өгөөмөр, халуун дотно сэтгэлээр хандан,  амьдрах урам хайрлаж, тусламжийн гараа сунгаач, Монгол ахан дүүс ээ. Тэд таны, та нарын итгэлийг алдахгүй гэдэгт би итгэлтэй байна. Бид Монгол хэмээн улсын нэгэн дээвэр хамтдаа амьдарч яваа хүмүүс шүү дээ. Ингээд иргэн Ж.Алтангэрэл, Н.Саранцэцэг нарын гэрт зочилж, ярилцсанаа толилуулъя.

-Та хоёр ийм амьдралд хөл тавихаасаа өмнө ямар ажил хийдэг байв?
-Ж.А:
Би 0230 дугаар ангид цэргийн алба хаасныхаа дараахан B, C ангиллын жолооны сургалтад суралцаж, 1992 онд Цахилгаан тээвэр компанид ажилтнаар орсон. 1993 онд долоон буудал, вокзал чиглэлийн шугамд явдаг байхдаа санамсаргүй байдлаар аваар гаргасанд таван жилийн хугацаатай ял өгч, шоронд хорьсон. Санамсаргүй хэрэг байсан болохоор хугацаанаасаа өмнө суллагдаж,  1997 онд “Монкор” автобус баазад ажилд орсон юм. Ажилд орсны дараахан гэр маань шатаж, надад миний гэх юу ч үлдээгүй дээ. Үнэнийг өгүүлэхэд орон гэргүй амьдралд хөл тавиад арваад жил боллоо.

-Н.С: Хязгаарын цэргийн ангид ахлагч цолтой байлаа. Тухайн үед аав, ээж маань хорвоог орхиж, ар гэрийн гачигдлаар ажлаасаа гарсан. Түүнээс хойш автобус баазад хоёр, гурван жил кондуктор хийж байв. Зах зээлийн үед ажилгүй болсон тийм л хэцүү цагт бид нэг нэгнээ олсон.

-Орон гэргүй, ядуу зүдүү амьдралаар 10 гаруй жил амьдрах хэцүү байгаа биз..
-Ж.А:
Тийм ээ. Хүнд байнга дарамтлуулж, нүд үзүүрлэгдэн, дорд үзэгдэж, шоовдор хүмүүс шиг амьдрах үнэхээр хэцүү. Зуны халуунд халж, өвлийн хүйтэнд даарч өвдөнө.  Тэсвэрлэшгүй хүнд амьдралыг жилийн дөрвөн улиралд туулна гэдэг амаргүй ээ. Би Увс аймгийн Давст сумын харьяат. Нутаг усандаа очъё гэж хүсэвч ядмаг амьдралтай болохоор чадал хүрэхгүй юм. Хэдий ядуу амьдардаг ч гэлээ худлаа хэлж, хулгай хийхгүй шударга байхыг хүсдэг. Caяхан хэсэг залуус машины толь хулгайлж байхыг хараад цагдаад хэлж  баривчлуулсан. Цагдаа нар биднийг авсан гэж хардана шүү дээ.   Биднийг доромжлох хүн мундахгүй олон. Олсныг минь дээрэмдээд, зодож нүдээд явдаг хүн ч их бий.

-Энд тэнд явж байхад та охиноо тэвэрчихээд дуулж байгаа харагддаг. Хэр мөнгө олдог вэ?
-Монголд сайхан сэтгэлтэй хүмүүс их бий. Дуулж байхад тавь, зуун  төгрөг хармаанаасаа харамгүй гаргаад өгдөг. Миний хувьд сэтгэлээсээ өгч байгаа өглөгийг нь гололгүй авдаг.

-Яриаг чинь сонсоод байхад та нар гутарсандаа ийм амьдралыг сонгоогүй юм шиг санагдлаа…
-Н.С:
Нийгэм хэцүү үед гэр маань шатаж, аргагүй эрхэнд орох оронгүй болсон доо, бид. Өнөөдөр ч гэсэн  нийгмийн хүнд амьдрал Монголоос салаагүй. Мөнгөтэй нь өөдлөөд, мөнгөгүй нь балчиг амьдралдаа элгээрээ туйлдаж, мөлхөж байна. Ядуурал буурлаа гэж яриад байгаа ч үнэндээ буураагүй, улам ихэссэн. Өмнө нь бидэнд хангалттай юм олддог байсан бол ойрын хэдэн жилд олдох нь ховордож, ядуу амьдралтай хүмүүс ихэссэн. Хог дээрээс түүдэг зүйлээсээ болоод хоорондоо зодолдоно, муудалцана. Олон хүнийг Монголын нийгэм ийм болгосон. Энэ амьдралаа өөд нь татъя гэж Соросын сангаар хүртэл явж үзсэн.

Тоодон

Б.МӨНХГЭРЭЛ (2008-08-18)
“Ийм нэгэн амьдрал” булангийн энэ удаагийн “зочин” Д.Баасанхүү гуайтай би өнгөрсөн өвөл Ганданд мөргөхөөр очихдоо тааралдаж билээ. Сааралтсан тэнгэрээс цас нэг хоёроор хаялж, тоост их хот дүнсгэр дээрээ бүр ч дүнсгэр болчих шиг санагдсан тэр жихүүн өглөө сэтгэлд хурсан гунигаа үргээх гэж тийш зүглэсэн юм. Гандангийн өмнөх талбайд хүний гараас будаа горьдох тагтаа, хүйтэнд даарч, бээрсэн “будаачин”-гууд гээд нэг хэвийн төрхөөрөө угтав…

Хорвоо дээр олон янзын ариншинтай, олон ч хүн амьдрах. Нүгэл буян хоёр сөргөлдөж байдаг мөртлөө нүд нүдээ харалгүй зөрөлдөж явдаг орчлонд жаргалдаа хэт ташуурч балмад авир гаргах нэгэн байхад, зовлонгийн өмнө өвдөг сөхөрч, амьдралаа алддаг нь бий. Тэгвэл зовлон гэгч ерөөс байхгүй хий хоосон зүйл гэнэ. Би зовж байна гэх хэн нэгний дотор л оршдог гэж Тоодон надад хэлсэн. Тэр байгаа амьдралдаа сэтгэл ханалгүй, байхгүйн төлөө бачуурагч биш.

Тиймдээ ч нүүрэнд нь үргэлж инээмсэглэл тодорч явдаг биз. Түүний амьдралын хэмнэл болоод өдөр тутмынх нь хийдэг зүйл, будаа зарж амьдралаа залгуулдаг бусдын л адил. Шинэ өглөө нь ч гэсэн цайныхаа дээжийг ханьдаа барьдаг монгол эмэгтэйн нэгэн адил. Гэвч түүний дотоод ертөнц бусдынхтай адилгүй.

Саяхны нэг өдөр гандан орлоо. Хаалгаар нь дөнгөж оруут л ”Будаа аваач! Будаа аваач!” гэж гуйх, шаардахын аль нь мэдэгдэхгүй хашгичих хүүхэд, хөгшид угтадгаараа. Ямар нэг тааламжгүй зүйл тохиолдсон үедээ л бурхан байдгийг санан, буян нэхэж, хүрд эргүүлэх цөөхөн хүнээс өөр онцлох зүйлгүй төв хийд зэврүүн дүнсгэр. Мөргөхөөр ирсэн сүсэгтнүүд бурхнаас авахыг хүссэн бүхнээ гуйхаас биш, авсандаа баярласнаа илэрхийлсэн нь хэд бол. Тэдний л адил залбирсан би дараа нь шувуу хооллохоор очив.

”Өнөө муу Тоодонг ирэхээс өмнө будаагаа зарчих юмсан. Муу Тоодонг өрөвдөж будаа авахаас манийг ямар тоох биш” гэж будаа зарж буй хэдэн хүн ярилцах нь чих дэлсэв. Яагаад ч юм бэ надад тэдний орлогыг хаагч Тоодонг нь харах хүсэл төрөөд явчихав. Удсан ч үгүй жижигхэн майга хөлөндөө маажиг ягаан гутал өмсөж, томдсон гадуур хувцсандаа түүртэн алхах хүүхэд шиг биетэй ч эмгэн шиг царайтай одой хүн нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар ирэв.

Тэр инээмсэглэлийг би маш тод санаж байна. Хоёр дугаар ангид байсан санагдана. Эмээтэйгээ хамт өвлийн гутал хайж сумын хэдэн дэлгүүрийг дуустал явлаа. Таалагдсанаас таарах нь ер олдоогүй юмдаг. Хэд хоногийн дараа миний авахыг маш их хүссэн ч хөл орохгүй багадсан гутлыг манай тэндхийн тоодон Д.Баасанхүү гуай өмсчихсөн явж байж билээ. Миний атаархсан гэж. Бараг л уйлсан байх. Арга ч үгүй биз дээ. Эсгий гуталнаас өөр гутал олдоогүй юм чинь. Тэр өдрөөс хойш түүнийг би хараагүй. Тэгэхнээ энд ингэж таарах байж л дээ. Би түүнээс будаа авлаа, ярилцлаа, намайг ч таньж. Аав, ээж хоёр нь ойрхон өөд болж, мал дагаж ам тосдож хүчрэхгүйгээс хойш хотод байх ганц ахаа бараадан иржээ. Гэхдээ тэр хэн нэгэнд дараа болохыг хүсдэггүй. Жижигхэн биендээ түүртэж,тарчигхан амьдралдаа гутарсан нь ч үгүй. Гэрийнхнээсээ ганцаараа дутуу тавилантай төрсөндөө ээж , аавдаа гомдож уйлж байсан удаагүй, тэр уйлах дургүй гэсэн. Тоодон хэн нэгнийг царайчилж, өрөвдүүлж, хоол горьдсон “гөлөг” шиг амьдрахыг хүсдэггүй. Тиймдээ ч нэг л өглөө баадантай хувцсаа үүрээд гарч.. Ингэж л тэр өөрийнх нь дэргэдээс алхам ч холдохгүй халамжлах, өрөөсөн хөлгүй ч түүндээ үл түүртэх ханьтайгаа учирчээ. Одоо тэр ганцаараа биш!
Энэ хорвоод эмэгтэй хүн болж төрсний утга учир болох ”Ээж ээ!” гэх эрхэм үгийг өдөр бүр сонсдог болжээ. Өрцнөөс нь унаагүй ч өрөөлийн, өрөөлийн ч гэж дээ, өврийг нь дулаацуулах ханийг нь ”өвчиж” төрсөн ганц охиных нь хайртай ээж.

Тэр энэ бүгдийг ярихдаа:
-Тоодон миний хийсэн юм гэж юу байх вэ. Төрийн минь сүлд өршөөн, бурхан тэнгэр минь ивээж, аав, ээжийн минь заяа түшин, олон түмнийхээ буянд сайхан л амьдарч байна. Хүнд хар буруу саналгүй, үргэлж сайн сайхан зүйл бодож явбал санасан хэрэг сэтгэгчлэн бүтдэг гэдэгт итгэдэг. Тэгээд ч “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэж сайхан дуу байдаг байх аа. Харин дуулахдаа жаахан маруухаан. Өдий олон жил амьдрахдаа их ч юм үзлээ дээ. Амьдрал надаас их зүйл авсныхаа хариуд сайхан ханьтай учрууллаа. Эгч нь аяга цайгаа хувааж уух ханьтай болсондоо их баярладаг юм гэж байсан. Түүний ярианаас зовлонгийн тухай нэг ч үг олж сонсоогүй. Учир нь тэр “Зовлон гэж байхгүй, зовлон гэдэг нь би зовж байна гэж бодох хэн нэгний дотор л орших хий хоосон зүйл” гэж хэлсэн.

Харин тэр мөрөөдөл биелдэгт итгэдэг. Тэр амьдралынхаа сайхан бүхнийг зөгнөн мөрөөддөг. Мөрөөдөл нь яг биелдэг гэх. Гэхдээ хүн бүрийн мөрөөдөл хүссэнээр нь биелдэг гэж үү. Түүний мөрөөдөл биелдэг нь түнэр харанхуйг сүлэх сүүн цагаан сэтгэлийнх нь, түмний хүндлэл хүлээсэн нүүр дүүрэн инээмсэглэлийнх нь хариу биз ээ.
Тийм ээ. Тэр их сайхан инээдэг. Будаа тоншин үймэлдэх бурхны шувуудын дундуур хага яран гүйж, дэрхийн нисэхэд нь цангинатал инээнэ, тасралтгүй удаан инээнэ.

 

ӨНДӨР ЭЭЖ БУЮУ ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ

(2009-05-20)
Нийслэлийн хөдөлмөрийн биржээс иргийг цагийн ажил зуучилж буй талаар сурвалжлага хийхээр 09.00
цагт Нийслэлийн хөдөлмөр, нийгэм халамжийн төвд очвол Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн захиалгаар ажиллаж байгаа “Монголын өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн Заюу тайж нийгэмлэг” рүү явууллаа. Өгсөн хаягаар нь очвол дөрвөн эмэгтэй, цөөнгүй эрэгтэй хүн цуглачихаж. Тэд хүрз, жоотуу, шуудай барин замын хоёр урсгалыг заагласан талбайд хөрс суллах ажлаа эхлэхээр бэлтгэж байв.

Хамт ажиллахаар ирснээ хэлэхэд юун хүн хүрээд ирэв гэсэн янзтай угтлаа. Яагаад хөрс суллаж, тэгшлэх ёстой гэж, өөр ажил хийж болоогүй юм уу гэх зэргээр асууж, хэрэг зоригоо хэлж, тэдэнтэй нэгдлээ. Тус нийгэмлэг 25 хүний бүрэлдэхүүнтэй баг болон энэ ажлыг хоёр дахь өдрөө хийж байгаа
бөгөөд III эмнэлгийн өмнөх зам дээр ажилласан. Нийгэмлэгийг санаачлагч нь Ц.Тамара. Тэрбээр гэр бүлээсээ хагацаж, амьдралын буруу замд орсон, орох оронгүй, нийгмийн нэн ядуу бүлгийнхэнд туслах зорилгоор 2000 онд тус нийгэмлэгийг байгуулжээ.

Үйл ажиллагаагаа 2001 оноос явуулж буй нийгэмлэгт 250 гаруй хүн нэгдсэн аж. Энэ нийгэмлэгийн гишүүдэд бусдаас ялгарах олон онцлог байна.

ХАТУУДАА ХАТУУ ХОРВОО

Ажлын дундуур амьдралынхаа эрээн бараан, алдаа онооны тухай хүн бүр ярьж бусадтайгаа зовлон жаргалаа хуваалцана.
-Бидэнд тусалдаг сайхан сэтгэлтэй хүн олон бий. “Нарантуул”, “Барс”- ын бага комисс бидэнд хувцас
илүүчилдэг. “Харанга”-ын Лхагваа 2009 оны хоёрдугаар сарын 20-нд гитар, 50 мянган төгрөгтэй явуулсанд бид их баярлаж байгаа. Манайханд гитар тоглодог хүн олон. Орой дуулж хөгжимддөг гэж ярилаа. Эр хүн алдаж, эрэг нурдаг хорвоод хүнээс дутахгүй амьдрах бодолтой явдгаа тэд илэрхийлж байсан.

ЭЭЖИЙН ЗАХИАС
Ц.Тамара гуай айлын ганц охин. Багаасаа амьдралын эрээн бараан, жаргал зовлонг амсаж өссөн болохоор ядарсан хүнд яаж туслахаа сайн мэддэг нэгэн бололтой. Тэрбээр нийгэмлэгийн гишүүддээ “Хатуужил, тэвчээр, ухаанаар амьдралыг туулдаг юм” гэж сургадаг. Үгэнд орохгүй бол чимхээд авдаг гэсэн. Тэгэхээр тэд нь “Ээж ээ, больё” гээд л “бууж өгдөг” аж. “Заримдаа ч намайг бүр уурлуулж гүйцнэ. Архиа уувал эд чинь хүн биш болчихно. Тэгэхээр би цагдаа, эсвэл учирлан зэмлэх ээж нь
болдог” гэж ярив. Ц.Тамара гуай гэр оронгүй, тэнэмэл, амьдралдаа алдаж яваа хүмүүсийн нэг хэсгийг ч болов нийгэмшүүлж байгаад нь талархахгүй байхын аргагүй. Энд ирсэн хүмүүс ихэвчлэн сэтгэл
санааны дарамтаас болж, өөрийгөө ялах чадваргүй байдаг гэнэ. Ийм улсуудыг нэг зорилгод нэгтгэнэ гэдэг амаргүй нь лавтай.

НЭРНИЙ ТАЛААР
Ц.Тамара гуайгаас нийгэмлэгийн нэрийн талаар асуухад “Нэгд, намайг 1995 онд хүнд хулхидуулж хамаг байр саваа алдчихаад явж байхад ТЭЦ-4-ийн дарга байсан Ц.Баярбаатар шүүх хуралд оролцож, хоёр өрөө байраа эргүүлж авахад тусалсан. Хоёрт, би Заюу тайжийн удмын дөрөв дэх үеийн хүн. Тиймээс удмынхаа нэр төр, сайхан сэтгэлтэй хүмүүсийн ач тусыг яаж хариулахаа бодсон. Тэгээд л хоёр өрөө байраа зараад энэ ажлыг эхлүүлсэн дээ” гэв.

ӨДРИЙН ЦАЙ
Өдрийн 14.00 цагт нэг хүнд гурван пирошки, хар цай өглөө. Ядарсан хүмүүс ангасан адуу шиг цайндаа цувах нь тэр. Цай уух зуураа дөч эргэм насны ширвээ сахалтай, шар цамцтай эр “Муур их
хараалч амьтан шүү” гэж байна. Яасан? гэвэл, “Би Өмнөговь аймагт, хөдөө айлын мал малладаг байсан юм. Тэр айл маань хоёр хүүтэй, том хүү нь хотод. Хажуу айлд нь ганц бие хөгшин, мууртайгаа амьдардаг байв. Гэтэл хөгшний идэж, уух юмаа хадгалдаг шүүгээнд өнөө муур зулзагалачихаж.
Хөгшин намайг төөрүүлээдэх гэхээр нь зүрхшээгээд чадаагүй. Харин орой нь нөгөө хүү төөрүүлэхээр болсон. Хэд хоногийн дараа том ах нь хотоос ирлээ. Ирснийхээ маргааш үдээс хойш дүүгийнхээ мотоцикльтой адуунд явдаг юм байна. Гэтэл эргэж ирээгүй. Маргааш нь цагдаагийнхан ирээд ачааны машин доогуур ороод амиа алдчихаж гэх нь тэр… Хожим ламаас асуувал танайхан нялх амьтан хороожээ гэсэн юм даа. Гэтэл нөгөө хүү зулзагануудыг гялгар уутанд хийгээд гадаа гаргаад хөлдөөчихсөн байсан нь олдсон. Түүнээс хойш удалгүй өнөөх муур ч алга болчихсон. Хожим сураг нь
машинд дайруулчихаж гэх сонсогдсон” гэж ярилаа.

ЭЭЖИЙГЭЭ ГОМДООЖ БОЛОХГҮЙ
Эдгээр хүмүүсийн дунд Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг цахилгаан электроникийн инженер,
Москвагийн цэргийн академийг улс төрийн ажилтан, СУИС-ийг 1986 онд сийлбэрч мэргэжлээр төгссөн. 90-ээд онд наймаа эрхэлж байгаад дампуурсан хүн, япон, чех, орос хэлтэй хүмүүс хүртэл байв. Хэдийгээр хатуу амьдрал эднийг сөхрүүлсэн гэж болох ч ээжийнх нь дэргэдээс бол үгүй л юм шиг байна. Ц.Тамара гуай эднийхээ төлөө хөлөө хүрэх газар явж, хэлэхээ хэлдэг нэгэн ажээ.
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 2008 онд траншейний гэгддэг 4500 хүнийг хамарсан судалгаа  хийсэн гэнэ. Мөн оноос “Энэрэл” эмнэлэгтэй хамтарч ажилласан байна. Өнгөрсөн жил 44 хүнийг ажилтай болгожээ. Одоогоор 32 хүнийг бичиг баримттай болгох гэж хөөцөлдөж байгаа тэрбээр “Одоо л ажлынхаа чигийг олж байна даа” хэмээн даруухан өгүүлж суусан. Тэдний “хүүхдүүд”
-Ээжийгээ ариун цагаан сүүтэй л зүйрлэнэ дээ
-12-оор ах би хүртэл ээж гэж дууддаг.
-Ээжийгээ алт мөнгөтэй яав ч зүйрлэхгүй. Зүйрлэвэл Өндөр ээжтэй л зүйрлэнэ гэх мэтчилэн ярих аж.

ӨДРИЙН АЖИЛ ДУУСАВ
Монголын өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийнхэн өглөө есөөс оройн 17.00 цагийн хооронд ажилладаг. Өдрийн хөлс нэг хүний 5400 төгрөг. Хийсэн ажилтай буцаж яваа эднийг
харахад энэ хөрсөн дээр хожим ургах ногоон зүлэг харагдах шиг.

Дүү нар маань гэдэс хоосон ч дулаан байх ёстой

А.АМАРТҮВШИН (2008-12-09)

Өвлийн улирал уг нь сайхан. Гэхдээ өвөл болохоор түлээ, нүүрс гэр хорооллын айлуудын бэл бэнчинг шалгаад авна. Тиймээс мөнгөтэй, төгрөгтэй айлууд аравдугаар сараас түлээ нүүрсээ базааж дулаан өвөлжихөд бэлдэнэ. Харин зутруухан амьдралтай нэг нь өдрийн түлшээ арай хийн аргацаадаг. Бэлхийн аманд Н.Наранчимэг хэмээх охин дөрвөн дүү, ээжтэйгээ амьдардаг.

Тэрбээр айлын том охин. Тиймээс ч гэрийнхээ хамаг ажлыг нугална. Ус авч, түлээ хөрөөдөхөөс түүний ажил эхэлдэг. Өнгөрсөн жил наймдугаар анги төгссөн ч одоо сургуульд сурдаггүй. Ээждээ тус болж дөрвөн дүүгээ дулаан, тохьтой байлгахын  тулд тэрбээр сургуулиа арга буюу орхиход хүрчээ. Хичээлдээ явахын оронд ээжтэйгээ хамт түлээ бэлтгэдэг. Өдөрт ойгоос модны хожуул, гишүү түүж түлшээ бэлтгэх нь Наранчимэгийн гол ажил. Түүнийг модонд явахаас өмнө цөөн хором ярилцлаа.

-Амралтын өдрүүдэд модоо бэлтгэчихвэл хичээлдээ явах боломжтой юу?
-Тэгдэг бол сайхан л байна. Даанч амжихгүй шүү дээ.

-Яагаад тэр вэ?
-Би тийм их мод авчирч чадахгүй ээ. Модоо холоос авчирдаг болохоор бүтэн өдөр явдаг. Тэгээд ч дахиад явах гэхээр ямар ч хүчгүй болчихсон байдаг.

-Сургуульд явахгүй байх ямар байна вэ?
-Ямар сайн байх вээ дээ. Ээж, дүү нартаа тусалж байгаа ч гэсэн сургуульдаа явмаар санагддаг. Зун модоо бэлтгэчихээд өвөл хичээлдээ явдаг бол сайхан аа.

-Ажил хийгээд түлээ, нүүрс авч болно шүү дээ?
-Тийм ээ, гэхдээ надад олигтой цалинтай ажил олддоггүй юм. Цалингийн тал маань автобусны мөнгө болчихдог. Тиймээс цалин аваад түлээ, нүүрсний мөнгөнд хүрэхгүй. Дүү нар маань гэдэс хоосон ч дулаахан байх хэрэгтэй шүү дээ.

-Ямар ажил хийж байв?
-Энэ зун шар айрагны сав угаагч хийсэн. Даанч тэр үед ээж, дүү нар маань надгүй хэцүү байсан гэв.
Түлшэндээ явах цаг нь болж, бидний яриа өндөрлөлөө. Тэдний гэрээс нэлээд зайдуу хус модтой ой бий. Эндээс түлшээ бэлтгэдэг.
Тэрбээр модноос эрт ирвэл дүү нартайгаа хамт ус зөөнө. Ингэж л тэднийх өвлийг галтай, устай  давдаг. Гэрийн бүрээс нь нар, салхинд гандсан боловч яндангаас нь өглөө, оройд цагаан утаа суунаглана. “Мод нүүрснээс бага илчтэй боловч гэрийнхээ жаврыг үргээчихдэг” гэж охин хэлж байсан.
Н.Наранчимэг охины удаах дүү Н.Бадамгарав хоёр, Бадамханд дөрөвдүгээр ангийн сурагч.  Сургууль нь хотын төвд болохоор өглөө 10.00 цагт ном, дэвтэрээ цүнхэлж хичээлдээ явахаар зэхнэ. Балга усаар нүүр, гараа угааж, үсээ хойш нь гөлийтөл самналаа. Хувцасаа сэгсэрч сэгсэрч өмсөв. Учрыг асуувал “Хар л даа үрчгэр байгаа биз дээ. Манайд индүү байхгүй болохоор үүнээс өөр арга алга” хэмээн Н.Бадамгарав охин хэллээ. Жижиг цагаан аягатай хар цайг мэлтэлзүүлэн ууж байтал 11.00 цаг болчихлоо.

Цаг болчихлоо, алив хурдлаарай гэсээр хичээлдээ яаран гарав. “Охидууд сурлага сайтай тул багш нар нь их сайн байдаг. Тэгсэн ч манай хоёр шилжих сонирхолгүй ээ, холоос яваад сурчихсан. Зам болгоомжтой гарчихвал боллоо. Харин оройд автобус хүлээдэг болохоор гэгээ тасарсан хойно гэрийн босго алхадаг” хэмээн гэрийн эзэгтэй хэлж байсан.

Хар цайгаар гэдсээ цатгадаг
Энэ айл өдөрт нэг л удаа бор гурилаар шөлтэй хоол хийж иддэг. Өглөөний унд, өдрийн хоолны оронд харц цай ууж гэдсээ цатгадаг юм билээ. Тэднийхээс Н.Бадамханд л төрсний гэрчилгээтэй. Тиймээс түүний хүүхдийн мөнгө гэх сарын 3000 төгрөг энэ айлын өрхийн орлого. Энэ мөнгөөр ээж нь гадуур гарахдаа унаанд суудаг. “Хүүхдүүдийн маань аав бий. Тэр хүн л биднийг хооллож, хувцасладаг. Тиймээс оройн хоолтойгоо байна. Хар ч гэсэн хааны хишиг, бор ч гэсэн богдын ундаа гэдэг биз дээ. Он гараад би ажилд орох байх. Яагаад гэвэл хорооноос ажил олж өгнө гэсэн. Аятайхан ажил олдоосой гэж залбирч сууна. Манайх хоосон ч гэсэн галтай, устай. Өнөөдөр талхны мөнгөгүй гээд хүүхдээрээ гуйлга гуйлгаж, гудамжинд гаргасангүй ээ. Би үр хүүхдээрээ баян хүн” хэмээн энэ гэрийн эзэгтэй цайгаа ойчих зуур хуучилсан.

Гэрээ сахиж гадаа тоглоно
Бага хүүхдүүд найм, долоон настай. Ердөө ганц л насны зөрөөтэй. Тэд үеийнхээ хүүхдүүдээс биеэр бага болохоор дөрвөн настай мэт харагддаг. Гэхдээ хөдөлгөөн ихтэй учир гэрт, гадаа ч ноцолдож тоглоно. Долоон настай нь охин боловч ахаасаа огтхон ч дутахгүй хөдөлгөөнтэй. Ээж нь тэднийг бага гээд сургуульд өгөөгүй юм билээ. Ирэх намраас эрдмийн мөр хөөлгөнө гэж байсан. Ээж, эгч хоёрыгоо модонд явсан хойгуур гэрээ сахиж үлдэх нь тэдний нэг өдрийн ажил. Өвлийн хүйтэнд хүрэмнээс өөр дулаан хувцас өмсөөгүй боловч өдрийн хагасыг гадаа тоглож өнгөрөөнө. Гөлөгтэй хөөцөлдөн гүйж бас цасан дээр өмдөө урагдтал гулгаж, цасан өвгөн хийж тоглодог. Ингэж өдрийг өнгөрөхдөө ээж, эгч хоёрыгоо харуулдан уулын зүг байн байн харна.

Модоо хөрөөдөж, оройн хоолоо хийнэ
Нар ч жаргалаа. Охин урт уяагаар хус мод чирж, шуудайтай гишүү үүрсээр ээжийнхээ хамт гэртээ ирэв. Түүнийг гэрээ сахиж үлдсэн хоёр дүү нь чаргатай тосон авлаа. Шуудайтай модыг чарган дээрээ тавьж чирэн эгчийнхээ нурууг амраана. Дүү нараа модон дээр суулгаж байгаад ээжтэйгээ хамт хөрөөддөг. Энэ үед нар жаргаж, мод хөрөөдөх чимээ л сонсогдоно. Орой болсон тул гурилтай хоолоо охин, ээжтэйгээ хамт бэлтгэлээ. Эднийх цахилгаантай боловч плитка нь ажиллахгүй тул  хоолоо гал дээр хийнэ. Хар цайгаар ходоодоо дүүргэсэн хүүхдүүд хоол болохыг тэсэн ядан хүлээнэ. Ямар удаан болдог юм бэ гээд хүүхдүүд тогоо руу өнгийн харж, галаа нэмнэ. Гэр нь дотор бүрээсгүй учир бүдэг гэрэлтэй. Гэхдээ үүндээ тэд дассан бололтой. Охидууд хичээлээ дээлгээд даалгавраа хийнэ. Н.Наранчимэг дүү нартаа даалгавраа хийхэд нь тусалж, өнөөдөр юу үзсэн бэ гээд дэвтрийг нь шалгана. Энэ айлд ганц л ажилладаг цахилгаан бараа бий. Тэр нь жижиг хөгжим. Радио сонсож улс, оронд юу болж байна, маргааш хэдэн хэм байхыг мэддэг гэсэн. Радиогийн нэвтрүүлэг дуусмагц тэд оронд орцгооно.
Ийм нэгэн айл их хотын хаяа түшин амьдарч байна.

БАЙГАА ТӨМСӨӨРӨӨ ХҮҮХДҮҮДДЭЭ НУХАШ ХИЙЖ ӨГНӨ ДӨӨ

З.МЭНДСАЙХАН (2008-10-22)
Цаанаасаа л нэг жиндүүлсэн зэврүүн өдөр байна. Ихэр хөвгүүд нь нимгэвтэр хөх торгон дээл, тийм ч зузаан бус өмдтэй, өөрөө ч дулаангүй хувцасласан тэр гурвыг харсан хэний ч өр өвдөхөөр. Хоёр хүүгийнхээ аавын эрх чөлөөт амьдралын төлөө явж буй А.Бямбацэцэгтэй хэсэгхэн хугацаанд ярилцлаа. “Нөхрийг маань Батбаатар гэдэг.

Сая долоо хоног гэртээ байхад нь үнэхээр сайхан байсан. Түүнийгээ буцаад Ганцад орчихоор гэр маань гал алдаж, хүүхдүүд маань хоол хүнсээр тасарчих юм. Гурван хүүгийн минь заяа түшээсэй билээ” хэмээх энэ эмэгтэйн яриа “Эмэгтэйчүүд мөн ч сэтгэлийн хаттай хүмүүс шүү. Ийм зовлонд хугараагүй л явна даа” гэсэн бодлыг төрүүлсэн…

-Хоёр хүүхэд чинь дажгүй юу? Эмнэлэгт хэвтсэн сурагтай байсан…

-Уушигны багтаамж муу, тэгээд ч тураалтай болохоор хэвтэхээс өөр арга байгаагүй. Нөхөр маань батлан даалтаар гарч, хэд хоног бидэнд хоол цай зөөлөө. Энэ сарын 10-нд буцаагаад хорьчихсон.
-Хоёр хүү чинь хэдэн настай вэ? Харваас бага юм шиг байна.
-Ой хоёр сартай. Хүн бүр л жижигхэн байгаагий нь гайхдаг юм. Харин ч овоо болчихоод байгаа нь энэ. Одооноос бүр мөлхөж байгаа гээч. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө 4,1-4,2 кг байсан. Эмчилгээ хийлгээд 7,4-7,6 кг болсон юм. Олж авсан мяраагаа буцаагаад алдах бололтой.

-Эмчилгээг нь үргэлжлүүл гээгүй юм уу? Гэрээ дулаалж амжаа юу?
-Уушигны эм авч өгөөрэй гэж хоёр эм бичиж өгсөн. Түүнийг нь авах мөнгө алга. Нэг эмийг нь авч өгсөн боловч дуусчихсан. Нөгөө эм нь найман мянга гаруй төгрөгийн үнэтэй юм билээ  /тэвэрч суусан хүүгийнх нь цээж хэржигнэж байгаа нь сонсогдож байлаа/. Хөлсний гэрт амьдарч байгаа. Нөхөр маань сая хэд хоног гарч ирэхдээ зуун мянган төгрөгийг нь өгсөн. Үлдсэнийг нь өгчихвөл энэ өвлийг өөрийн гэсэн гэрт өнгөрүүлчих юм. Гэрээ хагас дутуу л дулаалсан.

-Шалтай юм байгаа биз дээ. Хөлсний гэрт амьдардаг гэхээр хашаа нь ч хүнийх гэсэн үг үү?
-Гэр нь шалгүй ээ. Мод эвлүүлээд л тавьсан. Хоёр хүүгийнхээ 12 мянган төгрөгөөр дөрвөн шуудай нүүрс түлээ, хэдэн кг мах аваад л дуусчих юм. Бас нэгдүгээр ангийн банди маань бий. Тэгэхээр дөрвөн ам бүлд юунд ч хүрэлцдэггүй. Манай хашааны айлын эхнэр, нөхөр хоёр маш их архи уудаг, хоорондоо зодолддог. Одоогоор авгай нь эмнэлэгт хэвтэж байгаа болохоор сэтгэл санаа тайван байгаа.

-Гэхдээ та нарыг зовоодоггүй юм байгаа биз дээ.
-Нөхрийг маань хоригдсоноос хойш гэрийнхээ мөнгийг нэхэж, их зовоосон. Бид дөрөв тэднийг унтсан хойно нь гэртээ орж, унтдаг байлаа. Гэрээсээ, хашаанаасаа хөөж тууна, мөнгө нэхэж зовооно. Тийм үед чинь уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй байлаа. Хөлсний гэрт амьдардаг бидэнд зээл ч олдох биш. Хоёулаа хамтдаа байвал юухан ч хийгээд амьдраад байж чадна.

-Одоо чамд хэдэн төгрөг байна. Гэрт чинь идчихмээр юм байгаа юу?
-Автобусанд суух 500 төгрөгтэй. Гэрт төмснөөс өөр юм байхгүй. Гурван хүүдээ нухаш хийж өгнө л гэж бодож байна.

-Хэний чинь тал ихрийн удамтай юм бэ? Тусалж дэмжих ах дүү бий юу?

-Хоёр тал хоёулаа ихрийн удамтай. Хоёр хүү маань манай долоо дахь үеийн ихэр. Энэ хоёрыгоо л хүн болгоод авчих юмсан /”Аав” гэж хаа нэг хэлэх Б.Буянбат хүүгээ ээж нь тэвэрч байсан бол ах нь болох Б.Төрбатыг нь манай сонины нэг сэтгүүлч авч байх хооронд бид ярилцсан юм. Харваас хоёр хүүг зэрэг өсгөнө гэдэг амаргүй бололтой/. Аав нь ч тэгж ярьдаг. “Хар багаасаа улстөржсөн хоёр хүүтэй боллоо доо” гэж байсан.  Бидэнд ах дүү гэж байхгүй. Уг нь эхээсээ 15-уулаа хэрнээ үхэж үрэгдсээр байгаад нэг нь ч үлдсэнгүй. Ховдод хамаатны маань нэг хөгшин бий. Түүнтэйгээ ч уулзалгүй удлаа даа.

-Шүүх хурал нь болоогүй болохоор та, бид хоёрын хэн нь ч танай нөхрийн гэм буруутайг нотолж чадахгүй. Гэхдээ ийм хоёр жаахан хүүтэй хэрнээ тийм үймээн самуунд оролцлоо гэж үү. Хүн амьтнаас нөхрийнхөө талаар асуув уу? Ял сонсох нь уу, үгүй юу гэж?
-Тэр өдөр Америкаас ирсэн гэх найз нь Сүхбаатарын талбай дээр очоод, “зураг аваад ирье” гээд дагуулаад гарсан. Би уг нь дургүй байсан юм. Гэтэл найз нь гурван хүнтэй маргалдаад байж. “Наадах чинь миний найз. Би одоохон аваад явчихъя” гэж л дээ. “Та эрүүл юм байна. Тиймээс яв” гэж цагдаа нарыг хэлэхэд “Найзыгаа орхиод явах муухай юм даа” гэж бодоод, орхиж чадахгүйгээ хэлэхэд нь “Тэгвэл төв дээр очиж учраа ол” гэжээ. Тэнд очиход нь нэг компьютер бариулж, зургийг нь авах гэхэд нь зөвшөөрөөгүй юм билээ. “Манай найз стакан барьсан байсан” гэхэд нь “Тэгвэл аяга бариад зогс” гээд зургийг нь авсан гэсэн. Ийм л юм болсон гэнэлээ. Би нөхрийнхөө үгэнд итгэдэг. Манай нөхөр архи уух нь бүү хэл, тамхи татдаггүй хүн. Телевизор, хөгжим гээд цахилгаан бараа засварлаж, хоногийнхоо мөнгийг олдог, бид тавдаа хүрээд л байдаг байлаа.

Уг нь нэг үздэг гэх хүнээс асуусан юм. “Аюултай л юм байна. Хүний өмнөөс хэрэг хүлээхээр шинжтэй байна” гэсэн. Гэвч би олигтой ном уншуулж чадсангүй. Ажилгүй, мөнгөгүй, хоёр нялх хүүхэдтэй хүн гадуур яваад байж чадахгүй юм. Эрхбиш гурван хүүгийн минь заяа түших байгаа гэж залбирч байна. Батлан даалтад гарахынх нь өмнө Хүний эрхийн үндэсний комиссоос өмгөөлөгч гаргаж өгсөн. Зүйл анги нь ч өөрчлөгдсөн байлаа. Сая ороход нь бүр хоёр зүйл анги нэмчихсэн байна гэсэн. Тэгэхээр ёстой юу болохыг мэдэхгүй.

-Та хэд даарч байна уу? Хүмүүс та нарт туслах юм уу?
-Даарлаа гээд яах билээ. Гадуур явж түүсэн хогоо нүүрстэй нийлүүлээд, өглөө галлаад гарсан. Арай ч гэр маань хөрчихөөгүй байгаа байх. Нөхрийгөө хоригдсоноос хойш арваад хоног бид дөрөв хоолгүй байсан. Тиймээс хоёр хүү маань тураалд орчихсон юм. Хүмүүс тусалдаг. Ардчилсан холбооноос гэхэд хоёр удаа ирсэн. Ахмадын холбоо ч тусалсан. Ирж чадахгүй нэг нь утсаар ярьж, сэтгэлийн их дэм өгдөг. Би чинь учраа олохгүй л уйлаад суудаг байсан. Түүнээс хойш уйлахаа больсон. Сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээдэг. Миний нөхөр тийм хэрэг хийхээр хүн биш тул итгэлтэй байгаа. Идэх хоолгүй байлаа ч намайг гэх хүн байж, түүнтэйгээ гангар гунгар гээд суух нь жаргал юм билээ. Саяны долоо хоног маш сайхан байсан. Миний өмнөх нөхөр намайг их зоддог байсан юм. Энэ хүнд маань тийм авир байхгүй. Намайг бие муутай болохоор ч тэр үү, “хэвтэж бай, сууж бай, би хийе” л гэдэг байлаа. 78 хоног хоригдоод гараад ирэхдээ маш их ядарсан, турсан, бүр хөл дээрээ тогтож чадахгүй байсан.
-Том хүү чинь бас жаахан гээ биз дээ. Эр хүн юм болохоор тустай л байдаг байх даа.
-Сумъяабазар хүү маань нэгдүгээр ангийн сурагч. Сурлага нь гайгүй ч бичгийн хэлбэр тааруу. Өмнө нь цэцэрлэгт яваагүй болохоор тэр байх. Багш нь “Ой тогтоолт сайтай” гэж хүүг маань магтаж байсан. Том хүү усанд явна, хоёр дүүгээ авна, гэрээ цэвэрлэнэ. Ажилтай хүү бий. Одоо бид гурав ахыгаа очиж авна. Машин зам гардаг болохоор айгаад байдаг юм.

-Чи хоёр хүүгээ яаж ялгадаг юм бэ? Хоорондоо их адилхан юм байна шүү дээ…

-Урдаас нь харж л ялгадаг. Буянбатын нэг нүд нь давхраа орчихсон. Заримдаа хоёулаа зэрэг уйлаад сандаргадаг л юм. Нэгнийхээ хийсэн хөдөлгөөнийг нөгөө нь яг дуурайдаг.

-Та нар юу мөрөөдөж ярьдаг байсан бэ?
-“Гурван хүүдээ байшин барьж өгөөд л үхэх юмсан. Тэгэхгүй бол эд нар зовох болно” гэж нөхөр маань ярьдаг юм. Гурван хүүдээ ёстой амь. Хүний, өөрийн гэж алаг үзэх ч үгүй. Хааяа хүүхдүүдийг уйлахад миний уур хүрнэ ээ дээ. Тэгэхэд “Хүүхдэд битгий уурла аа. Чиний л бие өвдөнө шүү дээ” гэдэг. Надад ч их халамжтай. Би чинь өмнөх амьдралаасаа сургамж авчихсан хүн учраас түүний энэ чанар нь их таалагддаг.

-Хоёр хүү чинь нимгэн л байх шиг байна даа.
-Хамгийн зузаан гэснийгээ өмсчихөөд байгаа нь энэ. Өглөө памперс хийгээд гарсан. Гэртээ очтол давгүй байх аа…

Хүний жаргал мөнгөнд бус, элэг бүтэн амьдралд байдаг. Ядуу хоосон байлаа ч хоёр биедээ чин сэтгэлээс хань болж, үр хүүхдээ өсгөнө гэдэг хүмүүний жаргал. Миний өгсөн арван мянган төгрөг тэдний амьдралыг шийдэхгүй ч “Өнөөдрийн энэ цас хаялсан, хүйтэн өдөр гэр нь дулаахан, гурван хүү нь гэдэс цатгалан байх юм даа” гэж бодохоос надад ч сайхан байсан. Уг нь ой өнгөрч яваа хүүхэд 10-11 кг жинтэй байх ёстой юм билээ. Тэр жинд хүрэхэд хоёр  ихэрт 2-3 кг хэрэгтэй байгаа.
Хоёр ихрийг, бас ахыг нь аавтай нь үлдээх эсэхийг өнөөдрийн шүүх хуралдаан шийднэ. Монгол хүн хүүхдийн заяанд их итгэдэг. Ихэр нялх үрсээ тэвэрчихээд, эр нөхрийнхөө төлөө гүйж яваа тэр бүсгүйг “Төрийн сүлд өршөөх болтугай”.

 

Follow

Get every new post delivered to your Inbox.